Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
М.Энхсайхан: Өнөөдөртөө Энхболд дарга, би цэрэг л юм байгаа биз



Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж Тавантолгойн хэлэлцээрийн хамгийн эргэлзээтэй гэмээр зарим асуудлаар ярилцлаа.




-Тавантолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт та тэргүүтэй улстөрчдөөс гадна яг мэргэжлийн хүмүүс байна уу. Төмөр зам, уул уурхайг сайн мэддэг мэргэжлийн хүмүүсийг ямар хэмжээнд оролцуулж байна вэ?
– Байлгүй яах вэ. Сая нэгдэхэд АН-ын бүлэгт танилцуулга хийсэн. Тэгэхэд ганц М.Энхсайхан л хэлэлцээр хийгээд яваа юмшиг хандах хүн байна. Тэр бол асар том алдаатай ойлголт. Үүнээс гадна ажлын хэсгийн мэдээлэл megaproject.mn гэж сайтаар нээлттэй явж байгаа. Тэндээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн, хэн байгааг үзчих боломжтой. Үндсэн ажлын хэсэг гэж бий. Тэр нь бодлогын гол асуудлаа хариуцсан, миний ахлаж байгаа ажлын хэсэг. Үүнээс гадна мэргэжлийн хүмүүс оролцсон дэд ажлын хэсэг гэж бий. Хэлэлцээрийн хамгийн хүндийн төв нь дэд ажлын хэсгүүд дээр явж байгаа. Үндсэн ажлын хэсгийн хувьд Засгийн газрын бодлого, хүсэлтийг уламжлах, ямар хүрээнд ярих тодорхой хайрцаг зааж өгч л байгаа болохоос, хэлэлцээ мэргэжлийн хүмүүсийн хооронд болж байгаа. Дэд ажлын хэсэгт “Эрдэнэс-Тавантолгой”, Монголын төмөр зам компани, мэргэжлийн яамныхан татагдан оролцож байгаа.

Бидний ажил одоо харьцангуй дуусах шат руугаа орж явна. Улстөрчдийн шийдэх асуудал юу вэ гэхээр Техник, эдийн засгийн үндэслэл дээр суурилж байгаад урьдчилгаа хэдийг авч болох, түрээсийн төлбөр хэд байх, 1072 хувьцааг яаж шийдэх зэрэг том мөнгөний асуудлуудыг шийдэх чиглэл л өгнө. Бусад нь мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил.

-АН-ын бүлэгт мэдээлэл хийсэн гэж байна, ойлголцол урагшаа явж байна уу?
-Алхам тутамд ойлголцол явж байгаа. Миний бодоход хоёр долоо хоногийнхоос хамаагүй урагшаа ахисан яриа болсон.

-Олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаа зарим зүйлийг задалж асууя. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын талын мөнгөөр бариад 51 хувийг нь 30 жилийн дараа тэднээс авна гэх юм. Энэ бодитой мэдээлэл үү?
-Хятадын тал биш шүү дээ, “Энержи ресурс” гэж төслийн компани төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтан дор байх юм. Төслийн компани төмөр замыг барьж байгуулах, ашиглахад хөрөнгө оруулна. Тэгээд 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хувийг төрд хүлээлгэж өгөх юм.

-“Энержи ресурс”-ийг үндэсний компани гэж үзэхгүй байгаа гэж УИХ-ын дарга хэлсэн, таныхаар…
-“Энержи ресурс” бол Тавантолгой дээр төслийн компани болж ажиллана. Төслийн компанийн 51 хувийг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС гэж компани эзэмшдэг. Харин энэ толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд “ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө “Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гаднын хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн.

-ММС дотор Монголын компаниудын эзэмшил 60 орчим хувь гэж байна. Гэтэл энэ компани өөрөө нээлттэй хувьцаат компани юм билээ. Тийм учраас “Шиньхуа” ч юмуу, гаднын өөр нэгэн компани тус тусдаа цөөхөн, цөөхөн хувьтай манай үндэсний компаниудын аль нэгний хувьцааг худалдаж авах бололцоотой. Тэр тохиолдолд манай үндэсний компаниуд ММС дотор хяналтын багцаа алдана, 51 хувиас бага болчихно. Ингэвэл Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувьд үндэсний компани орно гэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох юм биш үү?
-Тийм болгоомжлол бий. Ажлын хэсэг ч болгоомжилж энэ талаар ажиллаж байна. Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ.

-Ийм баталгаа, механизм байх хэрэгтэй биз дээ?
-Монголчууд бидний харийнхнаас эмээх, дотоод айдас гэх юм уу, ийм бэрхшээлийг давахад хэрэг болно л доо. Байх хэрэгтэй, хэрэгтэй.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.