Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
​“Арай дэндлээ” гэдэг үг ч гоёдох ордны топ таван хуйвалдаан



Энэ УИХ-ын төгсгөлд урьд өмнөх парламентын түүхэнд гарч байгаагүй, “арай дэндлээ” гэдэг үг ч гоёдохоор хуйвалдаанууд шил даран цуварч байна.

1.

Ингэж олноороо, парламентын бүлэг тарах хүртэл гишүүдийн урвалт шарвалт өмнө байсангүй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Ганбаатар, Г.Уянга, М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын ахиж сонгогдохын тулд хийсэн ээлжит нам солилт нь Засгийн газрыг эрхзүйн чадамжгүй болголоо. Одоо ИЗНН-ын дарга нар ч нэр дэвших, эс дэвшвэл дараа нь сайд болох болзол дор намаа орхиод АН-ын хашаанд буух гэж байна. Манайх ялахгүй юм чинь ялах нь тодорхой нөгөө талд оръё гээд цэргээ орхиод урваж явсан цэргийн жанжны түүх Монголд их ховорхон доо. Орчин цагт, улстөрд их олон болж. Хаана байна вэ, нөгөө эрх ашгийн эрэмбэ. Нэг урвасан хүн ахиад хоёр, гурав дахиа ч урвадаг учир тэдний уран гоё үгэнд итгэхийн аргагүй боллоо. Урвалтын хариу ч удахгүй удахгүй ирэх шинжтэй. Жишээ нь, сонгуулийн тойрог хуваалт дээр Сонгуулийн ерөнхий хорооноос Сүхбаатар аймгийг хоёр мандаттай оруулж ирсэн ч, АН-ынхан нэг болгов. Хоёр мандаттай байвал Засаг дарга Ж.Батсуурь, Ч.Улаан хоёр гарах магадлалтай. Тийм учраас нэг болгож Ч.Улааныг Засаг дарга Ж.Батсуурьтай тулгах нь АН-ын тактик. Гэхдээ асуудал Ч.Улаандаа биш юм, МАН-ын ялах магадлалтай тойргийг нэгээр нэмэхгүй гэсэн АН-ын заль. Хэрвээ Ч.Улаан МАН-д ахиж урваж ирээгүй бол Сүхбаатар аймаг хоёр мандаттай, өөрөө МАХН-аас нэр дэвшихэд гараад ирэх магадлал бодитой байлаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ ажээ. Ер нь өөрөө шударга бус үйлдэл хийчихээд шударга ёсны тухай ярих нь эзгүй талын цуурай адил үнэгүй цэнэгүйг ард түмэн нам сольсон гишүүдэд эс санал өгөлтөөр мэдрүүлээсэй.

2.


УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө л хэлэлцдэг. Түүнээс цааш гар хүрдэггүй. Гэтэл энэ УИХ өнөөдөр ч Сонгуулийн хууль, сарын дараа болох сонгуультай холбоотой эрхзүйн харилцааг бүрэн эцэслээгүй байна. Өмнөх зургаан удаагийн УИХ-д ийм түүх байсангүй. Парламентын засаглал бол намын засаглал. Гэтэл үүнийг хувь хүний фактороор явуулж, сонгогчдыг мөнгөтэй хүний хэтэвчинд хийж өгөх мажоритар тогтолцоог гэнэт сонгосон нь АН, МАН-ын хоёулангийнх нь эрх ашиг, хүсэл байлаа. Хуучнаараа, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулсан бол МАН, АН-хан нийлээд үнэмлэхүй ялагдахгүй ч, бусад жижиг намуудыг үнэмлэхгүй ялж чадахгүйгээ мэдэрч ийм алхам хийсэн юм. Цэц ч гэж Цэц, Үндсэн хуулиа цэгцтэй манаж чадахгүй, улстөрчдийн захиалгыг биелүүлээд, агуулахын манаач адил ажиллах. Хэрвээ сонгуулийн дараа будилаан гарвал сонгууль тулсан үед улстөрийн намуудыг захиалгыг биелүүлж, сонгуулийг будилуулах эхийг тавьснаараа Цэцийнхэн ч хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ Цэц өмнөх гаргасан шийдвэрээ цуцалж, орон гаран загнаагүй бол нам дамжсан өнөөдрийн энэ их урвалт, тойргийн хуйвалдаан болохгүй байлаа. АН, МАН-ынхны сонгуулийн тогтолцоо сольсон үйлдлийг хоёр зүйлээр зөвтгөж болно. Нэгд, жижиг гэж байгаа намууд төлөвшөөгүй, боловсон хүчин цөөөтэй, намаараа шахуу мөнгөтэй хүмүүсийн халаасанд байгаа өнөөдрийн нөхцөлд арай дөнгүүр нь МАН, АН мөн. Тэд МАНАН болсон ч, эс болсон ч, ойрын хэдэн жилдээ Монголын улстөрийг энэ хоёр нам л МАНАН-а. Тийм учраас бужигнуулахаас өөр шидгүй, оймсны олон хавчуургагүй явах гэсэн нь нэг талаар зөв байж болох. Гэхдээ ингэж ойрын зайд бужигнуулахын оронд парламентад зөвхөн бүлэгтэй нам, эвсэл үг хэлдэг байхаар, нэгдсэн хуралдааныг дэлхий даяар шууд нэвтрүүлж чуулганы танхимыг реалити шоуны тайз болгодогоо зассан бол илүү холын, эерэг үр дүнтэй улстөр болох байлаа. Хоёрт, сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь парламентад суудалтай, ялангуяа засаглаж байгаа намуудын шийдэл байдаг. Хэдийгээр улстөрийн болон сонгуулийн шинэчлэлд ухралт хийсэн ч, үүгээр нь сонгуулийн тогтолцоо өөрчилснийг ойлгож болох.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.