Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
З.Энхболд: Долоо хоногийн дараа дансанд чинь мөнгө орно.., яг уу?
Засгийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувийг иргэдээс нэрлэсэн үнээр худалдаж авах шийдвэр гаргав. Хүн бүрээс 323 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авна. Үүнд нийтдээ 495.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо. Шаардлагатай гэснээс бус, мөнгө байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэнгүй. Гэтэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд телевизийн ярилцлаганд орохдоо “иргэд банкинд очиж бүртгүүлснээс долоо хоногийн дараа мөнгө дансанд чинь орно” гэж мэдэгдэв. Яг уу?

Өмнө нь Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар ч оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын хувьцааг 500 мянган төгрөгөөр ингэж мөнгөжүүлж байлаа. Тэр үед мөнгөтэй, гадаад өр багатай байв.

Харин өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн 495 тэрбум төгрөг Засгийн газарт бий юү. Байхгүй. Хэрвээ засаг мөнгөтэй байсан бол 2016 оны улсын төсөв өнгөрсөн дөрөвдүгээр сарын дүнгээр 860 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах байсан уу. Хэрвээ Засгийн газар мөнгөтэй байсан бол Ерөнхий сайдын амласнаар, дөрөвдүгээр сард багтааж өг гэж үүрэгдсэн НӨАТ-ын урамшууллыг одоо болтол яагаад олгохгүй байна вэ. 2016 оны эхний дөрвөн сард хийсэн нийт худалдан авалтын 20 хувьд ногдох НӨАТ-ын буцаан олголтод өгөх 5.8 тэрбум төгрөгийг яагаад олгож болохгүй, чадахгүй байна вэ?

Өөр нэгэн баримт гэвэл энэ засагт орж ирээд гэрээ л засч яваа, Их хурлын сонгуульд АН ялбал УИХ-ын дарга болох горьдлоготой С.Эрдэнэ сайд ч 1072-оор PR хийж эхлэв бололтой. Хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийн санхүүжилт улсын төсөвт долдугаар сар хүртэл л байгаа. С.Эрдэнэ сайдын шийдвэрээр тус яамныхан хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэж “танайх угаалын машинтай юу, хавтгай дэлгэцтэй зурагттай юу” гэсэн судалгааг зургаан тэрбум төгрөгөөр хийсэн. Тэгээд ялгавартай олгохоор улсын төсвийг батлуулж, дараа нь Ерөнхийлөгч үүрэгдсэнээр одоохондоо хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очиж байгааг эрхэм сайд мартаагүй гэдэгт найдаж байна. Одоо хүүхдийн мөнгийг наймдугаар сараас цааш олгох эх үүсвэр улсын төсөвт байхгүй, байлгахын тулд тодотгол хийлгэх шаардлагатай. Үүнийгээ эхлээд шийдэх, эх үүсвэртэй болгох хэрэгтэй. Хэрвээ МАН эсэргүүцэж, Ерөнхийлөгч үүрэгдээгүй бол С.Эрдэнэ сайд ч, энэ Засгийн газар ч хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгохоор улсын төсвийг батлуулсан нь үнэн билээ.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.