Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
О.Эрдэнээ: Энэ гэрээгээр бол Оюутолгойн ТУЗ-ийн шийдвэрт бид хэзээ ч нөлөөлж чадахгүй



Монгол Улсын “саалийн ганц үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулах хэлэлцээрт оролцсон нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэр бол үйлдвэр худалдаа, уул уурхайн салбарынхны сайн танил инженер механикч Очирын Эрдэнээ юм. Олон нийт бол түүнийг Үйлдвэр, худалдааны дэд сайд, “Монголросцветмет” компанийн ерөнхий захирал байсан гэдгээр нь мэддэг юм.




-Хоёулаа “Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн байгуулсан, хэлэлцээрийг яаж хийсэн, одоо ид явж байгаа Оюутолгой, Тавантолгойн хэлэлцээрийг хэрхэн ажиглаж сонирхож байгаагаас ярилцлагаа эхлэх үү
-Одоогийн “Монголросцветмет” компанийг 1973, “Эрдэнэт” vйлдвэрийг 1978 онд байгуулсан. Энэ хоёр бол гадаадын хөрөнгө оруулалттай Монголын хамгийн анхны хамтарсан үйлдвэрүүд. Дөч орчим жил ажиллаж байгаа энэ хоёр үйлдвэрийн хэлэлцээрийг хэрхэн хийсэн, яаж байгуулсан, Монголд үзүүлсэн өгөөжийн тухай ярина гэвэл их урт яриа болно. Энэ түүхийн нэг талаас амьд гэрч, нөгөө талаас гар бие оролцож явсан хүний хувьд ганц Оюутолгой, Тавантолгой ч биш, салбарынхаа ажил амьдралыг сонирхож ажиглаж явалгүй яах вэ. Салбарын мэргэжлийн бид нар төдийгүй монгол хүн бүр л уул уурхайг сонирхож байгаа шүү дээ. Чи бичихдээ зөв найруулаарай. Хүн бүр уурхайчин боллоо гэж би ад үзсэн утгаараа хэлээгүй шүү. Харин Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, монголчуудын амьдрал уул уурхай, тэр дундаа Оюутолгой, Тавантолгойгоос хмаарах хамаарал нь их болсон учраас хүн болгон энэ зүгт анхаарлаа хандуулахаас ч өөр аргагүй. Та нар анзаардаг бол Америк, барууны орнуудад бараг хүн бүр өглөөд хоёр төрлийн мэдээг хамгийн түрүүнд үздэг. Нэг нь тухайн өдрийн цаг агаарын мэдээ, нөгөө нь хувьцааны өөрчлөлтийг харуулсан хөрөнгийн биржийн мэдээ. Өөрөөр хэлбэл, тэнд олон хүн хөрөнгийн зах зээлээс хамааралтай байгаатай адил манайд одоо энэ хоёр ордын хувь заяанаас их зүйл хамаарч байна шүү дээ.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах хэлэлцээрт ямар үүрэгтэй оролцож байсан бэ
-Одоогийнхоор бол Засгийн газрын төлөөлөгч гэх үү дээ. Тухайн үеийнхээ нэршлээр бол Эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Монголын комплекс импорт нэгдлийн төлөөлөгчийн албатай. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг иж бүрэн, түлхүүр хүлээж авах зарчмаар барьж байгуулсан юм шүү дээ. Би албан тушаалынхаа функцээр ерөнхий захиалагч талыг төлөөлж бүтээн байгуулалтын ажлууд хэлэлцээр, гэрээ контракт, зураг төслийн дагуу явж байгаа эсэхийг биечлэн хянадаг байлаа. Заримдаа ч өөрөө бүтээн байгуулалтын тоосон дунд орж, хүрз барих өдөр ч олон таарч байлаа. Амьдралын минь сайхан дурсамжтай тэр өдрүүд одоо миний сэтгэлд тод байдаг.

-Ер нь “Эрдэнэт”-ээс жишээлж харвал хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ч, уул уурхайн том ордыг ашиглахдаа ч эхлээд дэд бүтэц, хүн амьдрах хотыг нь бэлтгэдэг юм биш үү. Жишээ нь “Эрдэнэт”-ийг ашиглахын тулд Эрдэнэт хотыг, Багануурыг ашиглахын тул Багануур хотыг байгуулсан байдаг
-Хамгийн зөв дараалал нь тэр л дээ. Дэд бүтцийн асуудлаа шийдсэн уул уурхайн үйлдвэр ямагт нийгэмдээ, улсдаа илүү үр өгөөжтэй байдаг. Ер нь ямар ч компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг сайн шийдэж байж үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй явдаг. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр эхлээд 1974 онд “Эрдэнэт” хотыг байгуулсан. Дараа нь дунд сургууль, тэгээд “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургууль, “Уурхайчин” соёлын ордон зэрэг дэд бүтцээ барьж байгуулсны дараа л 1978 онд “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан. Хүн ажиллаж амьдрах таатай орчноо эхэлж бий болгосон. Үйлдвэрийнхээ дараа “Сэлэнгэ бааз” амралтын газар, “Катюша” цэцэрлэг, “Хангарьд” спортын цогцолбор, үйлдвэрийн эмнэлэг сувилал зэрэг олон бүтээн байгуулалтуудыг хийж, хотынхоо иргэд, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, бид саалиа авахаас өмнө саваа бэлдсэн хэрэг л дээ.

-Гэтэл Оюутолгой дээр бид ч, хөрөнгө оруулагчид ч саваа бэлдээгүй байж шууд саалиа авах гээд байна, тийм үү. Тэнд хүн амьдарч ажиллана гэдгийг тооцохгүй, гагцхүү мөнгөө л илүүд бодоод байх шиг
-Оюутолгойн ажилтнуудыг өнөөг хүртэл түр орон сууц, монгол гэр болон сэндвичэн барилгад амьдруулж, ажиллуулж байгаад би ч сэтгэл дундуур явдаг. Энд ганц хөрөнгө оруулагчдын буруу байхгүй. Манай тал ч санаачилгатай хандах ёстой. Ажилтнууд уурхайн хотхонд гэр бүл, үр хүүхэдтэйгээ амьдрах нөхцөл бололцоо муу учраас 14 хоногоор ээлжилж Улаанбаатар руу ирж очиж ажилладаг. Энэ бол зөөлнөөр хэлэхэд дарамт, 14 хоног алжааж ядарсан биеийг нь улам ядрааж байгаатай л адил. Үйлдвэрийн барилгууд нь хүртэл сэндвичэн барилга байдаг учраас чанар, эдэлгээний хувьд төдийлөн сайн биш. Цаашид Оюутолгой компани ажилтнуудынхаа нийгмийн асуудалд илүү сайн анхаарах хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа хүн бол тэндээс олох гэж байгаа зэс, алтнаасаа илүү үнэтэй баялаг, капитал гэдэг утгаар нь ялангуяа монголчууд бид өөрсдөө санаачилгатай хандах хэрэгтэй.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.

 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.