Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
​“Авьяаслаг монголчууд” ба нүүрсний үнэтэй сэтгэхүй



“Авьяаслаг монголчууд” шоу сайхан боллоо. Өөлөх юм алга. Гэхдээ өмнө нь телевизийн шоу огт байгаагүй мэт хэт туйлшрах хэрэггүй. Дэлхийн хэмжээний шоуг дэлхийн стандартаар нь үзсэндээ монголчууд бид баяртай байна. Зах зээлийн хуулиар бол эрэлтээ олсон нийлүүлэлт байлаа. “Монгол” телевизийнхэнд баяр хүргэе.



Шоуны ялагчаар “Эгшиглэнт чимээ” гэж ирээдүйн Монголын урлагт эгшиг болж явах бяцхан хүүхдүүд шалгарав. Шүүлт, үзэгчдийн санал шударга болж шагналын 100 сая төгрөг эзнээ, эздээ оллоо. Тэдэнд амжилт хүсье .

Энд уг шоу, шүүлт, ялагчийн тухай өгүүлэхгүй. Монголчуудыг нэг хэмнэлд оруулсан, нийтээр нь нэг сувгийн өмнө “уяж” чадсан учир олны “сайн мэдэх” гэдэг шалгуур дор “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийг жишээ болгож л сонгов. Эхлээд “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэг шоу юу, эсвэл дэлхийд Монголоо төлөөлж өрсөлдөх монгол авьяастныг тодруулах уралдаан байсан уу гэдэгт хариулт хайя. Хайх ч юу байх вэ, энэ бол шоу бизнесийн контент. Маргаангүй. “Авьяаслаг монголчууд”-аас шоуны ялагч тодруулсан болохоос дэлхийн урлагийн их наадамд Монголыг төлөөлж оролцох бие төлөөлөгчийг сонгоогүй. Шоу учраас үзэгчдийн саналаар “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ялагч болов. Гэхдээ шоуны ялагч нарт саналаа өгснөөс дутуугүй олон хүн “Авьяаслаг монголчууд”-ыг дэлхийд гарах, дэлхийд Монголоо төлөөлж өрсөлдөх монгол авьяастныг хайж байна гэж бодсон байх. Шүүгчид нь заримдаа “Монголыг төлөөлөх, эсвэл миний хайж байгаа авьяастан биш байна” гэнэ. Зарим оролцогч хүртэл “юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг монголчууд бид юугаараа илүү байна, түүгээрээ дэлхийд гарна, шүүгчидтэйгээ санал нэг байна” гэж байв. Тэгвэл нэгэн санааг бусдад хүргэхийн тулд энэ шоуг дэлхийд Монголоо гаргах авьяастны эрэл байсан гэж зохиомлоор тооцож үзье. Хэрвээ тийм гэвэл монголчууд бид зөв сонголт хийсэн үү. Дэлхийд Монголыг гаргах авьяасыг сонгож чадсан уу. Би урлаг сайн мэдэхгүй. Гэхдээ мэдрэмжээрээ бол хараахан сонгож чадаагүй, харин ч дэлхийд Монголыг гаргах монгол авьяас, хоёр хөгжимчин залуу үзэгчдийн олонхийн саналаар ялагдаад үлдсэн гэж хэлнэ. Үзэгчдийн саналаар шүү. Хэрвээ бид дэлхийн тайзан дээр өрсөлдөх авьяастныг сонгох байсан бол зөвхөн авьяасын төлөө л санал өгөх байлаа. Гэтэл сая “хөөрхөн хүүхдүүд + авьяас” гэдэг шалгуур, дарааллаар ялагчийг тодруулчих шиг боллоо.

Эндээс л монголчууд бидний сонгох шалгуур, сонголт хийхдээ сэтгэл хөдлөлөө хамгийн чухалд тооцдог сэтгэхүй амь бөхтэй байгаа нь харагдав. Сонгогчид бид өөрсдийнхөө санал өгөх, сонгох “чадвар”-ыг ямар нэгэн хар машины тооллого, нэр дэвшигчийн булхайгүйгээр нөлөөт толинд тусгасан мэт олж харсан нь уг шоуны бас нэгэн нийгмийн өгөөж ч гэж үзэж болохоор. Одоо зургаахан сарын дараа болох сонгуульд бас л сэтгэл хөдлөлөөр, ходоодоороо санал өгөхгүй гэхийн баталгаа алга.

Сонгууль шоу биш. Сонгууль бол бидний ирээдүйгээ харж тархиараа хийх ёстой сонголт. Гэтэл улстөрчид сонгуулийг шоу болгож байгаад ходоодоор нь дамжуулж санал хулгайлж, худалдаж авдаг уламжлалт аргаа амташсан хэрээ адил арван гурав дахиа нахихаар анаж сууна. Тийм ч учраас “Авьяаслаг монголчууд”-ыг залгаад авьяаслаг улстөрчдийн шоу эхэлж, бидон, нүүрс, нэгж тарааж явна. Гэхдээ энд ганц улстөрчид буруугүй. Сонгогчид өөрсдөө бодлого ярьсныг нь бус, нүүрс тараадгийг нь сонгодог учраас тэд улстөрд дархлагддаг, дахиж нүүрс тараадаг, ахин сонгогддог. Тэгэхээр санал өгөхдөө сэтгэл хөдлөл, ходоод, нүүрсийг гол болгодог сонгогчид байгаа цагт таны саналын эрхийг шуудай нүүрс, мянган нэгжээр үнэлдэг сэтгэхүйтэй улстөрчид байсаар л байх болно. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилд ганц удаа олдох таны саналын эрхийг шуудай нүүрсээр үнэлдэг улстөрчдийг сонгогчид өөрсдөө бэлтгэж, төрүүлж байгаа юм. Энэ өнцгөөс нь харвал нэг хэсэг нь сонгууль булхайтай боллоо, буруу хүмүүс сонгогдсон байна гэвэл сэтгэлийн хөөрөл, ходоодоороо санал өгдөг сонгогчид ч энд буруутай. Магадгүй, хар машин буруу тоолоогүй, тэнд шуудай нүүрсний үнэтэй саналын нийлбэр ялагчийг тодруулсан байж болно шүү дээ.

“Ямар ард түмэн байна, тийм л төр, засаг байна” гэж үг бий. Өнөөдрийн дүр зургийг л харъя. УИХ гэхэд хувийн хэвшлийнхэнтэйгээ нүүрсний тендер булаацалдана. Засгийн газар болохоор Тавантолгойн нүүрсийг гадагшаа яаж зарах вэ гэж толгойгоо гашилгана, дотооддоо “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж шуудайлсан нүүрсний үнэ бодно. Компаниуд нь нүүрсний бизнес дээрээ “зодолдоно”. УИХ-ын гишүүд сонгогдохын тулд нүүрс тараана, сонгогчид нь шуудайлсан нүүрсээр саналаа худалдана. Ер нь Монголд өнөөдөр нүүрс ярьдаггүй, нүүрснээс хамааралгүй хүн гэж байна уу. Нүүрсгүй юм гэж алга. Баялгийн хараал гэдэг шиг бүгдээрээ шахуу нүүрсний хараат, нүүрснийхээ боол мэт болжээ. Энэ сайны дохио юу, муугийн жишээ юү, сайн мэдэхгүй.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.