Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
А.Гансүх: Хуулийн дагуу л бол Арбитрт ялж болдог
2015 оны 3 сарын 13 [Уншсан тоо: 29043]



Сүүлийн өдрүүдэд олон улсын арбиртрийн шүүхтэй холбоотой хоёр мэдээ хэвлэлээр гарах болов. Эхнийх нь Монголын Засгийн газар “Хан ресурс”-ийн маргаанд ялагдаж, 100 сая долларын төлбөр төлөх болсон тухай. Нөгөөх нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх арбитрийн шүүхэд Англи, Америкийн хуулийн фирмийг ялжээ гэх мэдээ. Энэ нь чухам маргаан байсныг одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй А.Гансүхээс өөрөөс нь тодрууллаа.


-Хэвлэлээр гараад байгаа мэдээллийг тодруулах гэсэн юм. Чухам ямар маргаан байсан юм бэ?
-Нэг их сүртэй биш ээ, энгийн л маргаан байсан юм. Яриад байх хэрэггүй биз дээ.

-Гэхдээ л олон улсын арбитрт хандсан гэхээр тийм ч жижиг маргаан байгаагүй байлгүй дээ?
-Тийм л дээ, Маргаан л бол маргаан. Харин нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь их, бага гэж байдаг. Хэрвээ монголчууд бид өөрсдөө л хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллабал олон улсын арбитр дээр ялж болдог юм гэдэг нь саяын үйл явдлаас харагдаж байгаа юм. Энэ үүднээс нь товч хэлэхэд намайг анх дэд сайд болоход манай улс төмөр зам, агаарын тээврийн салбарынхаа аль алинд төрийн бодлогогүй байсан. Тэгээд 2010 онд УИХ-аас баталсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсгийг яамнаас би ахалсан л даа. Энэ бичиг баримтаа УИХ-аар батлуулсандаа урам авч агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг барьж авсан. Судалгаа хийж салбарын мэргэжилтнүүдтэй уулзсан. Тэгсэн тэд, “сайд аа өмнө нь бид хийх гэж гурван удаа оролдоод чадаагүй юм ш дээ” гэсэн. Яагаад гэхээр, мэдэхгүй болдоггүй юм л гэсэн. Тэгвэл хэдүүлээ чаднаа гээд л ажилдаа орсон.

Агаарын тээвэр бол далайд гарцгүй орны хувьд стратегийн салбар. Дүрэм журам нь олон улсын гэрээ конвенцоор зохицуулагддаг. Агаарын тээвэр бол олон улсын ИКАО-гийнхоо дүрмээр зохицуулагддаг, Чикаогийн конвенцоо мөрддөг салбар. Манай танай улсын хууль гэж байдаггүй. Тийм учраас бид Монголын агаарын тээврийн салбараа ирээдүйд хүрэх олон улсын төвшин, хөгжил зэргийг тооцолж төрийн бодлого гаргах шаардлагатай гэж үзсэн. Олон улсын нэр хүнд бүхий зөвлөх хөлсөлж авсан юм. Тэгээд тендерт “Hogan Lovells” гэж хуулийн фирм шалгарсан юм. Ингээд гэрээ байгуулаад ажилласан. Ажил ч дууссан, 2011 оны арваннэгдүгээр сард бодлогын бичиг баримтаа бэлэн болгоод Засгийн газарт өргөн барьсан. Харамсалтай нь цааш яваагүй.

-Яагаад?
-Улстөрийн нөхцөл байдал нь тэгж таарсан л даа. Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьж амжаагүй байтал 2012 оын нэгдүгээр сард манай нам Засгийн газраас гараад явчихсан. Ингээд энэ ажил зогсч, бидний боловсруулсан бичиг баримт Засгийн газар дээр үлдсэн. Харин 2012 оны сонгуулийн дараа би Зам, тээврийн сайдаар томилогдсон. Тэгээд хамгийн түрүүнд өөрөө мэдэж байгаа, бэлэн байсан ажлаа барьж авсан. Тэгээд дахиж хянаад Засгийн газраар оруулж дэмжүүлээд, УИХ 2013 оны нэгдүгээр сард баталсан. Ингэж Монгол Улс агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Энэ хооронд бид гадаадын зөвлөх компанидаа төлбөрийн үлдэгдэлтэй яваад байсан. Яагаад гэвэл АН Засгийн газраас гарчихсан, тэгээд сонгууль залгаад… Тэгээд бодлогын баримтаа батлуулсны дараа үлдэгдэл төлбөрийг бид шилжүүлсэн л дээ. Гэтэл нөгөө нөхдүүд бүртгэлийн алдаа гарсан юмуу төлбөрөө авснаа мэдээгүй ч юмуу биднээс нэхэж эхэлсэн. Биднийг арбитрт өгнө гэсэн. Манай хүмүүс төлбөр шилжүүлсэн баримтаа аваад очтол, “арбитрт өгчихсөн, тэнд уулзана” гээд буцаасан байдаг юм. Тэгээд л Хонгконгийн арбитраар яваад эцсийн шийдвэр нь бидний талд гарснаар сая дуусч байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn