Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Баярцогтын бас нэгэн сенсаац
2014 оны 5 сарын 21 [Уншсан тоо: 117656]
УИХ-ын ээлжит чуулган эхлээд 44 хонов. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх ганц хөтөлбөр л баталжээ. Бусад өдөрт нь Х.Баттулгыг сайдаас чөлөөлж, сайд нарын давхар дээлийг дан болгох, Х.Тэмүүжинг огцруулах эсэхээр талцан маргаж өдий хүрэв. Үүнээс өөр дүнгүй яваа хаврын чуулган завсарлахад одоо 30 гаруй хоног үлджээ. Чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй!   

Эндээс харвал парламент бүхий Монголын төрийн “машин” ид ачааллын үеэрх хотын замын бөглөрөл адил таг зогсчээ. “Түгжрэл”-ээс гарахын тулд  МАН-ыг засагт урихыг зөвлөж С.Баярцогт бас нэгэн сенсаацийн эзэн боллоо. Хэлсэн нь С.Баярцогт, хэлүүлсэн нь АН-ын дарга Н.Алтанхуяг байж магадгүй. Яагаад гэвэл тэд нэг фракц. Чуулганы танхимд ил гарсан нь С.Баярцогт болохоос Төрийн ордны булан тохойд иймэрхүү улстөрийн наймаа эхэлсэн, эрчимжсэн байх магадлалтай. МАХН-ынхан яаран сандран Солонгос руу ниссэн, ирээд С.Баасанхүү нь Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татсан, засгийг байгуулсан дөрвөн намын хоёр нь тусгай гэрээ байгуулсан,  АН-ынхан дотроо Алтан гадас ба бусад гэх гэж хуваагдаж эхэлсэн зэрэг улстөрийн үйл явдлуудын өрнөлөөс тэгж харж, хардаж болох үндэстэй.

Уг нь С.Баярцогтын санаа эх оронч, эрүүл санал. Үүний төлөө оффшор дансны алдаагаар нь түүнийг буруутгах хэрэггүй. Харин ч Монголын парламентад хавьгүй удсан, их улстөрд сайн саараар олон удаа зөвшилцлийн зууч хийсэн, Сангийн сайд байсны хувьд эдийн засгийн хүндрэлийг АН ганцаараа дийлэхгүйг, эрчимжүүлэх төлөвлөгөөг дангаараа удирдаж чадахгүйг туршлагадаа тулгуурлан мэдэрч  чуулганы танхимд “цагаан туг” өргөлөө гэж харвал эртхэн алдаагаа олж харах, чадлаа мэдэхэд тустай. Үнэндээ ч аль нэгэн нам нь олонхи болоогүй, эдийн засаг хүндэрчихсэн ийм үед парламентад ойлголцолгүй л бол мөнгөтэй болох мянган сайхан төлөвлөгөө, санаа байгаад нэмэргүй. Дээрээ суудлаа олохгүй, фракцууд нь Засгийн газраа хүлж явахад доороо ажил явдаггүйг өнгөрсөн хоёр жил харууллаа.  УИХ-ын чуулганы танхим гэдэг улаан, цэнхэрээрээ ялгардаг бухын тулааны талбар биш. Тэнд зарим хүн 24 жилийн ихэнхэд тогтмол сууж, сайд дарга болсон байхад төрийн бодлого, улстөр нь тэдэн шиг тогтвортой байсангүй. Энэ нь бидний явж ирсэн, монголчуудыг олон амжилтанд хүргэсэн, бас алдаа ч гаргуулсан хуучин зам. Эндээс нөхөр дайсан хоёр “нэг хөнжил”-д орох, нэг намынхан талллан хуваагдах, хэт жижиг зорилгын төлөө том эрх ашгаа нийлж унагахыг хангалтай олон удаа харсан даа. Харин эдийн засгийн одоогийн хүндрэлээс гарахад бурхан чөтгөр хоёрт ч зөвшилцөл хэрэгтэйг С.Баярцогт санууллаа.

Гэхдээ түүний санаа зөв ч, санал нь  бүтэхгүй. Нэгд, эдийн засаг хүндэрчихсэн, төсвийн гадуур баахан мөнгө тараасан, байршуулсан, Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр монгол хүн бүр таван сая гаруй төгрөгийн гадаад өртэй болсон, Оюутолой гацсан нь баримт. Ийм хүндрэл дунд МАН явж орох нь юу л бол. АН-ынхны тулгын гурван чулууны “онол”-оор үзвэл энэ засгийн гол тулгуур нь PR, нөгөө хоёр нь бүрэн байгаа эсэх нь тодорхойгүй  бондын мөнгө, үргэлж ярьдаг ч урагшаа явдаггүй  бүтээн байгуулалтын төслүүд юм. Зарим хүн дангаараа л засаглаж байвал эдийн засаг хямрах нь хамаагүй гэх. Тийм хүмүүс МАН-ыг засагт багтаах орон зай гаргахгүй. Тэгээд ч  тулгын дөрвөн чулуу гэж  байдаггүй. Дэлхийн болон манай урд хөршийн эдийн засаг тэгтлээ хямарч хүндрээгүйг статистик харуулдаг. Харин манайх гаднын цохилт бус, дотоодын бодлогын алдаанаас болж хүндэрч байгааг эдийн засагчид хэлдэг. Эдийн засгийн ийм алдаатай шийдвэрүүдээс үүрэлцэх улстөрийн  эр зориг МАН-д бий эсэх нь эргэлзээтэй. 21 мянган төгрөг тараасны, бас “Чалько”-гийн зээлийн балгийг АН-ынхан үүрч, бид төлж баларч байна гэж Ерөнхий сайд байнга хэлдэг. Үүн шиг, 2016 онд засаг барьсан нам нь жилийн дараагаас АН-ын авсан Чингис, Самуурай бондын өрийг төлөх гэж  үүнээс ч илүү үзнэ. Засагт эхэлж хамтрахдаа ял, гавьяагаа цуг үүрнэ гэж бараг л Чингис Жамухааас дутуугүй андгай тавьчихаад задарсан хойноо хамт хийснээ яаж үгүйсгэж, хэрхэн бултдагийг олон нийт харж л байгаа. Хэрвээ 2016 оны сонгуулиа бодвол Ерөнхий сайдаа өгье гэсэн ч засагт хамтрах нь МАН-д улстөрийн хувьд ашиггүй.  Тэгээд ч МАН гэж Уорен Баффет, Ж.Сорс нар шиг дэлхийн хэмжээний эдийн засгийн бодлого тодорхойлогчдоор дүүрчихсэн нам биш шүү дээ. Их мэдлэгтэй, илүү ёсзүйтэй нь тэнд байж магадгүй. Тэгэхдээ л олонхи нь АН-ынхантай адилхан, улстөрд гарч ирсэн, тодордог технологи нь хүртэл ижил л хүмүүс. Яг үнэндээ парламентад байгаа МАН-ын 26 кноп л АН-д хэрэгтэй болохоос тус нам бүхлээрээ юмуу, хэн нэгэн гишүүнийх нь мэдлэг чадварыг ашиглах гэж ийм урилга илгээгээгүй нь тодорхой.

Хоёрт, Монголын улстөрийн орчин, улстөрд карьер өгсдөг арга, улстөрөөр дамжуулж төрөөс мөнгө хийдэг технологи нь өнөөдрийнхөөрөө байгаа цагт МАН битгий хэл, бурхан засагт ороод ч нэмэргүй. АН, МАН нийлээд, нэмж бонд аваад ч эдийн засаг 100 хоногт эрчимжихгүй. Яагаад гэвэл ямарч систем дотроо үргэлж зөв байдаг нь бараг аксиом. Өөрөөр хэлбэл, АН-ын хэцүү үед хань болж зүг чиг заах алтан гадас нь МАН биш. Өөрийнхөө “Алтан гадас”-ыг хүлээн зөвшөөрч чаддаггүй АН-ынхан өөр нэгэн “Алтан гадас”-тай нүүр тулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнтэй нэгэн адилаар  эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давахад зүг заах алтан гадас нь АН, МАН-ын нийлбэр гэдэг тийм сайн хувилбар биш. Харин үүний оронд хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид л алтан гадасын үүрэг гүйцэтгэнэ, Засгийн газарт хань болно. Тийм учраас барьж хорихын оронд  баялаг бүтээгчдээ хүндрэлийг давах бүжгэнд урихыг Засгийн газарт зөвлөхсөн. Болдогсон бол төслөө хүлээн сул хүү төлөн хадгалж байгаа бондын мөнгөнөөс үндэсний компаниуд, хувийн хэвшлийнхэнд хувааж зээлдүүлэхсэн. Тэд Итгэлт баяны сургаснаар сохор зоосыг ч болов сэгсэрч мөнгөө өсгөх л юм хийнэ. Саяхны жишээ гэхэд Хөтөлийн үйлдвэрийн 30 жилд үйлдвэрлэж байсныг ганцхан жилд буюу жилд нэг сая тонн цемент гаргах хүчин чадалтай үйлдвэрийг үндэсний компаниуд ашиглалтад оруулжээ. Хотынхон энд Төрийн ордноо гороолж улстөржин суухад тэнд Хөтөлд байгуулалт өрнөж 1.6-хан жилийн дотор Монголдоо хамгийн анхны хуурай аргын цементийн үйлдвэрийг барьсан байна. Одоогийн хүндрэлийг давах, ирээдүйд хөгжилд хөтлөхөд энэ сайн мэдээ биш гэж үү. Жишээ нь, Шангирллаг нь барьцаалж төрийн бодлого, стандартаа тогтоож өгөөд бондын мөнгөнөөс “MCS”-т өгчихсөн бол өдийд Тавантолгой- Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орж байгаа. Энэ жишгээр зээлдүүлэхэд МАК цементийн үйлдвэрээ эхлүүлчихсэн, үндэсний топ компаниуд том жижиг хэд хэдэн үйлдвэр нээчихсэн л байгаа.  Илүү мөнгөтэй боллоо, түрүүлж баяжих нь, бүгдийг хамах нь гэж бухимдах хэрэггүй. Алим хэдий том ч алимны модноосоо хол унадаггүй гэдэг. Түүн шиг үндэсний хөрөнгөтнүүд, үндэсний компаниуд томорлоо томорлоо гэхэд энэ Монгол Улсаасаа томрохгүй,  холдохгүй.  Эцсийн Үр дүнг нь Монгол Улс, өгөөжийг нь монголчууд л хүртэнэ.

Монголд гадныхны технолдоги, ноу хау, мөнгө хэрэгтэй. Бид дангаараа бүгдийг хийж чадахгүй. Гэхдээ чадахыг нь хийж, чадалтайд нь даатгах л хэрэгтэй. Гадаадын нэгэн сайн эр Монголоос мөнгөжөөд нутаг буцаж байснаас,  хууль номоо зөрчөөгүй, хулгай хийгээгүй л бол нэг муу монгол хүн мөнгөтэй болоод эх орондоо сайхан амьдарсан нь дээр шүү дээ.

Бид баялгаа гадагш зөөх, эсвэл улстөрийн шоу, цаасан макетад хууртаж мөн ч олон удаа шав тавьсан даа. Тууз хайчилсан тоогоороо хөгждөг бол Монгол минь арай л өөр очринтой, Арабаас дутуугүй хөгжилтэй байхсан. Гэвч тэгсэнгүй. Нийгмээрээ хоосон улстөржиж, нийтээрээ бараан мэдээнд л хэт дуртай боллоо. Монголчууд өөрөөсөө илүү монгол хүндээ дургүй болсон байна гэж ардын уран зохиолчийн онож бухимдсан нь ч ортой.  Энд сэтгүүлчид бидний буруу, оруулсан хувь нэмэр ч их. Гэтэл нийгэмд болж бүтэж байгаа, эерэг сайн сайхан нь илүү олон. Тэднийгээ, хийрхдэгээ бус хийдгээ илүү сурталчилж соён гэгээрүүлэх үүргээ хэвлэлийнхэн одо хийе.  Одоо импортыг орлох, баялагаа эх орондоо үлдээх, Монголдоо өртөг шингээх Хөтөлийн үйлдвэр шиг бодитой, үндэсний  бүтээн байгуулалтыг засаг бодлогоороо, бондоороо ч дэмжих учиртай. Ерөөсөө улстөрчдийн, төрийнхний хийх ажил ердөө л энэ. Түүнээс бус, их хааныхаа нэрээр өрийн бичиг гаргаж, энд тэндээс зээл цуглуулаад явах нь төрийн хийх гол ажил биш. Бодлого нь зөв, орчин нь таатай, эрсэдлээ даахаар бол мөнгө олж, зээл цуглуулах нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний ажил. Тэд өнөөдөр энэ үүргээ ямар нэгэн хэмжээнд гүйцэтгэж улсын төсвийг 100 хувь, бас МАН, АН-ыг давхар санхүүжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг үйлдвэрлэээд явж л байна. Зүйрлэхэд Монгол Улсын бэлэн мөнгөний АТМ нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн бол, улстөрийн намууд улстөрчид тэндээс карт уншуулж мөнгө авдаг л хүмүүс. Тэгэхээр С.Баярцогтын санал бол хаяг андуурсан урилга. Үнэхээр эдийн засгийг эрчимжүүлье л гэж байгаа бол илүүд үзэх нь МАН биш, баялаг бүтээгчид.

Далайн шуурга болоход залуур дээр хөлгийн ахмад суудаг. Хүн өвдөхөд эцэст нь эмчийг л дууддаг. Түүнтэй адил хүндэрсэн эдийн засгийн эмчлэх хөлгийн залуур дээр ч, багт ч эдийн засагчид олон байх учиртай. Гэтэл энэ засагт дээл нь хүндэдсэн нь олон болохоос тэгж хүлээн зөвшөөрөгдсөн нь цөөхөн юм. Иймд улстөрийн тогтвортой байдлаас гадна энэ засаг хүнээ олж томилох, томилогдсон нь хүлээн зөвшөөрөгдөх нь хүндрэлийг давахын эхлэл буюу эерэг дохио болно.  Хувь хүн нь сайн, сайхан л хүмүүс байх.  Гэхдээ л аав гэрийн хоймороо суухад тэр айл цэгцэндээ ордог шиг, сайн багш салбарынхаа өмнө зогсоход анги чив чимээгүй болдог шиг улсын хэмжээнд биш юмаа гэхэд хариуцсан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер, сайд цөөхөн нь эдийн засгийг илүү хүндрүүлсний бага боловч бас нэгэн шалтгаан болсон шүү. Хүлээн зөвшөөрөгдөнө, биесээ хүлээн зөвшөөрнө гэдэг хамтдаа урагшаа явахын, цугтаа амжилтад хүрэхийн эхлэл. Чапаев жанжин яагаад цэргийнхээ өмнө явдаг байсныг С.Баярцогт, ер нь бүгдээрээ л уншсан даа. 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn