Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж

-Хонхоо дуугаргахаас өөр сонголт үлдсэнгүй-


УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

-Тантай би УИХ-ын гишүүний чинь хувьд ярилцаж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ удаа нүүрс, төмөр, Сайншандын тухай бараг асуухгүй, мал аж ахуй, ноос ноолуурын тухай огт ярихгүй. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг таны дотор явдаг бодлоос ярилцлагаа эхлэх гэсэн юм. Жишээ нь, сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр таны энэ парламентын үеийн улстөрийн карьер дуусч байна гэж зарим хүн хэлж байхад харин ч эхэлж байна, одоо бужигнуулж өгнө дөө гэж харах хүн ч байна.

- Нэгд, би улстөрд олон жил явж, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдохдоо бужигнуулдаг, эсвэл хүн хоорондын харилцааны улстөр ерөөсөө хийж явсан удаагүй. Тэгэхээр сайдаас чөлөөлөгдлөө гээд миний улстөрд баримталдаг зарчимд өөрчлөлт орохгүй. Харин байр суурийн ялгаа бол гарч таарна. Тэдгээрийн нэг нь чиний асуудгаар “одоо л өөрчлөгдөх болов уу” гэж олон жил найдаж хүлээгээд, эхнээсээ хад мөргөж буй дотор бодлуудаа ил гаргаж ярина. Ганц би ч биш, олон хүн дотор бодлоо ил гаргаж, эргэцүүлж, алдаа оноогоо ил гаргаж ярилцаасай. Ярихаас ч аргагүй боллоо гэдгээ ойлгоосой.

- Жишээ нь таны бодол хаанаас эхэлж байх юм

- Миний бодол хаанаас эхэлж байгааг ярихын тулд Монгол  Улс өнөөдөр хаана яваа, хөгжил маань хэр урагшаа явсныг эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж ярихын тулд улсынхаа түүхийг дөрвөн үеэр эргэн харж, харьцуулан үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний л бодлоор шүү.

- Цаг хугацааны хувьд уу

- Цаг хугацаа, алдаа оноо, хийж бүтээснээ харьцуулж гэх юм уу даа. Хамгийн нэгдүгээрт 13 дугаар зуун. Монголын түүх дэлхийн түүх болж сайн сайхан цаг. Энэ түүх, алдар гавъяа өнөөдөр ч биднийг тэтгэж яваа. Хөрөнгө оруулалт татах, хүнээс юм гуйх, өр тавьж бонд босгохдоо хүртэл Их хааныхаа нэрийг ашиглаж, амьдарч явна. Хаа газар яваа монгол залуус “би Чингисийн удам” гэж нэрийн хуудсаа хийдэг. Хаа газрынхан биднийг “Чингисийн Монгол уу” гэж таньдаг. Өнөөдөр бид Чингис гэдэг ганц брэндээр амьдарч, халамцахаараа их өвгийн нэрээр цээжээ дэлдэн, омогшдог. Үүнд буруу юм байхгүй. Үнэн түүх, үнэн омогшил. Харин энэ түүх цаашид биднийг хэр олон жил тэжээхийг хэн ч мэдэхгүй.

- Дараагийн үе нь….

- 1911 он. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Тусгаар тогтнолоо олж эхэлсэн үе. Эдийн засгийн агуулга, хөгжлийн бодлого, хийж бүтээсэн зэрэг дээр онц өөрчлөлт гаргаж чадаагүй. Ямархуу улс байсныг хар цагаанаар нь харуулсан фото, түүхийн баримтууд байдаг шүү дээ. Миний чухалчилж байгаа түүхийн үечлэлээр бол гурав дахь нь Ардын хувьсгалын дараахь үе. 1921 оноос урагш 13 дугаар зууны мандаж явсан үеийн төгсгөл хүртэл тооцвол бараг 700 жил болно. Энэ хугацаанд бид гэрэл гэгээтэй зүйл бараг хийсэнгүй. Харин 1921 оны дараа 1937 оноос бага сага зүйл хийж эхэлж. 1949 онд төмөр зам тавив. 1960-аад оноос 1985 он хүртэл НҮБ-д элсч, үйлдвэржилт, технологи эрчимтэй хөгжсөн. Муйхардуу ч гэсэн тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж, нэгдэл сумын төв, сангийн аж ахуйнуудаа байгуулж, ямар ч байсан ноосоо боловсруулдаг, арьсаа элддэг, гутлаа хийгээд өмсчихдөг, барилгаа барьдаг болчихож. Сансарт ч хүнээ нисгэв. “Эрдэнэт”, Дархан,  Багануурын үйлдвэржилтийн төвүүдийг байгуулсан. Энэ 25 жилийн хугацаанд л Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр үйлдвэржиж, үр дүнд нь Их Монгол улсаас хойшхи 700 жилтэйгээ харьцуулшгүй сайхнаар хөгжсөн. Иргэд нь эрүүл, боловсролтой, баталгаатай ажлын байртай байлаа. Энэ бол олон хүний мартаж амжаагүй түүх. Ингэээд 1990 онтой залгав. Би энд хүний эрх, эрх чөлөө, улстөр дэх ардчилал энэ тэрийг яриагүй шүү. Цэвэр хөгжлийн асуудал, улс орон яавал хөгждөг, үйлдвэржилт ямар чухлыг л тодруулах гээд байна.

- 1990 оноос өнөөдрийг хүртэлх нь дараагийн үе үү?

- 2014 оноос урагш тоолбол бас 25 жил өнгөрчээ. Хөгжиж, үйлдвэржиж байсантай минь тэнцэх хугацаа. 1990 онд хойд хөршийн “эцэг нийгэм” задран унасан. Тэр үеэс Монголын ардчилсан холбоо хөгжлийг үргэлжлүүлэх, залгамжлах гэж, байгуулагдсан юм. МоАХ-ноос ардчиллын төлөөх бүх нам төрөн гарсан. Олон нам төрүүлж явахдаа бидэнд алдсан зүйл олон бий. Гол нь нэг л зүйл дээр их том алдаж гэж боддог. Юу гэхээр МАХН-д гишүүнээр элсэхэд гурван үеийн намтраа батлан даагчтайгаар мэдүүлдэг байсан. Тэр нь гишүүн болгох гол шалгуур байж л дээ. Энэ их чухал шүүлтүүр байж. Ардчиллагчид тэгээгүй. Тэгэх бололцоо ч гараагүй байх. Гурван үеийн түүхээс нь хүнийг яг хэн бэ гэдгийг тодорхой харж болно. Ургийн түүх, намтраа бардам бичиж чадахгүй хүмүүс тухайн үеийн шалгуурт нийцэхгүй ямар нэгэн асуудалтай байсан шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө эхний шүүлтүүрээ хийгээд намд элсэхээс татгалзана. Гэтэл МоАХ, тэндээс төрсөн намууд олон түмний  дэмжлэг авахаа гол болгоод хэнийг ч ялгалгүй гишүүнчилсэн. Ямарч шалгуур, босго тавиагүй. Дүрмийг зөвшөөрсөн бол боллоо гэх маягтай. Хэсэг хугацааны дараа харсан тодорхой зорилго, үзэл бодол дээрээ нэгдэх учиртай улс төрийн нэгдэл маань хувийн сонирхолдоо хөтлөгдсөн, түүндээ улс төрийн байгууллагыг ашиглахыг илүүд үзсэн хувь хүмүүсийн цуглуулга болон өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь улстөрийн нам гэдэг институц бүрэлдэх явцад өнөөдрийг хүртэл хүндрэл үүсгээд байгаа юм. Нам гэдэг муу ч сайн ч төрийг удирдахад ард түмнээр дэмжүүлж оролцдог, шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой онол, баримтлалтай улстөрийн байгууллага байх ёстой. Ийм байгууллага гишүүддээ шалгуур, шүүлтүүр тавьж, гишүүн дэмжигчдээ зөв танихаас ажлаа эхэлдэг юм байна. Ардчиллын төлөөх намуудад тийм болоцоо олдоогүй, тэгж хүсээгүй нь улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулах боломжгүй болгосон. Гэтэл нөгөө талд МАХН бол институцийн шинж чанараа саяхан болтол хадгалаад явсан учраас үе үеийн сонгуульд ялж ирсэн. Тод баталгаа нь 1992, 2000 оны сонгуулийн дүн. Ард түмэн сонгууль бүрт өвгөн настай болчихсон, өмнөх нийгмийн хуучин дээлтэй МАХН-аа дэмжээд л явсан. Энэ нь ард түмэн шинэчлэлд, ардчилалд дургүйдээ биш, ардчиллын намууд институци болж төлөвшөөгүй, нэгдмэл үзэл баримтлалтай болж чадаагүй гэдгийг мэдрээд өөрийнхөөрөө дүгнээд л байж. Бид болохоор “гадаад паспорттой болголоо, мал, орон сууцыг чинь үнэгүй өглөө, одоо бидний сонгооч” гээд л дайраад байсан. Мал, орон сууцаа өмчлөх эрхийг нь нээж өгсөн гавъяа байлаа ч, түүнээс цааш гарах улс төрийн төлөвшил, үзэл бодлын нягтралыг бий болгож чадахгүй яваад байгааг ард түмэн тэнэг биш учраас мэдэрч байжээ. Сонгуулийн ялагдал бүр “Та нар улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулж, хөгжүүлж чадаагүй байна шүү” гэж л хэлээд байсных нь илрэл байж. Ийм том алдааны горыг монголчууд бид өнөөдөр улсаараа амсч үүрч явна.

-Хэт их улстөржөөд хийж бүтээсэнгүй, хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй гэж үү.

- Мэдээж, хийж бүтээсэн, урагшилсан юм жаахан ч гэсэн байлгүй л яахав. Хөлсөө урсгаж цуглуулснаараа, төсвөөс хулгайлж олсноороо сайхан амьдарч байгаа хэсэг ч байна. Улсын хөгжил, үйлдвэржсэн бүтээснээ өмнөх 25 жилтэйгээ харьцуулбал үнэхээр чамлалтай. Бүр дэндүү харамсалтай. Хүний эрх эрх чөлөө,  хувийн өмч, улстөрийн ардчиллаар амжилтад хүрсэн ч, эдийн засаг, улсын хөгжил, бүтээн байгуулснаа харвал 1960-1985 оны хэмжээнд хүрсэнгүй. Гэтэл боломж, өөрсдийн санаснаар улсаа хөгжүүлэх эрх чөлөө нь бидэнд илүү байлаа. Биднийг мунгинаж байх хооронд хол ярихаа болъё хоёр хөрш маань хөгжөөд, тасраад явчихлаа.

- Зах зээл гэж яривал хөршүүд маань бидэнтэй бараг ижил гараанаас эхэлсэн байх шүү

- Ижил, зарим талаар бүр биднээс  ч муу нөхцөл, хүнд байдлаас эхэлсэн. 1990 онд хоёр хөршид ч системийн задрал эхэлсэн. Нэг нь дэглэмтэйгээ, нөгөө нь дэглэмээ нураагаад зах зээл рүү оржээ. Бид бас дэглэмээ нурааж орхиод, эрх чөлөө, зах зээл рүү алхсан. 1990 оноос өмнө бид Хятадад очиж Оросын машинаас эхлээд дуран, цаг, монгол пальто гээд маш олон юмыг Хятадад зардаг байсан. Буцахдаа Хятадын бараа ачаад Орост аваачиж зардаг. Улаан талбайн дэргэд Украйн зочид буудлыг жилээр нь түрээслээд, хятад бараа зардаг байлаа. Монгол наймаачдыг таксигаар Улаан талбайд буухад орос жолооч нар биднээс бараа тоолж, хүлээж аваад зарчихаад мөнгийг авчирч тушаадаг үе байлаа. Орос, Хятадын харилцаа сайнгүй байсан үүлэн чөлөөний нар шиг  энэ үеийг цөөн монголчууд ашиглаж анхны хуримтлалаа босгосон.   Энэ түүхийг сайн мэдэх, биеэрээ туулсан амьд жишээний нэг нь би. Гэтэл улс маань ийм боломжийг ашиглаж чадаагүй. Одоо эсрэгээрээ бүгд Хятадын барааг худалдаж авдаг, улсынх нь эдийн засаг Эрээний барааг зөөдөг Нарантуулаас хамааралтай байна. Өнгөрсөн 25 жилд бидэнтэй ижил гараанаас, бүр биднээс ч муу нөхцлөөс эхэлсэн Орос улс саяхан олимп хийчихлээ. Украины асуудлаар өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, үйлдэл үзүүлж АНУ, Европын холбооны эсрэг зоригтой зогсож, том гүрэн гэдгээ сануулж явна. Хамгийн сүүлд Орос Казакстан, Беларусь гурав нийлээд Евро-Азийн шинэ холбоо байгуулчихлаа. Одоо бид Украин зочид буудлыг жилээр нь түрээслэх гэвэл амбаардаад гаргах хэмжээнд улсынх нь эдийн засаг томорч, нөлөөлөөл нь ихэслээ.  Хятад дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсын нэг боллоо. Харин бид хаана явна вэ. Хувийн хэвшлийнхний барьсан хэдэн офиссын байшин, хүнсний хэрэглээний хэдхэн үйлдвэрийг шинэчилснийг эс тооцвол  Монголын төрөөс, тэнд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа улстөрчид буюу төрийнхөн юу бүтээв ээ, хөгжлийн ямар бодлого гаргав аа. Үйлдвэржилтээр улсаа хөгжүүлэх, баялаг бүтээхэд хөлс хүчээ зориулж, цалингаараа амьдралаа тэтгэх ёстой залуус яагаад одоо болтол гудамжинд, олонхи нь зах дээр зогссоор, наймаагаар урд хөршийн эдийн засгийг тэтгэхэд хүчин зүтгэсээр явна вэ. Монгол маань яагаад улсаараа хэрэглээний эдийн засагтай болчихов оо. Үүх түүх, байгалийн баялаг, газар нутгийн байрлал, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ зэргээ харвал Монгол том улс. Эдийн засгийн хувьд бол 50 сая малтай, газрын дор бөөн баялагтай, гуравхан сая хүнтэй хирнээ жижиг улс. Том улсын цөөхөн ард түмнийг өнгөрсөн 25 жилд ямар амьдруулав аа, мэдэхгүй.

- Хэнээс, юунаас болов

- Мэдээж, буруутан нь бид өөрсдөө. Бүр тодруулбал 1990 оноос хойшхи бүх улстөрийн нам, тэндээс сонгогдсон бүх цаг үеийн улстөрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд нар энд буруутай. Би ч багтана. Өнөөдөр Монгол маань Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” шиг, эзэнгүй айл шиг л байна. Гэрийн бүрээс нь урагдчихсан, хашааны хаалганых нь нугас салчихсан, жорлонгийн дээвэр нь цөмөрчихсөн, гэр нь бохир, өлөн зэлмүүн, ороход нэг л зэврүүн. Хөршүүдийнхээ хараа хяналтад орчихсон. Хөдөө, хотгүй адилхан. Ноолуурын цаг болчихоод байхад ямаагаа самнаагүй, малаа алдчихсан, гаднаа зоосон хоёр хятад мотоциколдоо сэтгэл нь ханачихсан, гэрийн эзэн нь согтуу. Ийм л байна. Хоёр хөрш удирдагчтай, хөгжилтэй болчихсон. Туулсан зам хугацаа ав адилхан 25 жил байдаг. 25 настай гурван залуугийн л эрс тэс дүр төрх юм даа.

- Хоёр хөрш маань их гүрнүүд учраас гэж өөрсдийгөө тайвшруулж бас болох юм даа.

- Тэр тусмаа тэдэнд хэцүү. Том гүрэнд том л асуудал байдаг. Өнгөрсөн 25 жилд Орос ямар хүнд сорилттой тулгарч байсныг бид бүгд мэднэ. Монголын асуудал хоёр хөршийнхөөс илүү том, илүү хэцүү байгаагүй л байхгүй юу.

- Ер нь манайхан, ялангуяа  улстөрийнхөн асуудалтай нүүр тулахаасаа, тойрч, зайлсхийх PR-аар л аргалах гээд байдаг л даа.  

- Яг л наадахь чинь. Төрийнхний, улстөрчдийн өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан, хамгийн их хийсэн юм нь хэрүүл, PR хоёртой найзалж, проблемоосоо зугтаж ирсэн түүх. Өмнөх 25 жилд бид чадаж байсан, үйлдвэржүүлж чадсан. Хэрвээ хариуцах, чиглүүлэх эзэн байвал монголчууд үйлдвэржүүлж, бүтээж босгож чаддагийг Эрдэнэт, Дархан, Багануур, хотын орон сууцны хорооллууд гээд олон жишээ харуулсан. Өнөөдөр үйлдвэржилт байхгүй, ярихыг ч хүсэхгүй, тэрний оронд нүүрс түүхийгээр нь зөөх, ноолуур самнаад зарах, бүх баялгаа ухаж, зөөх тухай л ам булаалдан ярих юм. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч. Тэдэнд улсаа үйлдвэржүүлж, хөгжүүлэх сэтгэл байсангүй,  хөгжлийн бодлогыг бодохыг ч хүссэнгүй. Дангаараа засаг барьсан ч, хамтарч засагласан ч адил хуваах, идэхийг л эрхэмлэж ирлээ. Гэтэл улсын хөгжил гэдэг ялсан намын мөрийн хөтөлбөр гэх хэдэн хуудас цаас, дөвчин сайд ламаас асуух, эсвэл тэнгэртэй харьцах зэргээс хамаарахгүй шүү дээ.

- Манайхыг хөгжүүлэхгүй байх их гүрнүүдийн сонирхол гэж байна уу?

- Байлгүй яах вэ. Энэ тусгаар улс бүрт байх төрийн бодлого. Хөрш хүчирхэгжих нь сайнаас гадна аюултай гэж бүгд бодддог. Бүр нарийн яривал энэ нь биднээс эхтэй, 13 дугаар зууны үед хэрэгжүүлж байсан бодлого. Хөрш гэлтгүй нөөц, баялагтай орныг эрхшээлдээ оруулахыг хүсэхгүй хэн байх билээ. “Мөнх тэнгэрийн хүчээр” гээд л дайтаад, эзэлдэг явлаа. Одоо том гүрнүүд дайн гэхээсээ эдийн засгаар нь эрхшээлдээ оруулдаг болсон. АНУ гэхэд ардчилал, хүний эрх яриад араас нь цэрэг оруулаад л байна. Орос гэхэд үндэс нэгт орос иргэдээ хамгаалах нэрээр Крымийг салгаад авчихлаа. Хятад бол хилийн гадна байгаа хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэсэн батлан хамгаалах номлолтой улс. Бидний өвгөд, дээдсийн үүсгэсэн бусдыг эрхшээлдээ авах энэ бэлэн гарын авлагыг ашиглаж байгаа нь их гүрнүүдийн буруу  биш. Харин өөрсдийнхөө гарын авлаганы золиос болж, хариу бодлого бодох чадваргүйгээр улсаа, ард түмнээ золиослож байгаа манай үеийнхэн л буруутай. Тусгаар улс л юм бол өөрийн язгуур эрх ашгийн төлөө том бодлогоо гаргаж, түүнийгээ биелүүлэхийн төлөө явган нүцгэн ч болов зүтгэж, босгож, бүтээх ёстойг бусад үндэстэн харуулаад байна. Бусад үндэстний ярьж байгаа наймаа нь хүртэл том байхад бид энд нам, бүлэглэл, хамаатан садангаа албан тушаалаараа хамгаалах, тэтгэх талынхаа хэрүүлийг л яриад сууж байдаг. Баялгаа төдөн тонноор нь зөөнө гээд, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр нь үржүүлээд баахан мөнгө тавьчихсан. Ядаж тэр ярьсан хэмжээндээ олж байгаа ч юм алга. Олж гэдэгт ард түмэнд оногдож байгаа гэдэг утгыг хэлж байгаа юм шүү. Зөөж байгаа нь олж байгаа нв тодорхой. Нүүрсийг гэхэд л Ховдоос, Говь-Алтайн Цээлээс, Баянхонгорын Шинэжинстээс, наашлаад Өмнөговийн Нарийнсухайт, Тавантолгойгоос зөөж байгаа. Замын-Үүдээр төмрийн хүдэр зөөж байгаа, Зүүнбаянгаас, Дорнодын Матадаас нефть зөөж байгаа, юу л байна зөөж л байгаа. Харин зарсан тэр их мөнгө нь хаана байнаа. Хэний хаалсанд орчихов оо. Жирийн иргэдэд юу оногдов оо. Олон түмний цөөнх нь зөөж байгаа хэсгийнхнээ бараадаж, тэдэнд хов жив зөөснийхөө хүчинд арай дөнгүүр амьдарч байхад, үлдсэн олонхи нь хоосон хэрүүл, хүйтэн итгэл найдвараар зогоон тарчиг амьдарч байна. Энэ хувь хүний амьдралд ч гэсэн эмгэнэл биш гэж үү.

- Одоо энэ алдаагаа яаж засах уу

- Өнгөрсөн 25 жил бидний хувьд дэндүү хөөрхийлөлтэйгөөр, хамаг боломжоо алдсан харамсалтай үе. Дэндүү их хэрэлдлээ, дэндүү ихийг хувьдаа цусалж, дэндүү их хов живээр амьдарсан алдагдсан цаг хугацаа байлаа. Одоо сэрэх сэргэх, эмгэнэлт түүхээс сугарах цаг болжээ. Энэ нь алдснаа ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс л эхэлнэ. Тэгэхгүйгээр “дараагийн сайд нь манай Түвдэндорж”  гээд л үргэлжлүүлбэл зурагдсан пянзаа тоглуулсаар, баясан сонссоор хоцрох болно. Геополитикийн болоод хөгжлийн стратеги, хэзээ ч үл мартах “хар хайрцагны бодлого” бидэнд алга. Ард түмний төлөөлж, төрийн нэрээр шийдвэр гаргаж байгаа хүмүүст нь улсаа гэх, ард түмнээ гэх сэтгэл алга, өөрсдөд нь ч улстөрөөс өөрөөр амьдралаа авч явах арга алга.  Гурван үеийн намтраа мэдүүлэлгүй, хэн дуртай нь улстөрд орж ирэн, дараа нь хагалж, өөрийн намаа, фракциа төрүүлэх замаар бойжиж ирсэн намууд улстөрийн чадварлаг институц болж чадаагүйгээс, төр засгийг хэдхэн хүний хувийн компани мэт болгосон. Биднийг ингэж замбараагүйтэх нөхцөлд хөршүүдийн бодлого ч түлхэж оруулсан байж магад. Тодорхой болсон зүйл нь Монгол Улс элгээрээ хэвчихжээ. Элгээрээ хэвтчихсэн улс яах вэ гэхээр нэг юмнаас зуурч, чангааж өндийх гэж оролдно. Тэр нь мөнгө, мөнгө дотроо юань. Хятадуудад буруу байхгүй. Бид өөрсдөө л урхинд нь орсон. Хятад өнөөдөр ганц Монгол биш, Африкийн эзэнгүй улс орнуудыг урхидаад л, зээлжүүлээд л, өрөнд унагаад л явж байгаа. Үүний хор хохирлыг ойлгох, өөрчлөх гэх улстөрчид бараг  алга. Засгийн газар, намын бүлэг дээр юу ч яриад нэмэр алга. Батлагдсан том бодлого явахгүй байна. Насаараа УИХ-д сууж, юм болгон дээр бөөсөө ярьдаг, телевизийн камер бараадаж амьдардаг хүмүүс л дүүрэн байна. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол бидний ирээдүйн 25 жилийн дүр зураглал тодорхой. Өнгөрсөн 25 жил шигээ өнгөрнө. Жишээ нь, би Монголдоо ганц сайхан олимп хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй. 25 жилийн өмнө бидэнтэй гарааны шугам дээр хамт зогсч байсан хоёр хөрш маань, биднийг үйлдвэржиж эхэлж байхад үгээгүй ядуу явсан Солонгос улс хүртэл олимп зохион байгууллаа. Бид бараадахааргүй хол үлдлээ. Яагаад гэхээр энэ улсууд эзэнтэй хөгжсан, бид эзэнгүй сулдаа ганхсан.

- Та түрүүнээс хойш л эзэн гээд байх юм. Хэнийг хэлээд байна вэ, Засаглалын өөр хэлбэр хүсээд байгаа юм уу

- Магадгүй, зарим нь энэ нөхөр өөрөө эзэн болох гээд байна гэх байх, тийм үү. (инээв) Улсын эзэн гэдэг бол хувь хүн биш, ард түмэн. Та бид бултаараа улсынхаа эзэн байж чадсангүй л гээд байгаа юм. Бидэнд улсаа хөгжүүлэх том бодлого байсангүй, тийм хөтөлбөр гаргаж ирэх, гаргаж ирснээ ажил болгох эзний сэтгэл манай улстөрчдөд байсангүй. Муу нэртэй Н.Энхбаярын үед их өрийг тэглэн, Мянганы замыг барих том бодлого гаргасан. Үүнээс өөр бодитой, үйлдвэржилт, бүтээн байгуулалтгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Ард түмэн улстөрчдийг  энэ улсын эзэн шиг сэтгэлээр ажиллаасай гэж хүсч, сонгодог. Гэтэл өнөөдүүл нь сонгогдсоныхоо дараа өөртөө л эзэн болж, бүлгээ байгуулан түүндээ л эзэн байхыг төлөө төсвөөс хулгайлсаар өдий хүрлээ. Үүнийг “худлаа” гээд намайг шүүхэд өгөх хүн байвал би дуртайяа очно, заргалдна.

- Таныхаар бид ер нь л  мухардалд орчихжээ. Яаж гарах вэ.

- Мухар зам, гарцгүй байдалд орчихсон. Гаръя гэвэл эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар эхлээд мухар зам руу орсноо ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү. Тэдэнд ойлгуулж, нийгмийн санаа бодлыг гаргаж ирэхэд сэтгүүлчид та бүхний үүрэг маш их. Энэ одоо бүр хэцүү. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл мөнгөнд барьцаалагдчихсан. Тэгэхээр бүх зүйл мухар гудманд байна. Үүнээс гаръя гэж ярих, улстөрчдийг, нийгмийг уриалах нь дуугүй сууснаас дээр. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нэг л гарц байгаа. Тэр нь хүн болгон ажилтай байх. Амьдралд нь хүрэлцдэг хангалттай цалинтай байх. Үүний тулд өнөөх л үйлдвэржилт чухал. Үндэсний үйлдвэрлэл гээд байна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн шиг бусдыгаа чирээд явах хэмжээний капиталтай үндэсний үйлдвэр хөгжөөгүй байна. Ийм хэд хэдэн үйлдвэртэй  болохсон. Тэднийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Томуудынхаа хаялга дор, томоо тойрч жижгүүд хөгждөг нь хууль.

- УИХ-аас, улстөрчдөөс эхэлж өөрчлөгдөх ёстой гэж байна. тухайлбал, та яаж өөрчлөгдөх вэ

- Би одооноос шүүмжлэгчийн байр сууринаас сөрөг хүчний байр суурьт шилжинэ. Өөр сонголт надад алга.

- Сөрөг хүчин гэдэг нь…, нам дотроо юу.

- Тэнд энд гэхгүй. Ерөнхийдөө  зарчмаа  барина. Мэдээж ганцаараа биш. Ардчиллын төлөөх олон намын эцэг байгууллага болсон МоАХ энэ цаг үед шударга бус зүйлтэй эвлэрдэг, өөгшүүлэгч байх ёсгүй, дарга нь идсэн уусан хуйвалдсан юманд орооцолдсон байх ёсгүй гэж үзэж байгаа. Одоо анх 1990 онд эхлүүлсэн зорилгоо гүйцээхийн төлөө илүү тууштай, илүү зоримог, илүү шийдэмгий тэмцлийн хэлбэрүүдийг ашиглахаас өөр аргагүй болж байна. Бидэнд хэвлэл мэдээллийн дэмжлэг алга, бүгд хаалтын гэрээгээр  барьцаалагдчихсан. Намаас дэмжлэг алга, бүх фракцаа албан тушаалаар хүлчихсэн. Тэглээ гээд яахав, бид хонхоо дуугаргаж, хийх ёстойгоо хийнэ.

- Танд хэвлэл бол байгаа шүү дээ

- Хөрөнгө оруулсан сонин, ТВ бий. Би өнөөдрийг хүртэл тэдний ажилд огт оролцдоггүй, сонгуулиар ганц нэг ярилцлага өгч байсныг эс тооцвол утсаар ярьдаггүй явж ирсэн. Одоо харин нийгмийг соён гэгээрүүлэхэд, олон түмнийг сэрээхэд, эргэцүүлж бодоход тэднийгээ ашиглахаас өөр аргагүй боллоо.   

- Бас МоАХ-г нам болгох уу?

- Үгүй, Монголын ардчиллын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, цаашид ч гүйцэтгэх энэ байгууллага төрийн бус байгууллага хэвээрээ явна.

- Тэгвэл бүрэн эрхийн үлдэж байгаа хоёр жилд эхлээд намаа өөрчлөх гэж үзэх үү?

- Уг нь өнөөдөр засгийн эрх барьж, шинэчлэл ярьж байгаа гэдэг утгаараа АН эхлэж өөрчлөгдөх, шинэчлэгдэх, эрүүл саруул юм ярьдаг болох нь хамгийн зөв эхлэл. Гэхдээ ингэхээр дахиад л нөгөө хэрүүлээ ярьж, Баттулга намын дарга болох гэж байна гээ хэн нэг нь ховоо зөөж нөгөө том зорилгыг үнэ цэнгүй болгоод хаячихна. Ганц чаддаг мэх нь энэ шүү дээ. Тийм учраас эхний ээлжинд нийгэм рүүгээ л хандна. Нийгэм л энэ намуудыг эрүүлжүүлэх байх. Болно, бүтнэ гэдэгт хууртагдаж 25 жил явлаа. Одоо хөршүүдтэй харьцуулаад харахад болж бүтэхгүй байгаагаа ойлгох байх гэж найдаж байна.

- Ганц намын дарга гэлтгүй, дараагийн Ерөнхий сайд нь таныг болох гээд л ингээд байна гэх хардлага ч явна. Угаасаа сөрөг ярьж, эсвэл фракц байгуулж шантаажлах замаар санасандаа хүрдэг нь улстөрд бараг технологи болчихсон юм биш үү ?

- Үнэн гэвэл би Ерөнхий сайд болохгүй. Би харин Ерөнхий сайд болсон хүнд асар сайн менемжентийн дэмжлэг үзүүлэх, туршлагатай боловсон хүчин. Ганзагын наймаанаас эхлээд бизнес хийж, үйлдвэр удирдаж явсан, хоёр ч яам удирдан, хоёр ч Засгийн газарт хөгжлийн бодлого гаргахад гар бие оролцож явлаа. Боломжийн мөнгө, хөрөнгөтэй учраас, зарим нэг өлөн хүн шиг хамаатан саднуудтайгаа хавсайдаад, төрийн мөнгө, албан тушаал руу рүү дайраад байх сэтгэл байхгүй. Тийм л хүн.

-Тийм менежер байх бололцоо Н.Алтанхуягийн засагт танд олдсонгүй юу

- Олдоогүй.

- Та гурван Ерөнхий сайдтай ажилласан. Аль нь арай дээр байсан бэ

-Арай гайгүй нь С.Баяр байсан. Баяр чинь юм ойлгодог, хориг саад тавилаа гэхэд болгоомжлолоо ил шууд хэлдэг байсан. Нөгөө хоёр нь ашиг сонирхлын зөрчилдөө нэвт баригдсан хүмүүс. Би хоёр яам удирдлаа. Салбарынхаа хөгжлийн бодлогыг мэргэжлийн багтай хамтраад гаргачихсан. Гэтэл тэрнийг маань цаасан дээрээс цааш бүтээн байгуулалт болгож явуулах сонирхолгүй. Хамтарсан засагт байхдаа ярьсан, мөнгө өгөөгүй. Айлын халаасны өрөөнд байгаа юм аргагүй юм болов уу гээд өнгөрөөсөн. Дараа нь өөрийнхөө намын засагт орж ирээд өнөөхөө ярилаа. Гэтэл жаахан мөнгө дусаагаад л орхисон. Тэгээд л томоор сэтгэх, том бодлого хэрэгжүүлэх чадвар, сонирхол Монголын төрд байхгүй юм байна гэж бодох болсон доо.

- Та сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө давхар дээлээ тайлахыг үнэхээр хүссэн учраас уу, эсвэл төмөр замын цариг дээр танхимтайгаа санал зөрсөн учраас уу?

- Ерөнхийлөгч Элбэгдорж өөрөө МоАХ-ны дарга байсан хүн. Хоёр удаа Ерөнхий сайд байж бас хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдож явахдаа засаглалын хямралын горыг өөрөө амсч явсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн авторуудын нэг. Харин тэр өөрчлөлт нь өнөөдөр засаглалыг илүү хямрааж байна, болохгүй нь гэдгийг хөндлөнгөөс хараад засах гэж оролдсон. УИХ нь засгаа шахдаг, хянадаг болооч ээ, намуудын бүлэг нь ажлаа хийгээч, парламент нь хурлаа хийгээч гэж энэ УИХ, Засгийн газрыг нэг малгайнаас салгах  хуулийн төсөл санаачилсан. Тэр сайдаа соль, энийгээ өөрчил гэхээр дандаа өөрийнх нь намын нөхөд учраас хувь хүн талаасаа хэцүү байсан болохоор давхар дээлийг тайлах хуулийн төсөл өргөн барьсан байх. Үүнийг нь УИХ, эрх баригч манай АН овжиноор ашиглах байсан юм. Гэвч тэгж чадсангүй. Зарчим, ёс зүй биш, нэг фракцын эрх ашиг, нэг хэсэг хүмүүсийн албан тушаалтайгаа зууралдах хувийн сонирхол ялсан л даа, харамсалтай нь. Тийм учраас би давхар дээл тайлахыг эхнээс нь дэмжиж, танхимынхаа эсрэг кноп дарчихаад дараа нь кабинетдаа суугаад байх нь ёс зүйн хувьд онцгүй л дээ.  Тийм учраас өргөдлөө өгсөн.

- Өргөдөл өгсөн нь тэмцлийн, өөр улстөрийн эхлэл үү?

- Болж бүтэхгүй байна, буруу яваад байна гэдгээ намын бүлэг, засаг дотроо ярьдаг байснаа одоо нийгэм рүүгээ гарч ярих, яриад зогсохгүй шаардлагатай бол улстөрийн ямар нэг акц хийх тийм үүргийг өөртөө авч байгаа юм. Өнөөдөр төрд ёс зүй гээч юм байхгүй боллоо, худлаа ярих, хов жив, хэрүүл төдийнхөөр амьдарч байгаа бидний нас богино, хязгаартай шүү дээ. Зохих хязгаар, ёс зүйг төрд, УИХ-д, Засгийн газарт тогтоохын төлөө МоАХ ажиллана.

- Тэгвэл та Түвэндоржийг сайдад дэмжих үү. Тэр МоАХ-ных ч, та давхар дээлийг эсэргүүцсэн шүү дээ

- Би Түвдэндоржийг сайдад дэмжихгүй. Яагаад гэвэл нэгд тэр МоАХ-ныхонтойгоо зөвлөлдөөгүй. Хоёрт, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Гуравт, Түвдэндорждоо ч биш, би өөрөө давхар дээлийг эсэргүүцэж кноп дарчихаад, өргөдлөө өгч засгаас гарчихаад  өрөөлийг давхар дээлтэй байхыг дэмжих нь зарчимд таарахгүй. 

- Шинээр тавих төмөр замыг царигаар бол засагтайгаа зөрчилдөөгүй хэрэг үү.

- Төмөр замын бодлогыг батлуулахдаа маш их зүйл судалсан. Хөршүүдээ судалсан, мэргэжилтэн судлаачдын үгийг сонссон. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол хамгийн гол дэд бүтэц. Хэрвээ төмөр замаа буруу тавьбал энэ нь төмөр зам биш, төмөр могой болж буцаагаад биднийгээ бооно. Тийм учраас маш их судалж говийн бүст байгаа баялгаа нэг газар буюу Сайншандад төвлөрүүлээд тэндээ боловсруулж төмөр замаараа тээвэрлэх бодлого гаргасан. Одоо энийгээ буцааж задлаад хилээ долоон газраар сэтлээд бүх баялгаа нэг улс руу, нэг улсын  төмөр замын сүлжээ рүү цутгая гэж байгаа. Зөв, бурууг одоо УИХ шийднэ. Харин энэ УИХ зөв, буруу шийдсэний алин болохыг хожим түүх, ард түмэн хатуу шүүнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд төмөр замын бодлогыг мэргэжилтэн, судлаачдын баг гаргаж, УИХ баталсан шүү дээ. Би салбарын сайд байсны хувьд л ил гарч ярьж, батлуулсан бодлогоо хамгаалаад байгаа болохоос энэ чинь Монгол Улсын бодлого. Түүнээс бус Баттулга гэж ганц хүний үзэл бодол, байр суурь биш. Бид хичнээн буруу явж, будилж байгаа ч улстөрийн ардчилал, шийдвэр гаргах тал дээрээ ганц хүнийн байр сууриар бүхэл бүтэн улсын бодлогыг төлөөлүүлэх, орлуулах хэмжээнд арай ч очоогүй яваа шүү.    

- Та ер нь төмөр замаа буруу царигаар, буруу чиглэлд, буруу дарааллаар тавьбал хамаг баялагаа алдана гэж үзээд байгаа юм уу, эсвэл тусгаар тогтнолоо алдана гэж болгоомжлоод байгаа юм уу

- Бүх юмаа алдана. Бэлэн жишээ, түүх байна шүү дээ. Одоо чинь улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. Эдийн засгаар, эдээр засаглана.Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой. 

- Одоо дэлхий глобалчлагдсан, биднийг АНУ өмөөрнө, америкууд хоёр хөршийг даваад ороод ирж чадахгүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, бид том гүрнүүдийн хамгаалалтад байдаг учраас санаа зоволтгүй гэж зарим хүн хэлдэг.

- Үнэн гэвэл биднийг хэн ч өмөөрөхгүй. Крым, Сири, Ливийг сана. Одоо Тайландыг өмөөрч байгаа их гүрэн хаана байгаа юм, байхгүй. Тусгаар тогтнол алдагдлаа гэхэд бидний энэ газар нутгаас хөөж гаргахгүй шүү дээ. Зүгээр л улсын эдийн засаг, эрх мэдэл л бусдын гарт орж, тэдний заавраар явчихна. Ийм эрсдлийг бууруулахад манай улсын хувьд төмөр зам маш чухал.

- Эцэст нь ойрхны юм асууя. Эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн үр дүн, ирээдүйг та ямараар харж байна вэ?

- Юм үйлдвэрлэдэггүй, өөрсдөө баялаг бүтээдэггүй улс орны эдийн засаг хямрахгүй яах юм бэ. Мөнхөд ийм бэрхшээлтэй явна.  Яг үнэндээ бол манай эдийн засаг Нарантуул зах, ямааны ноолуур хоёр дээр л тогтож байгаа. Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай. Түүнээс бус долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улстөрд удаан амьдардаг, улстөрд гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй. Зуу хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно.  

-Бас урд хөршөөс мөнгө авна, манайхны саналаар Орос-Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дайруулахаар болж байгаа, тэгээд транзит тээврээс их орлого олж эдийн засаг удахгүй сэргэнэ гэж байгаа. Энэ хэр бодитой вэ

-Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг хэцүү. Транзит тээврийн орлогоор мөнгө олох нь аж ахуйн нэгжүүдийн л асуудал. Төмөр зам, автозамын тээврийнхэн л олно. Гэхдээ төсөвт овойж оцойсон мөнгө орохгүй. Хийн хоолой гэснээс нэгэн түүх ярихад 1998 онд одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бид хоёр Илюмжиновтой уулзаж байсан юм. Тэгэхэд л Орос Хятадыг холбосон хийн хоолой татах тухай яриа эхлээд явж байсан. Илюмжинов чинь Ельцинтэй их дотно, ойрын хүн нь байлаа. Бас Отгонбаяртай нэг сургуульд сурч, дотуур байранд хамт амьдарч байсан юм билээ.   Бид хоёр хийн хоолойн асуудлаар зорьж очсноо хэлээд гуйж байгаа юм. Хийн хоолойгоо Монголоор дайруулаач гэж. Тэгэхэд, Илюмжинов, энэ хоёр улс үнэ тарифаа тохироход бараг 10 жил зарцуулна. Энэ том тохироон дундуур гуравдагчаар танайхыг оруулна гэвэл дахиад хугацаа алдана. Тэгээд ч танайх шиг хариуцлагагүй улсын нутгаар ийм хариуцлагатай төслөө дамжуулахгүй, ер нь бүтэхгүй талдаа шүү гэж билээ Одоо бодоход үнэн байж. Хоёр хөрш маань 10 гаруй жил ярьж сая л тохирч гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо бидний гуйлтаар Монголоор дайруулна гэвэл үнэ тарифын асуудал ахиад хөндөгдөж, гэрээний хугацаа дахиад хойшилно. Тэд тэгэхгүй. Бид л тэгээсэй гэж эндээ хүсээд, бараг болчихсон мэт аргацаасан PR-аар тархи угаагаад байгаа юм. Ер нь манайхныг эзэнгүй мэт, хэн дуртай нь хүссэнээ ярьдаг хариуцлагагүй улс гэдгийг хөршүүд хэлдэг. Дээрээ бодлогогүй мэт дуртай нь давхиж очоод нэг юм ярьдаг, дараагийнх нь очихоороо өөрийг ярьдаг нь хөршүүдийг залхаачихсан юм билээ. Тийм учраас танайхаас хэнтэй нь юу ярих, ярьсан нь баталгаатай эсэхэд итгэхэд маш хэцүү гэж гаднынхан хэлдэг.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.