Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
С.Баяр: Эргэж уулзахгүй нүүр, эрлэгт очихгүй сүнс биш гэж үгтэй байх аа



Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн БАЯРТАЙ уулзаж ярилцлаа.

Эзгүйд нь үгүйлж, ирэхээр нь “иддэг” цөөхөн улстөрчийн нэг нь С.Баяр юм. Хаанаас нь ч мэрж үл барах энэ “хатуу самар”-ыг Монголын улстөрийн хүчтэй лидер гэдгийг өөрийнх нь төдийгүй, хүний намынхан ч хүлээн зөвшөөрдөг. Түүнтэй энэ удаа их улстөрд эргэж ирэх үгүйг, Оюутолгойн гэрээнээс авлига авсан эсэхийг, “АНУ-д байгаа  долоон байшин”-гийн тухай гээд хувийн асуудлаас нь гадна Монголын улс төр, эдийн засгийн  өнөөгийн байдал, хямрал, гацаа, түгжээг тойрч олон асуудлаар ярилцлаа.



-Та энэ зуныг хаагуур өнгөрөөв, сайхан намаржиж байна уу?

- Сайхан зуслаа. Ерөнхийдөө гэр хавиараа л эргэлдэлдэх шив дээ.

-Өнгөрсөн зун улстөр ерөнхийдөө амарсангүй. Харин хоёр удаа  Монгол Улсын Ерөнхий сайд байсан, МАН-ын хүчтэй лидерүүдийн нэг та амарсан бололтой юм. Энэ нь  та өнөөдөр ямар нэгэн албан тушаалын холбоосгүй учраас өнгөрсөн зуны улстөрд оролцсонгүй юу. Эсвэл ерөнхийдөө улстөр сонирхдог энгийн иргэн болохоор эргэлт буцалтгүй шийдээ юү?

-За тэгэхээр, хоёулаа ойрд уулзаагүй юм байна, олон таван үггүй ажил хэрэгч  яриа хийе. “Хүчтэй лидер” энэ тэр гэж сонины цаас шиг шаржигнасан цацаг үгээ орхиё. Сэтгүүлч та нар хүн хөөргөж байгаад газардуулахдаа гарамгай. Надад малгай зохидоггүй  юм. Тэгэх тусмаа цаасан малгай... /инээв/. Нэгдүгээрт гэвэл энэ. Хоёрт, “эргэлт буцалтгүй гарсан уу” гэж лавлан, тавлан асууж байх шив дээ... Тээр жил чамтай байна уу, хэнтэй байна, ярилцаж байхдаа би энэ тухай хэлсэн санагддаг. Би олон дутагдал, доголдолтой хүн, гэхдээ намайг өдий зэрэгтэй авч яваа тодорхой хэдэн зарчим бий гэдгээ хэлж байсан. Бага залуу байхаас минь бүрдэж, шалгарч үлдсэн хэдэн зарчим. Тун энгийн хэд. Жишээ нь, “орвол орсон шиг ор, гарвал гарсан шиг гар” гэх нэг зарчим байна.  Эсвэл “Бүү хуурт, бүү ай, бүү гуй” гэдэг ч юмуу. Би тэр хэдийнхээ хүрээнд л яваа. Одоо эргэж буцаад яах ч билээ...

-Гэхдээ та нар шиг гүнзгий орчихсон хүмүүсийг улс төр нь өөрөө сонирхдог, оролддог байх, тийм үү ?

-Тийм нь ч тийм. “Чи улс төрөөр занимаалдахгүй бол, улс төр чамаар занимаалдана шүү” гэсэн утгатай нэг үг байдаг байх аа. Гэхдээ энэ үгийг шууд л удирдлага болгох нь юу юм.  Ядаж л “чамайг оролдоод байгаа нь улс төр үү, эсвэл улс төр хавийн салхи савир нь уу” гэдгээ ялгадаг, ялгаж чаддаг байх хэрэгтэй. Үлээдэг, больдог салхины аясаар дэрвээд байх бол утгагүй.

-Салхи дагаж дэрвэхгүй гэхэд тэр салхийг хэн, яах гэж үлээгээд байгаа талаар та мэдээлэлтэй байгаа байлгүй. Энэ утгаараа таныг мэдээлэлтэй, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлттэй яваа гэж бодоод, бас олон таван үггүй ярья гэсэн учраас шууд хэдэн асуулт асууя, тэгэх үү?

-Үнэндээ бол би мэдээлэл муутай сууна. Шийдвэр гаргах хүрээний гадна гараад удаж байгаа учраас тэр. Яах вэ, салхи хэн, хаанаас, яах гэж  үлээдгийг би гадарлана. Гэхдээ энэ бол мэдээжийн гэмээр бүдүүн тойм. Нарийн мэдээлэл гэдэг бол тодорхой баримт, шийдвэр, судалгаа. Тийм юм надад алга учраас бүдүүн баргийн юм л ярих байх даа.

-Та хамтарч байж л улсаа хөгжүүлнэ гэсэн бодлоо байнга илэрхийлдэг хүн. Гэтэл танай намыг АН-ын шийдвэрээр хамтарсан Засгийн газраас саяхан гаргалаа. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна вэ?

-Том ажил хамтын хүчээр л бүтнэ. Энэ бол зүгээр нэг бодол биш. Энэ бол миний итгэл үнэмшил. Амьдрал, практикаар батлагдсан үнэн. Улсынхаа хэмжээ дамжаа, нөөц бололцоо, сул давуу тал, дотоод байдал, гадаад орчин зэргээ бодолцвол үүнээс өөр арга үнэндээ байхгүй. Үүнийг олон хүн ойлгодог, дэмждэг болж. Хамтрахын хамгийн үр дүнтэй, өгөөжтэй байж болох хэлбэр бол хамтарсан Засгийн газар. Гэхдээ засагт заавал хамтардаггүй юмаа гэхэд том том асуудлаа хамтран шийдээд явах өөр олон хувилбар бий. Итгэл, сэтгэл, зүтгэл байхад аль нэг хувилбар сонгох нь жижиг асуудал. Засагт орох, гарах гэдэг бол байдаг л зүйл. МАН-ыг Засгаас гаргасны сайн, мууг аль өнцгөөс харах вэ гэдгээс л хамаарна. Ойрын зай, ойрын сонгуулиа бодвол манай намд ашигтай тусаж болохыг үгүйсгэхгүй. Алс хэтээ бодвол энэ бол муу шийдвэр, бүр маш муу шийдвэр гэж хэлмээр байна.

-Яагаад маш муу гэж ?

-Нэгд, хүн ёсны харилцаа талаасаа арай л хуншгүй, жудаггүй юм болж харагдсан. Урьж оруулчихаад, хөөгөөд гаргана гэдэг ямар ч хүн, аль ч ард түмний ёсонд хазгай үйлдэл. Эргээд уулзахгүй нүүр биш, эрлэгт очихгүй сүнс биш гэсэн үг байдаг даа.

Хоёрт, Монгол Улсын сүүлийн 25 жилийн ачааг сайн, муу хэлүүлдэг ч АН, МАН хоёр л үүрсээр ирсэн. Анхны ардчилсан сонгууль, анхны ардчилсан Үндсэн хууль, эдийн засаг, нийгмийн гол гол зангилаа олон асуудлыг хамтын ухаан, хамтын зүтгэл, Монголоо гэсэн сэтгэлээр шийдсээр ирсэн, энэ хоёр нам. Холын аянд явахад юм юм л тохиолдоно. Хүн ч адил, нам ч адил. Сайдана муудана, хэрэлдэнэ эвлэрнэ. Гэхдээ холын аян хамт туулж яваа хүмүүсийн хооронд нэг тийм онцгой нандин харилцаа үүсдэг. Тэр харилцааны суурь нь итгэл, итгэлцэл юм. Монголоо гэсэн сэтгэлээр бие биедээ итгэх тэр итгэлцэл эмтэрч байх шиг.

Гуравт, бид саран дээр амьдраагүй. Бидний орчин, орших, хөгжихийн тулд зайлшгүй харьцах ёстой хөрш зэргэлдээ болон хол, ойрын улс гүрнүүд байна. Тэдэнд бид ямар харагдаа бол оо. Байнга л хэрэлдээд, бужигнаад, бойтоглоод байхаар бид мэттэйгээ бодит ажил хэрэг жинхнээсээ ярих айл олдох болов уу? Бидний үгэнд итгэх үү, бидэнд дахин мөнгө цухуйлгах уу? 2012 оноос хойш гаднаас элдэв бондын нэрээр зээлсэн тэр их мөнгө бол 2008 оны бидний хамтарсан Засгийн газар, түүний итгэл, сэтгэл, зүтгэл нийлсэн хамтын ажиллагааны алсын хаялга юм шүү дээ. Үүнийгээ ухаарч мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Одоо мөнгө босгох гээд үз дээ. Бүтэхгүй. Яагаад гээч ? Энд тэнд эдийн засаг муудсанаас огт биш. Эдийн засаг муудахлээр сул задгай мөнгө харин ч элбэгшдэг. Гадны мөнгө дундарсандаа биш, гаднаас бидэнд итгэх итгэл дутаж эхэлсэндээ тэр.  Нөгөө л итгэл, итгэлцэл...


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.