Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
​Тавантолгойгоос дутуугүй хортой “хоёр толгой”-н зөрчил
2015 оны 4 сарын 22 [Уншсан тоо: 51926]

2015 оны дөрөвдүгээр сарын 5

Ням гаригийн энэ орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрээр Оюутолгой дээр ойлголцсон, Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн боллоо гэв. Энэ бол нийтэд хамаатай сайн мэдээ байлаа.

2015 оны дөрөвдүгээр сарын 6

Даваа гаригийн энэ өглөө УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэв. Ерөнхий сайдын хэлснээр бол Оюутолгой, Тавантолгойн гэрээтэй шинэ өглөө эхэлж байлаа. Олон ч хүн Засгийн газрын тэргүүний үгэнд сэргэсэн, эдийн засаг одоо л сайжрах нь гэдэгт итгэсэн байв. Гэвч чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд “Монголд ашиггүй ийм гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуудуутай ийм гэрээнд хулгайгаар гарын үсэг зурах гэж оролдвол тэдгээр сайдыг огцруулна" гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Засгийн газрын 100 хоногийн ажлыг багцалсан, Ерөнхий сайдын 40 гаруй минутын яриаг хоёрхон минутад хоёр өгүүлбэрээр баллуурдаж орхисон юм.

Мэдээж, З.Энхболд УИХ-ын даргаас гадна АН-ын дарга учир түүний байр суурь сонсох, судлах ёстой үг байлаа.

Дүгнэлт:

Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж ярьдаг, мэддэг. Тийм учраас өнөө маргаашийн хүндрэлээ давахын тулд Монгол Улсыг хэдэн арван жил тэжээх баялгаа ашиггүйгээр тавиад туучихгүйгээ мэднэ. Өл даадаг, үнэнийг ялгаж чаддаг ард түмэн. Тэгэхдээ л асуудлын наана цааныг харахгүйгээр, агуулгыг нь дүгнэж цэгнэхгүйгээр Тавантолгойг хөдөлгөнө гэсэн Ерөнхий сайдын, хөдөлгөхгүй гэсэн УИХ-ын даргын дагаж талцал үүслээ. Монгол Улсын Үндсэн хууль гэж ганц тугийн дор жагсч, захирагдаж явах учиртай, хувийн амбийц, зөрчлөө хойш тавьж явах үүрэгтэй монгол төрийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь өөрсдөө нийгмээ, ард түмнээ хоёр хуваалаа. Тавантолгойн гэрээг дэмжихгүйг мэдсэн, чуулганаар заавал оруул гэхийг нь мэдэрсэн зөрчлөө Засгийн газарт ашигтайгаар эргүүлэхийн тулд, ажил хийлгэхгүй байна гэж УИХ-ыг, З.Энхболдыг муухай харагдуулах гэж Ерөнхий сайд чуулганы нээлтээс урьтаж зориуд үг хэлсэн байж магад. Гэтэл олон түмний итгэлийг өөртөө татах гэсэн Ерөнхий сайдын энэ хэт яарал  аажимдаа өөрт нь ч, Засгийн газарт ч ашигүйгээр эргэж, Тавантолгойн гэрээг муу  байсан гэх хардлагыг илтгэх мэт болов. Ганц жишээ гэхэд, бэлэн болсон, 14 хоногийн дотор хэлэлцэж өгөөч гээд байсан Тавантолгойн гэрээгээ Засгийн газар өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн барихгүй, эргэж буцсаар явна. Энэ үнэхээр “но”-той гэрээ байсан юмуу гэхээр эргэлзээг төрүүлж, Ерөнхий сайдын ням гаригийн гоё үг үнэгүйдэж байна. Ер нь бол эхний зөрчил дээр шууд хэлэхэд буруу нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илүү байлаа.

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд ард түмэндээ хандаж болох ч, ажлаа хариуцдаг, тайлагнадаг газар нь УИХ. Тэр яарсан, түргэдсэн, хүч түрсэн. Ажил хийх гэж яарч байгааг нь ойлгож байна, гэхдээ өөрийг нь томилсон УИХ, томилуулсан нам, намын даргынхаа дэмжлэггүйгээр хүссэнээрээ танц эргэдэг Засгийн газар гэж хаана ч байхгүй. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг учраас  төрийн хүмүүст, улстөрчдөд зөвшилцөл хамгийн хэрэгтэй байдаг юм. Ганцаараа бол хурдан, олуулаа бол хол явна гэдэг. Гэтэл Ерөнхий сайд энэ удаа ганцаараа хурдан явах гэж яарсанд л хамаг буруу байна. Олон арван жилийн настай, олон тэрбум долларын өртөгтэй Тавантолгой шиг том төслийг замын дунд зогсоохгүйгээр хол явуулъя л гэж бодсон юм бол ядаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшиндөө “нэг ам”-тай болж байгаад олон нийтэд хандаагүй нь Ерөнхий сайдын л буруу. Өөрөөр хэлбэл, эцэслэгдээгүй, УИХ, Ерөнхийлөгч нь ойлголт, байр суурь нэгдээгүй асуудлаар ганцаарчилсан тоглолт хийсэн нь Ерөнхий сайдын алдаа. Түүний үг зөвхөн Хүй мандалын дэнж, Хүн чулууны хонхорт сонсогдоогүй. Монгол Улсын Ерөнхий сайдын үг гэдэг утгаар нь дэлхий, адаглаад л манай уул уурхай, тэр дундаа Тавантолгой, Оюутолгойг мөнхийн сонирхогч гаднынхан ч сонссон. Тэдний өмнө бид сайхан харагдаагүй нь тодорхой.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn