Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
“Зэ”-г хэн хянах вэ



Монголын улстөрд хаан байсан үе Н.Энхбаярт, бас Ц.Элбэгдоржид бий.Энэ хоёр эрхэм шиг тодорхой хугацаанд эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэн “хаанчилсан” улстөрч бараг үгүй. Заримдаа шүүх эрх мэдэл ч тэдний гарт, дохио зангаан дор нь явлаа. Н.Энхбаяр хаан байх улстөрийн амьдралдаа зай тавьж өгөхгүй, араншингаа орхихгүй гэж хэт улайрсныхаа төлөөсөнд өнөөдөр харьд амьдарчбайна. Монгол бол салхи нь зөв л эргэвэл хаанаа ч ялтан болгодог, харцыг ч хаанд өргөмжилдөг тийм л улстөрийн ардчилалтай орон.



Тэдний туршлага, туулсан улстөрийн замналаас харвал нам, Засгийн газар, парламент, дээр нь шүүх, прокурорыг нэгэн туган дор нэгтгэн хаанчлахад намын дарга-Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгчийн алба хамгийн тохиромжтой нь бололтой.Тэгэхдээ энэ хоёр “Э” бол яаж ч үгүйсгээд, юу ч гэж хараар будлаа гээд Монголын улстөрд тод, бас том явсан мөртэй, ирж яваа цагт ч орон зайтай байж болох хүчтэй улстөрийн лидерүүд юм. Харин энэ хоёрын араас гуравдахь “Э” гарч иржээ. Энэ бол УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд юм. Тэр мэдээж хаан болж амжаагүй. Харин Монголын улстөрийн өнөөдрийн амьдралд тэр “заан” байгаа нь үнэн. Хүний, өөрийн нам гэлтгүй бүгдээрээ л “Зэ” гэж тодотгон байр суурийг нь сонсох гэдэг болсон нь нэг талаас түүний УИХ-ын дарга, АН-ын дарга гэх албан тушаалын эрэмбэтэй холбоотой, нөгөө талаас тэр өнөөдрийн улстөрд зангарагтай, нөлөөтэй байгааг илтгэнэ. Гэтэл хамгийн гол нь тэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн аль нь ч биш. Ердөө л АН-ын дарга. Олонхи ч биш, олон суудалтай, хамтарсан Засгийн газрын нэг намынх нь л дарга. УИХ-ын даргын тухайд энэ албан тушаалтан бидний буруу ярьж заншснаар яагаад төрийн гурван өндөрлөгийн нэг болдогийг олон хүн сайн ойлгодоггүй. УИХ-ын дарга бол УИХ-ын 76 гишүүний нэг болохоос 76 гишүүнийхээ дарга биш. Харин хурал удирдах, зохион байгуулах, УИХ-ыг төлөөлөх зэрэг илүү эрхүүдээр нь түүнийг спикер гэж ялган индэрт суулгадаг. Алх атгаж явсан ийм спикерүүд дунд Л.Энэбиш агсан, Ц.Нямдорж нар тухайн үедээ лулстөрчийнхөө рейтингээр хүчтэй байсан ч, өнөөдрийн “Зэ” шиг хүрэлцээтэй, оролцоотой, нөлөөлөлтэй байсангүй. З.Энхболд бол УИХ-ын дарга гэдгээрээ УИХ-ыг, АН-ын дарга гэдгээр намаа, энэ хоёр албан тушаалынхаа хамтаар Засгийн газрыг ч атгаж, хянаж байна. Зүй нь Засгийн газар бол УИХ-ын хяналтад байх ёстой болохоос ганц УИХ даргын хараан дор явах учиргүй юм ш дээ. Гэтэл зарим хүнд Ч.Сайханбилэг Хэрэг эрхлэх газрын дарга хэвээрээ, харин “Зэ” нь Ерөнхий сайд мэт харагдаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.