Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
​Долдугаар сарын 1-нийг давтах хувилбар хэрэггүй



Хэрвээ хоёр Энхболд амалсандаа хүрч, гарын үсгэндээ эзэн болж чадвал наадмын өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан байх учиртай. АН, МАН хоёр засагт хамтрахдаа тэгж зөвшилцөн намын дарга нар нь мутарлан баталгаажуулсан юм. Тэр дагуу Сонгуулийн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийг гишүүн Р.Бурмаа ахалжээ. Гэм нь Тавантолгойн хэрүүл, талцал дунд л дарагдаад, бүдгэрээд байх шиг байна.

Төслийн эхний нооргоор бол энэ удаа бүх шатны сонгууль нэг өдөр болно. УИХ-ын болон нийслэл, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуулийг хамт явуулах юм. Ингэж хамт хийх нь зардал хэмнэж, цаг хожих сайн талтай гэнэ. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх шатны сонгуулийг хамт хийх хүн хүч, сонгуулийн дараа гарч болох эрсдэлийг давах, пянг нь даах чадвар төрд бий билүү гэдгийг эргэцүүлье. Эхлээд тоо бодъё.

1.

УИХ 76 гишүүнтэй. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. 2012 оны Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр 21 аймаг, хотын есөн дүүргийн ИТХ-ын нийт мандатыг 985 гэжээ. Үүн дээр Монгол Улсын 330 гаруй сумын ИТХ нийтдээ 6828 төлөөлөгчтэй. Эдгээрийг нэмбэл улсын хэмжээнд бүх шатны сонгуулийн нийт 7934 мандат байна. Ийм тооны ялагч нэг өдөр тодорно.

2.

Эдгээр 7934 мандатын төлөө 2016 онд хэдэн хүн өрсөлдөхийг одоогоор тооцоолох боломжгүй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 19 нам хэм хэмжээндээ тааруулан бүгд л оролцож таарна. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. 2012 онд УИХ-ын 76 мандатын төлөө нийт 544 хүн нэр дэвшжээ. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын төлөө 300 гаруй хүн нэр дэвшсэн байна. Харин аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765, сумдын ИТХ-ын 6828 суудлын төлөө нийт 16 369 нэр дэвшигч өрсөлдсөн байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.