Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Хоёр Энхболдын өмнө буй ховор боломж



Үндэсний лидер нийгмийн захиалгаар төрдөг л гэдэг. Магадгүй. Манайхан бусдыгаа, ялангуяа нэгэн цаг үед зэрэгцэн амьдарч байгаа нэгийнхээ илүүг, сайныг хүлээн зөвшөөрөхдөө тун хойрго хүмүүс. Тийм учраас Монголын нийгмийн захиалгаар төрсөн үндэсний лидер гэвэл бид Чингис хаанаасаа бусдыг бараг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Жижигдэнэ гэж үзнэ. Түүхээ наашлуулаад YIII Богд хааныг гэвэл төвд гэж дургүйцнэ. Д.Сүхбаатар, Х.Чойбалсанг гэхээр коммунистууд гэнэ. Монголд ардчиллыг эхлүүлэхэд манлайлсан гэж Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг нэрлэбэл энэ цаг үед зэрэгцэн амьдарч байгаа учраас зарим нь бараг өндөг шиднэ. Бид ийм л сэтгэхүйтэй, жалга жалгандаа зиндаатай, бүгдээрээ лидер шахуу том ард түмэн.



Үндэсний лидерийг түүх өөрөө төрүүлдэг л гэдэг. Нийгмийн хувьсал, улстөрийн өрнөлттэй үйл явдал дээр тодордог хүмүүс үндэсний лидерийн хэмжээнд үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгддөггүй юмаа гэхэд олны танил болж чаддаг. Монголын улстөрийн өнөөгийн орчин АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарыг наад зах нь илүү олны эерэг танил болгох түүхийн, яг ийм боломжийн өмнө авчирлаа. Хэрвээ тэд энэхүү ховорхон боломжийг үнэлж, үүргээ гүйцэтгэж чадвал эцсийн дүндээ эндээс Монгол Улс, монголчууд бид л хожиж гарна. Монголын төр арай цэвэр, нийгэм нь илүү эрүүл, сайхан болгох эхлэлийн төлөө Монголын улстөрийн намууд, Монголын улстөрчид эрсдэл хийх хамгийн таатай цаг үе, орчин энэ хавар тохиож байна.

1990 оноос хойш АН-ын 25 жилийн ой таарч буй энэ өдрүүд хүртэлх 25 жилд Монгол Улс нийт 15 Ерөнхий сайд сольжээ. Хүнээр нь тоолбол 13. Ц.Элбэгдорж, С.Баяр нар тус бүр хоёр удаа Ерөнхий сайд болсон юм. Хуулиараа бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Харин эдгээр 15 Ерөнхий сайдаас бүрэн эрхийн дөрвөн жилээ гүйцээсэн нь П.Жасрай агсан, Н.Энхбаярын танхим. Бусдынх нь дундаж “наслалт” 1-2 жил. Бүр хагас жилийн “нас”-тай Засгийн газрууд ч байв. Одоо ажиллаж байгаагаа оруулаад 15 Засгийн газрын долоо нь сонгуулийн циклээр бүрэн эрхийн хугацаа нь дуусч солигдсон. Бусад нь, улстөрчид л өөрсдөө ярьдаггүй, Үндсэн хууль руу бурууг нь чихдэг болохоос үнэндээ бол зөвхөн намуудын дотоод зөрчлөөс болж долоон Засгийн газрын бүрэн эрх замын дунд зогссон байдаг юм. Гэтэл биднээс илүү ардчилалтай, бидний даган дуурайдаг Англид 25 жилд дөрвөн Ерөнхий сайдын л танхим засаглажээ. Герман, Франц ч биднийг 15 Ерөнхий сайд сольж байх цаг хугацаанд мөн л 3-4 Ерөнхий сайдтай яваад болоод л байж. Харин манайд 15 Засгийн газар. Хэрвээ олон Ерөнхий сайд сольсноороо хөгждөг бол манай улс арай л өөр байхсан. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг бол, олон Засгийн газар улсаа л барьж, хувааж иддэг юм байна. Жишээ нь, Америкт дөрвөн жил тутмын сонгуулийн сар дуусахад хэрвээ өөр намын нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол, Конгресст нөгөө нам нь олонхи болбол 3000 орчим хүний ажлын байр солигддог байна. Манайд бол зөвхөн УИХ-ын сонгуулийн дүнг дагаж 15-30 мянган хүн шинээр ажилд ордог. Мөн төдий тооны хүн гудамжинд гардаг. Тэгтэл Америк, Монголын хүн амын тоо ч, хөгжлийн зөрүү ч хэд билээ дээ. Бид ийм л, монгол хүний гендээ чадвартай ч, монгол төрөө чадавхитай байлгаж чаддаггүй ард түмэн.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.