Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Ёс суртахуун Харвардын дипломоос ч үнэтэй



Монголын зарим улстөрч “Ямар ард түмэн байна, тийм төр байна” гэх. Ард түмнээ доромжлоод байгаа тэр эрхэм харин өөрөө ямар аргаар УИХ-д сонгогдсоноо мартдаг. Санаанд нь таараагүй парламент бүрдсэнд ард түмнийг буруутгадаг хэрнээ, өөрөө хулгайгаар, булхайгаар сонгогдсон үйлдлээсээ ичдэггүй ёс зүйтэй улстөрчид олон болов. Сайхан хослол, хуурамч инээмсэглэлийн цаана жинхэнэ төрхөө нуусан тийм улстөрчдөд ахиж амаа асуулгахгүйн тулд 2016 оны УИХ-д хэнийг сонгох вэ?

Би бусдад зөвлөх хэмжээний хүн биш ч, бусдад үг хүргэх сэтгүүлчийнхээ хувьд нэг л шалгуурыг чухалчлахыг хүсье. Тэр нь ёс зүй. УИХ-д хуульч, эдийн засагчид, бизнесийнхэн эсвэл алдартнууд олон байх шалгуур байхгүй. Харин ёс зүйтэй нь олон байх шалгуур чухал. Төрд зөв бодлого, эдийн засагт мөнгө хэрэгтэй бол, бодлогыг баталж, мөнгийг зарцуулдаг парламентад ёс зүйтэй хүн олон байх нь чухал санагдана. Бие даагчид баггүй учраас хэрэггүй гэнэ. Тэд баггүй нь үнэн. Урлаг, спортынхон байх газар УИХ биш гэнэ. Бас үнэн. Гэхдээ УИХ-д том намын нэр дор “том хулгайдын баг” байснаас ёс зүйтэй бие хүмүүс олон байсан нь хамаагүй дээр гэж би хувьдаа бодно.

Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг УИХ-д анхнаасаа нэр дэвших үйлдэл нь буруу бол сонгогдсоныхоо дараа тэр хүнээс дандаа зөв үйлдэл гарахгүй. Яагаад гэвэл эрх мэдлээ дагаад УИХ бол төрийн мөнгөнөөс хулгай хийх таатай орчин болохоос, буруу үйлээ гэмшиж суух бурхны сүм биш шүү дээ. Жишээ нь, нэр дэвшихийн тулд намаа сольж, журмын нөхөд, сонгогчдоосоо урваж шарвасан, тойрог худалдаж авч байгаа хүмүүс цаашдаа засарна гэсэн баталгаа байхгүй. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг. Ер нь сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеийн хар PR-аас харвал зарим хүн сонгогдохоо амь, амьдралаа болгожээ гэмээр. Тэд юунд, хэний төлөө ингэж улайрна вэ, бидний төлөө юү, мэдэхгүй. Ямарч л гэсэн хэт шунасан хүнийг төрд бүү ойртуул гэж өвгөд сургасан байдаг юм.

Сонгуулийн маргааш л бүх юм сайнаар эргэж, МАН гарвал амьдрал учиргүй сайжирна, эсвэл АН ялбал алдаагаа засна гэдэгт хууртаад хэрэггүй . Хамгийн гол нь худлаа хэлдэггүй, хуйвалддаггүй, сонгогчдын эрх ашгаа худалдаггүй, ёс зүйтэй хүмүүсийг л сонгох хэрэгтэй юм. Ёс зүйтэй хүн л зөв хууль батална. Харин ёс зүйгүй хүн бол хуулийн хамгаалалт дор хулгай л хийнэ.

Манайхан УИХ-д хүчтэй улстөрчид л байх ёстой гэдэг. Бас хэрэлдэж сууснаас, шууд гар зөрүүлчихдэг эр улс шиг зантай нь дээр гэх. Хүнд нударга бол хүчтэй улстөрчийн шинж биш. Нударга бол хүчтэйгээ, хэн нэгэнд үнэнчээ, тал засч буйгаа мэдрүүлдэг шалгуур ч биш юм. Манайхан, ялангуяа улстөрчид хүчтэй, харгис хоёрыг олонтаа андуурах юм. Ямар ч аав гэр бүлдээ хүчтэй. Харин хүүхдэдээ хэзээ ч харгис байдаггүй. Хүчтэй хүн бол зөөлөн, өгөөмөр байж хүндлэл хүлээдэг. Үүнтэй адил төр нь ард түмэндээ, улстөрчид нь соногчдынхоо өмнө харгис үйлдэл хийж болохгүй. Ард түмнийхээ хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэнэ. Бороохой бариулснаар, мянган цагдаа зогссоноор, өлсгөлөнг албадан тарааснаар, төмөр нүүрээ үзүүлснээр төр хүчтэйгээ илэрхийлэхгүй. Хүчийг хүндлэлээр л илэрхийлнэ. Араасаа аль болох олон хүн дагуулж, тэдний хүндлэлийг хүлээж чадаж байгаагаар нь тухайн улстөрчийн хүчийг илэрхийлдэг. Түүнээс биш, зодолдоход гурван хүнийг шанаадаад унагааж чадаж байвал түүнийг хүчтэй улстөрч гэхгүй . УИХ өнөөдөр яагаад үнэгүйдэж, хүчгүйдээд байна вэ. Асуудал шийдэх эрх мэдэл, ажил хийх мөнгө төгрөг парламентад дутаагүй. Харин гишүүдийнх нь үйлдэл, энэ их урвалт шарвалт, бондын буруу зарцуулалтаас болоод хүндлэл, итгэл үнэмшлээ алдчихсан нь УИХ өнөөдөр бүхлээрээ нь хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байгаа юм болов уу. Зарим хүн төрийн төмөр нүүр гэдэг. Олон түмнийг дагуулах хүндлэлгүй төр төмөр нүүр гаргавал харгислал л болно. Энэ бол хар хүч. Хар хүчээр улстөрд хүндлэл хүлээхгүй. Хүч бол улстөрд хүндлэлээр л илэрхийлэгдэнэ.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.