Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
“MCS-ийн Оджаргал”-ыг илүү дэмжье
-Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй-

Манай гариг 220 гаруй улстай. Эдгээр улс хил хязгаараар тусгаарласан газар нутагтаа бүтээсэн хөгжлөөрөө уралдан хүн төрөлхтөний түүхийг бичиж явна. Тэдний нэг нь 2222 жилийн төрийн түүхтэй Монгол Улс. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай гэж ерөнхийд нь ангилна. Монгол Улс “хөгжиж байгаа” хэсэгт багтана. “Хөгжлийн гараа”-н дээрээ зогсч байгаа улс гэвэл илүү ононо. Аль нэгэн улсын колони орон байж хаялгаар нь хөгжсөн газар цөөн бий.  Хонгконг Британийн, Макао Португалийн, Тайвань Японы гэх мэт. Харин тусгаар тогтносон, бие даасан  улсуудын дунд гаднынхан ирээд  хөгжүүлж өгсөн улс орон гэж одоогоор алга. Манайх л анхных нь болох гэж зүтгээд байх шиг. Энэ нь төр засгийн ч, монголчуудын ч  зүгээс гадныхныг хэт шүтэх, үндэсний хөрөнгөтнүүдээ үгүйсгэх хандлагаас ажиглагдана. Ялангуяа энэ засгийн өнгөн дээр яг одоо 30 гаруй компанийн захирлыг цагдан хорьж буйгаас, барина, хорино, торгоно гэж баялаг бүтээгчид рүүгээ хэт их дайрч байгаагаас харагдана.  

Гэтэл хөгжлийн өндөрлөгт хүрсэн  Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь, Финланд зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжиж  дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүх үндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэй нь  салшгүй холбоотой байх юм.

Тухайлбал, АНУ  капиталистуудаа дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр хөгжсөн улсын төгс жишээ. Дэлхийн зах зээлийг эзэгнэгч Microsoft, Google, JP Morgan, Coca Cola, MacDonalds зэрэг дурдаад дуусахгүй олон компаниуд АНУ-ынх. Эдгээр компанийг  XIX зуунаас эхлэн Засгийн газар нь бодлогоор дэмжиж, ажиллах таатай  орчныг нь бүрдүүлж дэлхийд гаргаж ирсэн байх юм. Үндэсний хөрөнгөтнүүдээ дагаад АНУ ч  дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ.  

Япон гэхэд АНУ-аас жишээ авч 30 гаруйхан жилийн дотор Мицубиши, Тоёота, Сони, Хонда зэрэг үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэгээр эдийн засгийн хөгжлийн ид шидийг харуулсан бол Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань гээд Азийн дөрвөн ч “бар” бас л Японоос суралцаж энэ жишгээр хөгжсөн. Финланд гэхэд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ эзэмшилд байдаг  “Nokia”-г эхлээд дэмжиж, дараа нь түүнийхээ  дэмжлэгийг нь авч хөгжсөн байна.

Европтоо хамгийн хүчирхэг, дэлхийд тэргүүн эгнээнд зогсдог эдийн засагтай Германы хөгжлийг  Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi, Porsche, Adidas, Nivea зэрэг үнэдсний компаниудгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Эдгээр компани нь томорч дэлхийд гарсан учраас үндэсний капитилистуудаа дагаж Герман улс ч дэлхийд гарч ирсэн.

АНУ, Германы жишгээр хөгжсөн Европын бас нэгэн орон бол “Celtic Tiger” буюу Кельтийн барс хэмээн алдаршсан Ирланд улс. Үнэндээ Ирландад бар байхгүй л дээ. Харин 1980-аад онд л баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан Ирландыг эдийн засгийн эрчимтэй хөгжлөөр нь Азийн дөрвөн бартай зүйрлэдэг.

Эдгээр жишээнээс нэг асуулт гарна. Хэрвээ Засгийн газар нь бодлогоор үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжээгүй бол Microsoft, Google, Coca Cola, MacDonalds өнөөдөр дэлхийн брэнд болох байсан уу. Эд дэлхийн брэнд болоогүй бол  АНУ ингэж хөгжих үү. Тоёото, Хондо, Сони-г төр нь дэмжээгүй бол тэд дэлхийд гарч,  Япон Азийн бар болох байсан уу.  Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi төрийнхөө дэмжлэгийг аваагүй бол Германыг  Европын тэргүүлэх хөгжилтэй улс болгох хүчин зүйл өөр байсан гэж үү. Самсунг, Хьюндай-гаа дэмжээгүй бол Өмнөд Солонгос ингэж үсрэнгүй хөгжих байсан уу.

Хариулт нь их энгийн. “Үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэггүйгээр улс орон хөгждөггүй” гэх нэг л хариулттай. Гаднынхан очиж хөгжүүлж өгсөн улс орон нэг ч байдаггүйн нотолгоо нь энэ хариулт юм. Үндэсний хөрөнгөтнүүд л улсаа  бар болтол хөгжүүлдэг нь эндээс харагдана. Тийм учраас эдийн засагчид  хөгжилд хүрсэн улс орнуудыг “бар”-тай зүйрлэдэг. Япон, Солонгос, Сингапурыг  Азийн барууд гэдэг. Канадыг Умардын бар, Дубайг  Булангийн бар, Ирландыг Кельтийн барс,  Балтын тэнгисийн орнуудыг Балтын барс зэргээр нэрлэдэг.

Харин манай улсад ямар байна вэ. Дэлхийн брэндүүд Монголд орж ирж байна аа.  Харин Монголоос гаралтай, улсаа дагуулж  дэлхийн зах зээлд гарах хөгжлийн монгол брэнд хараахан алга. Нүүрсээ барьцаалж бирж дээр бонд босгосон ганц хоёрхон үндэсний компаниудыг эс тооцвол дэлхийн зах зээл бидэнд хол хэвээр байна. Монгол Улс өөрөө дэлхийн өмнө хаалттай ч байгаа юм уу, мэдэхгүй.  Харин Монголын төрд, монголчуудад үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих дэмжлэг бараг алга. Тэгсэн атлаа хөгжих хүсэл байдаг. Хүслийг маань гаднынхан биелүүлнэ гэж үлгэрт итгэдэг шиг төр, засгаараа, улсаараа  найдаад төөрч явна. Гэтэл гаднынхан гэж хөгжил бэлэглэдэг буяны байгууллага, байнга буцалтгүй тусламж үзүүлдэг улаан загалмайнхан биш шүү дээ.  Бид 20 гаруй жил ингэж л будиллаа. Байгуулж байгаа нийгмийнхээ эсрэгээр, улстөрийнхөн нь баялаг бүтээгчдээсээ баян амьдрах ёстой гэж зүтгэлээ. Үндэснийхээ өнгөтэй өөдтэй компаниудыг буруутгаж намналаа. “MCS”-ийг, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкийг, “МАК”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Гацуурт”, “Шунхлай”-г түрүүлж мөнгөтэй боллоо, тасарч баяжлаа хэмээн нийтээрээ буруутгаж, намууд  улстөрчид нь сонгуулиар сааж амьдарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр компаниуд ажлын байр гаргаж, татварт хэдийг төлж,  улсын төсвийн хэчнээн хувийг бүрдүүлдгийг тооцож байсан нь цөөхөн. Оюутолгой, Тавантолгой л гэж хошуурах. Гэтэл хамгийн олон ажил олгогч, хамгийн их татвар төлдөг, бас хамгийн олон айл өрхийн  төсөв болон өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой “MCS”, МАК, мах, гурил талхны үйлдвэрүүд зогсоход, Голомт, Хаан Худалдаа хөгжлийн банк доголдоход л өнөөдөр Монголын эдийн засгийн зүрх зогсоно шүү дээ. Үндэсний эдгээр компаниуд эдийн засгийг ингэж чирэх атлаа төрд, олон түмэнд үргэлж адлагдана.  Монголчуудынхаа амьдралыг үндэсний эдгээр компаниуд л нуруундаа үүрэх хэрнээ үргэлж айдастай. Төрийн татвар хяналтаас, тасарч баяжих гэлээ гэх олон түмний дургүйцлээс болгоомжилно. Хулгай хийгээгүй хэрнээ хулгайч шиг айна. Хатуу сонсогдож магадгүй, хийж бүтээсэн, босгож байгуулснаа хулгайчдаас хамгаалахын тулд нээрээ ч хулгай “хийчихсэн” юмшиг ч загнана,  хагас нойртой амьдарна. Саяхан нэгэн сайн танил маань хулгайг гурилддаг нь Ганцхудагт, төгс хийдэг нь Төрийн ордон ба түүний ойролцоо байдаг юм гэсэн нь бас л бодууштай санагдсан. Давхар давхар ийм тушаатай явахад үндэсний хөрөнгөтнүүд яаж өндийж, үндэсний баялаг бүтээгчид хэдийд нь дэлхийд гарах ч юм билээ. Тэд хөл дээрээ бат зогсоогүй цагт Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд гарч чадахгүй. Үүний нотолгоо нь Канадын ердийн нэгэн компани манай Оюутолгойн ордын лицензийг эзэмшигч гэдгээрээ дэлхийд гарч хөрөнгөжөөд явахад баялгийн эзэн-Монгол Улс байрандаа л байх.

Монголд улстөрийн лидерүүд бол байна аа. Нам бүлэг, төрийн институцийнхээ төвшинд. Харин үндэсний лидер төрөхгүй байгаа юм болов уу.   Эсвэл байгаа нь үндэстнээ манлайлах, үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадахгүй  байгаа ч юм уу.

Ойрын жишээнээс дурдахад, Малайзыг хөгжилд хүргэсэн, Ерөнхий сайд асан Махатир Мохамад жирийн нэгэн улстөрч байхдаа тухайн үеийн Засгийн газрынхаа тэргүүнд гаднын, ялангуяа хятад үндэстнүүдэд найдаж, Малайзын хөгжлийн хувь заяаг даатгасныг шүүмжилж нээлттэй захидал илгээжээ. Малайзыг малайзууд л хөгжүүлэх тухай  шинэ бодлогыг санал болгосон энэхүү захидал  “The Malay Dilemma” нэртэй ном, сүүлдээ Малайзын хөгжлийн “Үндсэн хууль” болсон гэдэг.

Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнийн хэвлүүлсэн “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” нэртэй ном нь түүний компани төдийгүй, солонгосуудын хувьд Коран судар, Библи байсан бөгөөд шахалтаар уншуулдаг байжээ.

Сингапурын төрийн эрхийг 40 гаруй жил барьсан Ли Куан Ю-гийн “хөгжлийн жор” нь  ердөө сингапурчууд байв. Тэрээр Сингапурыг сингапурчууд л хөгжүүлнэ гэдэг проект-бодлого хэрэгжүүлжээ.

Харин манайд өөдөө босоод ирснийг нь өшиглөж унагаах технологи илүү хөгжлөө. Улстөрийн аргаар нэг унагаана. Жишээ нь, Х.Баттулга, Сү.Батболд, Г.Батхүү, бүр Н.Номтойбаяртай улстөрөө л ярихгүй, яагаад бүтээсэн баялаг руу нь дайрдгийг, бүтээж босгосноор нь улстөр хийдгийг ойлгодоггүй. Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй. Орос эрийн эзэмшилд байсан алтны томоохон ордыг авч, ашгийг нь ч, алтыг нь Монголдоо үлдээх болсон, эх орондоо дэлхийн жишгээр анхны сүлжээ зочид буудал байгуулж буйнхаа төлөө “Алтан Дорнод-Монгол” компанийн  захирал Т.Ганболд яагаад буруутан болдгийг би мэддэггүй. Эзэмшиж буй лицензийнхээ хэмжээнд таарсан нөөцөө барьцаалаад бирж дээр хөрөнгө босгосон нь яагаад улстөрд, улстөрийнхөнд хэтэвч болж харагддагийг гайхдаг. Саяхан “QSC” гэж монгол компани Дарханы төмөрлөгийг гангийн үйлдвэр болгохоор төртэй Концесс байгууллаа. Тэд дөрвөн жил ажилласан төслөө үргэжлүүлж, оросууд “Эрдэнэт”-ийг байгуулсан дайны, авсралиуд Өмнөговьд босгож байгаа Оюутолгой төслийн хэмжээний том бүтээн байгуулалтыг эх орондоо хийхээр зориг шулууджээ. Эдийн засагт үүнээс илүү сайхан мэдээ гэж өөр юу байх билээ. Улсын хөгжлийн хөтөч нь хүнд аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн ганц “талх” нь ган гэдэг. Тийм учраас аливаа улсын тусгаар тогтнол нь гангийн  үйлдвэрээсээ эхэлдэг гэсэн үг гарсан хэрэг. Тийм ч учраас Солонгосын одоогийн Ерөнхийлөгчийн аав Пак генерал засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэрээ барьж эхэлсэн байдаг. Хятадад ч адилхан, Мао-гийн үед айл бүр ган хайлуулах тухай бодлого гарч байсан нь түүхэнд үлджээ. Энэ нь ган хайлуулах нарийн технологийг мэдэхгүй ч, гангийн үйлдвэртэй байж гэмээнэ улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг тэр үеийн удирдагчид сайн мэдэж байжээ. Эцэст нь төмөртэй хүн баяждагийн жишээг амьдралд нотолж дайны хөлд нэрвэгдсэн, загас жараахай, цагаан будаанаас өөр баялаггүй явсан Солонгос, Япон, Хятадыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн, одоо ч эдийн засгийг нь тэтгэдэг мөнхийн хөдөлгүүр нь  гангийн үйлдвэр болжээ. Энэ “талх”-ны түүхий эд-үрийн будаа болох төмрийн хүдрийг монголчууд бид нийлүүлдэг байв. Одоо нэгэнт өөрсдөө “үрийн будаа”-тай учир япон технолгиор “талх”-аа Монголдоо үйлдвэрлье гэдэг яах аргагүй сайн мэдээ. Хийх гэж зориглох нь хийхгүй сууснаас л дээр.  

Өөдөө босох гэж байгааг нь өшиглөхөөс гадна гаднаас өрсөлдөгч оруулж ирээд нам даруулж бас унагах гэнэ. Саяхан гэхэд, өмнөд хөршийн төрийн өмчит “Bank of China”-гийн салбарыг Улаанбаатарт оруулж ирж унаж, уруудаж буй эдийн засгийг эрчимжүүлнэ гэж хэсэг ярилаа. Бараг дэлхийн эдийн засгийг тодорхойлж яваа өмнөд хөршийн төртэй нийтдээ  арав гаруйхан тэрбум долларын активтай Монголын арилжааны 14 банк нийлээд ч өрсөлдөж чадахгүйг мэдмээр л юм. Цаана нь өөр стратеги байсан үгүйг бид бас  мэдэхгүй.

Гэтэл хөгжсөн улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэхийн тулд гаднын өрсөлдөгчдөд хязгаарлалт хийдэг байна. Элсэн цөлд газрын диваажин босгож буй Арабын Эмират гэхэд  “51 хувийн босго” гэх бодлоготой. Тэнд хөрөнгө оруулалт хийгээд ижил төрлийн зах зээлийн 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний  мэдэлд байх ёстой гэнэ.  Бас Германд дотоодын хөрөнгө оруулагчдаа гаднынхнаас хамгаалах агентлаг байдаг ажээ. Манайд бол хамгаалснаас хааж, хязгаарласан бодлого нь илүү. Бондын мөнгөтэй хэрнээ тэндээс цаасан дээрх төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийг эс тооцвол үндэсний том компаниудаа дэмжсэн төсөл бараг байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэл гэдгээр 888 төсөлд жижиглэн тараах улстөрийн шийдэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэл бол  бидний 24 жил явсан, мэддэг зам. Тэдэн дундаас дараагийн “MCS”, “Голомт”, “Таван богд”, “МАК” төрөхийг 24 жил хүлээлээ, байдаггүй.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жижгүүд ч төрийн дэмжлэгээр өсч томорх эрхтэй. Тэгэхдээ аль ч  улс оронд хүн бүр нь олон охин компанитай группийн захирал, эсвэл  тэрбумтан байдаггүй. Харин ч томуудынхаа хаялгийн хүртэж нэг хэсэг нь амьдардаг, улс хөгждөг нь хууль.  Үүний жишээ нь Өмнөд Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 40-45 хувийг дөрвөн том корпорац гаргадаг бол Японы эдийн засгийн 90-ээс дээш хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Энэ 90 хувийнхаа 50 хувийг хамгийн томд тооцогддог 18-хан  корпорац бүрдүүлдэг байна. Хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй Монголд 18-аа байг, гэхэд  “MCS” шиг дахиад  арван компани байхад л хөгжих бололцоо илүү нэмэгдэнэ. Тийм учраас л одоо “дараагийн MCS”-ийг гаргаж ирэхэд, “дараагийн Оджаргал, Баттулга, Баясгалан, Батболд, Нямтайшир, Чинбат, Баатарсайхан”-ыг бодлогоор төрүүлэхэд төрийн дэмжлэг илүү хэрэгтэй. Тийм ирээдүйг илүү дэмжье.

Ерөнхийлөгч гарын үсэг зурж, хотын даргын сонгуулийн амлалтаар бол манай улс 2040 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргыг эх орондоо хүлээж авна. Байж болох сайхан л мөрөөдөл. Тэгэхдээ улс нь хөгжөөгүй, ядаж 2-3 цэнгэлдэхгүй бол энэ мөрөөдөл биелэх боломжгүй. Харин үүний оронд Монголын “Самсунг”-ийг, бас түүнд дөхөж очих хэдэн том үндэсний компанийг дэмжиж төрүүлбэл, хөлбөмбөгийн аварга байтугай нь давхар шийдэгдэнэ.  Жижгээр том асуудлыг шийддэггүй, харин ч томын хаялган дор жижгүүд инерцээрээ шийдэгдэж явдаг нь байгалийн хууль шүү дээ.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.