Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
З.Энхболд бол АН-даа л “С.Баяр”

АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг ярилцлага өгчээ. Хэлж, ярьсан нь харьцангуй эрүүл энэ залуу улстөрчийн ярилцлагын нэг хэсэгт үнэндээ ой гутав. Нам бус надад төрүүлсэн тэрхүү мэдрэмж АН-д улстөрийн карьер хөөж яваа олон залуусыг урмыг хугалсан биз ээ. Монголд ардчиллыг эхлүүлсэн, эхлүүлсний дараахан АН-д орж ирсэн өнөөгийн лидерүүд нь нэгэн баяр тэмдэглэсэн бололтой юм. Тэгэхдээ, “за, одоо хэдүүлээ 50 нас хүрлээ. Цаашид бидэнд 20 жил бий. Зайгаа тавьж өгөхгүй шүү, үзэлцэнэ шүү, чадал байвал залуус тэмцээд гараад ирэг” гэж хундага тулгаж байхыг О.Чулуунбилэг харснаа ярьжээ. Бас эргэлзснээ ч ярилцлагадаа нуусангүй. Гэвч цаадуул нь үнэн хэлжээ.

АН-ынхан өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхдээ  өнгөн дээрээ дүрмээ тойрч маргалдах боловч үнэн  хэрэгтээ “зайгаа тавьж өгөхгүй” гэсэн “цусан тангараг” нь Монголын улстөрд гацаа үүсгэлээ. Хундага тулгахдаа залуу үедээ гэж байснаа, одоо бол бие биедээ зайгаа тавьж өгөхгүй гэсэн фракцуудын зөрчил нь Ерөнхий сайдыг томилгоог гацаалаа. Мөнгөгүйгээс мөнгөтэйн зовлон илүү гэдэг шиг тус намынхан эрх мэдэлтэйн зовлонг үзэж байна. Үнэхээр ч АН дангаараа эрх мэдлийн ийм их амжилтад урьд өмнө хүрч байсангүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд гурван засаглалыг зэрэг барьчихсан. Дээр нь АТГ, цагдааг атгачихсан, хэвлэлийг бараг базчихсан, парламетад 50 кноп багцалчихсан хэрнээ Засгийн газраа унагана гэдэг бол АН-ын л буруу. Ийм олон давхар хамгаалалт нь эсрэг кноп дарна гэдэг Засгийн газар муу ажиллаж байсны л шинж. Ингэж олон сонгуульд ялуулж, эрх мэдлийн “бялуу”-г өөрөө гардаж хуваачихаад эцэст нь фракцууддаа хэрчүүлж огцрох нь Н.Алтанхуяг засагт Ерөнхий сайдын, намдаа лидерийн хэмжээнд үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй явсны эцсийн хариу байх.  Хэдийгээр МАН санал гаргасан ч, олонхи буюу АН Засгийн газраа өөрсдөө л огцрууллаа. Бараг зөв шийдсэн болов уу. Энэ бүгдийн дараа энэ засагт, Н.Алтанхуягт огцорсон нь огцрохгүй үлдсэнээсээ илүү хүнд, хэцүү болох байсан биз. Асуудал мэдээж ганцхан Н.Алтанхуягт байгаагүй. Засгийн газраа Засгийн газар шиг ажиллах бололцоог фракцууд нь олгоогүй.  Олуулаа ялна гэчихээд цөөхүүлээ засаглаад явчихсан, энэ их бонд, түүний хяналтгүй зарцуулалт, “би үхэхээр чи үх” гэгчээр өөрөө үлдэхийн тулд танхимын сайд нараа түрүүлж огцруулсан, “ЭЗЭН-100” гэж эзэнгүй хөтөлбөр, намуудын цагаа олоогүй гэрээ, фракцуудын зөрчил зэргийн нийлбэр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрууллаа. Хэрвээ хэн ч шаардаагүй байхад өөрөө санаачилж танхимдаа бүтцийн өөрчлөлт хийгээгүй, Н.Энхбаяртай эвсэх гэрээнд гарын үсэг зураагүй бол, улстөрд “унтаж” байсан Э.Бат-Үүлийн “сахал”-аар оролдоогүй бол Н.Алтанхуяг өнөөдөр “Ерөнхий сайдын-30 минут”-аа хөтлөөд сууж байх байлаа. Гэтэл үйл явдал өөрөөр эргэжээ.  “Тэрийг Ерөнхий сайд болгоно, хариуд нь танай фракцид энэ яамыг өгнө” гэсэн  улстөрийн наймаа Төрийн ордны гол яриа болов. Энэ бүгдэд АН-ынхан, тэр дундаа зайгаа тавьж өгөхгүй гэх лидерүүдэд нь илүү буруутай. МАН-аас боллоо, Н.Энхбаяраас боллоо, ерөөсөө тогтолцоо болохгүй байна гэх матрын нулимс АН-ынханд одоо зохихгүй. Харин үүний оронд манлайлах чадваргүй болсон лидерүүдээ илүү буруутга. Нам дотроосоо Ерөнхий сайдаа тодруулж, АН-аа эвлүүлж чадахгүй байгаа хүмүүс дахиад 20 жил намынхаа тэргүүн эгнээнд явж чадах уу, үгүй юү гэдгээ эргэцүүлэх цаг болжээ. Жишээ нь, шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн хэрнээ намын шийдвэр болгон эцэслэж чадахгүй, улстөрийн наймааны илүү сайн санал хүлээх мэт сунжруулж буйд ч лидерүүд нь л буруутай.

Ер нь л АН цонхоо онгойлгож салхи оруулахгүй  бол Монголын улстөрд 1990 оны гавьяагаа үүрд үнэлүүлж явах, намаа үргэлжийн хувьсгалчдын байгууллага байлгах, “ардчилсан хувьсгалыг би эхлүүлсэн, би өлсгөлөнд суусан, чи тэгэхэд хаана байсан юм бэ” гэх улстөрийн шалгуур нь  явуургүй болсныг энэ өдрүүдийн үйл явдал харуулж байна. Шинэ цагийн дууг хуучин нотоор тоглож болдоггүй гэдэг энэ ажээ.  Өөрөөр хэлбэл, АН өнөөдөр манлайлалгүй,  лидергүй болжээ. АН-ын лидерүүдийн  Монголд ардчилсан хувьсгал эхлүүлсэн, түүчээлсэн гавьяаг  монголчууд үүрд үнэлнэ, хүндэлнэ. Энэ нь улстөрийн түүхэнд  тэтгэвэрт гарахгүй гавьяа мөн ч, их улстөрийн толгойд үргэлж явах “ногоон карт” биш шүү дээ. Дэлхийн хамгийн хаалттай Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд ч хоёр удирдагчаас нь өөр хүнд ийм мөнхийн гавьяа, мөнхийн албан тушаал байдаггүй юм.

АН-ын лидер төрүүлэх технологид фракцууд нь хамгийн их саад болдог. Улстөрийн эрх ашгаа эрмбэлэхдээ АН, МАН ялгаагүй. Гэхдээ МАН-ынхан ядаж л нам энэ албан тушаалд дэвшүүлсэн учраас гэдэг бол, АН-ынхан “фракц намайг энэ ажилд томилуулсан, миний албан тушаал бол манай фракцын квот” гэж ханддаг. Уг нь намыг ч, фракцыг нь ч засаглах боломжийг ард түмэн олгосон юм шүү дээ. Фракцын эрх ашиг нь хангагдаагүй, фракцтай нь ойлголцоогүй бол намын эрх ашиг АН-ынханд огт хамаагүй. Улс орных бүр хамаагүй бололтой.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах процесс яг л тийм дүр төрх, үл ойлголцлоор АН дотор өрнөж байна. УИХ дахь намын бүлгийнх нь 27 гишүүний саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд “Алтан гадас”-ынхан хүлээн зөвшөөрөхгүй хурлаа хаяв. Намын дарга нь намынхаа шийдвэрийг эсэргүүцдэг, хурлаа хаяж эсэргүүцдэг жишээ хэр олон байдгийг мэдэхгүй.  Бас Хяналтын ерөнхий хороо гэж намын бүтцийн байгууллага бүлгийнхээ шийдвэрийг хүчингүй гэж УИХ-ын мэдэлд халдав. УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрийг шүүх эрх намд байхгүй. Бодвол Л.Байгаль даргатай тус хороо намаа, УИХ-ыг бүр үгүйсгэж “Алтан гадас”-ын даалгавараар дуугарч байгаа нь энэ бололтой юм. Ерөнхий сайдад зөвхөн намын дарга нэр дэвшүүлэх эрхтэй гэх дүрмийн заалт хэлэх. Нөгөө хэсэг нь намын даргаа дүрмийн бус, Их хурлаас сонгогдоогүй, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болж байж гэж хариу таглах. Хэдэн жилийн өмнө АН удирдлагадаа хоёр хуваагдаж, хоёр даргатай болж, нэг нь тамгаа авч зугтсанаас хоёр тамгатай болж байснаас наахнуур л юм болж байгаа янзтай.  Дүрэм тойрсон энэ мэт хэрүүл, наанаа шударга дүр эсгэсэн эх оронч үгсийн цаана бие биедээ зайгаа тавьж өгөхгүй гэсэн өнөөх хундаганы ерөөл,  фракцуудын тэмцэл, Ерөнхий сайдад нэр дэвшигч ч юмуу, фракцууд нь наймаа тохироогүй, найраанд орохгүй яваа л хэрэг шүү дээ. Түүнээс бус, Ерөнхий сайдад  Н.Алтанхуяг л нэр дэвшүүлэхгүй бол АН-д, Р.Амаржаргалаас өөр хүн л  Ерөнхий сайд болохгүй бол улс оронд галав юүлэх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхдээ Н.Алтанхуягийг огцруулснаар бондын өр тэглэгдэхгүй, Оюутолгой хөдлөхгүй, долларын ханш буухгүй. Ер нь л санхүүгийн хүндрэл, засаглалын хямрал тэр хүнтэй хамт огцорчихгүй. Харин ч ойлгомжгүй байдал удаан үргэлжилж болохгүйг УИХ, тэр дундаа эрх баригч АН-ынхан илүү ойлгож, илүү ухамсарлах учиртай.

Гэтэл зарим нь Үндэсний зөвлөлдөх хороон дээрээ бүлгийн шийдвэрээ унагана гэх юм. Р.Амаржаргал энэ засгийг эсэргүүцэж, бүлгийг хуралдаа суудаггүй байсан, УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан гээд улстөрийн ёс зүй, соёл талаасаа шалтаг түүнд бий.   Гэхдээ эдийн засагт эерэг мэдээ их чухал. Үүнтэй адил Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ гэдэг мэдээ нийгэмд ч, гадаадын хөрөнгө оруулагчдад ч эерэгээр очиж байна. 2015 он санхүүгийн хүндрэлтэй жил. Тийм учраас Р.Амаржаргал  өмнөх засгийн үргээсэн гаднын хөрөнгө оруулагчдыг эргэж дуудах урилга нь, монголчуудыг улсын эрх ашиг дээрээ нэгдэхэд цавуу нь байж чадна гэдэгт олон хүн итгэж байна. 2015 он бол сонгуулийн өмнөх жил. Фракцуудыг АН-ын тугийн дор нэгтгэх цэг дээр гагцхүү Р.Амаржаргал л зогсох бололцоотойг түүнийг сая Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн фракцуудын зөвшилцлөөс харж болно. Учир нь тэрээр өмнө нь Ерөнхий сайд байснаас гадна улстөрд явахдаа фракц байгуулан намаа задалж яваагүй. Харин ч ардчиллын төлөөх таван намын нэгдлийг манлайлж, нийлүүлж явсан хүн. Тийм учраас нийгмийн дэмжлэг, нийгмийн хүлээлт, нэгдэх хүчийн эсрэг үл сөрөх саруул ухаан АН-ын олон мянган гишүүдэд бий нь гарцаагүй юм. Тэгээд ч УИХ дахь намын бүлгийнхээ 27 гишүүний дэмжлэггүйгээр шинэ нэр дэвшигч, шинэ Засгийн газар яаж байгуулагдаж, яаж ажиллана гэж бодож байгаа юм, мэдэхгүй. Магадгүй тэдний хувьд фракцуудын эрх ашиг л хангагдаж байвал түр “тоглоомын Засгийн газар” байгуулсан ч хамаагүй бололтой. Хэрвээ АН-ынхан хурдан учраа олж, өмнөх Засгийн газраас илүү эрчтэй ажиллах, ихийг бүтээх, ядаж л хоёр намаас “явсан” хэсэг хүнтэй бус, илүү сайн хамтрагчаа онож сонгосон шинэ танхим байгуулж чадахгүй бол одоо дуншиж буй Р.Амаржаргалын Засгийн газар тоглоомын байж болох улстөрийн нөхцөл бодитой бий. Түүний танхимыг яаж ч ойлголцож бүрдүүлсэн шинэ Засгийн газрыг томилсны маргааш л АН-д гомдогсод бий болно. Тэдний хорсол, гомдол дээр АН-ынхан ч, сөрөг хүчин ч тоглоно. Уг нь сая өөрөө хүссэнгүй. Түүнээс бус, Ерөнхий сайдад З.Энхболд нэр дэвшсэн бол цаг хугацааг ингэж сунжруулалгүй гараад ирэх байсан байж ч магадгүй. Учир нь тэрээр АН-ын дараагийн даргад бэлтгэгдсэн, өмнө нь өрсөлдөж олон нийтийн дунд  орон зайгаа ч бэлтгэчихсэн хүн. Одоо үйл явдал огцом өөрчлөгдөхгүй л бол ирэх сард хуралдах АН-ын их хурлаас З.Энхболд намын даргаар сонгогдож таарна. ҮЗХ, гүйцэтгэх зөвлөлөө ч санаснаараа, фракцынхаа сонирхлоор бүрдүүлнэ. Энэ бүхний эцэст, тэр цаг үед хэрвээ Засгийн газар муу нэр хүндтэй байвал С.Баяр шиг “намын даргын хүлээх хариуцлагад дүйх эрх мэдэлд УИХ-ын даргын албан тушаал хангалтгүй байна” гэх мэдэгдэл З.Энхболдын амнаас гарахыг үгүйсгэхгүй. Ер нь алсыг харсан стратегич нь ямар байдаг юм, намаа эвлүүлж базах “улстөрийн хатуу самар” талаасаа З.Энхболд бол өнөөдөр АН-даа л хэдэн жилийн өмнөх “С.Баяр” шүү дээ.  

Хамгийн гол нь дахин нэг Засгийн газрыг шинээр байгуулах сонгуулийн цаг хугацаа АН-д байхгүй, тийм улстөрийн эрсэдлийг даах эдийн засгийн чадамж Монгол Улсад бараг үгүй. Тийм учраас сөрөг хүчин хийгээд эсрэг бүлэглэлийн улстөрийн тоглоомонд АН-ынхан ахиж орохгүй, ядаж л өөрсдөө явж очихгүй байх шударга ёс дээр суурилсан эв нэгдлийг шинэ Ерөнхий сайд бий болгох хэрэгтэй. Мөн ардчиллыг хайрцаглаж болдоггүйг, улстөрийн багийн тоглолтыг фракцын хэмжээнд явуулж болдоггүйг, хаан хүн зөвлөхийн сайнд засагладаг юм байна гэдгийг огцорсон Засгийн газраас сургамж болгон авч үлдээсэй. Өмнө нь Н.Алтанхуяг намаа олон сонгуульд ялуулсан гавьяагаар  огцрохоос айдаггүй байсан бол, Р.Амаржаргал шударга, илүү сайн ажиллахгүй бол дараагийн Ерөнхий сайд бэлэн гэдгээс болгоомжилж ажиллахад  илүүдэхгүй л байх.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.