Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
​Хөлбөмбөгөөр бол Н.Энхбаяр хамгийн үнэтэй тоглогч байх магадлалтай
-МАН саналаа хуваахгүй, АН-ынхан МАН-ын саналыг хуваах гэж Н.Энхбаяртай эвсэхийг сонирхох байх-

iToim агентлаг, www.iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаярын 2016 оны УИХ-ын сонгууль, улс төрийн үйл явдлын талаар “Гэрэг” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нийтлэв.


-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ, аль нам ялах бол?


-Аль нам ялахын хэн ч мэдэхгүй. Сэтгүүлчийнхээ хувьд би өнгөрсөн сард эхлээд МАН-ын дарга М.Энхболд, дараа нь АН-ын дарга З.Энхболдтой хоёулантай нь ярилцлага хийсэн. Хоёулаа л манай нам ялна гэж байна лээ. Жирийн сонгогчдод ч сонгуулийн ялагч байх ёстой. Тэр нь ард түмэн. Аль ч сонгуулийн байнгын ялагч нь ард түмэн байх ёстой. Харамсалтай нь, манайд л аль нэгэн нам юмуу, фракц, бүр хувь хүн сонгуульд ялдаг. Үндсэн хуульд засгийн эрх мэдэл бүх ард түмний гарт байна гэдэг. Үнэн хэрэгтээ засгийн эрх ард түмний гарт дөрвөн жилд ганц л өдөр байдаг. Тэр нь сонгуулийн санал өгөх өдөр. Ард түмэнд дөрвөн жилд ганц удаа олддог энэ эрхэнд нь намууд хүндэтгэлтэй хандаасай, тэгээд 2016 оны сонгуульд ард түмэн л ялаасай гэж хүсч байна.

-Таныхаар өмнөх сонгуулиудад ард түмэн ялдаггүй байсан хэрэг үү. Тэгээд хэзээ ялдаг болох вэ?


-Ялдаг, ялдаггүй байсныг шууд нотлох бололцоогүй. Сонгууль болгоны дараа санал буруу тооллоо, булхай луйвар орлоо гэж хэл ам гардаг. Энэ нь ард түмний өгсөн саналд засвар орсон байх магадлалтайг, засвар орохгүй гэх баталгаагүйг илтгэнэ. Манай улс өнгөн талаасаа сонгуулийн маш сайн ардчилалтай. Бүгдээрээ саналаа өгнө, олонхийн санал авсан гэж сонгогдоно. Харин хар машин, гараар тоолсны аль ч тохиолдолд санал авах цаг дууссаны дараа хэсгийн хороодын байр, СЕХ-нд юу болж байгаа нь тодорхойгүй. Нээлттэй бус. Нэр дэвшигч А-д өгсөн чиний саналыг өрсөлдөгч Б-д нь өгсөн болгоод тоолж байвал ард түмэн засгийн эрх барьж байна гэх үү. Харин ч сонгуулийн ардчилал нэрийн дор ард түмний нэрээр намуудын луйвар явж байгаа юм. Сонгуулийн дүнг шударга, ард түмний саналыг яг үнэнээр нь тоолсон байхад аль нам нь засгийн эрх барьснаас үл хамаараад ард түмэн ялж таарна. Үүний тулд Сонгуулийн хуулийг сонгогчдын хууль болгох ёстой. Гэтэл Сонгуулийн хуулийг сонгогчдод биш, зөвхөн намуудад л ашигтай байдлаар хуульчилдаг. Сая баталсан хуулийг ч АН, МАН шиг сүлжээ сайтай, танигдсан том намуудад илүү ашигтай байхаар хуульчилсан.

-Тухайлбал, том намуудад ашигтай тийм зохицуулалт орсон бэ?


-Хувь тэнцүүлсэн юмуу пропорциональ хувилбараар явуулсан сонгуулиар намууд нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авч байж парламентад суудал авдаг. Тэр хувь нь гурав, тав, долоо гээд янз бүр. Манайх таван хувийн босготой. Сая, өнгөрсөн оны төгсгөлд баталсан Сонгуулийн хуулиар намуудад давхар босго тавилаа. Нэгд, шууд сонгогдох 48 мандатын аль нэгд нэр дэвшигч нь ялсан байх, хоёрт, хэрвээ нэр дэвшигчдээс хэн нэг нь тойрогт ялсан бол намаараа таван хувийн босго давсан байх ёстой болсон. Хэрвээ тухайн нам 48 мандатын аль нэгд ялаагүй бол нийт ард түмний тавин хувийн саналыг аваад ч нэмэргүй, УИХ-д суудал авахгүй. Жишээ нь, ИЗНН өнөөдөр УИХ-д хоёр гишүүнтэй. С.Оюун, С.Дэмбэрэл гэж. Нам нь таван хувийн босго давсан учраас энэ хоёр хүн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Хэрвээ сонгуулийн шинэ хуулийг одоогийн нөхцөл дээр буулгавал ИЗНН УИХ-д суудалгүй байх нь. Яагаад гэвэл ИЗНН-аас тойрогт ялсан нэг ч гишүүн байхгүй учир нам нь таван хувийн босгоо давсан ч суудал хуваарилахгүй гэсэн үг.

-Жижиг намуудад ашигтай заалт орсон уу?

-АН, МАН-аас бусад намд ашигтай байж болох нэг заалт хуучнаараа үлдсэн. Хэрвээ 48 тойргийг жижиглэж “нэг мандат-нэг тойрог” болгосон бол гуравдахь нэр дэвшигч энэ хоёр намын дундаас гарахад хэцүү. Гэтэл “том тойрог-олон мандат” гэж хуучнаар нь үлдээсэн нь АН, МАН-аас бусад намын нэр дэвшигч, бие даагчдад илүү ашигтай. Зарим тойрог дотроо 2-3 мандаттай учир АН, МАН хоёр хоорондоо өрсөлдөхөөс гадна нэг тойрогт очсон нэг намын нэр дэвшигчид нь хоорондоо өрсөлдөнө, саналаа хуваана. Хуваагдсан саналын дундаас өөр намынхан сонгогдох магадлал 2012 оны сонгуулийг бодвол илүү байх болов уу. Яагаад гэвэл аль ч судалгаагаар 30 хувийн санал авч байгаа нам одоогоор алга.

-2016 оны сонгуулиар хамтарсан юмуу, эвслийн Засгийн газар бүрдэх үү, эсвэл аль нэг нам дангаараа засгаа байгуулах болов уу?


-Мэдэхгүй. МАН, АН-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт, нэр дэвшигчдийнх нь PR-аас их хамаарах байх. Хүнээ олж, тойргийг нь онож дэвшүүлж чадсан нам нь л илүү амжилт үзүүлнэ. Миний ажигласнаар хоёрын зэрэг онцлог бий. Нэгд, өмнө нь “намын рейтинг нэмэх нь нэр дэвшигчийн рейтинг” явдаг байсан. Энэ удаа 2012 оны сонгуулийн үеийн АН-ынх шиг багаараа яваад намынхаа нэрээр ялах рейтингтэй нам өнөөдөртөө бараг алга. Тийм учраас хувь нэр дэвшигчийн рейтинг дээр суурилсан сонголттой сонгууль болох болов уу. Хоёрт, энэ жил намуудын жагсаалтын 28 нэр дэвшигчийг сонгогчдод анх удаа албан ёсоор танилцуулахаар болсон. Өмнөх сонгуулиудад санал өгөх байранд, хэвлэлийн сурталчилгаанд жагсаалтын 28 нэр дэвшигчийг нэг их сурталчилдаггүй байсан. Харин энэ удаа сонгогч намын төлөө санал өгөхдөө намуудын жагсаалтын 28 нэрийг харах бололцоотой, санал өгөх байранд жагсаалт нь байх юм байна гэж ойлгосон. Тэр тохиолдолд намын жагсаалтыг хэн тэргүүлж байгааг, ядаж эхний таван нэр дэвшигч хэн байх вэ, хэр эрүүл хүмүүс байх вэ гэдгээс нэлээд хамаарах байх. Яагаад гэвэл намын төлөө санал өгнө гэдэг бол үндсэндээ намын жагсаалтын эхний хэдэн хүнийг УИХ-ын гишүүн болгох санал өгч байгаатай л адил юм. Манай хэвлэлийнхэн ч энэ өнцгийг олон нийтэд сайн ойлгуулах хэрэгтэй. Намын жагсаалт бол сайн эд биш. Муугаар хэлэхэд намын жагсаалт бол өөрөө ил гарч тойрогт өрсөлдөөд сонгогдох боломжгүй, хууль зөрчиж мөнгө тараагаад ч санал авахгүй учраас намынхаа нэрийн ард нуугдаж, УИХ-д тооноор орж ирэх гэсэн хэсэг хүмүүсийн л эрэмбэ шиг санагддаг. Тийм учраас л хүнийг нь харсан, сонгосон сонгууль л болоосой гээд байгаа юм. Боловсролтой хүмүүс хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй, хуурдаггүй гэсэн ойлголт байхгүй. Харин ёс суртахуунтай хүн бол өөр. Ёс суртахуун нь хулгай хийхэд, худлаа хэлэхэд хаалт болдог. Тийм учраас улс төрийн туршлагатай, сайн нэртэй нам хэрнээ муу, төр түших чадваргүй, ёс суртахуунгүй хүмүүсийн цуглуулгаар засагласнаас муу нэртэй нам нь зөв, ёс суртахуунтай хүмүүсийн нэгдлээр засагласан нь хамаагүй дээр. Миний бодлоор хамтарсан, дангаараа Засгийн газар байгуулна гэдэг тийм чухал биш. Хамгийн гол нь Засгийн газраа ажиллуулж, хянаж чаддаг, бужигнуулдаггүй, бүтээлч парламент л бүрдээсэй.

-Парламентад хууччуул давамгайлах уу, эсвэл залуус буюу шинэ хүмүүс хүч түрэх үү?


-Шинэ, эсвэл хуучин гэхээсээ зөв хүмүүс л УИХ-д олон сонгогдох хэрэгтэй. Шинэ хүн гэдэг бол цорын ганц сайн шалгуур биш. Шинэ хүмүүс гарч ирээд хуучин замаар явбал ямар ч ялгаагүй. Тоглоомын дүрэм нь адилхан учраас тэнд хүн л солигдсон болно. Хүн солих бол хоёрдугаар асуудал. Шинэ бодлого, шинэ зам илүү хэрэгтэй. Шинэ бодлого гаргах, хэрэгжүүлэхэд шинэ хүмүүс ч, хуучны туршлагатай хүмүүс нь ч хэрэгтэй. Учиргүй шинэ бодлого сэтгэхгүй ч гэсэн, төсвөөс ядаж хулгай хийхгүй, хуйвалдаанд ордоггүй ёс суртахуунтай, төр түших туршлагатай, нэр цэвэр хүмүүс сонгогдох нь Монголд л хэрэгтэй. Хэрвээ шинэ хүмүүс хэрэгтэй гэвэл нүүрс, нэгж, бидон, аяга тарааж сонгуулиа хуучин аргаар эхэлж байгаа хүмүүсийг лав шинэ гэхгүй байх. Гараа нь хуучин аргаас эхэлж байгаа хүмүүсийн бариа нь шинэ байх боломжгүй. Бас тараасан юмыг нь сонгогч авч болно. Харин нүүрс тараасан гэдэг шалгуураар саналаа өгсөн, сонгосон бол тэр сонгогч дараа нь “улсаа хөгжүүлсэнгүй, цалин нэмсэнгүй” гэж бухимдах хэрэггүй.

-Улаанбаатар хотод Э.Бат-Үүлийн засаглал дахин дөрвөн жил үргэлжлэх магадлал бий юү?

-Мэдэхгүй ээ, таамаг бол байна. Намуудын нэр дэвшүүлэлт, тактикаас их хамаарах биз. Харин сонгуультай холбоогүйгээр нэг зүйл хэлье. Монгол бол нэгдмэл улс. Сүүлийн гурван жилд харахад бие дааж байгаа нь энэ гээд хот хэтэрхий тусдаа, Засгийн газрын нэгдмэл бодлогоос салаад яваа юм шиг харагддаг. Нийслэл нь төв Засгийн газраас, Э.Бат-Үүл дарга АН-аасаа тусдаа яваад байгаа мэт үйлдэл хэд хэдэн удаа гарсан. Хотын дарга улстөрчийнхөө хувьд Ерөнхий сайдаасаа илүү нэр хүндтэй байж болно. Харин Ерөнхий сайдаа огцруулах улс төрийн акцыг нийслэлийн Засаг дарга удирдаж болохгүй л юм шиг санагддаг.

-Сонгуульд оролцох иргэдийн идэвх, ирц ямар байх бол. Сонгууль явуулах хугацаа өөрчилбөл ирцэд нөлөөлөх үү?


-Сонгуулийн ирц сонгуулиас сонгуульд тогтмол буурч байгаа. Өмнөх шигээ 80-90 хувиар ирж саналаа өгөхөө больсон. Энэ нь олон түмэн сонгуульд итгэхээ больсон, цөхөрсөн, бас намуудын нэр хүндийн уналттай холбоотой. Энэ удаа аймаг, нийслэлийн сонгуулийг хамт явуулна. Их л нүсэр юм болох байх. Харин АСЕМ болохтой холбоотойгоор сонгуулийн хугацааг наашлуулна, эсвэл цааш сунгана гэсэн дам яриа л сонссон. Албан мэдээ бол уншаагүй. Хугацааг наашлуулж бол болох байх. Харин цаашлуулах, сунгах ямар ч боломжгүй. АСЕМ-аар далимдуулаад хугацаагаа ганц сар ч болов сунгах сонирхол зарим гишүүдэд байж магадгүй. Гэтэл Үндсэн хуульд “УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байна.., тангараг өргөснөөр эхэлнэ..” гэж заасан байдаг. Энэ УИХ-ын тангараг өргөсөн өдрөөс цааш тоолоход дөрвөн жилээс нэг өдөр л хэтрүүлсэн бол Үндсэн хуулийн зөрчил болох учир энэ яриа худлаа, биелэх боломжгүй

-МАХН аль намтай эвссэнээс хамаарч, хоёр том намын сонгуульд үзүүлэх амжилт хамаарна гэдэгтэй санал нийлэх үү. МАН, АН, ХҮН-ын алинтай нь эвсэх бол?


-Би бол МАХН-ыг 2012 оны сонгуульд үзүүлсэн шигээ амжилт гаргаж чадах эсэхэд эргэлзэж байгаа. 2012 оны сонгуулийн дараа би “Энэ сонгуулийн ялагч нь Н.Энхбаяр байлаа” гэж бичихэд зарим хүн мэдэмхийрлээ гэж зэмлэж л байв. Өнөөдөр хар даа. Тэр хүн шоронгоос сул иргэн болтлоо улс төрийн тэмцэл хийж чадлаа. Хоригдож байхдаа удирдсан эвслээ эхлээд парламентад бүлэгтэй болголоо, дараа нь намаа Засгийн газарт оруулсан, өөрөө уучлагдсан, УИХ дахь намын гишүүдээ, О.Баасанхүүгээс бусдыг бүгдийг нь сайд болголоо, ер нь хүссэнээрээ улстөр хийж чадаж байна.

Харин 2016 оны сонгуульд МАХН-ын хэнтэй эвсэх нь Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаанаас хамаарсан хоёр хувилбартай. Зарим хүн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацааг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дуусна гээд байгаа. Хэрвээ энэ үнэн бол, тэгээд тохирч чадвал МАН, АН-ын аль аль нь л МАХН-тай эвсэхийг сонирхох байх. Тэгэхдээ энд бас хоёр үнэн бий. Эхнийх нь, МАН, АН-ын аль нь ч МАХН-ыг нь биш, Н.Энхбаяр гэж хувь улстөрчийг л сонирхож байгаа. Нөгөөх нь МАН саналаа хуваахгүй гэж, АН-ынхан МАН-ын саналыг хуваах гэж Н.Энхбаяртай, МАХН-тай эвслийн тухай ярилцах байх. Энэ хувилбараар үзэхэд хөлбөмбөгөөр бол 2016 оны сонгуулиар МАН, АН-ын дунд байх хамгийн үнэтэй тоглогч нь Н.Энхбаяр байх магадлалтай. Сэтгүүлчид бид үгийн утгыг хамгийн их хардаг хүмүүс. Хамгийн гол нь тэр хүний сонгогдох эрх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сэргэхгүй бол МАН, АН-ын дунд ирэх сонгуулийн үеийн үнэтэй тоглогч байх магадлалтай. Түүнээс биш, үнэ цэнэтэй гэж би хэлээгүй шүү.

Харин Н. сонгогдох эрх 2016 оны УИХ сонгуулиас өмнө сэргэж байгаа бол МАХН-тай эвсэхийг МАН, АН-ынхан тэгж их хүсэхгүй л байх талтай. Яагаад гэвэл улстөр хийх, маневрлах чадвараар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ хоёр намын удирдлагаас илүү. Тэр илүүг нь мэддэг, мэдэрсэн хүмүүс МАН, АН-ын аль алинд олон бий. Энэ хоёр намын лидер гэгддэг, намынхаа нэрээр улс төрийн карьерийнхаа дараагийн нүүдлийг харж байгаа хүмүүст МАХН-тай эвсэх нь сайн хувилбар биш. Яагаад гэвэл жишээ нь, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал яригдахад МАХН-тай эвссэн нам нь эвсэл гэдэг утгаараа дундаасаа нэг л нэр дэвшигч гаргана. Тэр тохиолдолд Н.Энхбаярын нэр хамгийн түрүүнд яригдана, тийм улс төр ч хамгийн хүчтэй явагдана. Үгүй юмаа гэхэд, МАХН-тай эвссэн эвсэл олонхи боллоо гэхэд дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад энэ хүний нэр эхлээд биш юмаа гэхэд замын дунд баталгаатай гарч ирнэ. Дараагийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлыг харж байгаа АН, МАН дахь улстөрчид нам дотроо, өөртөө ингэж өрсөлдөгч бэлдэхийг хүсэх үү, үгүй юү, мэдэхгүй. Харин ХҮН-ын тухайд сайн мэдэхгүй ээ, бараг л МАХН-тай эвсэл болохгүй л болов уу. Хэрвээ болчихвол АН, МАН-аасаа шинэ гэж харагдахгүй.

-Шинэ нам, тухайлбал ХҮН сонгуульд ямар дүн үзүүлэх бол, саяхан энэ намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогт дэвших үү, жагсаалтаа тэргүүлэх болов уу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын лидер мөн гэдэгтэй адил гишүүн С.Ганбаатар ХҮН-ынхаа лидер гэдэг нь маргаангүй. Энэ хоёр хүнд бас адилхан зовлон бий. МАХН ч, ХҮН ч ямар нэгэн эвсэл болохгүйгээр тусдаа сонгуульд орлоо гэж бодъё. Тэгэхэд энэ хоёр хүн тус бүрдээ намынхаа жагсаалтыг тэргүүлээд явахад мэдээж намдаа илүү олон санал авах байх. Ингэж жагсаалтаа тэргүүлэхэд нам нь наад зах нь таван хувийн босгоо давах, цаашлаад илүү өндөр хувийн санал авахад тустай. Гэтэл бодит байдал дээр тойрогт баталгаатай ялах хүн МАХН-д Н.Энхбаяраас, ХҮН-д С.Ганбаатараас гадна хэд байна вэ гэдэг хамгийн чухал. Мэдээж энэ хоёр намд нэр цэвэр, тойрогт ялах магадлалтай олон хүн бий байх. Харин тойрогтоо бүр баталгаатай ялах хүн хэд байна вэ, мэдэхгүй. Хэрвээ байхгүй, нэг ч тойрогт ялахгүй бол С.Ганбаатар, Н.Энхбаяр нар намын жагсаалтаа тэргүүлж, намдаа сая санал аваад ч нэмэргүй, УИХ-д суудал авахгүй. Тэгэхээр баталгаатай байдлаа бодвол энэ хоёр хүн тойрогт нэр дэвшээд давхар намынхаа сонгуулийг удирдах ч юмшиг. МАХН, ХҮН-ын алиных нь ч дараагийн улстөр бол УИХ-д наймаас доошгүй суудал авч бүлэг байгуулж байж л цааш явна, улстөрөө хийнэ. Хэрвээ бүлэг байгуулж чадахгүй, зүгээр л УИХ-д суудалтай нам л болбол өнөөдрийн бие даагч С.Ганбаатарын статусаас ялгарахгүй. Тэр тохиолдолд энэ хоёр намын ганц улстөр нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байх болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: "Гэрэг" сэтгүүл, У.Бямбаням

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.