Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
​Тарахаас өөр сайн үйл энэ УИХ-д үлдсэнгүй



1.

Олон хүний тэвчээр барагдаж, тэсвэр алдарч байна. Вакуумд орчихсон, бүсээ тасартал голоороо таргалсан хэдэн улстөрчдийн үйлдэлд голоо тасартал бүсээ чангалсан олон түмэн бухимдаж эхэллээ. “Нарантуул”-ын маргаашийг Зайсан орчмынхны өнөөдөрт ойртуулахын тулд тэд юу хийв ээ. Юу ч хийсэнгүй. Өөрийгөө л бөөцийлж, монгол төрийн хуулийг өөрсдөдөө л зориулан өөрчилж, бас батлав. Богд уулыг тойрсон хэсгийнхэн нь амьдарч, бусад нь аргаа барж байна. Энэ бидний хүссэн ардчилал, 2012 оны сонголтын хүлээлт мөн үү.

2.

Улсын эдийн засаг хүндэрч, өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй найман орны нэг болсныг дэлхийд зарлалаа. Гэтэл УИХ ээлжит бусаар чуулж, харин ч Сангийн сайдгүй болгож аваад бараг нэг сар болох гэж байна. Эндээс тэдэнд энэ улсын хувь заяа, өөрсдийнх нь сандал суудал хоёрын аль нь үнэ цэнэтэйг харав. Төрөөр айл гэр болж тоглох, ард түмнээ үл тоосон тэдний доромжлол үүгээр дуусахгүй. Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын хууль гэж батлав. Гэтэл тэр нь адилхан татварын өртэй атлаа орлогоо үнэнээр нь мэдүүлээд явж байсан шударгад нь үйлчлэхгүй. Тэгсэн хэрнээ орлогоо ч мэдүүлэхгүйгээр татвараа тас нуусныг нь л өршөөнө гэв. Энэ шударга уу. Орлогоо ч мэдүүлээд, татвараа ч төлөөд явж байсанд нь ямар ч урамшуулал байхгүй. Энэ бол татвараа цагт нь төлж төсвийн ачааны хүндийг үүрдэг шударга хэсгийнхэнд зүгээр л доромжлол.

3.

Шударга бус хэсгийг нь хуулиар төрийн ивээлд авч, шударга нэгнээ төрийн хуулиар дарамтлах нь энэ парламентын өнгөн дээр гаарлаа. Үүний бодит нэгэн жишээ нь, Өршөөлийн хуулийн зарим заалт. Амьдралын нугачаанд алдсан нэгнээ өршөөх нь хүмүүнлэг, иргэний нийгмийн нэгэн шинж. Тэр утгаараа Өршөөлийн хуулийг, олон хүн эрх чөлөөтэй болж байгааг нийгмээрээ дэмжинэ. Харин тэр дунд, гуя дагуулж хүзүү гэдэг шиг авлига, албан тушаалын хэргийг өршөөхөөр хуульчлав. Албан тушаалаа ашиглан төрийн мөнгөнөөс хувьдаа завшсан нь азтай, хулгайлсан мөнгөтэйгөө хамт өршөөгдөх болов. Бас залилангийн хэргийг өршөөнө гэнэ. Иргэн Дорж насаараа цуглуулсан таван төгрөгөө хэн нэгэнд зээлүүлээд, эсвэл виз гаргуулах гээд алдчихсан, буцаагаад авч чадахгүй, энэ нь иргэний маргаанаас эрүүгийн залилан болж шүүх, цагдаагаар яваа бол Өршөөлийн хууль гарсан өдрөөс хойш иргэн Доржийн хохь болж хоцрох боллоо. Өршөөлийн хуулиар залилсан нь өршөөгдөнө. УИХ-ын гишүүд чуулганы танхимаа дотроос нь дангинатал түгжиж сууж байгаад олон олон иргэн Доржийг ингэж доромжиллоо.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.