Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
​Нүүрстэй нь бус, төмөр замтай нь хөгжмөө захиалдаг



1.

Монголчуудыг буруу ярьж, зөв ойлгодог л гэдэг. Магадгүй, гэхдээ сүүлийн үед буруу ярьж, буруу ойлгох нь ихэслээ. Үүнээсээ болж цаг, мөнгөө ч ихээр алдав. Үүний бодитой, баримттай жишээ нь нүүрсээрээ мөнгө хийж хөгжих тухай ойлголт юм. Нүүрс газар дороо л байвал үнс. Харин түүнийг зах зээлд нь хүргэвэл баялаг. Нүүрсийг зах зээлд хүргэдэг нь төмөр зам. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг хэрвээ мөнгө болгоно гэвэл нүүрс нь анхдагч уу, төмөр зам нь анхдагч уу гэж мэтгэлцэх хангалттай үндэстэй. Төмөр зам нь анхдагч хийгээд илүү чухлыг дараахь гурван жишээгээр баталж болно.

Нэгд, хэрвээ төмөр замгүй бол нүүрсийг зах зээлд санасан хэмжээгээрээ хүргэх боломжгүй. Хоёрт, нүүрс бол нөөцийн хязгаартай, харин төмөр замаар ганцхан нүүрс тээвэрлэхгүй. Гуравт, бид нүүрстэй хэрнээ төмөр замгүй бол бусдад мөнгө төлж нүүрсээ зөөлгөнө. Харин нүүрсгүй, төмөр замтай бол төлбөрийг нь авч бусдын нүүрсийг зөөнө. Ийм л энгийн логикийг тойрч хэдэн жил улстөржин таг сууж байна. Манайхан, манай нүүрсний нөөцөөрөө Орос, Австралитай өрсөлдөнө, өрсөлдөхгүй тухай маргадаг. Гэтэл энэ хоёр улс нүүрс зөөх тээврээрээ, нийлүүлэх нүүрсний нийт хэмжээгээрээ бусадтай өрсөлдөх бодлого барьдаг. Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн зорилт тавьчихаад чардайгаад, чардайгаад 20 хүрэхгүй тонныг гаргасан нь нүүрсгүйдээ биш шүү дээ. Юу л байна, нүүрс л байлаа. Харин тээвэрлэх, тэр дундаа тээх нэвтрүүлэх хүчин чадал нь хангалттай төмөр замгүйтэй холбоотой. Эндээс жилд хэдэн сая тонн нүүрс экспортлохыг тухайн ордын нүүрсний нөөц бус, түүнийг тээвэрлэх ложистик, төмөр замын хүчин чадал тодорхойлдог нь харагдана. Төмөр замын, төмөр замтай байхын чухал нь энэ.

2.

Монголын нүүрсийг авах ганц зах зээл нь, гуравдагч зах зээлд хүргэх гол гарц нь Хятад улс. Дэлхийн нүүрсний хэрэглээний 50 хувь нь Хятадад ногддог тооцоог Олон улсын энергийн агентлаг /IEA/ гаргажээ. Тийм ч учраас тус агентлагийн захирал “Хятад бол нүүрс юм, нүүрс бол Хятад юм” гэж хэлсэн хэрэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улс коксжих нүүрснийхээ 10 гаруйхан хувийг л гаднаас экспортоор авдаг. Нүүрс ганц Монголд байдаггүй учраас Хятадын экспортын энэ 10 хувь дээр нь манайхаас гадна ОХУ, Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк, Мозамбик зэрэг улсууд өрсөлддөг, “зодолддог”. Мэдээж, нүүрсээ зөөж, зөөснийхөө хүчинд нийлүүлж өрсөлдөнө шүү дээ. Бүгдээрээ адилхан нүүрстэй учраас илүү нийлүүлэхийн тулд тээврээ тэлж, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өргөтгөж өрсөлддөг. Өрсөлдөгчдийнхөө дундаас Монгол бусдад байхгүй онцгой боломжтой. Манай улс нүүрсний гол зах зээл Хятад улстай хамгийн ойроор хил залгадаг учраас нүүрсээ зөөхөд ч, хэрвээ төмөр замтай бол бусдын нүүрсийг зөөх ч давуу талтай. Харин бид энэ давуу талаа ашиглаж чаддаггүй. Нэгэнт ашигладаггүй энэ давуу талыг маань ОХУ өөрийн болгох бодитой өрсөлдөөнд сүүлийн үед их эрчтэй, хурдтай орж ирж байна. Тэд Хятадад одоо байгаагаасаа илүүг нийлүүлэхийн тулд, бас шинээр илэрч байгаа ордуудын нүүрсээ зах зээлтэй нь холбохын тулд хэд хэдэн газраар төмөр зам барьж байна. Тэдгээрээс хоёрхон жишээг энд өгүүлье.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.