Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Си Зиньпинийн үлдээсэн гэрийн даалгавар
Үнэндээ БНХАУ-ын дарга бол хэзээ ч бүрэн эрхэт Монгол Улсад гэрийн даалгавар өгөх эрх мэдэлтэн байгаагүй, цаашид ч байхгүй. Тэгэхдээ манай улсын хөгжил БНХАУ-аас хамааралтай нь үнэн билээ. Яагаад гэвэл хүн шивэртэй гээд хөлөө тайраад хаядаггүйтэй адил Хятадад дургүй гээд бид хөршөө сонгодоггүй. Хөл, хөрш хоёр хоёулаа бурхны өгөгдөл. Тэгээд ч өнөөдөр БНХАУ-ыг зөвхөн Хятад гэж харах нь учир дутагдалтай, дэлхий хавтгай гэж маргасантай адил. Өнөөгийн Хятад бол нэг улсаас гадна дэлхийн зах зээл. Бараг Монголоос бусад нь Хятадыг дэлхийн зах зээл гэж харж, ялангуяа уул уурхайн баялагтай нь урд хөршийг тойрон амьдарч байна.  Дэлхийн хоёр номерийн эдийн засаг, дэлхийн нэг номерийн аж үйлдвэрийн төв хаана байна, Хятадад байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн зах зээлтэй хил залган оршиж буй нь бидний давуу тал. Харин бид энэ давуу талаа сул тал болгох нь олонтаа.  Энэ нь бидний бараг генд байх хятад хүнд дургүй гэх болгоомжлолоос гадна, урд хөрш маань зарим талаар манай улсын хувьд хаалттай зах зээл байлаа. Тэгвэл энэ хаалтыг илүү нээлттэй болгосонд “дэлхийн зах зээл” хэмээх үл үзэгдэгч вант улсын  тэргүүн-Си Зиньпинийн айлчлалын ач холбогдол оршино. Түүнээс бус, манай зарим хэвлэлийн онцолсоноор “Бид хөрш рүүгээ газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй, Монгол Улсын бүрэн эрхэт байдлыг хүндэтгэнэ” гэх Хятадын даргын үгийг би хувьдаа чухалд тооцохгүй. Ингэж хэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ тэгж хэллээ гээд баярлаад, түүнийг нь айлчлалын амин сүнс байсан мэтээр давтах хэрэггүй. Хэвлэлийнхэн үүнийг нь өрдөх нь буруу. Хятадаас болгоомжлох айдастай явдаг зарим монгол иргэдэд Си Зиньпин даргын үг сайхан л сонсогдсон байх. Тэгэхдээ сайн, муу ямарч мэдээ жалгандаа үлдэх боломжгүй болсон энэ цаг үед өөрсдийнхөө сул талыг дэлхийгээр нэг цацаж айдас, болгоомжлолоо ил гаргах хэрэггүй. Яагаад гэвэл Монгол бол дэлхийд данстай, олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-д бүртгэлтэй тусгаар тогтносон бүрэн эрхэт улс. Тийм учраас Хятадын даргын дээрх үг харин ч дипломат ёсны алдаа, илүү үг гэж дэлхийн хамтын нийгэмлэгт сонсгох нь айдсаа мэдрүүлснээс дээр хувилбар.

Хэрвээ иргэдийн амьдрал, улсын хөгжилд улстөрөөс эдийн засаг илүү жин дардаг нь үнэн юм бол энэхүү айлчлалын түүхэн гэрээг зам тээвэр, дэд бүтцийн салбарт зурлаа. Хамгийн нэгдүгээрт, Хятадын нутгаар далайд гарах, буцах, дамжин өнгөрөх транзит тээвэр баталгаатай боллоо.

Урьд нь манай улс Хятадын нутгаар тээвэр хийх албан ёсны зөвшөөрөлгүй, баталгаагүй байв. Ийм нөхцөлд төмөр замын цариг нарийн байгаад ч нэмэргүй, манай бараа урьдын адил Эрээн, Ганцмодны боомтоос цааш явдаггүй байлаа. Одоо бол 1990-ээд онд худалдаа хийх эрх олж авсан Тяньжинаас гадна Даялан, Бандон, Жинжоу зэрэг зургаан боомтод Монгол Улс худалдаа арилжаа эрхлэх зөвшөөрөлтэй болж, эдгээр боомт хүртэл Хятадын нутгаар  татвар, тарифын онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр төмөр замын транзит тээвэр хийх эрхтэй болжээ. Зүйрлэхэд Оросын тээвэр Монголын нутгаар хөндлөн гулд явдаг шиг тийм эрх Хятадын нутагт монголчууд бидэнд олддоггүй байв. Бид Оросын тээврийг Сэлэнгийн Алтанбулаг дээр таг зогсоохтой адил, хятадууд Монголын тээврийг Эрээн, Ганцмодноос цааш явуулдаггүй байлаа. Одоо бол нүүрсэн дээр жишээ болгож тайлбарлахад далайн боомтод хүрснээр Монголын нүүрсийг хятадууд өөрсдөө авна, басхүү гуравадгч зах зээл-солонгос, японууд сонгож авна. Ингэснээр Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх, эцсийн хэрэглэгчдээ хүрэх, үнэ өсөх боломж нээгдэж байгаа юм. Яагаад гэвэл далайн боомтын үнэ бол дэлхийн зах зээлийн үнэ. Эрээн, Ганцмодны боомтын буюу хилийн үнэ бол Хятадын л үнэ. Тэгэхээр манай компаниуд олигтойхон, овсгоотойхон байж чадвал гол өрсөлдөгч Австралитай нэгэн адил нөхцөлд нүүрсээ зарах эрхзүйн боломж, зах зээлийн таатай орчин энэ айлчлалаар нээгдлээ. Энэ нь урьд өмнө нь байгаагүй, анх удаа цаасан дээр бууж байгаа хоёр улсын төрийн хамтын  шийдвэр юм. Уг шийдвэрийн ач холбогдол зөвхөн Хятад, Монголоор хязгаарлагдахгүй. Далайн боомтоос худалдан авалт хийдэг, бидний хувьд гуравдагч зах зээл хэмээн тунхаг төдий явсан  Япон, Солонгос улс ч Монголын нүүрсийг авах эрхзүйн бодит орчин, боломжит зах зээлтэй боллоо. Ингэж Монгол Улс дэлхийн зах зээлд гарцтай болоход төмөр замын салбар нь төрийн бодлоготой болсон, энэ салбарт төрийн залгамж чанар сүүлийн хоёр сонгуульд хадгалагдсан, сайд А. Гансүх нь олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн, уул уурхай, төмөр замын салбарт хоёр улсын хамтрах сонирхол зэрэг нь эерэгээр нөлөөлсөн нь гарцаагүй юм.   

Үүнээс гадна манай улс урд хөрштэйгөө 4700 гаруй км урт газраар хиллэдэг атлаа Замын-Үүд-Эрээн гэх төмөр замын ганц л гарцтай. Одоо нэмээд Дорнодын Сүмбэр, Сүхбаатарын Бичигт, Өмнөговийн Ганцмод, Шивээхүрэнгээр төмөр замын боомт нээхээр тохирчээ. Угаасаа ачааллаа дийлэхгүй байгааг бодолцон зөвхөн хоёр улсыг төдийгүй Ази-Европыг холбох хамгийн ойр, боломжит коридоруудыг нээх нь манай улсын эдийн засгийн тэлэлт, бүс нутгийн хөгжилд онцгой хувь нэмэртэй.

Эдгээрээс гадна ялтан шилжүүлэх, 162 сая ам.долларын зээлийн хэлэлцээр, оюутан сургах, солилцох, зарим салбар хамтын ажиллагаа зэрэг хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгууллаа. Ер нь гадаад харилцааны талаасаа сэтгүүлчид бидний багахан гадарлах түүхэн, улстөрийн, ажлын, гэх айлчлалуудын бүх шинж тодотголыг бүгдийг багтааснаараа БНХАУ-ын даргын айлчлал онцлог байв.

Айлчлал дууссан, тэр гэрээ нь зөв буруу гэж шүүхэд одоо бараг оройтсон. Хэлж ярьсандаа хүрдэгтэй нь хүн нөхөрлөж, тохирсондоо байж, тогтвотой орчинтой улсад хөрөнгө оруулалт орж ирдэг юм. Хятадын дарга хөгжлийн галт тэргэнд хамтдаа суух урилга илгээж, манай улс хүлээж авлаа. Бүх юм бандан тас. Арван жилээр сонгогддог, энэ хугацаандаа нэг улсад бараг л ганц удаа айлчилдаг дүрэмтэй, бодлого нь тогтвортой, залгамж чанартай Хятадын төртэй дөрвөн жилээр бодлого нь солигддог, замд нь тохиолдлын хүн орж ирдэг Монголын төр яаж хэрхэн хамтарч ажиллах их сорилын өмнө бид ирлээ.  Хятадын даргын айлчлалаар шийдсэн асуудлууд нь сайхан ч биднийг урьд өмнөхөөсөө илүү ухаантай, дотооддоо эв нэгдэлтэй байх гэрийн даалгавар, сорилт үлдээлээ. Энэ даалгаврыг нь давж байж гэмээнэ бид улсаараа хожино, хохирвол улсаараа хохирно. Одоо бид жишээ нь, төмөр замын маршрут, цариг нь геополитик уу, эсвэл дан ганц эдийн засгийн асуудал уу гэдгээ шийдэж, тэр дагуугаа мэддэг нь, асуудлаа ярьдаг газраа ярихаас өөр сонголтгүй болж байна. Бүгдээрээ уул уурхайчин, төмөр замчин байхаа больж, шаардлагатай гэвэл Монголын эрх ашгийн төлөө л бол сэтгүүлчид бид ч хамжааргатай дуугарч, амаа татахад бэлэн байна.  Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа, хөршүүдийн эрх ашигт хамаарах асуудлаар ганц цонх-нэг амаар ярьж байж Си Зиньпиний айлчлалаар тохирсон, В.Путиний айлчлалаар тохирох асуудлуудыг Монголдоо ашигтайгаар шийднэ. Тэгэхгүй, урьдын адил геополитик ч үгүй, мөнгө ч үгүй, царигаар талцаж хэрэлдээд явбал бусдын олз болно, босгосноо  л нураана.

Манай улс бол Орос, Хятадын стратегийн хүрээнд багтах улс мөн. Харин тэдний  эдийн засгийн өрсөлдөгч нь ерөөсөө биш. Манай төмөр зам, цариг бол энэ хоёр улсын хоёулангийнх нь бараг геополитик. Оросуудад манай зам, хятадуудад манай нүүрс илүү хэрэгтэй ч нүүрсээр хааж боолоо гээд Хятад хохирохгүй, Монгол хожихгүй. Ер нь бид л эндээ өргөн, нарийн гэж хэрэлдээд байгаа болохоос “Монгол ингэж шийдэх гээд байна” гэж бидний дайны сандарч байгаа юм тэнд, Орос, Хятадад байгаа юм уу. Хэрвээ Монгол Улс хөгжье, ганцаараа мухар зам болж үлдэхгүй л гэж байгаа юм бол хөршүүдтэй хамт явахаас өөр сонголтгүй. Сая Хятадын дарга чуулганы индэр дээрээс “ганцаар явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” гэсэн нь Хятад бол Монголгүйгээр удаан, бас хол явж чадна, харин Монгол Улс эдийн засгийн хувьд Хятадгүйгээр хэр хол, хэр удаан явж чадах вэ хэмээн ам асууж байгаатай агаар нэг сонсогдов. Үнэхээр л Хятадгүйгээр, хөршүүдгүйгээр хол битгий хэл, удаан явах ч бололцоо бидэнд бий бил үү. Тийм дархлааны вакцины бэлэн жорыг хөршүүд, Си Зиньпин юмуу, В.Путиний аль нь ч авчирч өгөхгүй. Бид өөрсдөө л гаргаж авна. Үүний эхлэл нь дотоодын эв нэгдэл, улстөрчдийн эрх ашгийн зөв эрэмбэ юм.  Улсын маань газарзүйн байрлал хоёр том гүрний дунд ч, улсаараа дэлхийн нэг гишүүн байх нь “Тайфун” хэмээх Хятадын хөгжлийн “хар шуурга”-нд туугчихгүй үлдэх бас нэгэн дархлаа юмсан.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.