Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Энийг сануулах, ингэж бичих нь сэтгүүлзүйн үүрэг



1

Баривчилгааны дуулиан, “баасан ахын төрсөн өдөр”-ийн сиймхий дундуур Н.Батбаяр гишүүн хоёр ч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын цаг бараг л дуусахтай уралдаж гардуулсан хоёр төслийн нэг нь Үндсэн хуульд, нөгөө нь Ард нийтийн санал асуулгын хуульднэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. Хэрвээ УИХ хэлэлцэж, үйл явдал цаашаа өрнөвөл түүхэн байх төслүүдийг их л нууцханаар УИХ-ын босго давуулав. Хур борооноор дандаа хувьтай хүн ирдэггүй юм, чоно хүртэл ирдэг. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий юү, бий. Цаг нь мөн үү гэвэл, мөн. Харин өнөөдрийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг сайжруулан өөрчлөх хувьтай хүмүүс мөн үү. Хэрвээ мөн юм бол “эцэг” хуульдаа гар хүрэх хэмжээнд нар хур тэгширсэн сайхан, тайван цаг Монголын улстөрийн орчинд өнөөдөр байгаа, үгүйг эргэцүүлье.

2

Үндсэн хуулийг кнопны олон, фракцуудын тохироогоор батлахгүй. Зөвшилцөл дунд зөвлөлдөж байж өөрчилнө. Тийм эрүүл уур амьсгал өнөөдрийн улс төрийн орчинд байна уу. Байхгүй. Дээрээс нь эхэлье. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь нэг намын лидерүүд шиг, энэ улсын төлөө зүтгэх нэг баг мэт нэгдмэл байж чадахгүй яваа. Тавантолгойг гацаасан, МАН-ыг засгаас гаргаж улс төрийг тогтворгүй болгосон гэдгээр Ерөнхийлөгч нь УИХ-ын даргаа буруутгадаг. УИХ-ын дарга ч Ерөнхийлөгчийнхөөр бус, байр сууриа хамгаалж өөрийнхөөрөө шийдэж үл ойлголцлыг улам дэвэргэдэг. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр бас зөрчилтэй . Нэг нь, үгэнд орсонгүй, намын даргын суудлыг авах гэлээ гэж Ерөнхий сайдаа хадардаг. Нөгөө нь, засгийн ажилд хутгалдлаа, Засгийн газрыг огцруулах гээд байна гэж УИХ-ын даргаа харддаг. Фракцгүй АН-ын фракцууд ч зөрчилтэй . УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дундуур учиргүй “хар муур” болж гүйчихгүй ч, харзнасан, анасан, хүлээсэн гуравдугаар ээлжийнхэн гэж байна. Р.Амаржаргал гишүүн шиг ил гараад огцруулах бичигт гарын үсэг зурж чадахгүй ч, асуудал ороод ирвэл “шонхордох”- д бэлэн хэсэг ч АН-д бий. Б.Батзаяагийн баривчилгааны дараа АН доторхи энэ зөрчил даамжирна уу гэхээс биш, Үндсэн хуулийн өөрчлөлтийн сургаар эвлэж нийлэхгүй. Харин ч энэ баривчилгаагаар засаг нь МоАХ фракцаа дарж явах, МоАХ нь засгийг унагаж байж хүнээ суллаж авах улстөр явж таарна. Шууд хэлэхэд, Ч.Сайханбилэг нарт сонгууль хүртэл Засгийн газартайгаа явах нь, МоАХ фракцынханд энэ хэргээс нэр цэвэр сугарч үлдэх нь Үндсэн хуулийг өөрчлөхөөс илүү чухал бөгөөд үнэ цэнэтэй. Ийм “том” эрх ашигтай бүлэглэлүүдийн энэ зодоон дунд Үндсэн хуулийг эерэгээр өөрчилж чадах уу. Эргэлзэж байна.

Г.Шийлэгдамба намын даалгавраар сонгуулийн мөнгө босгосон, Б.Батзаяа гүйцэтгэгч байсан, аль нь ч бай хамаагүй, гэмт хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээх нь шударга ёс. Зүйн хэрэг. Гэтэл хулгай хийснийг ч, хууль зөрчсөнийг ч, эцэстээ улс төрийн хэрэг болгохдоо манай улстөрчид гарамгай. Улс төрийн тохироо, хэвлэлийн хүчээр цагдаагийнхны ажлыг баллуурдах, “гэмт хэрэгтэн”-ийг цагаатгахдаа улстөрийнхөн гаршсан улс. Тийм тохиролцоо биш юмаа гэхэд шантааж АН дотор эрчимжих нь тодорхой.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.