Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
​Ж.Амарсанаа: Үндсэн хуульд халдах гэсэн бусармаг оролдлогууд ил цагаандаа гарлаа



Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Юуны өмнө, Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе. Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц нэлээд барцадтай байх шиг байна. Энд үнэхээр эрхзүйн маргаан яваад байна уу, эсвэл улстөржилт яваад байна уу?


-Баярлалаа, Үндсэн хууль иргэдийг хамгаалдаг. Ингэж хамгаалахдаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ерөнхий шүүгч, ерөнхий прокурорыг хянадаг. Тэгэхээр хянуулж байгаа хүн яаж дуртай, таатай байх билээ. Уг нь эрх зүй нь дээр, улс төр доор нь байвал нийгэм тогтвортой, системтэй, зөв хөгжих боломжтой. Гэхдээ хуулийг зөв баталсан тохиолдолд. Харин эрхзүйн дээр улс төр гарчихвал нийгэмд замбараагүй байдал, завхрал үүснэ. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр нийгэмд завхрал үүсчихсэн, нөхцөл байдал нь гүнзгийрч байна. Ийм байдал дэлхийн хэмжээнд ч, Монголд ч байна. Эдийн засгийн нөхцөл байдал ч нөлөөлж байгаа байх. Монголд гаднынхны оролцоо, гар хөл нэмэгдэж, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг хэсэг ч бий болж. Бас бизнесийн эрүүл бус орчинтой боллоо. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн докторын хэлснээр Монголд өнөөдөр олигархи бүлэглэлүүд нөлөөтэй болж, нийгмийг жолоодож байна. Энэ л хамгийн аюултай. Үүний дэргэд намаараа талцах бол аюул багатай. Наанаа, ард түмний нүдэн дээр нам, эвсэл гэж талцдаг ч, цаагуураа тохиролцоод л хуйвалдаад явж байгаа. Олигархи бүлэглэлийн тогтолцоо нийгмийг удирдах, төр засгийн шийдвэрт хүчтэй нөлөөлөх болсон нь хамгийн аюултай. Төрийн дээр гарсан нам, тэр намыг удирдаж байгаа хүмүүс, тэднийг чиглүүлж байгаа олигархийн бүлэглэл гэж байна.

Зөөлнөөр хэлэхэд, хүссэн шийдвэрээ гаргуулахын тулд бизнесийнхэн удирдлагаар нь дамжуулж намд, засгийн эрх барьж байгаа намаар дамжуулж төр, засгийн шийдвэрт дураараа нөлөөлж чадаж байна.

Энд би бизнесийнхнийг бүгдийг хамруулахгүй. Бизнесийнхнийг муу хүмүүс гэхгүй. Бизнесийнхэн бол энэ улсыг, эдийн засгийг нь авч яваа хүмүүс. Гэхдээ бизнесийнхэн хүссэнээ авахын тулд улс төрд хэт хутгалдаж, улстөрчид нь өөрсдөө дээшээ гарахын тулд бизнесийнхнийг ашигладаг бусармаг тогтолцоо бий боллоо. Энэ утгаараа ажиллахад Цэцэд өнөөдөр янз бүрийн саад ирж байна. Урьд өмнө арай ч ийм байгаагүй. Энэ саад өдөр ирэх тусам нэмэгдээд л байгаа. Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох, Цэцэд өөрсдийн төлөөний хүнээ оруулах, тэр нь Цэцийн ажлыг бужигнуулах, саатуулах зэргээр өмнө нь энэ бүтцэд байгаагүй бусармаг үйлдлүүд илт, ил цагаандаа гарах боллоо.

-Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэх ойлголт байхгүй болж, Цэцийн дээр өөр хүчин гарчих гээд байгаа хэрэг үү?

-Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг бол Германы хуульчийн Монголд ирээд Үндсэн хуулийн Цэцэд зориулж найрсгаар хэлсэн үг. Танай Үндсэн хуулийн Цэцийн дээр Монголын хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй юм байна гэж. Тэрийг нь Цэцийн анхны дарга Совд гуай нийтэд хандаж “Цэцийн дээр хөх тэнгэр л байна” гэж хэлсэн. Энэ бол нийтэд их тарсан үг л дээ.

-Уг нь Цэцийн дээр Үндсэн хууль нь байдаггүй юм уу?

- Цэц бол Үндсэн хуулийн дээр биш, доор ч биш, Үндсэн хуулийнхаа дотор оршдог. Цэцийн дээр хөх тэнгэр л байна гэдэг бол иргэдэд бус, зөвхөн парламентад, улстөрчдөд зориулж хэлсэн үг. Улстөрчид, УИХ бол өөрийгөө бүхний дээр тавьж, өөрсдийгөө Монголын ард түмний эцэг мэт бодож бүхнийг шийдэх гэж зүтгэдэг. Парламент бол бид шийднэ, бид байгуулна, бид устгана гэдэг. Хэрвээ эрхзүйт төртэй юм бол хэний ч бүх үйлдэл Үндсэн хуулийн хүрээнд явах ёстой, тэрийг нь хянадаг дээд байгууллага нь Цэц шүү л гэсэн санаа. Анагаахаар яривал мэс заслын эмч нар хүнийг буруу оношлоод хагалгаа хийнэ гэж зүтгэвэл тэрийг нь хянадаг, буруу хагалгаа хийснийг нь тогтоодог шүүх эмнэлэг гэж байдаг юм шүү, тэр нь Цэц л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр өөрийнхөө, өөрсдийнхөө үйлдлийг хянуулах дургүй, алдааг нь хэлж өгч, зассаны төлөө дургүйцлээ төрийн нэрээр илэрхийлдэг л боллоо.

-УИХ, Цэц хоёрын хэн нь том, хэн нь илүү эрх мэдэлтэйгээ харах гэж байгаа мэт л маргаан яваад байх юм?

-УИХ, Цэц хоёрын хэн нь ч том биш. Хоёр зуугаад жилийн өмнө бий болж, олон улс орны туршлагаар баталгаажсан онолоор засаг бол нэгдмэл байх ёстой. Гэхдээ дотроо хөдөлмөрийн хуваарийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваагдаж, тус тусдаа ажлаа хийнэ, ингэж хийхдээ бие биедээ харилцан хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байна гэж үзсэн. Хэрвээ энэ бүгд байхгүй бол засаг нь ард түмнийхээ, хүний эрхийн эсрэг болчихоод байна гэж үзсэн. Тэр дагуу манайд ч хууль тогтоох эрх мэдэл нь УИХ-д, гүйцэтгэх эрх мэдэл нь Засгийн газар ба Ерөнхийлөгчид, шүүх эрх мэдэл нь Дээд шүүх болон Цэц, бүх шатны шүүхэд байдаг. Хэрвээ эд нар нэгдчихвэл, нэг хайрцагт багтчихвал хүний эрхийн эсрэг их том хүч, хуйвалдаан болно. Иймд хүний эрхийг хангахын тулд төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлдэггүй, энэ гурван засаглал харилцан хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байдаг.

-Гэхдээ Цэц өнөөдөр эрх мэдлийнхээ тэнцвэрийг хэтрүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ шөргөөцөлдөөд байгаа юм биш үү?

-Цэц өнөөдөр УИХ, Засгийн газартай шөргөөцөлдөөд байгаа юм ерөөсөө байхгүй. УИХ, Засгийн газар болохгүй байна, гаргасан шийдвэр нь миний амьдралд сөргөөр нөлөөлж байна гэж иргэд Цэцэд хандаж байгаа. Энд нь үнэхээр Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг л Цэц хянаж байгаа. Ингэхдээ нэг талд нь тухайн шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газар эсвэл Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулж, нөгөө талд нь иргэдийг оролцуулан шүүхийн журмаар авч үздэг. Түүнээс бус, Цэц бол маргааны нэг тал байдаггүй. Хоёр талын шүүхийн журмаар болж байгаа мэтгэлцээний хайныг Цэц хагалж, хамгийн гол нь Үндсэн хуулийн талд шийдвэр гаргаж байгаа.

-Таныхаар Цэц бол шүүх үү?

-Шүүх, шүүх байлгүй яах вэ.

-Тэгвэл шүүхийн шийдвэрийг УИХ хууль батлах замаар засч болох уу?

-Үндсэн хуулийн шүүх 1930-аад онд бий болсон, Австрид. Дайн, энэ тэр гээд Австрийн Үндсэн хуулийн шүүхийн хяналт нэг их сайн яваагүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийд анхны сонгодог Үндсэн хуулийн шүүхийг Герман байгуулсан. Фашизмтай тэмцэх, фашизм бол хүний эрхийн гол дайсан учраас дахиж сэргээхгүйн тулд Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. 1990-ээд оны үед Төв Европын орнууд, Зүүн Өмнөд Ази, дэлхийн олон оронд Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Энэ нь фашизмаас гадна коммунизмаас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүхийг олноор байгуулсан. Цэц бол Үндсэн хуулийн манаач гэдэг нь хэлбэрийн тал. Үндсэн хуулийн шүүхийн гол ажил бол хүний эрхийг хамгаалах. Нэг талаар дээрэмчин тонуулчдаас иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, парламент байдаг бол, парламент, Засгийн газраас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх ажилладаг. Дэлхийд Үндсэн хуулийн шүүхийн гурван загвар байдаг. Эхнийх нь Дээд шүүх нь өөрөө Үндсэн хуулийн хяналт тавьдаг. Хоёр дахь нь Үндсэн хуулийн зөвлөл гэж голдуу зөвлөмж гаргадаг Францын загвар байна. Гурав дахь нь Үндсэн хуулийн шүүх. Энэ нь манай Цэц. Цэц бол Үндсэн хуулийн шүүх болохын дээр Үндсэн хуулийн зөвлөл шиг Францын загвараар эхлээд дүгнэлт гаргадаг, алдаагаа засах боломж олгодог, дараа нь шүүхийн зарчмаар ажиллаж эцсийн шийдвэр гаргадаг.

-Миний асуулт бол хэвийн явж байсан ипотекийн буюу найман хувийн зээлийг Цэц шийдвэр гаргаад зогсоочихлоо гээд байна. Тэгвэл тэр Цэцийн шийдвэрийг УИХ дахиж хууль баталж засах гээд байна л даа. Шүүхийн шийдвэрийг ингэж хуулиар засч болдог уу?

-Цэцийн шийдвэрийг хуулиар засна гэж байхгүй. Цэцийн шийдвэр Үндсэн хуульд зааснаар эцсийн шийдвэр. Үүнийг мэдэхгүй, Үндсэн хуулиа уншаагүй, “Цэц буруу шийдвэр гаргасан учир УИХ засна” гэж ярьдаг зарим хүн хууль тогтоож байна. Хэрвээ засахаар бол Үндсэн хуульд нийцүүлж гарсан Цэцийн шийдвэрийн үзэл санааг хөндөхгүйгээр хууль тогтоох ёстой. Түүнээс бус, өмнө нь ийм байсан гээд Үндсэн хуулийн зөрчилтэй өмнөх заалтынхаа хэлбэр, үг үсэг, найруулгыг жаахан өөрчлөөд ахин хуульчилбал Цэц дахиад л хүчингүй болгоно. Ахиад хэн нэгэн иргэн хандахад, агуулга нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн бол дахиад л хүчингүй болгоно.

-Цэц үнэхээр найман хувийн зээлийг зогсоох хэмжээний шийдвэр гаргасан юм уу?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр найман хувийн зээлтэй ерөөсөө падгүй. Хэсэг бүлэг хүн, эрх баригч намынхан л худлаа ярьж ард түмний толгойг эргүүлж байгаа юм. Ипотек гэдэг бол эртний Грек Ромд үүссэн 200-гаад жилийн настай ойлголт, эх газрын Германы тогтолцоо. Наполеоны Иргэний хуульд ипотекийн тухай их тодорхой заасан байдаг. Америкууд саяхан 100 хүрэхгүй жилийн өмнө моргейж гэж зүйлийг бий болгосон. Энэ бол ипотекоос өөр ойлголт. Манайхны яриад байгаа моргейж гэж юм байхгүй, тийм үг ч гэж байхгүй. Үүнийгээ мэдэхгүй, ойлгохгүй байж л "моргейж” гэж яриад байгаа. Жишээ нь, манайхан Европын соёлыг дагаж халуун хүйтнийг цельсийн хэмээр хэмждэг. Ус хөлдөхөөс буцлах хоорондохь температур. Тэрийг Америкт фаренгейтээр хэмждэг. Цельсийн 18 хэм бол фаренгейтийн 0 градус. Энэ хоёр хэмжүүрийг зэрэг хэрэглэдэг улс нэг ч байхгүй. Түүнтэй адил моргейж гэж Монголд байхгүй. Моргейж бол ипотектой төстэй боловч зарчим нь өөр.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.