Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
​Юу вэ, Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч төлөөлдөггүй юм уу



Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим нэг алдаа ил болов. Тэр тухай хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана буй улс төрийн тухай тоймлоё.

1.

-Ажлын хэсгийг анх Үндсэн хуулийг батлахад оролцсон гишүүдээс байгуулжээ. Тэднээс УИХ-ын дэд дарга Л.Цог санал нэгдээгүй гээд гарын үсэг зураагүй байна.

2.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэрвээ тухайн институцийн эрх мэдлийг нэмэгдүүлэх юмуу хасах байдлаар хөндвөл саналыг авах ёстой. Авсан саналаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэйгөө хамт өргөн барих учиртай. Одоо өргөн барьсан Үндсэн хуулийн төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Дээд шүүх, прокурор, Цэцийн томилгооны зарим харьяаллыг өөрчилж, ерөнхийдөө Ерөнхий сайдын мэдэлд төвлөрүүлэхээр байгаа. УИХ-д ирэх томилгооны эрх ч бий. Хэрвээ тэгнэ гэж үзвэл энэ талаар Ерөнхийлөгч, Цэц, Дээд шүүхээс саналыг нь авсан байх учиртай ч, энэ бүрдлийг хийгээгүй байна. Тэгэхдээ дутуу төслийг УИХ-ын Тамгын газар тав дахийн орой хүлээгээд авчихжээ. Хэдэн сарын өмнө Тавантолгойн төслийг Засгийн газраас өргөн барихад иж бүрдэл дутуу гээд УИХ-ын Тамгын газраас хэдэнтээ буцааж байлаа. Харин Үндсэн хуулийн төсөл дээр дутууг нь мэдсээр байж хүлээн авчээ. Эндээс харвал хуулийн төслийг хүлээж авах нь УИХ-ын даргын таалал, АН-ын улстөрийн шийдвэртэй нийцэж байвал шууд авч, нийцээгүйг нь буцааж “чангалдаг” бололтой.

3.

-Ерөнхийлөгчөөс саналыг нь аваагүй бололтой. Харин Ерөнхийлөгч дэмжиж байгаа, сайн хэлэлцүүлээрэй гэж Тамгын газрын даргаараа хэлүүлсэн аятай юм ярьж, бичүүлж байгаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга нь төлөөлдөггүй. Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч өөрөө л төлөөлнө. Тэр тусмаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол амаар бус, албан бичгээр санал өгдөг улс төрийн баримт бичиг. Ерөнхийлөгч дэмжиж байгаа, зөвшөөрсөн гэж бичүүлээд л байгаа болохоос Төрийн тэргүүний зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд албан ёсоор илэрхийлсэн байр суурь одоогоор байхгүй. Ерөнхийлөгч уг төслийг дэмжсэн, эвсэл зөвшөөрч байна гэж адисласан байх албагүй, харин заавал саналыг нь авах нь хуулийн шаардлага юм. Хэрвээ улс төрийн нөхцөл байдлыг дагаад байр суурь нь өөрчлөгдчихөөгүй л бол Ерөнхийлөгч хэдэн сарын өмнө “Манай улстөрчдийн дунд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох тухай яриа байдаг юм. Чехүүд 20 жилийн турш Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгожээ. Гэтэл тэр нь одоогийн манай УИХ фракцаараа талцдаг шиг л томилгоо болоод байж. Тийм учраас болиод чехүүд сая анх удаагаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонголоо. Үүнийг бодох хэрэгтэй” гэж ярьж байжээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын төсөлд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулж, тэндээс сонгох заалт бий.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.