Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Украинаас ирсэн хоёр мессеж
Сүйрч, сөхрөхдөө хүрвэл улс орон ч амархан ажээ. Ердөө сар хүрэхгүй хугацаанд 45 сая хүн амтай Украин улсаараа сүйрлээ. Дэлхийн газрын зурагт Крымтэй, Крымгүй үлдсэн ч энэ улсын эдийн засаг хэсэгтээ босч ирэхээгүй сөхөрлөө. Украины үйл явдал, цаад шалтгаан нь монголчууд бидэнд зөвхөн “дэлхийн мэдээ” байх нь хангалтгүй. Харин санаа, сургамж авах бодит жишээ юм. Тайланд, Украинд бараг л ижил үйл явдал өрнөж байхад их гүрнүүд яагаад зөвхөн Украиныг онцлоод байна вэ.  Яагаад гэвэл Украйн бол ОХУ болон Европын холбоо, АНУ зэрэг их гүрнүүдийн хувьд геополитик, геостратегийн хувьд буфер улс. Оросууд энхтайван тогтоох гэж цэргээ оруулж, америкууд хүний эрхийг хамгаалж эсэргүүцээд байна уу гэвэл худлаа. Тус бүрийнх нь сонирхол энэнээс өөр шалтгаантайг энгийн төвшинд товчхон өгүүлье.

ОХУ

Тус улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь нефть, газ. Европын зах зээлд өрсөлдөх өөр брэнд оросуудад бараг байхгүй. Оросоос Европт газ нийлүүлдэг, нийлүүлэх төслийн хэмжээнд яваа гурван урсгал бий. Хоёр нь Украинтай шууд холбоотой. Эхнийх нь Украинаар дамжиж Зүүн Европыг хангадаг урсгал. Энэ нь Оросоос Европт экспортолдог газын бараг 52 хувь. Хоёр дахь нь, одоо хэрүүлийн алим болоод буй Крымийн хажуугаар буюу Хар далай доогуур хоолой татаж буй төсөл. Болгараар дамжуулан прибалтикийн орнуудыг хангах уг төслийг ашиглалтад оруулснаар Европын газын импортын 30 хувийг энэ урсгалаар “тасралтгүй тэжээх” бололцоотой гэх тооцоо бий. Үүнээс гадна саяхан Хар далайгаас газын маш их нөөц илрүүлсэн. Түүнийгээ ашиглаж эхэлснээр 2020 он гэхэд Оросоос хий авах шаардлагагүй болно гэж украинууд өөрсдөө мэдэгдсэн удаатай. Харин гуравдахь нь Украинтай шууд холбоогүй,  Орос-Германы хооронд Балтийн тэнгисээр дамжуулан барьсан газын “Хойд урсгал” юм. Ер нь Крым, Хар далай бол оросуудын хувьд баруунд гарах хамгийн түшиц газар. Крымийн хойг хэзээнээсээ аялал жуулчлалын таатай бүс байсаар ирсэн. Домбаск зэрэг нүүрсний ордыг эс тооцвол дэлхийд өрсөлдөх өөрийн үйлдвэргүй Украин улс  энэ бүсийн аялал жуулчлалаас орлогынхоо нэлээд хувийг бүрдүүлдэг байна.

Энэ бүхэн нь Украинд санаа тавих Оросын гол шалтгаан. Харин Крым анхнаасаа Оросын нутаг байсан, тэнд орос иргэд олноор амьдардаг, энэ бүст энх тайван тогтооно зэрэг нь ОХУ-ын хувьд шалтаг, магадгүй хоёрдугаар зэргийн асуудал байх. Хамгийн гол шалтгаан, нэгдүгээр асуудал нь ОХУ-ын хувьд экспортын орлогын гол зах зээлээ хамгаалж хадгалж үлдэх эдийн засгийн сонирхол, газаар дамжуулан Европт хяналтаа тогтоох их гүрний бодлого, хийн шинэ нөөцөд эзэн суудаггүй юмаа гэхэд хамтран оролцох хэтийн зорилго юм. Хэрвээ Украин Крымтэйгээ хяналтаас гарвал оросууд Европт хяналтаа алдахын зэрэгцээ улс нь газын экспортгүй, экспортын орлогогүй, хий экспортолдог гурван гарцын хоёр нь шууд зогсох аюултай байдалд орно. Багаар бодоход л Украинаар дамждаг хийн хоолой нь замдаа элдэв халдлагад өртөх, Оросоос шахсан нь цаад захиалагчдаа яг тэр хэмжээгээрээ очих баталгаагүй болох эрсэдэлтэй. Саяхны үйл явдлаас жишээлэхэд Украинд Оросын цэрэг орсон гэх ганц өдөр л гэхэд “Газпром”-ын хувьцаа 10 гаруй хувиар унажээ. Дагаад рублийн ханш огцом унаж, Төв банкнаас нь эргэж интервенц хийснээр оросууд энэ өдөр 11 тэрбум доллар алдсан мэдээ бий. Цэрэг орлоо гэх мэдээг л ийм хэмжээний алдагдал дагаж байгаа бол хийн крантыг нэг өдөр хаахад хүрвэл “Газпром”-ын хувьцаа бүр ихээр унаж, оросууд 11 тэрбумаас хавьгүй илүү санхүүгийн эрсэдэлд орох магадлалтай. Тэгэхээр экспортын гол эх үүсвэрээ барьцаалж Украины дотоодын тогтворгүй байдлыг далимдуулах нь  эргээд Орост хохиролтой нь эндээс харагдана.

АНУ ба Европын холбоо

Америк бол Украин, Крымтэй Орос шиг газар нутгийн үүсэл, эдийн засгийн шууд хамааралгүй. Хүний эрхийг хамгаалах хөшигний цаана их гүрний бодлого, эдийн засгийн сонирхол нь явж л байгаа. Оросын Европ дахь хяналтыг тэлүүлэхгүй барих, энэ бүс нутгийн улсуудыг Оросоос эрчим хүчний хамааралтай болгохгүй байх геополитикийн сонирхолтой. Хэрвээ Крым ОХУ-ын хяналтад бүрэн орвол Европт нийлүүлдэг газын үнэ дээр оросууд хүссэнээрээ танц эргэж, дэлхийн тавцан дахь их гүрнүүдийн тэнцвэрт /АНУ, ОХУ хоёрын дунд/ өөрчлөлт орох магадлалтай. Эрчим хүчээр дамжуулж Европыг Орост алдахгүйн тулд америкууд гадагшаа газ экспорлох зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэндээ олгож эхэлсэн нь ийм болгоомжлолын эхлэл. Европын улсууд ч импортын хийгээр дамжаад Оросоос хамаарах хамаарал нь нэмэгдэхээс болгоомжилж буй.  Украинд цэрэг оруулах мэдээг дагаж Орост долларын ханш унасан бол  газын үнэ Англи, Германд найм, Голландад 10 хувь өссөн нь үүний жишээ. Зарим шинжээчид Украйны асуудлыг “газын дайны эхлэл” гэж нэрийдсэн нь эндээс эхтэй болов уу. Тийм учраас л Америк, Европын холбоо хоёр Украины асуудлаар Оросын эсрэг нэг эвсэл болж, Их наймын уулзалтыг цуцлах, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, улмаар орос иргэдэд виз олгохгүй байх, гадаадад хадгаламжтай Оросын өндөр албаныхны нэрсийг зарлах, Оросын компаниудын дансыг царцаах  зэрэг янз бүрийн бойкот үзүүлж байна. Иймэрхүү шахалт эвслийн зүгээс энэ сарын 16-ныг хүртэл, цааш ч явах болов уу. Учир нь энэ сарын 16-нд Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх эсэхээр ард нийтийн санал асуулга болно. Крымийн оршин суугчдын 50-60 хувь нь орос иргэд. Иймд хариу яаж гарах нь тодорхой ч, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ Украйны шинэ эрх баригчид хийгээд АНУ, Европын холбооноос мэдэгдээд байгаа юм.

Крым нь бусад 24 мужаасаа арай өөр, автономитын статустай ч Украйн Үндсэн хуулиараа нэгдмэл улс гэж заасан. Тэгэхээр маргаан гарцаагүй гарна. Гарахыг мэдэрсэн учраас оросууд барьцаа лавшруулж, усан флотоо байрлуулж байсны бонуст хямдралтай үнээр нийлүүлж байсан газаа ирэх сарын 1-нээс зах зээлийнх нь ханшаар өгнө гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ дашрамд дурдахад Үндсэн хуулиараа нэгдмэл улс гэж хуульчилсан л бол салан тусгаарлах эрхийг нэг мужийн засаг захиргаа бие дааж шийддэг жишиг тогтоох нь муу жишээний эхлэл болох аюултай. Зүйрлэхэд манай аль нэгэн аймгийн ИТХ иймэрхүү шийдвэр гаргах эрхгүй. Манай Тагнуулын ерөнхий газрын дарга асан нэгэн “Монголын хамгийн их баялагтай өмнөд хилийн нутаг урд хөршөөс хэт их хамааралтай болж байна. Нэг л өдөр засаг захиргаа нь хилийн цаана гарчих вий гэдгээс болгоомжилж байх хэрэгтэй” гэснийг санаж л явах хэрэгтэй.

Монгол

Манайх Украинтай олон зүйлээр төстэй. Газар нутгийн байршлаар, их гүрнүүдийн геополитикийн түшиц газар болдгоороо адилхан. Манайд хоёр хөршийн, тэдний аль нэгийг хэт хүчирхэгжүүлэхгүй байх АНУ-ын сонирхол ч бий. Ямар нэгэн асуудал үүслээ гэхэд өөрсдөө мэдэг гээд Тайланд шиг биднийг зөнд нь орхихгүй. Байрлал, баялаг хоёр маань их гүрнүүдийг даллан дуудна. Гэтэл их гүрнүүдийн хамааралгүйгээр зөнгөөрөө амьдрах чадвар Монголд байхгүй нь бидний сул тал. Манай эдийн засгийн тусгаар тогтнол хоёр хөршөөс хэт хамааралтай. Учрыг ухвал явж явж Украины өнөөдрийн үйл явдал эрчим хүчний хямралаас эхтэй.  ОХУ одоо ч Украиныг газ, газрын тосоор хараат байлгасаар ирсэн. Манай улс ч хойд хөршөөсөө шатахуун, эрчим хүчний хамааралтай. Хэрвээ оросууд бензинийхээ үнийг нэмэх юмуу, өгөхгүй хэдэн өдөр зогсооход Монголд юу болохыг төсөөлөхөд хэцүү л зураглал харагдана. Урд хөрш 2-3 өдөр  хилээ хаахад Замын-Үүдэд юу болж байсныг бид бэлхнээ мэднэ. Гэхдээ хямрал, хомсдол л нүүрлэх болохоос Монгол Улс бензингүй, хилээ хаалттай хэд хонож болох, тэсэх л байх. Харин эрчим хүчгүй бол хэцүү. ОХУ манайд нийлүүлэх эрчим хүчээ таслах юмуу, IY цахилгаан станц нэгээс илүү өдрөөр зогсоход л Улаанбаатар харанхуй болж хөлдөнө гэдгийг Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур хэлжээ. Тэрээр, манай улсын эрчим хүчний салбар жил ирэх тусам хүндэрч байна. Хэрвээ өнгөрсөн өвлийн гурван сард хоёрдугаар сарынх шиг хүйтэрсэн бол Улаанбаатарыг халааж дийлэхгүй, хот тэр чигээрээ хөлдөх байлаа. Гадаадаас авдаг эрчим хүчний импорт ч нэмэгдлээ. Одоо нийт хэрэглээнийхээ 20 хувийг авч байна. Өнгөрсөн онд ОХУ-д нийт 40 тэрбум төгрөгийн импортын цахилгааны төлбөр төлсөн. Энэ бол Тайширын усан цахилгаан станцыг барих мөнгө гэж ярилцлага өгчээ. Хамгийн багаар, ахуйн төвшинд л бодоод үзэхэд та нэлээд хэд хоног машингүй байж болно, бензингүй гээд. Харин тоггүй хэд хонож чадах билээ гэдгээ тооцож үзээрэй. Хэрвээ ТЭЦ IY хөлдвөл Улаанбаатарт 300 мянган гэр барьж, галлаж байж хотынхныг аварна гэсэн гамшгийнхны тооцоо байдаг юм билээ. Тийм тооны гэр бий билүү, байлаа гэхэд багтаах газар нь юу билээ, багтаахад одоо гамшгийн хэмжээнд байгаа утаа ямар төвшинд хүрэхийг төсөөлөхийн аргагүй.

Ер нь хүн төрөлхтөн ус, эрчим хүчний эх үүсвэргүй бол л түүнийг уул уурхайн баялаг орлохгүй. Бид улсаараа эрчим хүчээр бусдаас хараат хэвээр явбал Тавантолгойн нөөц хэдэн мянган тонноор нэмэгдээд ч, Оюутолгойн гэрээ 100 хувь зөвхөн монголчуудад ашигтай болж өөрчлөгдөөд ч нэмэргүй. Жишээ нь, хийн хоолойн крант гэдэг шиг Оюутолгой төслийг хөдөлгөх, хүссэнээрээ тоглох гол “крант” нь эрчим хүчний эх үүсвэр. Гэтэл бид энэ баялгийнхаа гол “крант”-ыг урд хөршдөө 100 хувь атгууллаа. Эрчим хүчний үүсвэрийн хувьд Оюутолгойн орд Хятадаас хамааралтай болсон, тэндээс цахилгаанаа авч байгаа. Муугаар бодоход Хятадын тал Замын-Үүд дээр хилээ хаадаг шиг, эрчим хүчээ зогсооход л Оюутолгой тэр чигээрээ тэг зогсолт хийнэ. Оюутолгой зогсохоо байг, доголдоход л тэндээс хамааралтай манай эдийн засагт хямрал үүснэ. Энэ бол Монгол Улс эрчим хүчний өөрийн эх үүсвэр, нөөцгүйн сул тал.

Энэ бүгдээс хийх гол дүгнэлт бол  Засгийн газар солигдох бүрт байршил нь дагаж өөрчлөгдөөд байдаг ТЭЦ Y, нүүрснээс бензин, түлш нэрэх томоохон төслүүдээ энэ хавар бодитой эхлүүлээсэй. Хөрөнгө оруулагч нь тодорсон, санхүүжилт нь шийдэгдсэн хэрнээ төр, засгийн төвшинд дарагдаад буй ТЭЦ Y шиг том төслүүдийхээ ач холбогдлыг ойлгож, газрын хөрсөн дээр тоосго өрж эхлэх нь Украинаас бидний авах хамгийн том сургамж. Бүхэл бүтэн улсаар жишээлсэн ийм бодитой, баримтат үйл явдлыг сургамж болгон ухаалгаар тусгаж авахгүй юм бол ухаалаг төрийн тухай мянга яриад нэмэргүй. Ер нь дэлхийн шинэ дайн, их гүрнүүдийн империйн хүч чадлаа нэмэгдүүлэх тэмцэл нь хязгааргүй өсөн нэмэгдэх эрчим хүчний зах зээлийг хэн нь хэрхэн хянах вэ гэдэгт оршиж байна. Энэ бол Украинаас “ирсэн” эхний мессеж.

Өөр нэгэн сургамж нь дотоод эв нэгдлийн үнэ цэн. Тэгш эрх, нийгмийн шударга хуваарилалт дээр суурилаагүй эв нэгдэл хөөс адил замхарч, амархан задардаг болохыг өнгөт хувьсгалууд харуулсаар байна. Тэгш эрх гэдэг нь “хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэх хуульчилсан тунхаг төдий байх нь хангалтгүйг Украин харууллаа. Хамгийн гол нь өмчийн харилцаа, нийгмийн шударга хуваарилт дээр суурилсан тэгш эрх нь жинхэнэ эв нэгдлийг зангиддаг болохыг судлаачид ч, суутнууд ч хэлдэг. Яг үнэндээ бол үймээн самуун, хувьсгалыг нь украйнууд гүйцэтгэж, хувь заяаг нь их гүрнүүд шийдэж,  шийдэх гэж байна.  Энэ бол Украинаас “ирсэн” хоёр дахь мессеж.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.