Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Н.Жанцанноров: Өнөөдрийг “Мандухай”-н хөгжмөөр бол “тамга алддаг” хэсэгтэй зүйрлэнэ



Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн ЖАНЦАННОРОВТОЙ ярилцлаа. Түүнийг хөгжмийн зохиолчоос гадна сэтгэгч, соён гэгээрүүлэгч, үндэсний үзэл, өв соёлыг тээгч гэдэгтэй олон хүн санал нийлэх бөгөөд бидний яриа хөгжмөөс өөр сэдвээр өрнөлөө.



-Өнөөдрийн тухай ярилцахын тулд асуултаа ялимгүй холоос эхэлье. Ардчиллаас өмнө та ямар алба хашиж байсан бэ?


-Би 1981-1985 онд МАХН-ын Төв хорооны, нөгөө хүмүүс айлгадаг Үзэл суртлын хэлтэст Урлагийн асуудал эрхэлсэн ажилтан байсан. 1983 оноос Хөгжмийн зохиолчдын холбооны даргаар сонгогдсон. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооныхоо даргын ажлыг дагнаж хийе гээд 1985 онд Төв хорооноос чөлөө авсан. Намын төв хорооны гишүүнээс гадна Сайдын зөвлөлийн гишүүн гэж явсан л даа. Тэгсэн Ш.Гунгаадорж гуайн Засгийн газар байгуулагдсан. Соёлын сайд байсан Сумъяа гуай л “чамайг сайд болгоно, ажлаа чамд өгнөө” л гэсэн. Би бол өөрөө сайд болъё гэсэн юм байхгүй. Нэг өдөр л надаас, Балжинням хаана явна гэж байна.Шарын голд зураг авч яваа л гэлээ. Кино найруулагч, миний найз Балжиннямыг хэлж байгаа юм. Бид “Мандухай сэцэн хатан”-ыг дуусгачихсан, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг хийх гээд Шарын голд явсан юм. Олж ирэх хэрэгтэй байна гэсэн, оройдоо ирсэн. Тэгээд л маргааш нь Балжиннямыг Соёлын сайд болгосон.

-Таныг болгоно гэсэн яав…?

-Тэр үед сайд нарыг Ардын Их Хурлаас томилдог байсан юм. Сумъяа гуай хэлэхдээ, чиний асуудлыг АИХ-д оруулсан чинь энэ Засгийн газар чинь Өвөрхангайнхан болох гээд байна гэж яриа гарсаан л гэсэн.

-Өвөрхангайгаас тийм олон сайд томилсон юм уу?

-Нээрээ л олон болчихсон байж л дээ. Арав гаруй сайд нар дотор чинь Гадаад харилцааны сайдаар Ц.Гомбосүрэн, Хөдөө аж ахуйн сайдаар Ц.Өөлд, Боловсролын сайдаар Н.Уртнасан, Үндэсний хөгжлийн сайдаар хүн судлалын Батсуурь томилогдсон,өөр нэг сайд байсан санагдаж байна. Хэрвээ Засгийн газрыг байгуулахдаа нутаг, нутгийн тэнцвэрийг хангадаг бол нээрээ л манай Өвөрхангайгаас олон сайд томилогдсон, би сайд болох боломжгүй байж л дээ. Тэгээд би Балжиннямынхаа орлогч сайд боллоо. Тэр үед чинь сайд болохыг сайхан амьдрах боломж гэж хардаггүй, сайн ажиллах үүрэг гэж ойлгодог байв. Тэгж яваад намар аравдугаар сард Ш.Гунгаадорж гуайн Засгийн газрыг сольж, Соёлын яамыг татан буулгасан. Тэгээд л чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Та ардчиллаас өмнө, тухайн үеийнхээ нийгмийг яаж харж байсан бэ, хаана хүрнэ гэдгээ мэдэж байсан уу?

-Би тэр үед том сэхээтэн байгаагүй, байх ч бололцоогүй. 1979 онд сургууль төгсч ирсэн. Харин би төрийн ажилд эрт орсон залуу сэхээтэн бол мөн . Том сэхээтнүүдтэй эрт харилцсан залуу сэхээтэн бол би мөн.

Би хөгжмийн зохиолч, хөгжим судлаач хүн шүү дээ. Тийм учраас нийгмийг тийм их өргөн харна гэж байхгүй. Гэхдээ соёлынхоо салбарт хоёр зүйл ажигласан. Нэгд, төгсөж ирээд театрт юм үзэж байхдаа ерөөсөө үндэсний урлаггүй болчихож байгааг анзаарсан. Үндэсний урлаггүй гэдэг нь Сэвжид гуайн бүжиг, Намсрайжав гуайн хөгжим сайн, муу байсан тухай биш юм. Тэд нар бол гайхамшигтай. Одоо өнөөдөр ярихад инээдтэй. Тэр үед морин хуур гэхэд Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хааяа нэг суудаг, Норовбанзад гуай зэрэг уртын дуучдыг дуулахаар ард нь эгшиглэх төдий. Уртын дуу гэхэд концертын эхэнд хагас дутуу ганц нэг бадаг л дуулдаг. Хөөмий, биелгээ энэ тэр бол тайзан дээр бүр байхгүй. Ерөөл магтаал ч таг. Ардын гэж байгаа зарим бүжгийг хараад бүжигчинд нь орос хувцас өмсгөчихвөл орос маягийн бүжиг юм биш үү гэж харахаар. Хөгжим гэхэд хийц нь монгол аятай ч юмшиг, тэгсэн хэр нь цаанаас нь орос үнэр гараад байдаг. Хоёрт, соёл урлагийн ерөнхий философи гаргалгаа нь монгол хүний уламжлалт ертөнцийг ухаардаг, ухаанаараа тайлдаг гаргалгаатай их хол зөрсөн нь анзаарагдсан. Энэ бүгд бол болохоо больчихож гэсэн сэрэл өгч, монгол гэдэг язгуур чанар алга болчихож байгаа юм биш үү л гэсэн хар төрүүлж эхэлсэн. Нэгэнт сэрэл өгч байгаа юм бол тэр рүүгээ тэмцэж орох ёстой л доо.

-Тэгээд тэмцэж эхэлсэн үү, яаж тэмцэх үү?

-Тэмцдэг арга нь хуучнаараа, дарга нартаа л зөв ойлгуулъя гэсэн. Түүнээс биш, би улстөрч биш учраас гудамжинд гарч өлсөөд, жагсах ойлголт байхгүй. Дарга, сайд нартаа ажигласнаа л хэллээ. Тэр дагуу язгуур урлагийн улсын анхны үзлэг хийлээ. Аймаг болгонд ийм үзлэг явуулсан. Үр дүнд нь уран бүтээлчид сэрээд эхэлсэн. Тэгж явтал хойно, Орост Горбачёвын өөрчлөн байгуулалт өрнөсөн. Бид ч тэрийг олзуурхан авч “Мандухай сэцэн хатан”-г хийж, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг барьж авсан. Хэрвээ Орост өөрчлөн байгуулалт өрнөөгүй бол, энд Мандухай Цэцэн хатан киног хийж чадахгүй байв. Тэр үед Монголын түүхэн ганц кино нь “Цогт тайж” л байсан. Эх орны дайны үед, том гүрэнтэй хамт дэлхийн дайны эсрэг явж байна гэдэг утгаар оросуудын хүчээр “Цогт Тайж”-ийг хийсэн. Өөр түүхэн кино хийгээгүй, хийлгээ ч үгүй. Түүхэн кино бол үндэсний хэмжээний ухамсрын асуудал. Чи жаахан улс төрийн талаас нь асуулаа гэж ойлголоо, зөв үү.

-Тэмцлийг...?

- Хэрвээ тэр талаас нь гэвэл, би 1989 оны тавдугаар сарын 17-нд Монголын хөгжмийн зохиолчдын тавдугаар их хуралд “Цаг үе, хөгжмийн уран бүтээл” нэртэй илтгэл тавьсан. Илтгэлдээ би “бид хүрэх газраа товлох хэрэгтэй байна. Хүрэх цэгээ миний хувьд Үндэсний соёлоо сэргээж өөрсдөө эзэмшихгүй бол болохгүй байна ”, “Алдарт Магсар хурцын Дугаржав, түүний үеийн хөгжимчдийн шинэчлэлийг өөрсөдтэй нь хамт таслан зогсоосныг манай шинэ хөгжмийн түүхэнд тохиосон онцгой хохирол, нөхөж баршгүй гай гамшиг гэж үзэх ёстой. Нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч, хууль ёсыг ноцтой завхруулсан 1930, 1940 оны хэрэг явдалтай шууд холбоотой” гэх зэргээр ярьсан л даа. Тэр илтгэлдээ, 1989 оны тавдугаарби хувьдаа анх удаа “ардчилал” гэдэг үгийг хэлж, хэрэглэж, “ардчиллын салхийг хэрхэн оруулах уу, ухраах уу” гэдгийг нийгэм рүү тавьж байлаа. Энэ илтгэл одоо ном, товхимолд бий л дээ.

Тэгвэл өнөөдрийн нийгэм маань хаашаа явж байгааг та мэдэж байна уу, бид зөв зүгтээ явж чадаж байна уу, таныхаар..?

-Бид өнөөдөр чөдөртэй морь лугаа дороо дэвхцэж байна . Ердөө урагшлахгүй байна, сэтгэлгээний хувьд шүү. Би байшин барилга, өргөн хэрэглээний барааны тоо хэмжээг яриагүй байна. Сэтгэлгээний хувьд чөдөртэй морь лугаа дороо дэвхцэж байна. Хэн ирж бидний чөдрийг авахыг хүлээж байна. Өөрсдөө чөдрөө авч чадахгүй байна.

-Заавал “хүн” авч өгөх ёстой юм уу?

-Заавал л хүнээр авахуулах юм шиг байна.

-Нөгөө, ЗХУ-ын харьяанд байсан гэдэг шиг үү. Тэр “хүн” гэдэг нь дотоодод байна уу, гадаадад байна уу?

-Бараг л гаднын хүнээр энэ чөдрөө тайлуулах гээд байх шиг байна. Тийм л мэдрэмж надад төрөөд байна.

-Таны энэ мэдрэмж хэзээнийх вэ. Хоёулаа ярилцаж байгаа цаг үеийн мэдрэмж мөн үү?

-Яг одоогийнх бол арай биш ээ. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс хойш л тийм мэдрэмж төрж эхэлсэн. Бид өөрсдөө чадахгүй юм биш үү гэж бодогддог болсон. Аль нэгэн нам нь гаднын гар хөл болж байна гэж би хэлэхгүй. Тийм нам ч байхгүй гэж бодож байна. Улс орноо авч явж байгаа бид нарын царай нь хүн зохицуулж өгөх хэмжээнд очоод байна. Өөрөөр хэлбэл, шүүгчгүй бөмбөг тоглоод эхэллээ. Шүгэл ч үгүй, шүүгч ч үгүй бөмбөг тоглож байна. Тэнд яалт ч үгүй шүгэлчийн хэрэг гараад байна. Шүгэлч бол тоглоомд оролцдоггүй, хардаг, дүгнэдэг хүн. Юу болж байгааг харж, оноо өгч, торгодог, баг болгодог. Монголчууд бид нэг зүйлийг бодох хэрэгтэй болоод байна. “Монгол Улс том төртэй байсан, дэлхийд төр байгуулахыг зааж сургасан. Дэлхийн бол биднээс суралцах ёстой” гэж ярьдаг, бичдэг. Тийм хэмжээний овоолж оцойсон түүхэн баримтууд ч бидэнд бий. Гэхдээ яг хэдий хугацаанд, ямар үед яг жинхэнэ ёсоороо өөрсдөө төрөө барьж байсан юм бэ, тэр үедээ чадаж байсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг бодож үзэх хэрэгтэй.

-Харин тийм. Цаг хугацаагаар нь урагш хөөвөл оросууд, тэрний өмнө нэг хэсэг автономит, тэгээд манж нар гээд л, яг монголчууд биднийөөрсдөө төрөө бариад тогтвортой хөгжсөн, томорсон он жилүүд нь Монголын төрийн түүхийн нийт цаг хугацаатай харьцуулахад цөөхөн л санагдаад байгаа юм.

-Хоёулаа түүх сөхөж яръя л даа. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан. Чингис хааны үеийг бол ярилтгүй, хүчирхэг явсан, Их Монгол Улс өөрөө дэлхийн дайтай явсан үе. 1227 онд Өгөөдэй хаан төр барьсан. Өгөөдэй хааны үеэс эхлэн монгол төрийн бутралын үеийн суурь тавигдсан гэж би хардаг. Ариг бөх, Хубилай хоёр зэрэг гарч ирээд нэг жилийн дотор хоёр улс байгуулсан.Нэг нь Цагаан хэрмийн цаана Монгол Улсыг байгуулж, түүнийгээ Юань улс гэж нэрлэсэн. Нөгөө нь, Хархоринд улсаа зарлаж, хүч нь хүрэлгүй Ариг бөх унасан. Ингээд Монгол Улс их Юань улсын хаягдсан хязгаар улс болсон. Монгол үндэстэн тэр том улсыг толгойлсон. Цагаан хэрмийн цаана монгол үндэстэн төрийг толгойлж, бодлогыг нь явуулж, энд Монголын газар нутаг, Монгол орон том гүрний хаягдмал хязгаар болж хувирсан. Хархоринд юун одон орон, их сургууль бүгд сураггүй. Бээжинд, Юань гүрэндээ л болно. Тэгэхээр Хубилайн гавьяа их том. Манайхан 800 жилийг нь тэмдэглэх ёстой. Монголын төр ингэж суларсаар яваад Батмөнх даян хааны үед дахин нэг том нэгдэл рүү явсан ч үндсэндээ чадаагүй. Түвд, хятадууд, оросууд гаднаас шүгэл үлээж байсан. Ингэж Лигдэн хаан, Өндөр гэгээн, Галданбошигт хаан, Богд хааны үед ч гаднын шүгэлийн дор явсаар 1915 онд автономит төртэй болсон. Богдын засаглалын үед 27-53 насны 12 сэхээтэн сайд ёс бусаар үхсэн. Жам ёсоор бус. Ханддорж Чин ван, Сайн ноён, Гончигсүрэн гээд л. Дахиад л гаднаас, эсвэл дотроосоо бие биеэ хусаж л байсан. Ингээд С.Данзан, Д.Сүхбаатар нар гарч ирсэн. 1921 онд ардын хувьсгал ялсан. Гэвч гаднын нөгөө том нөлөө арилаагүй. Бид 1990 он хүртэл жаргалтай явсан, өөрсдөө төрөө бариагүй. Оросуудаар чигээ заалгаж ирсэн. Яг өөрсдөө төрөө барьсан гэхэд зовлонтой л доо. Өөрсдөө төр бариагүй гэхээр Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нар төр бариагүй ш дээ гэж байгаатай агаар нэг болох байх. Ингэж хэлэх нь бас харьцангуй ойлголт л доо. Ямар ч байсан жинхэнэ шүгэлдэгчид нь хойно, Оросын шүглийн дор явсан. 1990 онд ЗХУ задарч, шүгэл байхгүй болсон байсан. Ингээд Улс төрийн товчоог унагаж авч жинхэнэ улсаа байгуулж эхэлсэн. Ийм байдалтай 25 жил явж байна. Шүгэлгүй, өөрсдөө шүгэлдээд л явж байна. Өөрсдөө шүгэлдээд ирэхээр хэнийх нь шүгэл сонсогдоод байгаа юм, хэнийх нь шүглээр явах ёстой юм, хэнийх нь чанга дуугарч, хэнийх нь сулраад байгаа нь мэдэгдэхгүй юм. Тийм учраас бүр том, илүү чанга дуутай шүгэл хүлээгээд байгаа юм уу, мэдэхгүй. Ийм л болчхоод байна. Шүгэлтэй хүн замбараагүй олон боллоо. Үүнийг л би чөдөртэй морь шиг болчихлоо гээд байгаа юм. Маш хорлонтой үе шиг санагдаад байгаа юм. Картын барааны үеэс ч хорлонтой. Тэр үед чинь “чи үүнээс ихийг идэж болохгүй, үүнээс өөрийг идэж болохгүй” гэдэг зарчим байсан. Одоо бол “чи юу ч идэж болно, хэчнээнийг ч идэж болно” гэж байгаа хэр нь надад мөнгө байхгүй. Их хорлонтой. Ийм үед чинь ажил байхгүй, мөнгө байхгүй, юу ч байхгүй учраас хулгай хиймээр, дээрэмдмээр.., за тэр нь ч юу юм бэ, ер нь л их хорлонтой. Ийм л болоод байна.

-Хамгийн ихээр хорлогдож байгаа нь монголчууд бид өөрсдөө биз дээ?

-Монголчуудын дийлэнх, бүр хэтэрхий олон нь хохирч, хорлогдоод явна л даа. Шүгэлтэй 200 гаруй хүн л байдаг юм гэсэн. Би ямар тоолж үзсэн биш. Энэ тоог хэн гаргаж, яаж баталсныг би мэдэхгүй. Тэр 200-д нь би л лав орохгүй. Өөр л нөхөд байх шиг байгаа юм. Хаанаас яаж тогтоодог юм, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр нь тогтоодог юм уу, мэдэхгүй. АТГ-ын мэдээ юм уу, Ашигт малтмалын газарт бүртгэлтэй орд эзэмшигчдийн нэрс юм уу, бас мэдэхгүй.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.