Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Дөчин насныханд зориулсан засгийн бэлэг
Хэрвээ та 25 нас хүрсэн бол сонгогдох эрхтэй. УИХ-ын гишүүн болох боломжтой гэсэн үг. Насны энэ хязгаарыг 40 болгож Үндсэн хуулийг өөрчлөхөөр УИХ-ын ажлын хэсгийн төвшинд тохирсныг парламентын дэд дарга Л.Цог хэлэв. Дөч хүрээгүй хүн хууль тогтооход залуудаж, төр түшихэд туршлагагүйтэж байна гэж ажлын хэсэг үзжээ. Олон улсын парламентын жишиг ч ийм гэнэ.

Хэрвээ таны нас 40 хүрсэн бол шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Эрхэлсэн ажилтай болно гэсэн үг. Ажлын байрны шалгууруудын ихэнхийг 40 насныхан хангадаггүй учраас зориуд ийм зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр 3.1 тэрбум төгрөг төлөвлөснөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Засгийн газар ийм иргэдээ “ахимаг насныхан” гэв. Ажлын байрных нь жагсаалтыг ч гаргаж. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу 40-өөс дээш насныхан:

-Сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулагч
-Иргэдийг осол гэмтлээс сэргийлэх эргүүл
-Байгаль хамгаалагч
-Хадлангийн талбайн харуул
-Хог хаягдалд хяналт тавих
-Бага насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгийн автобусны буудалд хүргэх, тосох зэрэг ажлуудыг хийх боломжтой ажээ.

Энэ хоёр өндөр албан тушаалтны эсрэг тэсрэг байр суурийн дундаас нэг л юм ойлголоо. Мушгиж үзвэл бүрэн эрхээ дуусгахаар энэ Засгийн газрын гишүүд хөтөлбөрт заасан дээрх ажлуудаасаа л хийх юм байна. Яагаад гэвэл сайд нар насны хувьд бүгд 40 хүрсэн ахимаг, зарим нь 50,60 гарч ахимагийн хязгаарыг давчихсан яваа.  Эсвэл 2016 оны сонгуульд голдуу харуул, байгаль хамгаалагч, хүүхэд хүргэгч нар нэр дэвших бололтой. Ийм ажил эрхэлдэг хүмүүсийн ажлын байранд тавигдах шалгуур нас нь иргэдийн сонгогдох эрхээ эдлэх босго настай ижил учраас тэд азтай.   

Хүн ямар ч ажлыг голж болохгүй л дээ. Гэхдээ Засгийн газрын гаргасан жагсаалт бүхий ажлуудад 40-өөд насныхан хэтэрхий залуудана. Өвгөдийн сургааль, бусдын туршлага, бодит амьдралаас харвал 40 бол нийгмийн идэвхтэй амьдралын ид дунд нь явдаг нас. Гэтэл тэднийг нийгмийн идэвхтэй амьдралын гадна  “харуулд зогсоох”-ыг хөтөлбөрөөр хэрэгжүүлэх болсны учрыг сайн ойлгосонгүй.  Үнэндээ ажилгүй иргэдэд зориулсан хөтөлбөр ч энэ нь 40 дөнгөж хүрсэн нэгэнд “та хүн биш боллоо”, 40 арай хүрээгүйд нь  “удахгүй хүн биш болно”, 40 хүрэхэд нэлээд хэдэн жил дутууд нь  “ирээдүйд хүн биш болох”-ыг нь сануулснаас өөрцгүй сонсогдоно.  

Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Тиймээс нэг хэсэг нь хөшихгүйн тулд, нөгөө хэсэг нь идэвхтэй сонирхолтой амьдрах гэж ажил эрхэлдэг. Тэгвэл одоо харуул, хамгаалагч, хүүхэд хүргэх ажлыг 40 насныхан хийхээр 60-70 насныхан маань ямар ажил эрхлэх болж байна вэ. Зах зээлийн эдийн засаг заримдаа зэрлэг капиталзизм болдог ч, хажуугийн хүнийхээ хоолыг шууд булаадаг хүй нэгдлийн нийгэм хараахан биш билээ. Дөчин наснаас амьдрал эхэлдэг, “дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат” гэх монгол ардынхаа ухааныг эс тоож болдог юм байж. Харин “өөрийгөө таньж мэдээгүй хүн байр сууриа илэрхийлж болно, гэхдээ маргалдах хэрэггүй, бусдад зөвөлгөө өгч бүр хэрэггүй” гэх дэлхийн суутнуудын зөвөлгөөг үл тоож болох уу. Хэрвээ 40 насныхан нь “тэтгэврийн ажил” хийгээд эхлэхээр улс орны баялаг бүтээх хар бор ажлыг хэн хийх вэ. Дөчөөс доош насныхнаа хий гэвэл  тэд хэдийдээ сурч боловсорч, өөрийгөө таньж мэдэх вэ. Засгийн газар иргэдийнхээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх, уртасгах үүрэгтэй. Харин тэднийхээ идэвхтэй хөдөлмөр эрхлэх насыг багасгах, богиносгох үүрэггүй.  Нас гэдэг улстөрд, улстөрчдөд “зүгээр л тоо” байдаг, энгийн иргэдэд болохоор шалгуур, босго болдог гаж сэтгэлгээ байж болох уу.

Зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой хөтөлбөр аль ч улсын ямарч Засгийн газарт байдаг. Харин 40 насныхан гэдэг зорилтот, тэр тусмаа халамж хүсэх бүлэг биш байх. АН халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй гэсэн УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Гэтэл анх хүүхдийн мөнгөөр эхэлж, иргэн бүрийн нэг сая төгрөгөөр үргэлжилсэн халамжийн бодлогоо АН-ынхан 40 насныханд зориулсан “тэтгэврийн ажил”-аар үргэжлүүлэх бололтой.

Ер нь сонгуульд ялсныхаа дараа АН-ынхан хаана, нураана, хорино гэж нийгмээ цагддах гэж үзсэн. Нэлээд цэгцэрсэн үү, нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан уу одоо түүнийгээ багасгаж, оронд нь иргэдийнхээ хувийн амьдрал,  сонголт руу өнгийх болов. Хамгийн их утаа ялгаруулдаг Багануурын нүүрсийг түл гэж шуудалж өгнө. Гурилын үнэ өслөө гэхээр будаа сайхан, ид гэнэ. Хүнсний барааны үнэ нэмэгдэж өндөг 500 төгрөг болоход “өндөг идэх албатай юм уу, наадахь чинь тансаг хэрэглээ” гэж загнана. Бензин 50 төгрөгөөр нэмэгдснийг бичихээр “тэгж нэмэгдэх үндэслэлгүй” гэж бичсэнийг нь буруутгана. Доллар хэт өслөө гэхэд “харин ч бодит ханшин дээрээ очиж байна” гэж тавлана. Хотыг шүлхий бүсэллээ гэж бухимдахад салбарын яамны нэгэн дарга нь “санаа зоволтгүй, шүлхийтэй махыг идэж болно” зөвлөнө. Мэргэжилтэн нь болохоор “нойтон мах тансаг хэрэглээ шүү” гэж анхааруулна.   Хамгийн сүүлд, Засгийн газрын тэргүүнийг  Орхон аймагт ажиллах үеэр,  манайхан хэрэгтэй хэрэггүй юм худалдан авч хэтэрхий тансаг байна, хэмнэлттэй амьдарцгаа гэж загнаж харагдсан. Энэ бидний сонгосон ардчилал, бараг л явган ажилдаа ирж, гадаадад хоёрхон удаа явж төрийн тансаглалыг хазаарлаж ард түмний татварыг хэмнэнэ гэсэн тэдний амлалт мөн үү. Уг нь иргэдийнхээ хэрэглээг зааж хязгаарлах биш, хэрэглэх боломжийг олгох нь ардчилсан засгийн үүрэг, бас онцлог баймаар юм.  Гэтэл энэ засгийн үед хараахан тиймгүй бололтой. Нэг хэсэг Н.Энхбаяргүй юмгүй явсан  он жилүүд бидэнд бий. Тэрэн шиг одоо хаа сайгүй, хаанаас л бол хаанаас Засгийн газрын зөвөлгөө-тулгалт сонсогдох болж. Энэ эрчээрээ явбал удахгүй хойд солонгосууд шиг ижил өнгийн хувцсаар жигдрэх юм байна л даа.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.