Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Л.Хангай: Төмөр замыг геополитик, бас геостратегитай холбож ярих хэрэгтэй

Монгол-Оросын хамтарсан  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан “Оросын төмөр замууд” (РЖД) нийгэмлэгийн Монгол дахь охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хангайтай төмөр замын хөгжлийн талаар ярилцлаа.

-Манай сонинд саяхан нийтлэгдсэн Орос-Монголын харилцааны талаархи таны ярилцлагыг олон хүн нэлээд сонирхлоо. Энэ удаа тантай зөвхөн төмөр замын талаар ярилцах гэсэн юм. Та дипломатч хүн байж яаж яваад төмөр замтай холбогдчихов оо?

-Төмөр замтай холбогдсон тухайд, 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Ерөнхий сайд В.В.Путин нар манай оронд айлчлах үеэр “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, шинээр төмөр зам барих талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу энэ ажлыг хариуцах “Дэд бүтцийн хөгжил” гэдэг хамтарсан компани байгуулагдсан юм. Тэр жил миний ОХУ-д суугаа Элчин сайдаар ажиллах томилолтын хугацаа дуусч байсан юм. Тэгээд л намайг энэ компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллахыг санал болгохоор нь миний бие зөвшөөрсөн хэрэг. Энэ нь татгалзах аргагүй, хэн хүнд тохиогоод байхааргүй санал байсан л даа. Яагаад гэвэл Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам ” бол манай хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үр өгөөжтэй, ашигтай төсөл. Маргаангүй үнэн гэвэл энэ төмөр замтай Монгол орны хөгжил шууд холбоотой. Өнөөдрийн Улаанбаатарын байшин барилгууд, Дарханы үйлдвэрүүд, “Эрдэнэт” комбинат энэ бүгд чухамхүү төмөр замын ачаар л сүндэрлэн боссон. “Улаанбаатар төмөр зам” нэгэн үе МонголУлсын ачаа тээврийн 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байсныг энд зориуд тэмдэглэмээр байна. Манай орны цаашдын хөгжил энэ зам болон шинээр баригдах төмөр замтай бас л холбоотой байх нь тодорхой.

-“Дэд бүтцийн хөгжил” компани өнгөрсөн хугацаанд чухам ямар ажил амжуулсан, одоо юун дээр ажиллаж байгаа вэ?

-Манай компанидэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын “Бостон консалтинг групп”(BCG)-тэй хамтарч “Монгол Улсын Төмөр замын  дэд бүтцийн хөгжлийн бодлого ба үзэл баримтлал”, “Эрнст энд Янг” компанитай хамтарч “Монгол Улсын Төмөр замын дэд бүтцийн хөгжлийн санхүүжилтын үзэл баримтлал”, РЖД-гийн “Гипротранстэи” болон “Росжелдорпроект” компанитай хамтарч шинээр барих зарим төмөр замын урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл, тооцоо зэрэг баримт бичгийг боловсруулсан. Эдгээр нь УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад тулгуур баримт бичиг болж өгсөн юм. Манай компани шинээр баригдахаар зарлагдсан төмөр замуудын хэд хэдэн тендерт оролцохоор саналаа өгсөн ч тодорхой учир шалтгааны улмаас шийдэгдээгүй байна. Эцэстээ компанийнОросын талын үүсгэн байгуулагч РЖД-гээсМонголын талын хувийг авах саналыг манай Засгийн газарт тавьсныг Засгийн газар зөвшөөрч зохих шийдвэр гаргасан.Тийм учраас РЖД “УБТЗ”-ын шинэчлэл, шинээр төмөр зам барих зэрэг төсөлд “Дэд бүтцийн хөгжил” ХХК-иараа дамжуулан оролцох болно гэдгээМонголын талд удаа удаа мэдэгдээд байгаа.

-Тэгвэл “Дэд бүтцийн хөгжил” компани одоо Оросын компани болчихсон хэрэг үү?

-Тэгсэн, зуун хувь РЖД-гийн охин компани болсон.

-“Улаанбаатар төмөр зам”-ын ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-аас ирсэн төлөөлөгчид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцаж тодорхой тохиролцоонд хүрсэн үү?

-ОХУ-аас РЖД-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов тэргүүтэй төлөөлөгчид ирж ойн арга хэмжээнд оролцсон. Хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцсон л доо. Гэхдээ миний бодлоор энэ айлчлалаас хэдэн хоногийн өмнө ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын хийсэн айлчлал илүү ач холбогдолтой гэж үзэж байна. Н.П.Патрушевыг их өргөн бүрэлдэхүүн дагаж ирж, чиглэл чиглэлээр уулзалт хийсэн гэж сонссон. ОХУ-д бодлогын гол асуудлуудыг юуны өмнө Аюулгүйн Зөвлөл дээрээ шийддэг. Тийм учраас Монголтой холбоотой томоохон төслүүд, түүний дотор төмөр замтай холбоотой асуудлыг урагшлуулахад энэ айлчлал чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Нөгөө талаас Н.П.Патрушев ОХУ-ын Ерөнхйилөгч В.В.Путиний хамгийн ойрын хүрээний хүн тул түүнд ярьсан зүйл В.В.Путинд шууд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

-Төмөр замыг геополитиктой холбож их бичих юм. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тэгж ярьж, бичих нь бас аргагүй юм билээ. XIX зууны сүүлээр АНУ-д Атлантын далайн эргээс Номхон далайн эрэг хүртэл төмөр зам тавьснаар эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжих үндэс тавигдаж улс орны нэгдмэл байдал нь улам баталгаажсан байдаг. Хаант Орос улс зүүн хойд Хятад дахь өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Дорнод Хятадын төмөр замыг тавьсан.  Орос-Японы дайныг ч мөн энэ төмөр замтай холбоотой гэж үздэг. Төмөр зам тавигдсанаар энэ бүс нутгийн хүн ам 30 жилийн дотор найман сая байснаа 38 сая болтлоо нэмэгдэж, эдийн засгийн хөгжлөөрөө Хятаддаа тэргүүлэх болсон байдаг. Өнгөрсөн зууны эхээр манай хойд хөрш Хиагтаас Хүрээ хүртэл, урьд хөрш Хаалганаас Хүрээ хүртэл төмөр зам тавихаар ярьж байсан боловч санхүүгийн болоод бусад олон учир шалтгааны улмаас тавьж чадаагүй. Хэрэв аль нэг нь тавигдсан бол Монгол орны өнөөгийн дүр зураг их өөр байх байсан нь мэдээж. Тухайн үед нэг километр төмөр замыг үйлчилж ажиллуулахад 20-25 хүн хэрэгтэй байдаг байсан байна. Цөөхөн хүн амтай нүүдэлчин монголчууд ийм ажил хийж чадахгүй байсан нь мэдээж учир гадны ажилчид ирж суурьшин ажиллах байсан байх л даа. Бас тэгээд төмөр зам дагаад хот суурин газрууд бий болдог жамтай. Дэлхийн II дайны дараа манай улсын статус-кво олон улсын хэмжээнд баталгаажсан, бас найрсаг харилцаатай хоёр улстай хиллэх болсон тул нөхцөл байдал өөр болсныг бид мэднэ.

Төмөр замыг геополитиктой холбож ярихын зэрэгцээ бас геостратеги, геостратегийн ач холбогдолтой төмөр замын тухай ярих хэрэгтэй юм билээ. Манайд геостратегийн ач холбогдолтой төмөр зам гэвэл Орос, Хятадыг холбосон одоо байгаа энэ зам яах аргагүй мөн. Энэ зам Орос, Хятад гэсэн хоёр аварга зах зээлийг холбоод зогсохгүй ойрын хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятадыг Европтой холбож байна. Иймд бид “Улаанбаатар төмөр зам”-аа хос замтай болгож цахилгаанжуулах ажлаа яаралтай хийж транзит тээврээ нэмэгдүүлж чадвал том уурхайнуудаас илүү ашиг олохоос гадна Евразийн геополитик, тээврийн интеграцидөөрийн орны байр суурийг бэхжүүлж авна гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Одоо тэгвэл манайх хаашаа, ямар царигтай зам барих нь зүйтэй гэж үздэг вэ?

-Хариулт тодорхой шүү дээ. УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлаад өгсөн. Бодлогын энэ баримт бичигт хаашаа хэдэн километр зам ямар зорилгоор барих гэх мэт бүх зүйлийг заачихсан байгаа. Тэр ч битгий хэл царигийнхаа асуудлыг шийдэх арга замыг хүртэл хэлээд өгсөн байдаг. Ажиглаад байхад эхлүүлэх дараалал дээр маргаан байдаг бололтой. Төр, засаг шийдэх ёстой асуудлуудаа яаралтай шийдээд ажлаа эхлүүлбэл замыг богино хугацаанд барих бололцоотой гэж үзэж байна. Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 700 гаруй километр төмөр замыг эхэн үедээ Зөвлөлтийн хоригдол цэргүүд, сүүлдээ гэрээт ажилчид 1953-1956 онд,өөрөөр хэлбэл ердөө гуравхан жилийн дотор барьсан байдаг. Тухайн үед техник гэж юу байлаа гэдгийг санах хэрэгтэй. Дээд тал нь таван тонны л самосвалтай байсан биз. Мэдээж трактор, экскаваторуудыг нь одоогийнхтой зүйрлэхийн ч аргагүй. Ер нь “Улаанбаатар төмөр зам”-ыг тухайн үеийн ЗХУ-ын хүч, хөрөнгөөр барьсан гэдгийг дахин сануулж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайн үед техник гэж юу байлаа гэдгийг санах хэрэгтэй. Бас Соловьевск-Эрээнцав-Баянтүмэнгийн 238 километрөргөн төмөр зам, Хэрлэн-Тамсагбулагийн 380,5 километр нарийнтөмөр замыг 1939 оны Халх голын дайны үед оросууд ажлын 76 хоногт багтаан барьж байсан баримт хүртэл бий. Яахав, хүнд даацын зам биш байсан гэдэг нь ойлгомжтой л доо. Энд сонирхуулж хэлэхэд нэгэнт ашиглахгүй болсоннарийн төмөр замын рельс төмрийг манайхан хожим нь хуулж аваад аймгуудыг холбосон телефон утасны шугамын шонгийн хөл хийж ашигласан байдгийг одоо ч хөдөө явж байхдаа ажиглаж болно. Манайд төмөр зам барихад тунель гаргаад байх уул нуруу, том гүүр тавиад байх гол мөрөн ховор шүү дээ. Одоо техник, технологи боловсронгуй болсныг тооцох хэрэгтэй. Ингээд бодох юм бол төрийн бодлогод туссан замуудыг хэдхэн жилийн дотор барьчих бололцоо бий. Харин яаж санхүүжүүлэх, хэнээр бариулахаа төр, засаг хурдан шийдэх хэрэгтэй. Энд зориуд хэлэхэд, манай орны төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хоёр хөршийнхөө төмөр замын байгууллагуудтай нягт уялдаатай ажиллах хэрэгтэй. Төмөр замын асуудлаар гурван талын өндөр хэмжээний уулзалт хийх талаар манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаа нь үнэхээрийн чухал. Үүнд маш сайн бэлтгэж оролцох ёстой.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.