Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
С.Баярцогт: Би шантрахгүй, сөрөг дайралтыг нэр төртэй давж чаднаа

Идэрхэн 23-хан наснаасаа өнөөдрийг хүртэл Монголын улстөрд явахдаа түүний хийсэн сайн үйл нь их, дуулсан саар нэр нь ч бас  дутуугүй их. Тэгэхдээ муу үг сонслоо, шүүмжлүүллээ гээд сөгдөж сөхөрсөн, хийж байснаа, хийх гэснээ хойш нь тавьж байсан удаа түүнд байдаггүй юм байна.  Харин ч нийгмийн болон улстөрийн хүнд үедэд бамбар барьж явсан гэж болохоор намтартай нэгэн буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой ярилцлаа. Өнөөдрийн Монголын улстөрд байгаа “хамгийн муу хүн-Баярцогт”-ын тухай ориг С.Баярцогт нь ингэж ярилаа.

-Таны тухай сөрөг мэдээлэл их гарах юм. Тэр бүрт та хариу болгож яагаад ярилцлага өгдөггүй юм бэ. Сэтгүүлчдэд ярилцлага өгөлгүй хэр удаж байна вэ
-Ажил хэргийн шугамаар хэвлэлийн хурал дээр, УИХ, Засгийн газрын төвшинд байгаа бодитой мэдээллээ хэлээд л явдаг. Харин хоёулхнаа тухайлан ингэж суугаад ярилцалгүй их уджээ.

-Олон нийтийн дунд байдаг, бас эргэлзүүлдэг, зарим нь бүр итгэчихсэн ч яваа тодорхой асуудлаар ярилцъя. Та хувь хүнийхээ үүднээс энгийн үгээр хариулна биз дээ.
-Тэгье, тэгье. Уг нь надтай холбоотой сайн, муу ярианы хариулт бүгд ил тод, нээлттэй байдаг. Зарим хүн тэрэнд, ер нь миний тухай үнэнд итгэхийг хүсдэггүй, зориуд ингээд байдаг юм болов уу гэж боддог юм ш дээ.

-Хоёулаа нэг хүнийг дүрсэлье. Тэр бол УИХ-д тав сонгогдсон, дөрвөн удаа Засгийн газарт ажилласан. Тэгсэн хэрнээ Оюутолгойн гэрээг Монголдоо ашиггүй хийсэн, бас Хятадын эрлийз, оффшор дансанд мөнгөө нуугаад баригдсан, тэрэндээ дүйцэх хариуцлага хүлээгээгүй. Хамгийн сүүлд гэхэд Монголд үлэг гүрвэлийн олдвор авчрахад зуучилсан хуулийн компанид төсвөөс 17.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, төрсөн нутгийнхаа Ноён уулыг ухуулах гээд байгаа “Баярцогт” гэж хүн байна. Та түүнийг “таних” уу
-Танихгүй ээ. Хэрвээ саяын чиний нэрлэдэгээс нэг л шинж үнэн байх тийм “Баярцогт” гэж байгаа бол би ч тэр хүнд дургүй хүрнэ. Ийм есөн шид нь бүрдчихсэн хүн байгаа бол ард түмэн түүнийг УИХ-д тав сонгохгүй, дөрвөн удаа засагт ажиллах боломжийг Монголын төр арай ч олгохгүй байлгүй дээ.  Монголын ард түмний ухаан нь мэргэн, Монголын төрийн босго нь өндөр шүү дээ.

- Эхлээд оффшор дансны тухай асууя. Тэр оффшор дансанд байсан сая доллар бүгд таных байсан уу
- 2004 оны сонгуулийн дараа би Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын даргаар маш завгүй ажилласан. Сонгуульд аль нь ч олонхи болоогүй хоёр намын зөвшилцлийг хадгалах, Төрийн ордны өмнө Чингис хааны хөшөөт цогцолбор босгох, Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан, Ж.Самбуу гуайн шарилыг шилжүүлэх, татварын дөрвөн арвын төсөл, Улстөрийн намуудын хууль гээд ажил ч их байсан. Тэгж байтал манай Засгийн газар огцорч өдөр, шөнөө мэдрэхгүй шахам ажиллаж байсан миний ачаалал өмнөхөө бодвол харьцангуй багасч, би маш их завтай хүн болсон. Тэгээд бидний дөрвөн найз хувьцаагаар ашиг хийдэг хүн болж данс нээлгээд компаниа бүртгүүлсэн юм.

-Дөрвүүлээ монгол хүмүүс үү?
-Монгол хүмүүс. Дөрвүүлээ мөнгөө адил тэнцүү гаргасан. Хүн бүр 250 мянган доллар гаргасан. Найзууд маань надад итгэсэн учраас тэр компанийг би өөрийнхөө нэрээр байгуулсан. Тэгтэл 2008 онд дэлхий даяар эдийн засгийн хямрал болж бид мөнгөө алдахгүйн тулд удаалгүй буцаагаад татаад авчихсан.  Би ч УИХ-д дахин сонгогдож Сангийн сайдаар ажилласан. Болсон процесс гэвэл ердөө л энэ. Ямар нэгэн хуулийн зөрчил энд юу ч байхгүй. Харин би хэнэггүй зангаасаа болж хоёр алдаа гаргасан. Мөнгөө буцаагаад авах гэтэл компаниа бүр татан буулга, буулгахгүй гэвэл дансандаа үлдэгдэл үлдээ гэсэн. Компаниа татан буулгах гэхээр өргөдөл гаргах, тэрийг нь хянах гээд явдаг процесс нь л зургаан сар болохоор байсан. Тэгэхээр нь ажил ихтэй, сонгууль эхэлж байсан  учраас дараа болъё гээд орхичихсон. Эхний алдаа энэ. Тэгээд дансандаа  гурван сая монгол төгрөгтэй тэнцэх мөнгө үлдээсэн. Угаасаа үйл ажиллагаа явуулдаггүй, “Х” тайлантай гэдэг утгаар нь энэ компаниа УИХ-ын гишүүн болсныхоо дараа Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй. Миний хэнэггүй зангаас үүдэлтэй  хоёр дахь алдаа нь энэ. Ардаа ийм үр дагавартай юм болно гэж огт тооцоогүй, мэдээгүй л дээ.

-Өсгөж бол чадаагүй юу?
-Өсгөх байтугай, ашиглаж ч чадаагүй.

-Танд ногдох мөнгө л хамгийн их хардлага дагуулдаг л даа. Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. Энэ гэрээг ашигтай байгуулж өгсний авлигад энэ мөнгийг хөрөнгө оруулагчдаас авсан байх гэдэг?
-Бид компаниа 2008 оны тавдугаар сард нээж мөнгөө хийсэн. 2008 оны бараг есдүгээр сард Засгийн газар бүрдэж би Сангийн сайдаар томилогдсон. Оюутолгойн ажлын хэсэгт бол бүр хожуу, 2009 онд орсон. Тэгэхээр цаг хугацааны хувьд ямарч боломжгүй, огт уялдаагүй байгаа биз дээ.

-Ер нь оффшор дансанд монгол хүн, тэр дундаа төрийн өндөр алба хашиж байгаа хүн мөнгө хийж болохгүй гэсэн хууль бий юү?
-Байхгүй. Эдийн засгийн талаасаа ч тийм зүйл байхгүй. Би Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэр компанийнхаа нэрийг бичээгүй учраас л өөрийнхөө саналаар ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Тэрнээс биш, орлогоо нуусан юм ерөөсөө байхгүй. Надад  бүр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Би 2008-2012 онд УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар дөрвөн жил ямар ч хэл амгүй ажилласан. Гэтэл энэнээс хамаагүй өмнө нээсэн энэ компанийн асуудал таван жилийн дараа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, би таван жилийн өмнөх үйл явдлын төлөө хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албаа өгсөн. Гэтэл зарим хүн илүү юм шаардсан. Шалга, АТГ-т өгөх хэрэгтэй гэсэн. УИХ-ын зарим гишүүн тэгж шаардсан, МАН-ынхан ч хөгжөөсөн. Сүүлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үеэр хүчээ авч надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр заалт нь хоёулаа хууль зөрчсөн байсан. Нэг нь, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нөгөө нь бусдаас эд хөрөнгө авч улсыг хохироосон гэсэн үндэслэл. Найман сар шалгасан, болсон бүх процессыг би бичиж, дансны хуулгаа ч өгсөн. Гурван найз маань гурвуулаа очиж байцаалт өгсөн. Ингээд найман сарын дараа үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болголоо гэж  бичгээр мэдэгдсэн.

-Сонгуулийн өнгө аяс жаахан орчихож дээ, тийм ээ?
-Тэгсэн, эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчид хэрэгтэй гэж бодсон. Тэрнээс биш, хэлмэгдүүллээ гээд явбал явж болох л байсан. Дараа нь би УИХ-ын Ёс зүйн хороогоор орсон. Гишүүд “чи яагаад Хятадын Монгол гэсэн юм. Хариуцлагагүй байна” гэсэн. Тэгэхээр нь би, нөгөө компани руу нь хандаж, “Та нарын буруугаас болж би эвгүй байдалд ороод байна, энийгээ тайлбарлаач” гэсэн. Тэр компани нь “манай ажилтан Mongolia, China гэж бичдэг нь бидний буруу. Таныг эвгүй байдалд оруулсан бол уучлаарай” гэж бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, маягтны банкны ажилтны бөглөх хэсэг дээр Хонгконгт бүртгэлтэй салбар компанийн ажилтнууд нь Өвөрмонголыг тэгж бичдэг юм байна л даа. Тэр тухайгаа надад албан бичгээр ирүүлж түүнийг нь би гишүүдэд үндсэн эхээр нь үзүүлсэн. Яахав дээ, учрыг нь сайн ойлгоогүй, дөрвөн хүн нийлж хийснийг нь мэдээгүй зарим хүнд анх сонсоход сая доллар, тэгээд оффшор данс гэхээр сүртэй л сонсогдсон шиг байгаа юм. 

-Та энэ асуудалтай холбогдуулаад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгт ярилцлага өгөхдөө “Би алдаагаа ойлгож байна. Ямар нэгэн хариуцлага хүлээхээс айхгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна” гэж хэлсэн байсан. Харин энэ нь өөрийгөө  аймар том гэмт хэрэгт холбогдсон мэт ойлгуулсан юм биш үү. Та яг ямар утгаар гэр бүлдээ санаа зовж байна гэсэн юм бэ?
-2012 онд аав, ээж хоёр маань хүнд өвдсөн. Хоёулаа хавдар авахуулсан. Аавын химийн эмчилгээг 2013 оны хоёрдугаар сард, Цагаан сарын үеэр Сөүлд хийсэн. Бид бүгдээрээ тэнд байсан. Аав ч хүнд байсан. Би УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан учраас тэндээсээ ажлын хэсэг ахлаад хууль, хүчний байгууллагын олон хүнийг аваад Америк явсан. Тэгж явах үед энэ асуудал сөхөгдөж таарсан. Энэ мэдээ бие нь  муу байгаа аав, ээж хоёрт маань их хүнд, сэтгэл зүйн дарамт болж очих нь ойлгомжтой. Би тэрийгээ л хэлсэн. Аав, ээж минь миний хамгийн үнэтэй хүмүүс учраас гэр бүлдээ санаа зовж байнаа л гэсэн. Уг нь би Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэж хоёр хүнтэй уулзсан. Уулзаад компаниа яаж байгуулсан, яагаад хааж амжаагүй, мөнгөө хэзээ авсан гэдгээ бүгдийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэр хоёр хүнийг миний ярьсныг бичнэ, цааш нь тараана гэж бодоогүй. Тэр хоёр ч надтай ярилцаж байхдаа ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй. Ингэж уулзсан нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр. Намайг дөрөвдүгээр сарын 4-нд Монголд ирэхэд энэ тухай мэдээлэл бүхий л олон улсын хэвлэлд гарсан байсан. УИХ-ын чуулган эхлэхээс нэг хоногийн өмнө шүү дээ. Би  ирсэн өдрөө гэртээ амраад маргааш нь УИХ-ын дарга Энхболд дээр явж очоод үнэнээ хэлсэн. Энхболд дарга “тэгээд чи яах гэж байна” гэсэн. Би “УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгье. Монголоо муухай харагдуулж байна, Монгол ардчилсан улс юм байна, арга хэмжээ авдаг юм байна гэдгийг олон улсад  мэдрүүлье” гэсэн. Энэ тухайгаа Ерөнхийлөгчид бас хэлсэн. Элбэгээ Ерөнхийлөгч “хэвлэлд гарсныг уншлаа. Чи үнэнээ л ярь” гэсэн. Намайг хэвлэлийн бага хурал хийхэд уг нь сэтгүүлчид ойлгож хүлээж авсан. Гэтэл зарим хүн л  сүр дуулиан болоод скандал дэлгээд явчихсан. Өө, Хятадын Монгол гэсэн байна, Швейцарийн банк байна, нууц данс, оффшор гээд явчихсан. Их ч сүр оруулсан л даа. Тэр үед надад аав ээжийгээ асрах, дэргэд нь байхаас өөр  юу ч бодогдоогүй. Учир нь олдоно биз л гэж бодсон. Дараа нь Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс майл ирсэн. “Тантай уулзсаны дараа бид таны нэрийг хасчихъя гэсэн. Даанч олон улсын арга хэмжээ байсан учраас болсонгүй. Та ямар ч буруугүй юм чинь өөрөө тайлбарлаад ойлгуулаад гарчих байх аа. Танд амжилт хүсье” гэсэн байсан. Гишүүд, сэтгүүлч нарт би энэ бичгийг нь бас үзүүлсэн. Гэхдээ л энэ яриа яваад л байгаа. Яваад ч гэж дээ, нэр бүхий хүмүүс л зориуд явуулаад байгаа юм. Би ер нь нэг зарчим баримталдаг. Манай Монгол жижиг эдийн засагтай, мөнгө багатай улс. Харин дэлхийд бол мөнгө их. Тийм учраас Монголдоо бий болгосон баялаг, мөнгийг би хэзээ ч гадаадад гаргахгүй. Гадаадад сурч, амьдрахдаа тэнд зарах мөнгөө тэндээсээ л олно. Олсноо харин Монголдоо авчрах суурь хүмүүжилтэй хүн л дээ, би. Тэр утгаараа  би их залуугаасаа, оюутан байхаасаа л ажил хийж эхэлсэн.  

-Тэр нь хэзээнээс гэсэн үг вэ
-Оюутан байхаасаа. Арван жилээ төгссөнөөс хойш би Орос, Герман, Америкт сурсан. Гурвууланд нь хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байлаа. Намайг хойшоо анх сургуульд явахад манай ээж гурван зүйл захисан. Нэгд архи ууж болохгүй, хоёрт орос эхнэр авахгүй, гуравт наймаа хийж болохгүй гэсэн. Гэтэл би хойно оюутан байхдаа гэр бүлтэй болж хүү маань төрсөн. Бусад монгол оюутнууд наймаа хийдэг. Нэгэнт захиастай, тэгээд аав, ээжийгээ харж, тэднийгээ шүтэж өссөн хүмүүжилтэй хүн чинь ээжийнхээ захиасаар наймаа хийхгүй. Хийлээ гэхэд ч чадахгүй байсан биз.  Тэгээд гэр бүлдээ нэмэлт орлого олохын тулд сонин тараадаг байлаа.  Өглөө 05.00 цагт босоод шуудан дээр очно. Сонинуудаа ялгаж шууданчийн уутанд хийгээд алхчихна. Хагас, бүтэн сайнд вагон буулгана. Вагон буулгах их хүнд ажил ч гэсэн мөнгийг нь шууд өгдөг болохоор урамтай. Дараа нь Германд оюутан болсон.

-Оросоос шууд залгаад уу
-Үггүй ээ. Би чинь Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад дараа нь 1992 онд сонгуульд орж ялагдсан юм. Тэгээд  Германд оюутан болсон. 16 монгол оюутан явсны нэг нь би.  Тэнд би хоёр ажил хийдэг байсан. Хагас, бүтэн сайнд цэвэрлэгчээр ажиллана. Зарим өдөр Бошийн үйлдвэр гэж хүнд металлын үйлдвэрт тоос цэвэрлэнэ. Зарим өдөр нь лаборитор цэвэрлэнэ.  Монголдоо эргэж ирээд сонгуульд өрсөлдөх мөнгө хэрэгтэй учраас давхар токарь хийдэг байсан. Өглөө таван цагт босч дугуйгаар 20-иад км явж ажлын газраа очоод 12.00 цаг хүртэл токарь хийнэ. Жил хагас тэгж явсан. Америкт бол одоогийн  Ерөнхий сайд Сайханаагийн гэр бүл, манай гэр бүл бид дөрөв нийлээд офисс цэвэрлэдэг байсан. Бараг хагас жил ажилласан. Тэгж байгаад би Нью-Йорк руу явчихсан.

 -УИХ-ын гишүүний ширээнээс шууд Америк явсан хүнд  бас л мөнгө хэрэгтэй л байж дээ?
-2000 оны сонгуулийн дараа Элбэгдорж дарга, Сайханаа бид гурав сурахаар явсан.  Бүгд эхнэр, хүүхэдтэйгээ өөрсдийнхөө мөнгөөр явсан. Тэгэхээр сургалтын төлбөр, байрны төлбөр, ойр зууртаа зарцуулах мөнгөө олох хэрэгтэй болно шүү дээ. Үнэндээ бол би 1996 оны сонгуульд ганц л костюмтай орж байсан. Хэрвээ ялагдчихвал надад дахиад нэг костюм хэрэггүй байхгүй юу. Тэрний оронд Австралид сурч байгаа эхнэр хүүхэд рүүгээ явах зардалдаа нэмэрлэсэн нь дээр байсан. Тэгээд 1996-2000 онд парламентад байж байгаад 2000 онд Америкт сургуульд явсан юм.  2001 ондоо Колумбын их сургуульд ороод тэнцсэн. Тэрийгээ төгсөөд Олон улсын валютын санд гурван сар ажилласан. Миний амбиц бол дахиад Харвардад очиж суръя гэж бодож байсан. Яагаад гэвэл, миний сурсан Колумбын их сургууль эдийн засгийн бодлогын менежментээр сургадаг бол Харвард төрийн бодлогын менежментээр сургадаг. Энэ хоёрыг хоёуланг нь сурахын тулд би залгуулаад Харвардад сурах бодолтой байсан ч хувийн шалтгаанаас болоод чадаагүй.

-Яагаад, сонгуульд нэр дэвших гээд хүрээд ирсэн үү
-Яг үнэндээ бол аав ээж эндээс  дуудсан. Бид 2000 онд гэр бүлээрээ компани худалдаж авсан юм. Компани маань газар тариалангийн салбарт маш ашигтай ажилласан. Улсын таван удаагийн аварга болсон. Ерөөсөө ургац алдаж үзээгүй  сайн компани. Дөрвөөс таван мянган га-д тариалж хамгийн сайн жилдээ нэг тэрбумын, багадаа 200-300 сая төгрөгийн ашиг олдог. Манай аав ээж хоёр зургаан хүүхэдтэй. Тэгсэн намайг Олон улсын валютын санд ажиллаж байх үед манай гэр бүлийн тав нь Америкт сурч, аав ээж хоёр хоёулахнаа энд үлчихсэн, компаниа удирдахад хэцүү байсан. Тэгээд намайг дуудсан. Тэгж байтал 2004 оны сонгууль ч дөхөж би Монголдоо ирсэн л дээ.

-Нэгэнт аав ээж ярьсных, оффшор данстай холбоотойгоор таны гарал үүслийн тухай ярих болсон. Хятад гаралтай гэж. Та ер нь удам судраа хэр мэдэх вэ, үнэхээр тийм гарал үүсэл танд байна уу. 
-Ер нь намайг энэнээс ч өмнө Хятадын эрлийз гэдэг байсан. Гүндалай  хүртэл АН-д байхдаа Сан овогт гээд л хэлж, дараа нь буруугаа хүлээж надаас уучлалт гуйж байсан. Манай аав ургынхаа номыг бичсэн байдаг. Манай ээжийн ах нь Бүрэнжаргал гэж мундаг хүн байдаг юм. Тэр хүн бас ургынхаа номыг бичсэн. Амарбаясгалант хийдийг анх барихад бүх нутгаас монгол уран дархчуудыг цуглуулсан байгаа юм. Тэгэхэд Хотгойдоос ирсэн уран дархан хүн нь манай ээжийн талын хүн байж. Манай ээж хотгойд хүн л дээ. Одоо Амарбаясгалант хийдээс жаахан  дээшээ өгсөөд Хотгойдын ам гэж байдаг. Хотгойдын өвөлжөө ч гэдэг. Тэнд манай өвөг хэдэн үеэрээ амьдарсан, ээж минь Амарбаясгалант хийдэд төрсөн. Манай ээжийн аав нь Осор аж үйлдвэрийн комбинатын ууган ажилчдын нэг, маш сайн токарь хийдэг мундаг хүн байсан. Тэднийх 18 хүүхэдтэй, манай эмээ 12 удаа төрсөн гэж байгаа юм. Хоёр ихэр төрүүлээд нэг, тэгээд хоёр ихэр, дахиад нэг, ингэж сөөлжлөөд 18 хүүхэдтэй болсон юм билээ. Гэтэл сонин нь,  ихэрүүд нь бүгд багадаа эндээд, зургаа нь л амьд үлдсэн байгаа юм. Тэр хүмүүс одоо маш өндөр боловсролтой хүмүүс байдаг. Манай ээжийн талынхан дунд том онгоцны Монголын анхны нисгэгч, 23-дугаар сургуулийн багш гээд мундаг хүмүүс олон бий. Аавын аав болохоор Бадрах гээд Нинждолби ноён Номун хааны отгийн дарга хүн байсан байгаа юм. Ардын хувьсгал гарахад манай өвөө отгийн дарга байж. Отог гэдэг нь тухайн нутаг орноос Богдод өгдөг шавь нар нь, Богдын отог гэсэн үг. Өвөөгийн тухай “Үймээний жил” гэж номд байдаг. Жүгдэрийн Дамдин гэж зохиолч байсан. Тэр хүн манай өвөөгийн отгийн нарийн бичиг хүн байсан юм билээ. Тэгээд 1921 оны хувьсгалын үеийн “Үймээний жил” гээд номонд манай өвөөгийн тухай их байдаг юм. Би ийм мундаг хүмүүсийн үргэлжлэл гэдгээрээ харин ч бахархдаг.

-Өвөөгийн чинь эхнэр, өөрөөр хэлбэл таны эмээ хаанахын хүн байв аа?
-Бас нутгийн л хүн. Олон хүүхэдтэй. Манай аав хамгийн отгон хүүхэд нь. Манай аав хамгийн бага эгч дээрээ өссөн. Манай аавын хамгийн бага эгчийнх нь нөхөр гавж хүн байсан. Эрдэнэ вангийн өргөөнд суудаг. 1900 онд төрөөд 31-тэйдээ гавжийн дамжаанд орсон. 1937 онд эсэргүүний хөдөлгөөнөөр баригдаад Зүүнхараагийн шоронд 10 жил суусан. Бид нар аавынхаа аав, ээжийг хараагүй болохоор аавынхаа хамгийн бага эгч, түүний гавж нөхрийг эмээ, өвөө гэдэг. Манай тэр өвөө 10 жил шоронд суухдаа тракторын комбайнч болоод гараад ирсэн. 1947 онд шоронгоос гарч ирсэн. Тэгээд 1959 оноос атар газар эзэмшиж эхлэхэд манай өвөө тракторын комбайнч хийж хөдөлмөрийн баатрын болзлыг гурван удаа биелүүлсэн байгаа юм. Цагаатгаагүй учраас Хөдөлмөрийн баатрыг нь  өгөөгүй. Сүхбаатарын одон, ударнек, Алтан гадас гээд бүх шагналыг авсан. Өвөө маань бүүр сүүлд, 69-тэйдөө 1969 онд цагаадсан. Биднийг өсгөсөн хүн бол бид, бас Сэлэнгийнхэн ч “Бүдүүн эмээ”  гэдэг Цэрэн гэж хүн байсан.

-Тэгэхээр таныг Хятадын эрлийз гэдэг бас худлаа гэсэн үг үү
-Мэдээж ш дээ. Чи бод доо. Богдод хятад гаралтай хүнийг шавь болгож өгөх үү, Богд ч гэсэн хятад хүнийг шавиараа авах уу. Манай аав намын гишүүн. Аймгийн намын хорооны гишүүний сонгуультай. Дээр үед намын гишүүн болохын тулд гурван үеийн намтраа үнэн зөв бичиж, тэгээд шалгуур давж байж авдаг байсан. Одоо манай гэр бүлийн овог бол Нинждолби. Компаниа Товхон хан гэж нэрлэсэн. Бас учиртай. Товхон хан  уулын энгэр дээр Нинж долби ноён Номун хааны хийд байсан юм билээ. Манай аав тэнд төрсөн. Одоо манай компанийн газар дээр аавын төрсөн бууц нь, Нинж долби ноён Номун хааны хийдийн туурь байдаг. Ард талд нь Товхон хан  уул, тэгээд хажуугаар нь Сэлэнгэ мөрөн урсдаг. “Товхон хан”- аас Оргилын гол, Цацангийн гол урсдаг. Анх авахдаа үржил шим сайтай гэдгийг нэг их бодолгүй, аавынхаа төрсөн нутаг, сайн компани байна гэж бодоод л авчихсан юм.

-Та тэгээд Хятадын эрлийз гэх ийм мэдээлэл гарахаар дотроо хэр эмзэглэдэг вэ. Бас гэр бүлийнхэн чинь эмзэглэх үү
-Эмзэглэх гэхээсээ бараг тоодоггүй. Аав, ээж хоёр ч адилхан. Угаасаа худлаа, тэгээд дээр нь манай Сэлэнгийнхэн Сангажав, Бадам гэхээр мэдэхгүй хүн байхгүй. Манай аав, ээж хоёр хоёулаа хийд дээр төрсөн. Нэг нь Амарбаясгалант хийд дээр, нөгөө нь Нинж долби ноён Номун хааны хийд дээр төрсөн. Манай аав, ээжийн гарал үүсэл, удам угсааг Сэлэнгийнхэн бүгд мэддэг. Тийм учраас ямар ч асуудалгүй. Гэхдээ манай ээж 90 жилийнхээ ойд явж ирчихээд Го.Бадарч гэдэг хүнтэй  очиж уулзана гэж байсан шүү. Гэтэл тэр хүн нь өөрөө “би одоо Баярцогтоос л уучлалт гуймаар байна” гээд ярилцлага өгчихсөн байсан.

-Го.Бадарч гуай юуны төлөө танаас уучлалт гуйна гэж байгаа юм бол
-Би Го Бадарч гэдэг хүнтэй амьдралдаа нэг л удаа таарсан. Ордон дотор дөрөв таван сэтгүүлчтэй явж байтал нэг хүн “Сайн байна уу, би Го.Бадарч гэдэг хүн байна. Та ярилцлагаа өгөөч” гэсэн. Хариуд нь би ярилцлага өгөхгүй ээ, нарийн бүдүүн царигийн талаар ярих гэж байгаа бол би мэдэхгүй гэсэн. Тэгсэн “Нутгийн ахаа мэдэж байх хэрэгтэй” гэхээр нь би Сэлэнгийнх юм байна л гэж ойлгоод өнгөрсөн. Тэгсэн дараа нь нарийн царигийн талаар нэвтрүүлэг гарсан. Тэр нэвтрүүлгийг Го.Бадарч гуай хөтлөөд, яруу найрагч Галсансүх бас оролцогчоор орж байсан.  Түүнээс өмнө Галсансүх над руу яриад уулзъя гээд уулзсан. Тэгэхдээ бид хоёр огт өөр зүйл яриад л өнгөрсөн. Тэгсэн тэр нэвтрүүлгээрээ намайг, манай өвөөг Хятадын эрлийз гээд, өвөөг нь таньдаг байсан гэж зохиож ярьсан. Энэ нэвтрүүлэг зургаан сард гарсан. Үүний дараа долдугаар сард наадам болж Сэлэнгэд аавын төрсөн Цагааннуур сумын 90 жил, ээжийн төрсөн Баруунбүрэн сумын 90, бас  бусад таван сумын 90 жилийн ой болдог юм. Би таваар нь явлаа. Гэтэл сумын иргэд “удам судраа  муу хэлүүллээ, Хятадын эрлийз гэх юм. Аав ээж, ах дүү хамаатан садныг чинь мэдэх хүмүүс амьд сэрүүн байхад ингэж гүтгүүлж гүжирдүүлж болдог юм уу” гэсэн. Ер нь бол нутгийнхан их бухимдаж байсан л даа. Тэгсэн одоогоос хойр сарын өмнө байхаа, Го.Бадарч гуай өөрөө нэг ярилцлагадаа буруугаа ойлгосон юм байлгүй, “би Баярцогтоос ууучлалт гуймаар байна” гэсэн байна лээ. Хоёулаа энэ сэдвээр одоо болно байхаа

-Тэгье, танд газар тариалангийн “Товхон хан”   гэдгээс өөр компани бий юү. Жишээ нь “Модерн номадс” ресторанд хувьтай юу?
-Надад “Товхон хан”-ы толгой компани болох “Нидо” гэж компани бий. “Нидо” нь “Товхон хан”  компанийг 100 хувь эзэмшдэг. Дээрээс нь, “Миний Монгол энтертайнмент” гээд Сэлэнгэд кабелийн жижигхэн телевиз байдаг. Энэ хоёрыг л эзэмшдэг. “Номадс”-т хувь байхгүй. Хувьтай гэх яриаг Оюутолгой ашигтай, ашиггүй ажиллаж байна гэх үед нэр бүхий хүмүүс анх гаргасан. Оюутолгойд гэрээ хийснийхээ төлбөрийг Баярцогт катерингийн сервисээр авч байна гэж ярьдаг. Номадс бол Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг хэсэг дээр л жаахан хамтран ажилласан юм билээ. Жил ч хүрсэн юмуу, мэдэхгүй. Тэрийг томруулж, нялзааж л байгаа юм. Есөнмөнх бол миний найз. Бид нар залуучуудын байгууллагад хамт ажиллаж байсан.

-Бас “MCS”-ийн нууц хувьцаа эзэмшигч гэдэг
-Тийм юм байхгүй ээ. Чи бод доо, “MCS” байтугай компанийн хувьцаа эзэмшигч ийм олон жил нууц байх бололцоогүй тийм цаг үе, нээлттэй нийгэмд бид нар амьдарч байна шүү дээ.  Анх “MCS-ийнхэн Спирт бал бурмыг авахад хувьцаа эзэмшигч нь гэж над руу дайрсан. Сэлэнгийн Төмөртэйн орд гэж бий. Тэрний захирал нь Баярцогт гэж хүн байсан. Тэгэнгүүт ижил нэрийг нь далимдуулаад Төмөртэйн орд бол Баярцогтынх гэдэг. “MCS”-ийн Оджаргал, Од бид гурав бол хөршүүд. Арав гаруй жил хөрш явж байна. Ойролцоо сургууль төгссөн, сагс тоглодог гээд сонирхлууд нь нийлдэг хүмүүс чинь найзаараа л үлдэхээс биш, үлгэр домгоос айж нөхөрлөлөө нууна гэж байхгүй шүү дээ. Ид 20-35 хүртлээ сагс тоглодог сонирхолтой спортын найзууд явлаа. Одоо л зарим нь  гольфчин болчихсон болохоос биш.

-Хотод эзэмшдэг өндөр байшин байхгүй юу.
-Байхгүй ээ. Би хотод хоёр орон сууцтай. “Орчлон”-гийн хашаан дотор аав, ээжийн нэр дээр байдаг, хүүхдүүд нь нийлж авч өгсөн нэг байр бий. Бид нэг хэсэг тэнд аав, ээж хоёртой цуг амьдарч байсан. Харин одоо манай гэр бүл Зайсанд амьдардаг.

-Одоо Оюутолгойн гэрээний тухай асууя. Та Сангийн сайд болоод л Оюутолгойн гэрээн дээр ажиллаж эхэлсэн үү
-Шууд биш л дээ. Би Засгийн газар байгуулагдсан 2008 оны есдүгээр сараас 2009 оны долдугаар сар хүртэл Оюутолгойн гэрээтэй огт холбоогүй явсан. Эдийн засгийн хямрал, “Стэнд бай” хөтөлбөр гээд ямарч завгүй явсан. Оюутолгойн гэрээ бол тав, зургаан Засгийн газар дамжсан. Үндэсний Аюулгүйн байдлын зөвлөлөөр маш олон удаа орсон. 2007 онд гэрээний анхны хувилбарыг, хоёр дахийг нь 2009 оны долдугаар сард УИХ-д оруулсан боловч гэрээг бие даасан хууль маягтай хийсэн байна, байгаа хуульдаа нийцүүлж хий гээд буцаасан байсан. Тэгээд л би 2009 оны долдугаар сарын 21-нд Оюутолгойтой анх холбогдсон. Ерөнхий сайд байхдаа С.Баяр дарга үүрэг өгч, “Чи үүнийг босгож ир, энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ энэ төсөл босч ирэхгүй бол хамтарсан Засгийн газар ч гэж байхгүй, ард түмэнд амласан амлалт ч гэж байхгүй” гэсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, нийцүүлсэн. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын нэр дээр авсан. 30 жилийн дараа 17 хувийг нэмж авна гэж гэрээнд тусгасан. Гэрээ байгуулах бэлтгэл ажил дууссантай холбогдуулан ээлжит бус чуулганыг наймдугаар сард хийж, аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед хүмүүс ганц зүйлийг шүүмжилж байсан. Тэр нь “чи яагаад 17 хувийг нь 30 жилийн дараа авч байгаа юм бэ” гэсэн.

-Тэр үед ч 34 хувийг бага гэж үздэг байсан уу.
-Харин бага гээд, 17 хувийг нэмж авснаар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Анхны хөрөнгө оруулалт дууссаны дараа авч болох байхад чи яагаад заавал “30 жилийн дараа” гэж оруулчив гэж шүүмжлэлтэй хандсан. Гэтэл тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар уг ордын нөөцийг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар 34 байсан. Бид тэр хязгаар нт тулгаж, дээр нь 17 хувийг нэмж авахаар гэрээлсэн. Одоо УИХ-ын гишүүн байгаа Ганбаатар тэр үед огт өөр зүйл ярьдаг байсан. Тухайн үед  Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч байхдаа өгсөн бичиг нь надад байдаг юм. Тэндээ Оюутолгойгоос хувь авч болохгүй, оронд нь роялтигаа нэмье гэсэн саналыг албан ёсоор өгч байсан. Гэтэл өнөөдөр хувиа нэмье гэж байна.  Ганбаатарыг 2012 онд тэгж хэлэхэд ард түмэн дэмжиж байсан, одоо 2015 онд өмнөх ярианыхаа яг  эсрэгийг ярихад бас л дэмжиж байна гэх юм. Би энийг л ойлгодоггүй юм. Ингэж цагийн аясаар хувирч, ард түмнийг зүгээр л цагаан цаас гэж үзэж болох юм уу, мэдэхгүй. Гэхдээ Ганбаатар ямар тохироонд хүрснийг мэдэхгүй, 2009 оны гуравдугаар сараас 2012 оны УИХ-д сонгогдож орж иртлээ Оюутолгойн тухай юу ч яриагүй байдаг. Харин энэ хооронд Оюутолгой дээр юу болсон бэ гэхээр Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад  2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, манайх өөрийнхөө ашгийг нэг тэрбум ам.доллараар сайжруулсан. Дээр нь, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувь хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэсэн нэмэлт гэрээг хөрөнгө оруулагч талтай хийсэн. Ер нь хэлэлцээр хийх болгонд бид нөхцөлөө, ашгаа сайжруулж ирсэн. 2009 оны долдугаар сард оруулсан Оюутолгой гэрээг аравдугаар сарын 6-нд оруулж батлахдаа гурав орчим тэрбум ам.доллараар сайжруулсан. Дараа нь, нэмэлт гэрээ хийж нэг тэрбумаар нэмэгдүүлсэн. Тэр үеийн бүх проткол бий. Манай Н. Батбаяр гишүүн “нэг сар хэлэлцээр хийгээд гурван тэрбумаар  гэрээг сайжруулж болж байна, цааш нь дахиад явуул, ахиад хэлэлцээр хий” гэж шахаж байсан. Гэтэл жижиг улсын зовлон ч гэх юм уу. Үндэстэн дамнасан компанитай хэлэлцээрээ дуусгаж байхад нөгөө нь хэлэлцээр эхлүүлж, оросууд их өрийн үлдэгдлийг босгож ирсэн.

-Их өрийг 2003 онд Ерөнхий сайд  Н.Энхбаярын үед төлж барагдуулсан гэдэг биз дээ
-Бид ч бас 98 хувь чөлөөлүүлээд, төлөх ёстойгоо бүгдийг төлсөн гэж бодож явсан. Гэтэл Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр Стамбулд Олон улсын валютын сангийн хурал эхэлж таарсан. Намрын чуулган нь. Би тэр хуралд явж чадаагүй, уг нь бүх улсын Сангийн сайд байнга оролцдог юм. Оюутолгой гэрээнд гарын үсэг зурах байсан учраас явж чадаагүй. Яг тэр өдөр оросууд Монголыг Парисийн клубд өгнө гэдгээ зарласан. Монгол Улс бол Орост өртэй, өрөө төлөхгүй байна. Их өрийн үлдэгдэл 175 сая гаруй ам.долларын өртэй гэж ОХУ-ын Сангийн сайдын орлогч нь мэдэгдсэн.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурлаа гэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм уу?
-Магадгүй. Оросууд Оюутолгойд орно  гэж байсан чинь Англи, Канадын компанитай гэрээнд гарын үсэг зурсанд эсэргүүцлээ илэрхийлсэн байж болох талтай. Цаг хугацаа нь тэгж таарсан болоод тэр үү, тухайн үед олон улсын зарим хэвлэлд тэгж гарч байсан. Тэгэхдээ төлөх ёстой өрийн үлдэгдэл бидэнд байсан юм билээ. Тэгээд ҮАБЗ хуралдаж Оросын өрийг төлөхөөс өөр арга байхгүй, намайг хэлэлцээ хийхээр яв гэсэн. Оросын талтай бүтэн жил хэлэлцээ хийж 2010 оны  сүүлээр Сү.Батболд Ерөнхий сайдыг Москвад айлчлахад нь үлдэгдэл өрийг 97.8 хувиар чөлөөлж, 2.2 хувийг төлөхөөр болсон. Ер нь миний хувьд 2008-2012 онд улсаа төлөөлж олон ч хэлэлцээрт орсон, олон ч хүндрэлийг даван туулсан даа.

-Оюутолгой, Оросын өрөөс гадна өөр ямар хэлэлцээрт  орсон юм бэ
-Оюутолгойн гэрээнээс өмнө Сангийн сайдын хувьд эдийн засаг хямралыг зогсоохоор Олон Улсын валютын сантай хэлэлцээр хийж “Станд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр үед манай улсын эдийн засаг ес орчим хувийн өсөлттэй явж байгаад хасах 1.3 хувь болтол унасан ш дээ. Гэхдээ дараа жил нь  эдийн засгаа 6.4, тэгээд 17.5 хувь болгож өсгөж чадсан юм. Маш богино хугацаанд огцом өсөлт гаргасан. Олон улсын валютын сантай маш хүнд хэлэлцээр хийсэн. Өмнө нь Олон улсын валютын сантай дөрвөн удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нэгийг нь ч хэрэгжүүлээгүй. Харин 2008 онд авсан “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын багтай Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газар гээд маш олон багтай хэлэлцээр хийж амжилттай болгосон. Дээр нь, хямралыг даван туулах хөтөлбөрийн хүрээнд Хятадын Засгийн газартай гурван тэрбум долларын  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байсан. Тэгээд хоёр жилийн дотор эдийн засгийг 17.5 хувь хүртэл өсгөж чадсан.

-Одоо яваад байгаа Оюутолгойн маргаан юунаас үүдэлтэй байна вэ, гарц байна уу. Анх гэрээг хийх ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд юу гэж хардаг вэ.
-Одоо үүсээд байгаа маргааны хувьд гээндээ ч, гоондоо ч гэгчээр асуудал аль алиндаа л бий. Зардал бодитой өссөн. Зардлын өсөлт юунаас болов, энэ өсөлт манай өгөөжид яаж, ямар байдлаар нөлөөлж байна вэ гэдгийг тодорхойлж хоёр талаасаа сууж ярилцах ёстой. Үүнийгээ хийж чадаагүй, нэгд. Хоёрт, манайхан 2013 оноос хойш хэд хэдэн алдаа гаргасан. Үнэхээр харамсалтай.  Монголчууд бол итгэлтэй түнш биш юм байна гэдгийг бид өөрсдөө хөрөнгө оруулагчдад үзүүлсэн. Нэгд, 2013 оны төсвийг батлахдаа 2012 оны арваннэгдүгээр сард Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялти авна гэж тооцсон. Гэрээнд тусгагдаагүй хоёр татвар авна гэдгээ нөгөө талд огт хэлэлгүйгээр  455 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тухайн жилд төсөвт нэг их наяд төгрөгөөр тасарсан байсан. Энэ хиймэл тоо нь дотооддоо ч алдагдалтай, гадааддаа ч итгэл алдсан зүйл болсон. Дараагийн алдаа нь 250 сая ам.долларын татварын урьдчилгаа авсан даа. Түүнийгээ тухайн жилийнх нь татвараас суутгаад хасаад явах ёстой гэж тохирсон байсан. Гэтэл манайхан төсөвт мөнгө байхгүй гээд хасахгүйгээр татвараа бүтнээр нь тооцоод явчихсан. Бид хэдийгээр хуулийн дагуу авах ёстой татвараа авч байгаа ч, зээлж авсан урьдчилгаагагаа тохирсноороо хасаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ болгоомжлол төрүүлсэн. Үүний илрэл нь тэд бүх мөнгөө Монголоор дамжуулахаа больсон. Монголоос  гадуур урсгадаг болсон. Үүнд намайг бас буруутгадаг. Чи маш муу гэрээ хийсэн. Хөрөнгө оруулагчид бүх мөнгөө оруулж ирэхгүй байна. Чи л тэгж гэрээлсэн гэж дайрдаг. Гэтэл тухайн үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар манайд хөрөнгө оруулсан компани мөнгөн урсгалаа хаагуур оруулахаа өөрөө шийддэг байсан. Өнгөрсөн жил шинэчлэн найруулж баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд ч тэгж заасан. Монголд байршуулах, Монголын банкаар дамжуулах үгүй нь итгэлцлийн л асуудал. Иймэрхүү бүдүүлэг алдаа гаргаснаас болж монголчуудад итгэхгүй байгаа юм. Манай талаас гаргасан алдаа нь энэ. Нөгөө талаас хоёр оролцогч ойлголцоогүй зүйл нь зардлын хэтрэлтээ хоёр талаасаа сууж дүгнэж чадаагүй. Дараагийн нэг зүйл нь татварын маргаан. Татварын маргаан дээр манайхаас 130 сая ам.долларын  торгууль тавиад тохиролцохдоо 30 саяыг л авсан. Ингэхээр нөгөө талд давуу байдал бий болж эхэлсэн. Дээр нь Оюутолгой ТУЗ-ын манай гурван гишүүн гурвуулаа хуралд орохдоо нэг саналтай ордог. Зөв ч бай, буруу ч бай Монголын тал ингэж үзэж байна гэсэн нэг л саналтай орох ёстой. Тэгсэн өнгөрсөн оны нэг хурал дээр санал зөрөлдөж өгсөн байдаг. Үүнээс үүдэж монголчуудыг тус тусад нь аргалж болох юм байна гэдэг сэтгэхүй хөрөнгө оруулагчдын дунд бодитой бий болсон байх. Саналыг нь салгаад авч болж байна, 130 саяын торгууль тавьсан ч 30 болгож байна гэдэг ойлголт нөгөө талд би болж эхэлсэн.

-ТУЗ-ийн манай гишүүд гурвуулаа нэг саналтай байсан ч есөн гишүүний ердийн олонхиор гардаг шийдвэрт угаасаа л  нөлөөлөх бололцоогүй юм биш үү ?
-Бас ч тийм биш л дээ. Их хэмжээний хэлцлийг бол хувь нийлүүлэгчдийн төвшинд шийднэ. Бас ТУЗ-ийн зуун хувийн саналаар шийдэх нөхцөлүүд бас бий. Харин бусад асуудлын хувьд нөлөөлөх бололцоогүй нь үнэн л дээ. Гэхдээ л нэг саналтай, нэг баг гэдгээ харуулах ёстой. Гэтэл монголчуудыг дотор нь хагалж болдог, салгаж болдог юм байна гэдгийг харуулсан. 2014 онд хөрөнгө оруулагчдаас харилцан ойлголцлын санамж бичиг гээд 53 зүйлтэй,  дээрээс нь татварын аргачлал гээд 54 зүйлтэй хоёр санал өгсөн. Үүнийгээ хамгийн сайн, хамгийн сүүлчийн саналаа өгсөн гэж хөрөнгө оруулагч тал үздэг. Одоо бөмбөг Монголын Засгийн газрын талд байгаа. Тэрэнд нь зурах, үгүйгээ Монголын тал шийднэ. Тэд хөгжиж байгаа, бас засаг төр нь бужигнаж байгаа учраас энэ санамж бичигт гарын үсэг зурна гэж бодсон шиг байгаа юм. Гэтэл тэр саналыг нь үзэхээр манай улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээг олон зүйлээр зөрчиж байгаа. Жишээ нь, татварын аргачлал гэдэг чинь нэг компанид  татварын тусгай хууль баталж, тохиролцоноо л гэсэн үг. Бид бие даасан улсын хувьд нэг л хуультай, нэг хууль нь бүх компанид адилхан, эрх тэгш үйлчлэх ёстой. Тэгэхээр тэр санамж бичгийг нь хүлээж авах бололцоогүй. Харин хэлэлцээр хийж болно гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудал надтай холбогддог өөрийн зовлон учраас ажиглаж харж л байна.

-Гэтэл муу дээр муу гэдэг шиг гацаж байгаа Оюутолгой төсөлд төсвөөс 17.5 тэрбумыг хуваарилсан хэрэг мандлаа. Энэ 17.5 тэрбум яг ямар учиртай юм бэ
- Анх 2012 оноос эхлээд Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай ойлголцохоо больсон. Тийм учраас Оюутолгойтой учраа олоход ойлголцол, гадаад сурталчилгаа их хэрэгтэй гэж үзсэн байх. Үүний тулд сайн хуулийн компани, сайн пи-арын компани, сайн санхүүгийн компанитай хамтарч ажиллах  хэрэгтэй юм байна гээд төсвөөс  10 сая доллар гаргая гэсэн юм билээ. Цаад талдаа яг очих мөнгөн дээр нь татвараа тооцохоор тэр нь 2014 оны ханшаар  17.5 тэрбум болж байгаа юм. Одоогийн ханшаар тооцвол 19 тэрбум. Энэ бол 2014 оны наймдугаар сард өмнөх Засгийн газрын үед тооцсон аргачлал. Тэгээд эхний ээжлинд “Painter” гэдэг компанитай гэрээ хийж 450 саяыг нь шилжүүлсэн байсан. 17.5 тэрбум бүхлээрээ ганц “Painter” гэх нэг компанид зарцуулагдахгүй. Одоо дахиад санхүү, хууль, пи-арын компанитай гэрээ хийх ёстой юм билээ. Тэгж байж энэ ажлууд хийгдэнэ. Одоо үлдэгдэл 17.05 тэрбум төгрөг нь Хөгжлийн банкинд байгаа юм билээ.

-Таныхаар Оюутолгойн гадаад сурталчилгаа, өмгөөлөлд заавал ийм хэмжээний мөнгө  зарцуулах ёстой юу?
-За, хоёулаа жишээ ярья. Манайх сая “Хан ресурс” гэж компанид 100 сая долларын торгуульд унаж байна. Одоогийн ханшаар 200 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Би энэ маргааны өмгөөлөлд олон улсын нэр хүнд бүхий хуулийн компани хөлсөлж авсан. Ялагдсан ч гэсэн тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Энэ мэт аж ахуйн маш олон маргаан явж байна. “Буян”-гийн Жагаагийн Марубен, Алтан Дорнод гээд л. Зарим дээр нь ялж, заримд нь ялагддаг. Ялсан ч, ялагдсан ч өмгөөллийн хөлс, бусад зардал гэж манай талаас гарч байгаа. Тэгэхээр аж ахуйн аливаа маргаан гарлаа гэхэд ойлголцож тохиролцож шийдэхгүй л бол бүгдээрээ Арбитрын шүүхэд очно. Энэ нөхцөлд  Монголын талын  сурталчилгаа, гадаад ертөнц дэх зөв ойлголт их чухал. Ямар юм болсон гэдгийн цаад утгыг ойлгохоосоо илүү хүмүүс юу уншсанаараа л тэр ойлголтыг авдаг. Гэтэл гаднынхан “Economist”, “Financial Times”, “Wall Street Journal”, “Bloomberg” дээр юу бичсэнээр ойлгоно. Эдгээр гадаадын хэвлэлд өөрсдийнхөө тухай нийтэлж, гаднынханд зөв ойлголт өгч байх ёстой. Ижил төвшний, нэр хүндтэй, тэд нартай ажиллаж чадах хүнээ гаргах хэрэгтэй болно. Дээрээс нь, хуулийн сайн компани авч маргалдуулах ёстой. Иймэрхүү гадаад сурталчилгаа, эерэг ойлголтын төлөө мөнгө зарах ёстой. Харин гаргаж байгаа мөнгө нь эргээд сайн үр дүн авчирч байна уу, хяналттай байна уу гэдгээ өөрсдөө тооцох ёстой. Тэр талаасаа бол муу компани сонгожээ, сайн компани сонгожээ гэдэгт  шүүмжлэлтэй хандаж болно. Энд ямар ч асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, 17.5 тэрбумыг гаргах нь буруу гэж биш, харин энэ мөнгө их, бага байна, компаниа буруу, эсвэл зөв сонгосон, үр дүн гарсан, үгүй талаар эрүүл шүүүмжлэл маргаан байж болно.

-Эрүүл бус шүүмжлэл гэдэгт таныг энэ асуудлаар огцруулах санал багтах уу. Бие даагч гишүүд тийм санал гаргаад дэмжлэг аваагүй. 
-Угаасаа дэмжлэг авах бололцоогүй санал л даа. Яагаад гэвэл би энэ 17.5 тэрбумын шийдвэрт  огт оролцоогүй, бас ямар ч үүрэг хүлээгээгүй. Өмнөх Засгийн газрын шийдвэр шүү дээ. Би яаж холбогдож байна гэхээр манай Засгийн газар байгуулагдсаны дараа  УИХ-ын олон гишүүн, олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийн дагуу улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны зарим төслийн төсвийг улсын төсөвтэй нийлүүлсэн. Энэ хоёр төсвийг нийлүүлэхэд 2013- 2014 оны хооронд зарцуулсан мөнгөнүүд, 2015 онд зарцуулах мөнгөний задаргааг хамтад нь гишүүдэд танилцуулсан. Их олон хуудас, энэ албан бичгийг Засгийн газраас УИХ-д танилцуулж байгаа учраас Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг утгаараа миний гарын үсэг байгаа юм. Энийг л ард түмэнд “С.Баярцогтын гарын үсэгтэй гэрээ хийгдээд 17.5 тэрбум төгрөг шилжүүлчихсэн байна” гэсэн ойлголт өгөөд  байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд ч энэ тухай их тодорхой хэлсэн. Энэ 17.5 тэрбум бол энэ Засгийн газар, С.Баярцогтод хамаагүй ээ, өмнөх Засгийн газрын шийдвэр гэж.  Гэхдээ намайг огцруулах санал гаргасан гишүүд буруугаа ойлгосон байх, миний  асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд орж ирээгүй.

-Яг ийм гарын үсэгтэй холбоотой бас нэг маргаан бий. Таныг шинжлэх ухааныг байгууллагуудыг байргүй болгох гэж байна, Баярцогтын шийдвэрээр ТӨХ байруудыг нь хурааж аваад эмэнлэг болгох гэж байна гэсэн яриа бас бий.
-Бүр Их сургуулийг хувьчилж авах гэж байна гэсэн яриа хүртэл гаргасан. Энэ яриаг манай УИХ-ын зарим гишүүн гаргаад л яваа юм. Яагаад ингээд байгаагийн цаана Баабарын хэлдгээр улстөрийн өнгөтэй жижигхээн хувийн шалтгаан л байгаа юм болов уу даа. Манай гэр бүлийн хүн МУИС-д олон жил ажиллаж байгаа учраас энэ цуурхал нь олон түмэнд итгэл төрүүлнэ гэж бодсон юм байлгүй дээ. Надад үйлдэл битгий хэл,  тийм бодол ч ерөөсөө байхгүй. Манай гэр бүлийн хүн бол Москвагийн их сургууль, Сиднейн их сургууль, Жоржтауны их сургууль, Мэрлэндийн их сургууль төгсч мастер, докторын зэрэг хамгаалсан олон жил багшилж байгаа эрдмийн л хүн. Манай Засгийн газар төрийн өмчийн хувьчлалын үзэл баримтлалын шинэ үзэл баримтлал боловсруулж байгаа. Тэнд би, их дээд сургуулиудын Удирдах зөвлөлийг улстөрийн нам, тодорхой сайдаас хамааралтай байдгийг болиулах санал гаргасан юм. Энийг л эсэргүүцэж ийм яриа тарааж байгаа юм. Чи бод доо, нэг Засгийн газар солигдоход удирдах зөвлөл нь, боловсролын салбарын  сайд солигдох бүрт захирал нь дагаж солигддог их дээд сургууль гэж байж болохгүй биз дээ. Улстөрийн томилгоотой, оролцоотой намын эрдэмтэн, намын захирал гэж байж болохгүй. Энийг өөрчлөх ёстой. Харин шинжлэх ухааны байгууллагуудын хувьд би нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Дэлхийн аль ч оронд эрдэм шинжилгээний байгууллага дангаараа байдаггүй. Эрдэм шинжилгээний байгууллага  бол сургалттайгаа нийлж явж байж  үр ашгаа өгдөг. Манайд ч тийм байх ёстой. Гэтэл энэ зарчмыг хэрэгжүүлэхийг судлах Ерөнхий сайдыг албан  бичгэн дээр ТӨХ-ны өмнөх дарга засвар хийж С.Баярцогтын  захирамжаар эмнэлгийн байшин гаргаж авахын тулд ийм юм хийж байгаа мэтээр бичээд тараачихсан. Үүнийг нь ТӨХ-ны тамгын газрын дарга нь даргынхаа даалгавраар ийм буруу юм хийснээ, албан бичиг засварласнаа хүлээж над дээр уучлалт гуйж ирсэн л дээ. Энэ тухайгаа хэвлэлд ч ярьсан байна лээ. Боловсрол, шинжлэх ухааны байгууллага бол дуртай нь оролддог, дуртай нь улстөрд ашигладаг газар биш шүү дээ. Одоо учир нь олдож цэгцэндээ орж байгаа байхаа.

-Таны хувьд илүү чухал байж болох өөр нэг сэдэв бий. Энэ бол танай Сэлэнгэд байх Гацууртын ордыг ашиглах тухай юм.  Ноён уулаа ухуулна, ухуулахгүй гэсэн талцал явна. Та Сэлэнгийн хүний хувьд, тэндээс олон удаа сонгогдсон төрийн түшээгийн хувьд аль талд нь байгаа вэ
-Ноён уулыг ухуулах, ухуулахгүйг хуулийн хүрээнд,  ард түмний санаа бодол дээр тулгуурлаж шийдэх ёстой. Хэрэв Зүүнхараа, Түнхэлийн ард түмэн ашиглуулахгүй гэвэл шийдвэр тэгж л гарна. Харин энд, хотод ашиглуулахгүй гэж жагсаад цуглаад байгаа хүмүүс орон нутгийн иргэдийг бүрэн төлөөлж чадаж байна уу, үгүйг мэдэхгүй. Ер нь үүсэл гарлыг нь харвал Зүүнхараа, Түнхэлийн ард түмэн л мэднэ. Тэндээс асуудал шийдэгдэх ёстойг Ерөнхийлөгч ч, УИХ дарга ч хэлчихсэн. Би Ерөнхийлөгчийн дараа УИХ-ын даргатай цуг очсон учраас бүгдийг нь мэдэж байгаа. Миний байр суурь ч тийм байгаа. Уг нь тэнд 70 тонн алт бий. Тэнд уг нь дээд талдаа шороон ордтой байсан юм. Тэрийг нь ашиглачихсан. Алтны үйлдвэрлэлийн хамгийн их хор хохирол нь шороон орд дээр л байдаг. Орд нь Ноён уулаас тав, зургаан км-ийн зайтай. Уулын жалганд байдаг. Тиймээс одоо доод талыг нь ашиглахад болохгүй юмгүй. Эдийн засгийн утгаараа  бол 70 тонн алтаа авч эдийн засгийн эргэлтэд оруулах л ёстой. “Бороо”-гийн үйлдвэр нь бэлэн учраас маш зардал багатай хийгдэх бололцоотой. Харин үүнийг хийж байгаа компани тухайн орон нутагт буюу Зүүнхараа, Түнхэл, Баянгол сум, Сэлэнгэ аймагт эргээд бүтээн байгуулалт хийх ёстой. Тэрийгээ л ард түмэндээ очиж ярих ёстой.

-Татвараар авах нь ашиг нь 40 сая доллар л юм байна лээ. Энэ нь нэг тонн алтны л үнэ. Тэгэхээр ашгаас гадна төслийг дагасан өгөөж нь илүү гэж та үзэж байна уу?
-Өгөөж нь мэдээж илүү. Яагаад гэвэл тэр 70 тонн алт чинь бүгдээрээ Монголбанкинд тушаагдана. Цаашлаад монгол хүмүүс ажилтай болно, бүтээн байгуулалт хийнэ, дээрээс нь тэдгээр бүтээн байгуулалтыг дагаад дагалдах бүтээн байгуулалтууд бий болно. Монгол компаниуд ажиллана. Энэ мэтээр тооцоо судалгаан дээр нь нарийн юм ярьж болно л доо.

-Хардлагын шинжтэй хоёр асуулт байна. Эхнийх нь таныг  Оюутолойн гэрээнээс их мөнгө авсан, тэгээд төсөл гацсан учраас хөрөнгө оруулагчид оффшор дансыг чинь гаргаж ирсэн гэх хардлага.  гэж. Нөгөөх нь, таныг АН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай учраас өрсөлдөгчид нь гаргаж ирлээ гэх юм.
-Нэгдүгээр асуултын хувьд Оюутолгой, “Рио Тинто” хэзээ ч, хэнд ч мөнгө өгөхгүй. Харин ч эсрэгээрээ би Оюутолгойгоос болж янз бүрийн муу нэр дуулж яваа. Тэрнээс биш, эдийн засгийн утгаараа Оюутолгойгоос надад гялтайж, наалдсан юм нэг ч байхгүй. Харин би Оюутолгойн гэрээнээс  юу авч үлдсэн бэ гэвэл эд, мөнгөөр үнэлж үл болох асар их мэдлэгтэй болж, олон улсын том гэрээ хийх туршлага хуримтлуулж авч үлдсэн. Тэгэхээр би Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг. Хийсэн энэ ажлынхаа төлөө өнөөдөр янз бүрээр хэлүүлж байгаадаа огт харамсдаггүй. Мэдээж, улс орныг олон арван жил тэжээх том төсөл дээр ард түмнээрээ зуун хувь санал нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас Оюутолгойг тойрсон шүүмжлэл бол цаашид ч байна. Гадна, дотнын зарим судлаачид бичсэн байдаг юм. Монголд 1990 оноос хойш өрнөсөн таван том өөрчлөлт гэвэл нэгд ардчилсан хөдөлгөөн, хоёрт Үндсэн хууль, гуравт, Монгол Улс түүхээ бодитоор нь,  1921 оноос урагшлуулан тэмдэглэж Чингис хаандаа төрийн ёслолын хэмжээнд  хүндэтгэл үзүүлдэг болсон, дөрөвт Орост төлөх их өрийг шийдсэн, тавд Оюутолгойн гэрээ гэж. Энэ тавд  би тавууланд нь ямар нэгэн хэмжээгээр оролцсон азтай хувь заяатай л хүн. Манай найзууд ч хэлдэг юм. “Чи бол үнэхээр нэг хүний амьдралд тэр бүр тохиолдохгүй олон түүхэн үйл явдалд оролцсон, амьд гэрч нь болсон, тэрнийхээ ард нь гарч чадсан азтай хүн шүү” гэдэг юм.

-Хоёр дахь хардлагын тухайд...
-Амбийцгүй улстөрч  гэж байхгүй ш дээ. Дор бүрээ л амбийцтай байгаа. Тэр үүднээсээ сайн санасан маш олон хүн “чи дараагийн Ерөнхий сайд байсан. Өөрөө өөрийнхөө ирээдүйг баллачихлаа” гэж хэлж л байсан. Зарим нь одоо чи дэвшээд  гарахгүй, намын листэнд ор гэж ч байсан.  Харин өрсөлддөг хүн байгаа бол “Өрсөлдөгч байхгүй боллоо” гээд баярласан л байх. Тэгэхдээ би унаж улстөрөөс гарна гэж байхгүй л дээ. Намын листэнд бол хэзээ ч орохгүй. Өнөөдрийн миний эсрэг, сөрөг гэж байгаа бүхнийг би нэр хүндтэй, ёс зүйтэй давж ард нь гарч чадна гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй. Яагаад гэвэл үнэн миний талд байгаа. Би өнөөдрийн энэ сөрөг дайралтуудыг ингэж давж гарах нь ганц надад биш, олон хүнд бас сургамж болно. Бас үлгэр аваасай ч гэж боддог.Би 23-хан насандаа Монголын улстөрд орж төрийн ажлыг хийхдээ үнэнээс өөр замаар яваагүй.

-Хэрвээ таныг өрсөлдөгчөө гэж хардаг хүн байдаг бол дахиад сайд болсонд их л дургүй байдаг байх даа
-Магадгүй, алдаа гаргаад уналаа гэсэн чинь ердөө жил хагасын дараа Засгийн газарт орж ирээд сайд болчихлоо гэдгээс үүдэлтэй хар цагаан бодол бодол байж болохыг үгүйсгэхгүй ээ.  

-Та тэгээд энэ бүгдээ, гүтгэлэг гэж байгаа бүхнээ  тухай бүрд нь яагаад залруулдаггүй, яагаад дуугүй яваад байдаг юм бэ
-Угаасаа худлаа юманд хариулт өгөөд явах нь миний ёс суртахуун, хүмүүжил биш л дээ. Би цаг хугацаа үнэний шалгуур гэдэгт л итгэдэг. Жишээ нь, намайг Хятадын эрлийз гэсэн Го.Бадарч гуай ч, миний нэрийг зориуд оруулж даргынхаа  зааврын дагуу албан бичиг  засварласан ТӨХ-ын Тамгын газрын дарга ч цаг хугацааны шалгуураар үнэнийг хэлж байна. Өмнөх алдааных нь төлөө одоо тэдэнд би буруу өгөхгүй. Хэрвээ энэ ярилцлагыг уншвал Го.Бадарч гуайд хандаж, “таныг уучилж байгаа” гэдгийг хэлье. Кенедийн нэг гоё ном байдаг юм. Хэзээ ч үнэлэгдэж байгаагүй, тэгсэн мөртлөө тэр хүн байгаагүй бол нийгмийн тэр шинэчлэл хийгдэхгүй байсан тухай дурсамж ном л доо. Би хийснээ үнэлүүлж заавал мундаг хэлүүлэх шаардлагагүй. Зүгээр л үнэнээрээ, бүгд үнэн байгаасай л гэж боддог. Би хүүхдүүддээ ч хэлдэг юм. Аавд нь бусдаас илүү мундаг юм гэж байхгүй ээ. Аавд нь байгаа ганц юм гэвэл хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр үнэнч ханддаг, аливаад үнэнч хүнд дайсан нь хүртэл нөхөр болж ирэх өдөр байдаг юм гэж.  Хоёрт, хүн бүх юмаа алдаж болно, хүнээс бүх юмыг нь булааж авч болно. Харин хүнээс авч болдоггүй ганц юм бол мэдлэг шүү. Тийм учраас их уншиж, сайн сурах хэрэгтэй л гэдэг.   

-Аав руу ингээд дайраад байхаар гэр бүл, хүүхдүүд яаж хүлээж авдаг вэ. Таныг улс төрөөс гар, одоо боль гэж хэлэх үү
-Манай хоёр хүүхэд их боловсролтой. Их ч уншдаг. Манай хүү намайг ингэж ажиллахад эхэндээ жаахан дургүй л байсан. Ямар сайндаа багадаа надаас “Аав аа, та түүхэнд үлдэх гээд л ингэж их ажилладаг юм уу. Гэр бүлдээ яагаад анхаарал тавьдаггүй юм бэ” гэж асууж байсан. Одоо бол аав нь яагаад их ажилладагийг ойлгодог болсон. Аав ээж хоёр бол дотроо шаналдаг л байх. Гэхдээ ил хэлдэггүй. Хүү нь сайн муугаар хэлүүлээд 25 жил явчихаар даралт нь дээшээ доошоо хэлбэлзэж янз бүр болсоор ойлгодог, эвлэрдэг болсон. Гэр бүлийн хүн маань намайг, миний ажлыг маш сайн ойлгодог. Тийм учраас битгий шантар, энэ олон сайн санаат хүмүүсийн итгэлийг битгий алдаарай л гэдэг. Үнэхээр ч би намайг муу хэлдэг гээд байгаа тэдгээр хүнээс хавьгүй олон хүний хүндлэл, Сэлэнгийн ард түмнийхээ илч, энергээр үргэлж цэнэглэгдэж явдаг. Жишээ нь, би ямарч ажлыг хийсэн, хэдэн цагаар сууж яаж ч оройтсон ядарч байна гэж бодож үзээгүй. Яагаад гэвэл, олон хүний тусын тулд, Монгол Улсынхаа төлөө энэ ажлыг хийж байгаа шүү гэж бодохоор хийж байгаа ажлаасаа үргэлж эерэг энерги, кайф авч ядрахаа мэдэрдэггүй.

-Ер нь ганц та гэлтгүй Монголын улс төрийн өнөөгийн орчин олон хүний зоригийг мохоодог. Тэр тумсаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүмүүсээ эргэж огт ашигладаггүй. Энийг та юу гэж боддог вэ. Тэднийг ашиглах ёстой биз дээ
-Хэрвээ улстөрийн амьдралыг сонгосон, ард түмний итгэлийг хүлэсэн л бол энэ нийгэмд муулуулаад нэг нь ч гэсэн юм хийж л байх ёстой. Харин ч шилжилт хийж байгаа улс орнуудад магтуулж байгаа хүн дандаа буруу юм хийсэн байдаг. Яагаад гэвэл шилжилт хийж байгаа орнуудад популист юм хийсэн хүн л магтуулдаг. Популизм бол өөрсдөөр нь өөрсдийг нь хорлодог. Тэгэхээр цаг үеийн байдлыг ашиглаж улстөр хийж нэр төр олдог улстөрч бол үеийн үед байна.   Дараагийн УИХ-д ч байна. Хамгийн муу улстөрч, аргумент уралдуулж чадахгүй байгаа улстөрчдийн орогнодог эцсийн зогсоол нь эх оронч үзэл гэж дэлхий дахинд үздэг. Харин эсрэгээрээ эх орныхоо төлөө аргумент, туршлагыг нь ашиглах ёстой хүмүүс гэвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс яах аргагүй мөн. Манай төрийн нэг том дутагдал бол энэ хүмүүсээ эргээд ашиглаж чаддаггүй, ашиглах механизгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан  20 гаруй хүн бий. Тэднээс гурав нь нас барсан.  Амьд үлдсэн тэднийгээ гудамжинд гаргаж, ашиглахгүй орхиж ерөөсөө болохгүй. Манайх шиг, ийм их мэдлэгтэй туршглагатай хүмүүсээ ашигладаггүй улс орон гэж байхгүй. Ашиглахгүй байгаа учраас тэр хүмүүс нь юу болдог вэ гэхээр одоогийн байгаа төр засгаа шүүмжлэгч л болж хувирдаг. Туршлага, мэдлэг талаасаа оюуны маш том бүтээлч хүч болсон ийм хүмүүсээ ашиглахгүй байгаа нь Монголын төрийн өнөөдрийн нэг эмгэнэл гэж боддог.

- Зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан гэлтгүй ашиглах ёстой хүмүүс гэвэл өөр та хэнийг нэрлэх вэ
-Манайд  энергитэй улстөрчид их олон ш дээ. Надад бол Н.Энхбаяр гуай мундаг эергитэй.  Манай Фортуна Батбаяр, Женко Баттулга аймаар энергитэй, эрч хүчтэй. Заримдаа бид хошигнодог юм сая миний хэлдэг энэ хүмүүсийн энергийг зөв ашиглабал бүхэл бүтэн нэг сумыг гэрэлтүүлнэ шүү гэж. Харин энэ хүмүүс хоорондоо үзвэл өөрийнхөө ч, монголчуудын ч энергийг л барна. Манай монголчууд чонын хийморьтой гэж ярьдаг даа. Би бол Элбэгдорж Ерөнхийлөгчийг тэгж боддог. Үнэхээр хийморьтой.  Унаад л босдог. Түүхэнд П.Очирбат гуай шиг АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгч, Н.Багабанди гуай шиг УИХ-ын дарга, хоёр удаа Ерөнхийлөгч, Н. Энхбаяр дарга шиг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийсэн хүн, Элбэгдорж дарга шиг хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахиад гарахад маш хэцүү. Энэ бол их хувь заяа. Сүүлийн нэрлэсэн хоёр хүн бол хоёулаа их харизматик. Бас Ц.Нямдорж гуайг үнэлэх ёстой. Би хэлдэг юм, хэрвээ би мэддэг байсан бол танд Монгол Улсын баатар өгөх юмсан гэж. Яагаад гэвэл 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр эрүүгийн ертөнц үнэхээр хүнд байсан. Хуульзүйн сайд нь л эрүүгийнхний шантаажинд ордог байлаа ш дээ. Тэрийг цэгцэлсэн хүн бол Ц.Нямдорж. Энэ гавьяаг нь үнэлэх л ёстой. Монголын парламентын амьд түүх болж хамгийн олон удаа сонгогдохын зэрэгцээ УИХ-ын даргаар ажилласан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарыг ч хүндлэх учиртай. Бас 1990-ээд оны  Монгол Улсын  шилжилтийн болон эдийн засгийн их эмзэг хэцүү үеүдэд Ерөнхий сайдаар ажиллаж хүнд хүнд шийдвэрүүдийг өөр дээрээ үүрч гарсан Д.Бямбасүрэн, П.Жасрай агсан, М.Энхсайхан дарга, хамгийн сүүлд   Оюутолгойн гэрээг хийх улс төрийн болон эдийн засгийн шийдлийн эрсдлийг авч гарсан С.Баяр Ерөнхий сайдыг ч Монголын төр үнэлж, монголчууд хүндэлж явах ёстой л гэж боддог.    Монгол Улс капитал болсон энэ хүмүүсээ эргээд ашиглах л ёстой.

-Таны түүх ч бас дутуугүй юм биш үү. Түрүүний нэрлэснээр бол  1990 оноос хойшхи Монголын таван том үйл явдалд оролцсон байна шүү дээ.
-Би өөрийгөө боддог юм. Ямар нэгэн юм хийлгэх, хийх гэж л би энэ албан тушаалд очсон юм байна гэж. Хувь заяа их сонин. Би 2004 онд Хэрэг эрхлэх газрын дарга биш, Сангийн сайдад яригдаж байсан. Гэтэл УИХ-д асуудал танилцуулахаас хэдхэн цагийн өмнө “намуудын зөвшилцөл эхлүүлсэн учраас энэ ажлаа үргэлжүүлэхийн тулд Хэрэг эрхлэхийн дарга бол” гээд сольсон. Тэгээд Төрийн ордны өмнө Их эзэн Чингис хааныхаа хөшөөт цогцолборыг бариулах эрхэм үүрэг надад ногдсон. Бунханг нүүлгэхэд ил, далдаар маш их ч олон  хүндрэлтэй тулгарсан. Монголчуудын түүхэнд хэн ч ингэж зориглоогүй энэ ажлыг дуусгаад яг шарил шилжүүлэх үеэр ирэх ёстой, ажиллах ёстой хүмүүс нь ирээгүй. Яагаад гэдгийг би ойлгодог л юм. Сүхбаатар жанжны чандарыг би гараараа барьж өвөр дээрээ тавиад л явсан. Бүгдийг ёс журмын дагуу гүйцэтгэсэн. Дараа нь бунхан барих ажил эхлэхэд Баярцогтын балгас гэж бичиж байсан. Тэгэхэд би “за яах вэ, өнөөдөр босоогүй байхад нь Баярцогтын балгас л гэж байна. Боссон хойноо энэ монголчуудын шүтээн болноо” гэж хэлдэг байсан. Одоо би талбайгаар алхах бүртээ би дотоод сэтгэлдээ  Монголынхоо түүхээр бахархаж, ийм агуу үндэстний үргэлжлэл гэдгээрээ омогшдог. Бас 2008 онд би Сангийн сайд болохгүй,  Тэргүүн шадар сайдад яригдсан, намын бүлэг дээрэ ч тэгж тохирсон байсан. Гэтэл С.Баяр Ерөнхий сайд  дуудаад, намын дарга чинь Тэргүүн шадар сайд болгохгүй бол итгэл үүсэхгүй гээд Сангийн сайдад нэр дэьшүүлсэн. Тэгээд би эдийн засгийн хямралыг давах хөтөлбөр, Оросын их өрийн хэлэлцээр,  Оюутолгойн гэрээнд оролцох хувь заяа тохиосон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж даргыг “намуудын амласан 2.5 сая төгрөгийг иргэн бүрт өгүүл” гэж сонгогчид шаарддаг, хэлдэг байсан.  Сонгуулийн дүн гарсан өглөө З.Энхболд бид хоёрыг Ерөнхийлөгч гэртээ дуудуулсан. Очсон чинь Ерөнхийлөгч  “За, Цогоо би  зарим үед, зарим газар өөрийнхөө эсрэг явсаар, ярьсаар байгаад сонгогдлоо. Одоо чи энэ амлалт өгдөгийг л зогсоо, энэ улс орон  даахгүй боллоо” гэсэн. Тэгээд л би Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн тухайн хуульд мөнгөн амлалт өгөхгүй гэдгийг санаачилж хуульчилж байсан. Дээр нь, намын хөтөлбөрүүд улсын эдийн засгийн хүчин чадлаас илүү гарч болохгүй, тэрийг нь аудитаар шалгуулдаг хуулийг батлуулж байсан. Үүний хүчинд 2012 оноос сонгуулийн амлалт байхгүй болсон. Эдгээр ажлыг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт хийх л байсан. Зарим нь хувь зохиолоор над дээр таарсан л байх. Гэхдээ тэр бүгдийг би ганцаараа хийгээгүй, олуулаа, багаараа хийсэн.

-Та Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар яг юу хийх гэж сайд болсон бол 
-Сайд болохоосоо өмнө би Сайханбилэг Ерөнхий сайдад хэлсэн л дээ. Чи сайн бодоорой, намайг сайдаар авах нь сайн ч талтай, муу ч талтай гэж хэлсэн. Тэгээд л авсан. Энд би юу хий ёстой гэхээсээ илүү манай танхим юу хийх гэж байгуулагдсан гэдэг нь л чухал.  Ажил хийх үүднээс нь харвал Оюутолгой, Тавантолгойг хоёуланг нь хөдөлгөх хэрэгтэй.Тэгж байж  Монголын хөрөнгө оруулалтын орчин, нэр хүндийг сэргээнэ, өсгөнө. Энэ сууриа зөв тавьж чадвал эдийн засаг сэргээд л ирнэ. Ямарч гарцгүй, найдваргүй зүйл гэж байдаггүй. Хамгийн гол нь бид хамгийн сайныг нь, Монголдоо хамгийн ашигтай нь олж сонгож, ажил болгож чадах нь л чухал. Улс төрийн хүрээнд  Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг шийдэх нь энэ Засгийн газрын хийх ёстой ажил ,хувь зохиол.

-Хамгийн гол нь сонгууль дөхчихсөн үед төлөвлөсөн энэ бүгдээ хийж чадах болов уу. Магадгүй МАН засгаас гарна шүү дээ
-Чадах л хэрэгтэй. Бид өмнө нь яасан, тэр бэлгийг л МАН бидэнд буцаагаад барьж магалдгүй ээ. Тийм учраас  МАН засгаас гарч магадгүй гэж бодож л ажиллах ёстой. Нийлсэн, хамт байгаа үедээ тохирсноо хийж амжаад, амжаагүйг нь хийх боломжийг нь бүрдүүлээд гараад явахад сонгуулиар  сонголт хийх ард түмэн, Монголд ч ашигтай байж магадгүй. Засгаас гарах үгүй нь МАН-ын сонгуулийн л ажил. Харин зөвшилцлөөр тохирсноо ажл хэрэг болгож, хийх ёстойгоо хийх нь намуудын багтсан Засгий газрын ажил. Улстөрийн сонгууль, Монгол Улсын Засгийн газрын ажил хоёрын аль нь чухал болохыг, алинд нь илүү ач холбогдол өгөх ёстойг Монголын ард түмэн мэдэх, тэр мэдсэнээрээ 2016 оны сонгуульд саналаа өгөх учраас МАН-ыг  засгаас гарчих вий гэдэгт би нэг их санаа зовдоггүй.

Бид нэг эх орон, нэг л эрх ашигтай. Монгол Улсынхаа, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө нэг удаагийн улстөрийн сонирхлоо хойш тавих нь улстөрийн намуудын үүрэг. Тэр үүргээ ухамсарлаж чадахгүй улстөрийн нам бол монголчуудынхаа өмнө сайн нэргүй, ард түмнээсээ мандат гуйх ч нүүргүй л болно.  Монголчууд нийтээрээ сайхан амьдрах нь Монгол Улсын хөгжил болохоос намаараа ээлжилж засаглах нь улсын хөгжил биш, улстөрийн намуудын эцсийн зорилго ч биш.

 Хэвлэлийнхэнд ховор олддог түүнтэй ийнхүү ярилцлаа. Нэг талаар тэр “Нөхөөсний хүн” гэхээр улс төрийн намтартай юм. Монголын нийгэмд улс төр, эдийн засгийн шинжтэй хүндрэл гарах бүрт тэрний ихэнхэд С.Баярцогт оролцсон, зуучилсан байх юм. Нөгөө талаар тэрээр зарим улстөрчдийн хэлдгээр “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх хэлцийн бодит дүр гэлтэй хийсэн ажлынхаа төлөө бас ч багагүй шүүмжлүүлдэг.  Харин өөрөө энийгээ тоодоггүй хэнэггүй, өөрт байгаа капитал, үнэндээ хэт эрддэг, ажлаасаа өөр юманд ач холбогдол бага өгдөг хэнхэг нэгэн ч юмшиг. Гэхдээ юу үнэн гэвэл, цаг хугацаа, хувь заяаны тохиолоор л С.Баярцогт таараад байснаас бус, өөр хэн нэгэн хэзээ нэгэн цагт Оюутолгойн гэрээг байгуулахад, их өрийг үлдэгдлийг төлөхөд, 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давахад, Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөт цогцолборыг босгоход манлайлан, магнайлан оролцох, зүтгэх л байсан. Тэр хүн ч өнөөдөр С.Баярцогтыг тойрч буй сөрөг дайралтуудын дундуур бас л туучих байсан биз ээ. 


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.