Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Женко, MCS хоёр



Х.Баттулга гишүүн одоо өрнөж байгаа Тавантолгойн хэлэлцээрийг ил гарч илт эсэргүүцэж байгаа юм үнэндээ алга. Албан тушаал, албан бичгээр нь харвал нэг талаас Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсэг буюу сайд М.Энхсайхан, нөгөө талаас УИХ-ын дарга хийгээд түүний зөвлөхийн дундахь ажил хэргийн маргаан мэт. Гэтэл А.Гансүхийг УИХ-ын даргын зөвлөхөөс гадна гишүүн Х.Баттулгын байр суурийг илэрхийлж байна, МоАХ-ын хүн гэх. Сайд М.Энхсайханы ард ч тендерт шалгарсан MCS бий гэх. Хэрвээ тийм бол дахиад л гишүүн Х.Баттулга ба MCS хоёрын зөрчил. Тэд гурван жилийн өмнө буюу 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бас  л талцан маргаж байжээ. Тэр үеийн сэдэв нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн маргаан байв. Одоо Тавантолгойн ордын тендерийн маргаан болж өөрчлөгдөв. Тэр үед мөн л МАН, АН хоёр засагт хамтарч байжээ.

Гурван жилийн өмнөх энэхүү маргааны үеэр нь ийм нэгэн нийтлэл бичиж байснаа өчигдөр эргэн уншиж үзлээ. Онгирч, өөрийгөө ихэд тоосонгүй, нийтлэлийн маань агуулга, өгүүлбэр бүр нь  ч үнэ цэнээ алдаагүй мэт санагдав. Сонгуулийн цикль эхлэхэд байж л байсан,  дуусахад бас байж л байгаа энэ талцлын дундаас Монгол Улс, монголчууд хожих ёстой гэх ганц ялагчийн тухай өгүүлсэн энэ нийтлэлээ дахин нийтэллээ.

 
Зундаа олон хүн “Цонжин бол­дог”-т очдог. Очих бүртээ  эзэн Чин­гисийн морьт хөшөөг хараад  сүрд­дэг. Их хаа­ны бага залуудаа ташуур олсон гэх түүхэн газар нь босгосон энэ бай­гууламжийг  “дэлхийд хам­гийн том морьт хөшөө” гэдгээр хэн хүнгүй бахарх­даг. Монгол хүн бүр их түү­хэ­э­рээ омогших, гаднын жуулч­дад гай­хуу­лан үзүүлэх түүхийн дурс­гал бү­тээс­­нийх нь төлөө Женко \Х.Баттулга\-д талархдаг, баярладаг.

Өвөлдөө “Скай резорт” цанын баа­зыг зүглэх олны хөл бараг л  тасар­даггүй. Нэг хэсэг нь хотын утаанаас дайжиж, нөгөө хэсэг нь цанаар гулгах гэж долоо хоногийн зургаан өдөр ажилладаг тус баазыг зорьдог. Олон улсын стандарт үйлчилгээтэй, очоод чөлөөт цагаа өнгөрөөчих орчин үеийн жишигт нийцсэн, Монголдоо анхны  ийм иж бүрэн цогцолбор байгуулсных нь төлөө “MCS”-ийнхэнд баярладаг, талархдаг.

2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болов. Олимпод оролцсоноос хойш 44 жилийн дараа авсан энэ медаль Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар тогтносон улс болохыг дэлхийд дахин зарлан нотолсон юм. Олимпийн алтан медаль сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хоёр тийшээ харчихсан намуудыг хүртэл зөвшилцлийн ширээний ард суулгаж, монголчуудыг бүхлээр нь ангаж цангаж явсан эв нэгдэлд нь дуудсан билээ. Ингэж олимпийн тэнгэрт тусгаар Монголын төрийн  далбаа мандаж, дэлхий дахинд монгол төрийн дуулал эшиглэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гол төлөөлөгчдийн нэг нь Женко байсан гэ­дэгтэй хэн ч маргахгүй. Түүний хү­зүүнд олимпийн алтан медаль гялал­заагүй ч, энгэрт нь монгол хүн бүрийн талархал багталцаж ядаж байлаа.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.