Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Ганбаатар: Цаадуул чинь Оюутолгойн 34 хувийг зарах юм гэнэ
2014 оны 4 сарын 24 [Уншсан тоо: 78855]
-ЭДИЙН ЗАСГИЙГ УНАГАХ, ХЯМРААХАД 100 ХОНОГ
ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА ШҮҮ-


УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Улстөрчид та нарын хувьд сүүлийн үеийн халуун сэдэв нь “давхар дээл”-ийг тайлах эсэх тухай маргаан байх шиг байна. Сайд нарыг “давхар дээл”-ээ энэ оны долдугаар сарын 1-нээс тайлах ёстой гэж та санал өглөө. Чухам яагаад вэ?
-Би нэг зүйлийг зориуд тодруулъя. Сэтгүүлчид та нар “давхар дээл” гэж бичихээр энэ төслийн ач холбогдлыг бууруулаад байх шиг санагддаг.Угтаа бол нэг хувь хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэсэн төрийн хоёр өндөр албан тушаалыг давхар хаших тухай юм.Энэ хоёр албан тушаалыг зэрэг хаших мэдлэг, чадвар нэг хувь хүнд байх, үгүйн тухай маргаан энд байхгүй.Хамгийн гол нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр хоёулаа нэг халаасанд байж болох, болохгүй тухай зарчим, засаглал хуваах онолын маргаан ярьж байгаа юм, энд.Түүнээс бус, Дорж гэж хувь хүнийг сайдаас нь болиулж дан ганц УИХ-ын гишүүнээр нь үлдээж мууг нь үзэх, эсвэл энэ төслөөр далимдуулж Засгийн газрыг огцруулж дараагийн ээлж нь хоолонд орох гээд байгаа юм ерөөсөө байхгүй.Хувь хүний болон улстөрийн ийм өнцгөө энэ удаа хойш тавьж, эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө саналаа өгөөч гэж би УИХ-ын гишүүдэд уриалсан.Ийм төсөл санаачилсных нь төлөө, энэ яваад байгаа буруу жишгийг нэг өдрийн өмнө ч гэсэн засъя гэж хэлснийх нь төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид маш их талархаж байгаа.

-Агуулга, зарчмын хувьд энэ төсөл том л доо. УИХ-ыг засгийн халааснаас гаргаж, Засгийн газрын  хуулийн хэлтэс байхыг нь болиулах, парламентад засгаа хянах бололцоо нэмэх гээд ярьж болно. Гэтэл энэ төслөөр шалтаглаж нэг нь Засгийн газрыг унагах, нөгөө нь засгаа аварч үлдэхийн тулд өнөөх том агуулга, зарчмаа аль хэдийнэ улстөрийн эрх ашгийнхаа хойно эрэмбэлээд эхэлчихсэн юм биш үү?
-Магадгүй, гэхдээ төслийн эхний хэлэлцүүлэг дээр эрх ашгийн зөв эрэмбэ ялсан гэж би хувьдаа үзэж байгаа. Одоо явж байгаа буруу жишгийг нэг өдрийн өмнө ч гэсэн халъя, ухаалаг төр рүү урагшаа ганц ч болов алхъя гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга, байр суурийг  гишүүдийн олонхи дэмжсэн.

-Ганц саналаар шүү дээ

-Ганц ч байсан илүү л гарсан бол олонхи. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй юм.Зарим хүн Ганбаатар сүржигнэлээ л гэх байх, би ялалт гэчихье.Өчигдөр ганц саналаар илүүрхсэн энэ эрүүл ялалт хоёрдугаар хэлэлцүүлэг дээр илүү олон болж нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.Нэг танхимд мөр зэрэгцэн суугаа гишүүдийнхээ, С.Зориг агсны хэлснээр монгол хүний эрүүл саруул ухаанд нь итгэж байна.

-Эсрэг санал өгсөн хүмүүсээ намаас хөөнө гэдгээ АН-ын бүлгийн дэд дарга нь мэдэгдэж, нэр дэвших эрхийг нь хасахаар айлгах зэргээр буцаагаад хайрцаглаад эхэллээ. Нэг талаар улстөр багийн тоглолт учраас энэ нь буруу ч биш байх, тийм үү?

-Улстөр бол багаар тоглох урлаг мөн. Гэхдээ асуудлаасаа хамаарна. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаа сонгодог утгаар нь авч үлдье гэж байгаа л бол “давхар дээл”-ийн асуудал дээр улсаараа нэг баг болж тоглох учиртай.Улстөрийг энэ удаа орхиж, түр сэлгээнд суулгах ёстой. Хуулийг баталдаг, хуулийг хэрэгжүүлдэг хоёр байгууллага нэг дор байж болохгүй гэдэг бол парламентын амин сүнс.Эрх мэдэл, мөнгө хоёр нэг хэсэг юм уу, нэг хэсэг бүлэглэлийн гарт байх л юм бол үндсэндээ дарангуйлал бий болдог.Энэ танхимд суугаа УИХ-ын гишүүд энийг мэдэж, мэдэрч байгаа байх.Бас ард түмэнд олон зүйлийг амлаж сонгогдсоноо санаж байгаа байх.Засгийн газар олон буруу жишгийг шинэчилнэ гэж байгуулагдсанаа мартаагүй гэж бодож байна.Тэдгээр шинэчлэлийг нь би хувьдаа нэгд, эдийн засгийн, хоёрт, Оюутолгой тэргүүтэй уул уурхайн салбарын, гуравт, улстөрийн хямралыг засах, дөрөвт, хууль эрхзүйн орчны шинэчлэл гэж багцалж харж байгаа.Одоо хоёулаа эдгээрийг нь тус бүрд нь аваад үзье.Эдийн засаг нь хямарчихлаа. Элгээрээ хэвтэх дээрээ тулчихаад байгаа учраас эрчимжүүлэх ч гэнэ үү, 100 хоногийн төлөвлөгөө гээч юм гаргаж ирж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд эдийн засгийг унагах, хямраахад 100 хоног хангалттай хугацаа. Харин эдийн засгийг 100 хоногт сэргээж эрчимжүүлнэ гэж байдаггүй юм. Тэр тусмаа өнөөдрийнх шиг хүндэрсэн эдийн засгийг.Оюутолгойн хувьд гацаанд орчихсон.Энэ төслийг тойрч улстөрчид бид л бүтэн жил ярьснаас бус, энэ төслийн бүтээн байгуулалт бүтэн жил зогсч, Монголд орж ирэх төслийн өгөөж бүтэн жилээр гацлаа.Энэ хугацаанд алдаатай гэрээгээ амласан ёсоороо засч чадсангүй.

Хууль, эрхзүйн шинэчлэлийн тухайд алдаа онооны аль аль нь байх шиг л байна. Алдаа нь илүү байна гэж үзсэн юм байлгүй, шинэчлэлийг гардан хийж байгаа сайдаа огцруулах төслийг эрх баригчид өөрсдөөсөө өргөн барилаа, бүр намын бүлэг нь нэгдсэн шийдвэр гаргахгүй гэлээ.Тэгэхээр одоо Засгийн газарт шинэчлэх, тэр амандаа хүрэх ганц л юм үлдэж байна.Энэ нь эдийн засгийн хямрал, хүндрэлээс үл хамааран мөнгө зарахгүйгээр хийж болох улстөрийн хямрал, 20 жил явж ирсэн алдаагаа бага боловч засах боломж юм. “Давхар дээл” буюу Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдлээс салгаж чадах эсэх нь энэ удаа манай гишүүдийн улстөрийн эр зориг, эх орон ард түмнээ гэсэн хувь хүний мөн чанарыг илтгэнэ. Өгсөн санал нь тэднийг хэн болохыг, хэний юуны төлөө, яах гэж  Их хуралд сонгогдсоныг илэрхийлнэ. Энийг ард түмэн сайн хараарай, өгсөн саналаар нь эргэцүүлж хувь хүн дээр нь анализ хийж үзээсэй гэж хүсмээр байна.Хэрэв бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж хэрэгжүүлж чадвал дарангуйлал, хүчирхийллийн дунд хавчуулагдах аюулаас аврагдаж, эрх мэдэл, мөнгө хоёрыг салгаж чадна.Магадгүй ийм шийдвэр гаргаснаараа 2012-2016 оны УИХ-ын гишүүд залгамж халаа болох улс төрчдөдөө шинэ боломж олгож, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн түлхэц өгч чадна.Үүнийгээ ойлгож, улс орныхоо эрх ашгийн төлөө сонгогчдынхоо талд зогсох эр зоригийг ямар ч улстөрийн шийдвэр, дахин нэр дэвших, дэвшүүлэхгүй гэх улстөрийн барьцаа шантааж мохоож чадахгүй дээ.

-“Давхар дээл”-ийг тайлуулах нь таны хувьд Оюутолгойн гэрээнээс ч чухал уу?

-Ач холбогдлоор тэр нь илүү, энэ нь дутуу гэх боломжгүй. Ганц үнэн гэвэл, хэрвээ УИХ нь Засгийн газартайгаа холилдоогүй, хоёр засаглал харилцан хяналттай байсан бол Оюутолгой дээр ийм алдаатай гэрээ батлагдахгүй байсан байх.Энэ гэрээг зөвхөн С.Баяр, Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх гэж хувь хүмүүс сайн дураараа хөрөнгө оруулагчид дээр очоод хийчихээгүй шүү дээ.Засгийн газрын чиглэл, УИХ-ын зөвшөөрлөөр хийсэн.Гэтэл чиглэл гаргаж, зөвшөөрөл өгдөг хоёр субьект нь бие биеийнхээ барьцаанд орчихсон, хоёр толгойтой сиамын ихрүүд л байсан байхгүй юу.Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээний алдаа бүхэн нь “давхар дээл”-ийн толь.

-Оюутолгой гэснээс таныг  хэт эх оронч зан гаргаж хийрхсэнээс болоод Оюу­толгойн гэрээ гацлаа гэж зарим хүн шүүм­жилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би энэ гэрээг байгуулахаас нь эхлээд зарчмын байр суурь илэрхийлж, ард түмнийхээ талд л дуугарч ирсэн. Үүнийхээ төлөө янз бүрийн муу үг сонсч л байна.Би тэдгээр хүмүүст “бид дотроо нэгийгээ, нөхөр Ганбаатарыг янз бүрээр хэлэх  яах вэ, биднийг хэрэлдэж байх хойгуур хөрөнгө оруулагчид бүхнийг бидэнд, баялгийн эздэд ашиггүйгээр шийдэж байна шүү” гэж хэлмээр байна. Хөрөнгө оруулагчид хэлснээсээ буцаж байна, хийх ёстойгоо хийхгүй байна. Хятадын эдийн засаг удааширснаар “Рио Тинто” өөртөө давуу байдлыг бий болгож  байна. Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийнхээ нөхцөлийг хөрөнгө оруулагч банкуудтайгаа тохирч чадахгүй байна.Энэ бүгдээ биднээс, монголчуудаас болсон мэтээр тархи угааж байна. Хэрвээ төслийг урагшаа явуулъя гэсэн чин сэтгэл байгаа бол ганц Ганбаатар байтугай 34 хувийн эзэмшилтэй Монголын талаас үл хамааралтайгаар явах эрхзүйн болоод бусад бололцоо нь хөрөнгө оруулагчдад бий шүү дээ. Одоо харин шинэ нөхцөл байдал үүссэн дээр нь Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг ярилцаж, талууд ширээний ард суух ёстой.

-Шинэ нөхцөл байдал гэдэг нь?
-Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани 2013 оны санхүүгийн тайлангаа тавьсан. Тэнд нь тархи угаасан зүйлүүд, тоо баримт маш олон бий.Тэрийг энэ удаа орхиё.Далд уурхайд авах гэж байсан зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дууссан.Одоо зээлийн нөхцөлүүдийг шинээр ярилцах бололцоо нээгдсэн. Энэ бүгд нь  Оюутолгой дээр цоо шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Ийм нөхцөл байдал үүсэхэд хэрхэн шийдэх, зөвшилцлийн хүрээнд яаж шийдэхийг гэрээгээр зохицуулсан.Одоо гэрээний энэ заалтаа Монголын тал, хөрөнгө оруулагч тал ч ашиглаж асуудлыг нэг талдаа гаргах ёстой.Энэ боломжоо ашиглах, ийм санаачилга гаргахын оронд огт өөр яриа манайхнаас сонсогдож байгаа шүү.

-Ямар?
-Зарим хүний амнаас гараад л байгаа шүү дээ.

-Чухам юу гэж?
-Цаадуул чинь Оюутолгойнхоо Монголын талын 34 хувийг хөрөнгө оруулагчдад худалдах юм гэнэ. Би ийм сураг сонссон, хэвлэлийнхэн та нар сонсоогүй юу.Эдийн засгаа аврах мөнгө хайж байгаа юмуу, эдийн засгийг эрчимжүүлэх нөгөө хөтөлбөрийнх нь нэг хэсэг үү, мэдэхгүй.

-Хэрвээ үнэн байлаа гэхэд байж болох хувилбар мөн үү. Оюутолгойг зуун хувь хөрөнгө оруулагчдад өгөөд Монголын тал бүх  татвараа аваад сууж байх нь зөв гэж зарим хүн хэлдэг дээ?

-2009 онд би анх яг энэ асуудлаар тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд захидал бичиж байсан юм. Гэрээний маш олон алдааг дурдаад нэг тодорхой санал дэвшүүлсэн. Монголын Засгийн газар 34 хувь эзэмших нь ашиг тусаа өгөхгүй, энэ хэмжээндээ таарсан хөрөнгө оруу­лалт гэж манай талаас их хөрөнгө гарна.

Иймд хэзээ ашиг авах нь мэдэгдэхгүй 34 хувийг эзэмшиж байхаар хөрөнгө оруулагчдад буцааж өгөөд оронд нь роялтигаа 15 хувь болгож нэмэгдүүлж авъя гэж. Даанч миний саналыг сонсоогүй л дээ.Зарим хүн сонсохыг ч хүсээгүй байх.Тэр үеийн миний санааг одоо хэрэгжүүлэх гэж байгаа бол өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь дээ л гэмээр байна.Нэгэнт галт тэрэг хөдөлсөн, төслийн эхний шат дууссан хойно энэ яриа дахиад гарч ирж байна л даа.

-Гэхдээ ойлголцож болох юм биш үү. Угаасаа л манайх 34 хувьдаа ганц ч төг­рөгийн хөрөнгө оруу­лалт гаргаагүй, бас 34 хувьдаа ноогдох ашиг гэж ганц доллар ч аваагүй яваа шүү дээ?
-Хөрөнгө оруулаг­чид­тайгаа л ярина л даа. Тооцоо нийлэх, эргэж гэрээгээ засах гээд их л цаг хугацаа орох байх.

-Оюутолгойн гэрээг хүчтэй шүүмжлэгчдийн нэг нь та шүү дээ. Хэрвээ гэрээг ингэж өөрчилнө гэвэл та дэмжих үү?

-Үнэхээр л ойлголцоод  гэрээгээр баталгаажуулдаг юм бол 2009 оны байр сууриа би хамгаална, дэмжинэ. Гэхдээ ганцхан нөхцөлд. Одоо замын дунд Засгийн газар 34 хувиасаа татгалзах гэж байгаа бол хариуд нь хөрөнгө оруулагчид роялтигаа 20 хувь болгох ёстой. Дээр нь роялтиг борлуулсан бүтээгдэхүүн дээр бус, олборлосон бүтээгдэхүүн дээр тооцож авах ёстой. Харин үүнээс өөрөөр тохирвол, роялтигаа нэмэхгүй бол 34 хувиа зарах тухай ямар ч яриа байхгүй гэдгийг би хатуу хэлье. Би тууштай эсэргүүцнэ, энэний төлөө зарим хүний хэлдгээр эргээд гудамжиндаа гарч  жагсахад ч бэлэн байх болно. Энэ бол миний маш тодорхой байр суурь шүү.

-Эцэст нь асуухад Монголд “Bank of China” салбараа байгуулна, Засгийн газар дэмжиж байгаа гэх мэдээлэл  сүүлийн үед хэвлэлээр гарч байна. Эдийн засагч хүний хувьд энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар би хэвлэлийн мэдээлэл төдий л байгаа. Тийм учраас товчхон хариулъя.Хэрвээ “Bank of China” салбарын хэмжээнд, банкны үйл ажиллагаа явуулахаар орж ирэх гэж байгаа бол энэ нь УИХ, Засгийн газрын төвшинд нэлээд нухацтай, магадгүй хаалттай ярих сэдэв байх.Том хөршийн, дэлхийн хэмжээний том банк орж ирнэ гэдэг ердийн нэгэн хөрөнгө оруулалт биш. Эдийн засгийн хамгийн чухал дэд бүтэц, жинхэнэ стратегийн салбар болох банкны  систем маань бүхлээрээ гаднынхны гарт орж болзошгүйг үгүйсгэх аргагүй. Банкны зээл, хөрөнгө оруулалтаар дамжаад манай улсын эдийн засгийн зохистой харьцаанд өөрчлөлт гарах, бүр цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал ч сөхөгдөж болзошгүй. Бид сайн, Монголд ашигтай  гээд л Оюутолгойдоо гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулсан. Одоо тэдэнтэйгээ ойлголцож чадахгүй сууж байна.Энэ түүх давтагдахыг ч үгүйсгэхгүй.Тийм учраас Засгийн газар асуудалд ул суурьтай хандах байх аа.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn