Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
З.Энхболд: Адилхан гурван их наядыг “тараасан” гэвэл аль нь ажил хийснийг ард түмэн мэднэ



УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.



-Ярилцлагаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаас эхэлье. Өмнө нь Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойн мөнгө байсан гэдэг. Тэгвэл далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар Монголын эдийн засаг хэзээ тийм хэмжээнд дээрдэх бол?

-Оюутолгой төслөөр улс төр хийдэг, улс төрийн оноо авах гэдэг хийрхэл далд уурхайн гэрээнд гарын үсэг зурснаар дуусаасай гэж бодож байна. Уг нь, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар 2011, 2012 онд орох ёстой байсан юм. 2010 онд бүтээн байгуулалтын ажил эхэлж 2011, 2012 оны эхээр оргил үедээ хүртэл үргэлжилсэн. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол бол манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ шулуун шугамд байх байсан юм билээ. Сүүлийн 25 жил өсөлтгүй, нэг төвшинд явсан. Харин Оюутолгой төсөл хөдөлснөөр хөрөнгө оруулалтын шугамыг тэмээний бөх шиг болгосон. “Тэмээний бөх” шиг тэр өсөлтийг өөрсдийнхөө сайнд бий болсон юмшиг МАН-ынхан ярьдаг. 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өглөө, одоо хаана байна вэ гээд л МАН-ынхан сүүлийн гурван жилийн турш улс төр хийж байна. Тэр нь МАН-ын сайных бус, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт орж ирснийх байсан. Гэтэл 2012 оны хоёрдугаар хагасаас эхлээд Оюутолгойнхон хөрөнгө оруулалтаа хийх шаардлагагүй болсон. Ил уурхайгаа ашиглалтад оруулж, баяжуулах үйлдвэр, дамжуулах шугамаа бариад дууссан. Энэ бүхнийг хийгээд дууссаны дараа компани бүтээн байгуулалтаа зогсоосон. Энэ бол цэвэр тухайн компанийн хөрөнгө оруулалтын цикль. Тэгээд явсаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед дахиад 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шийдлээ. Үүнийг би “бидний үед шийдлээ, эдийн засаг төдөн хувь өссөн” гэж ярихгүй. Энэ бол зүгээр л компани хийх ёстой ажлаа хийж байгаа юм. Манай эдийн засаг жижиг учраас тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт савлагаа үүсгэдэг. Одоо 3-5 жилийн хугацаанд 1.5 метрийн газрын гүнд 250 км үргэлжлэх тунель байгуулж, дахиад 200 гаруй км хөндлөн малталт хийх юм. Энэ бүтээн байгуулалт ойролцоогоор 3-4 жил үргэлжилнэ.

-Гэхдээ та нарыг засаглаж байх үед цаг бол алдсан?

-Хамгийн гол нь 2012 оны сүүлээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Тонн нь 200 доллар хүрч байсан коксжих нүүрс өнөөдөр газар дээрээ 30 ам.доллар хүрэх үү, үгүйтэй байна. 1500 ам.доллар хүрч байсан алт 1000-аас доошоо уналаа, 8000 хүрч байсан зэс 4800 орчим долларт хэлбэлзэж байна. Экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унахаар уул уурхай, түүхий эдэд хөрөнгө оруулдаг хүн байхгүй болсон. Үнэ унаснаас болж уул уурхайн хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хөрөнгө оруулагчид зэсийн үнэ 5000, 6000 болж өсөхийг хүлээгээд сууж магадгүй л байсан. Гэвч тэгсэнгүй. Оюутолгойг ирээдүйтэй, 100 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулна, зэсийн хамгийн том худалдан авагчийн хажууханд байдаг гэж үзээд дэлхийн шилдэг 15 банк итгээд мөнгө зээллээ. Үүнийг хийхийн тулд одоогийн Ерөнхий сайд сайн ажиллаж, санхүүжүүлэгчдэд итгүүлж чадлаа.

-Та бол гурван жил гацсаныг улстөрийн шалтгаанаас болоогүй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн уналт, тухайн компанийн менежменттэй холбоотой зогсолт гэж байгаа хэрэг үү?


-Дэлхий даяар зогссон зүйлийг тэгж тайлбарлахаас өөр аргагүй. Монголоос өөр газарт уул уурхайн хөрөнгө оруулалт яваад байсан бол өөр хэрэг. МАН-ынхан болохоор урагшгүй Засгийн газрууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж явууллаа гэдэг. Нарийн ярьвал манай биш, түрүүчийн УИХ-ын үед Г.Занданшатарын санаачилсан хуулиас болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Монголоос хамаарсан зүйл байсан гэвэл би тэр хуулийг л хэлнэ. Тэр буруу хуулийг манай УИХ хүчингүй болгосон. Тэгэхээр гээндээ ч гоондоо ч байсан. Гэхдээ шалтгааныг 100 хувь гэж үзвэл 70-80 хувь нь түүхий эдийн үнэ унаж уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүнгүй болсноос үүдэлтэй.

-Сая зурагдсан гэрээ гадаад орчинд эерэг мессеж өгөхөөс эхлээд үр дүнгүүд гарах байх. Харин яг бодит эдийн засагт хэзээнээс эергээр мэдрэгдэж эхлэх вэ?

-Монголчууд бид их яаруу ард түмэн. Өнөөдөр гарын үсэг зурлаа, маргааш дансанд мөнгө ороод ирэх юм шиг санадаг. Том төсөл 5, 10 жилээр ажлаа төлөвлөдөг. Газрын гүнд 250 км тунель барих чинь газар ухахтай адилгүй. Өнөөдрийн олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлж байгаа хөрөнгө бол далд уурхайг ажилтай болгох хөрөнгө юм. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад таван жил хэрэгтэй. Таван жил гэж тооцоход 4.4 тэрбум ам.долларын 20 хувь нь ирэх жил, 20 нь дараа жил гэх маягаар явж байж эдийн засагт эерэг эффект гарна. Бас нэг өгөөж бол үндсэндээ уул уурхайд орох гадаадын хөрөнгө оруулалт зогсч тэгтэй тэнцсэн байсан. Энэ 4.4 тэрбумыг таван жилд хуваахад жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь манай уул уурхайн салбарт эерэг үзүүлэлт болно. Тэгтэй тэнцэж байсан салбарт нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээр тэс өөр болно л доо.

-Задалж ганц нэг зүйл асууя. Далд уурхайн санхүүжилт саатсан нь ил уурхайн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнтэй холбоотой байсан тал бий.


-Тэр бол том шалтгаан байсан.

-Тэрэн шиг, далд уурхайд одоо төлөвлөж байгаа 6 тэрбум орчим доллар хэдэн жилийн дараа дахиад нэмэгдвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Хөрөнгө оруулалт хэтэрвэл эрсдэлээ дахиад л 66:34 гэж хуваах уу?


-Манай улсын түүхэнд гаднаас орж ирж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт нь Оюутолгойнх. “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалтыг өнөөгийн ханшид шилжүүлбэл, 1.5 тэрбум ам.доллар болж байгаа. Өнөөдрийн “Эрдэнэт”-ээс хоёр дахин том гэж тооцож гурван тэрбум ам.доллар болно гэсэн тооцоолол байсан. Гэтэл гурав биш, түүнээс хоёр дахин илүү өртгөөр бүтэж байна. Үүнийгээ тооцох туршлага Монголын татварын ерөнхий газарт ч, “Рио Тинто”-д ч байсангүй. Манай олон хууль өртөг зардал тооцох аргачлал дээрээ зөрсөн. Энэ асуудал дээр гурван жил маргалдсан. Манай хуулиар болохгүй байна гэж манайхан шаардлага тавьдаг. Гэтэл нөгөө тал “үгүй ээ, олон улсын зарчмаараа ингэдэг юм аа” гэдэг.

-Гэхдээ эцэстээ Засгийн газар “Рио Тинто”-д буулт хийсэн. 130 сая долларын татвар тавьчихаад 30 сая болгож бууруулж авсан?


-Тэр асуудлыг УИХ дээр би тухайн үеийн Татварын албан даргаас асуусан. Та нар өчигдөр 130 сая ам.доллар гэчихээд өнөөдөр яагаад 30 сая болгов гэж. Өчигдөр “Рио Тинто”-гийнхон зарим баримтаа үзүүлээгүй, харин өнөөдөр баримтаа авчирсан. Татварын ерөнхий хуулиар энэ нь зөвшөөрөгддөг гэж хариулж байсан.

-Гэхдээ “Дубайн гэрээ”-ний дараа тэгж хариулж байсан?

-Тийм, Дубайн гэрээний дараа.

-“Дубайн гэрээ”-ний тохироо явсан байх л даа. Миний асуулт бол, далд уурхайн хөрөнгө оруулалт анхны хөрөнгө оруулалтынх шиг дахиад төлөвлөснөөс хэтэрвэл яах вэ, хэн хариуцах вэ?


-Одоо аль аль нь хаширсан байх гэж бодож байна. “Рио Тинто”-гийн зүгээс аливаа асуудалд болгоомжтой хандах ёстой. Манайх ч гэсэн хариуцлагатай, болгоомжтой хамтарч ажиллах ёстой. Одоо ил уурхай хэвийн ажиллаж, тэндээс бэлэн мөнгө эргэлдэх нөхцөл бүрдэж байна. Гурав, таван жил үргэлжлэх ажлыг яаран сандран нэг жилд өндөр үнээр хийлгэхгүй байх гэж бодож байна. Ил уурхай ажиллаж байгаа нь өөрөө компанийг арвич, хямгач ажиллуулах байх гэж бодож байна.

-Хэрвээ далд уурхайн хөрөнгө оруулалт тооцсоноос илүү гарвал зээл авч байгаа “Рио Тинто” дангаараа шууд хариуцахгүй юу?


-Тэр нарийн асуудлыг би мэдэхгүй, судлаагүй, мэдээлэл аваагүй байна. Ер нь бол хариуцах ёстой.

-Оюутолгойн, далд уурхайн төслийн гүйлгээнүүд одоо Монголын арилжааны банкуудаар дамжиж хийгдэх үү. Өмнөх шигээ дахиад л гаднын банкаар явах уу?


-Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа мөнгөө гаднын банкуудаар дамжуулахыг зөвшөөрчихсөн юм билээ. Нөгөө тал зөвшөөрөхгүй бол бид дангаараа тэр гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй. Манайхаар мөнгөө дамжуулах гэхээр юунаас болгоомжлоод байгааг л судлах хэрэгтэй. Татварын байцаагч очоод, дургүй нь хүрвэл дансыг нь хаачихдаг эрхзүйтэй байвал манайхаар мөнгөө дамжуулахгүй.

-Одоо авч байгаа 4.4 тэрбум ам.долларын зээлийн 34 хувь нь Монголын Засгийн газарт ногдох ёстой юу?


-Тийм, бас үгүй гэж хариулъя. Бид өмчлөгчийн хувьд 34 хувийн зээлийг төлөх шууд үүрэг бол байхгүй. Энэ зээлийг “Рио Тинто” компани авч байгаа учраас компани төлнө. Оюутолгойн энэ зээлийг хариуцах хүн нь Оюутолгой компанийн захирал. ТУЗ нь ч биш. Хөрөнгө оруулагчдаас тусгаарлагдсан гэсэн үг. Засгийн газар тэр зээлийг төлөхгүй. Яагаад гэвэл Засгийн газар баталгаа гаргаж УИХ-аар батлуулаагүй учраас хөрөнгө оруулагчдад хамаагүй. Компани өөрийн үйл ажиллагаанаасаа төлөх ёстой.

-Шууд бусаар бол төлнө л гэсэн үг юм биш үү. Компани зээлээ төлж байж ногдол ашиг хуваарилна. Энэ хугацаа хойшилж 2037 он болж байгаа юу?


-Тийм, хойшилж байгаа.

-Оюутолгойтой холбоотой асуудлаа ингээд дуусгая. Энэ долоо хоногийн эхнээс УИХ хагас бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Байнгын хороо гэхэд дөнгөж 50 хувийн ирцтэй, чуулган бол хуралдаж чадахгүй байна?

-Өнгөрсөн долоо хоногт чуулган хуралдсан. Харамсалтай нь, МАН-ын бүлэг бүх асуудлаар завсарлага авсан.

-Сонгуулийн хуультай холбоотой МАН-ын бойкотоос хамааралтай гацаа гэж харсан. Зөвшилцөх бололцоо алга уу?


-Дөнгөж сая Ерөнхийлөгч дээр гурван бүлгийн дарга, УИХ-ын дарга, дээр нь МАН-ын генсек Ж.Мөнхбат бид хэд уулзлаа. Яагаад УИХ-ын ажлыг гацаагаад байгааг, чухал хуулиудын хэлэлцүүлэг ямар төвшинд байгааг Ерөнхийлөгч асуусан. Миний хувьд “МАН ажил хаяснаас болж ажил урагшлахгүй байна. Гэхдээ байнгын хороод хуралдаж байгаа” гэдгээ хэлсэн. Бид хоёр ч удаа уулзсан. Гэтэл санал тоолох хар машиныг устга гэж МАН-ынхан хүлээж авах боломжгүй шаардлага тавьж байгаа.

-Хар машинаар огт тоолуулахгүй гэж байгаа юм уу?

-Тоолно. Гэхдээ гараар давхар тоолъё, гар тооллогын дүн эцсийнх байна гээд байгаа юм. АН-ын байр суурь бол одоо байгаа хуульд хар машинтай холбоотой заалт хангалттай туссан гэж үзэж байгаа. Хуульд машинаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна гэж заасан. Нэгэнт хуульд машины тооллогыг эцсийнх байна гэчихсэн юм бол гараар тоолохын ач холбогдол байхгүй, нэгд. Хоёрт, өнгөрсөн сонгуулиар 1.9 сая сонгогч бүртгүүлээд 1.2 сая хүн санал өгсөн байдаг. 1.2 сая хүний саналын хуудасны зургийг сонгуульд оролцож байгаа бүх намдууд, ажиглагчид, нэр дэвшигчдэд өгчихдөг. Тэгэхээр хүн болгон тэдгээр зургаа машины тооллогын дүнтэй тулгаж тоолох боломжтой. Мөн хэсэг болгонд санамсаргүй тохиолдлоор сонгож гар тооллого хийхэд ямар нэгэн саналын зөрүүтэй алдаа гараагүй. Гуравт, шаардлага тавиад байгаа МАН-ын 26 гишүүний олонхи нь энэ машинаар тоолуулж сонгогдсон. Тэгчихээд одоо болохоор “машин буруу тоолдог” гэх нь өөрийнхөө ялалтыг үгүйсгэсэнтэй адил юм. Хамгийн товчоор хэлэхэд машины тооллогыг тулгаж тоолох боломж намуудад байгаа, мөн гараар тооллоо гээд тэр дүн хууль зүйн хувьд ямар ч үр дагавар авчрахгүй. Тийм учраас ирэх сонгуульд энэ хуулиараа явахад, машинаараа тоолж, тэр дүнг баримтлахад болохгүй юм байхгүй. Энэ хэл ам дагуулаад байгаа машин чинь Америкийнх. Нийтдээ 100 мянган ширхгийг үйлдвэрлэж дэлхий даяар зарсан. Хамгийн олныг авсан нь Филиппин, хоёрт АНУ-ын мужууд. Ер нь Америк бол 1960 оноос хойш гараар тоолохоо больсон юм билээ.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.