Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Дэлхийн төвөөс зугтах “монгол геополитик”
Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюунгэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх онолын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь  “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үлдэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан. 

Даяаршин буй дэлхийд дан ганц Монголоороо явах гэсэн иймэрхүү тэнэглэл бодит амьдрал дээр одоо ч байсаар. Хамгийн тод жишээ нь хятадуудад дургүй гээд дэлхийн зах зээлээс зугтах бидний сэтгэлгээ. Хятад хүнд таагүй нь монгол хүн бүрийн цус, бараг генээс эхтэй. Үүнийг эвдэх, өөрчлөх боломжгүй. Монголчууд Хятадын дарлалд байхдаа ч, урд хөршийнхөө нутаг дэвсгэрийг дайснаас чөлөөлж өгч явахдаа ч манж шиг Хятадад уусаагүй. Тийм учраас монгол ба хятад хүн, бас Монгол, Хятадын соёл бараг эсийн төвшинд ч таарахгүй, зохицохгүй гэдэг эрдэмтдийн дүгнэлт үндэстэй байх. Бид ийм “дархлааны вакцин”-тай нь сайн хэрэг. Харин эдийн засгийн хувьд урд хөршөө “зөвхөн Хятад” гэж харах нь зөв, буруу тухай эргэцүүлэх цаг болжээ. 

Жил өнгөрөх тусам Хятад зөвхөн Хятад улс байхаа больж, дэлхийн эдийн засгийн төв болон тэлж буй. Үүн дотроо  манай улсын эдийн засгийн гол судсуудыг тэжээгч аж үйлдвэрийн салбарын дэлхийн төв нь Хятад боллоо. Тэгвэл монголчуудын бараг мах цусанд байх дургүйцэл дээр тоглох “хэт эх оронч” тоглолт Монголыг дэлхийн эдийн засгийн төвөөс нь зугтаалгаснаар юу хожих вэ. Манайхаас бусад улс орон Хятадыг нэгд дэлхийн аж үйлдвэрийн төв, хоёрдугаарт Хятад улс гэх дарааллаар харах. Харин бид бүгдийг нь Хятад гэж ганц уутанд багтаах юм. Хэрвээ Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж, хүнд ба хөнгөн үйлдвэр хөгжүүлж хөгжих нь үнэн л юм бол дэлхийн төв-нэг номерийн зах зээлээс зугтаад хаа хүрэх вэ.

Физикт энгийнээр, оршин байгаа цэгээсээ өөр газарт тэмүүлэхийг төвөөс зугтаах хүч гэдэг. Тэгвэл эдийн засагт зах зээлийнхээ төвөөс зугтаахыг юу гэхийг мэдэхгүй юм. Монголчууд бид энд мянга үзэн ядаад,  тэнд биднээс хамаарахгүйгээр дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн төв болж буй Хятадын процессыг зогсоож чадахгүйг л мэдэж байна.  Нэгэнт эрчээ авсан далайн давалгааг хэн ч, ямарч туршлагатай хөлгийн ахмад сөрж чаддаггүй. Титаник ч сөрж чадаагүй. Үүнтэй адилхан дэлхийн төв болж буй Хятадын эдийн засгийн тэлэлтийг  Монгол Улс сөрж чадахгүй. Харин энийг нь монголчууд бид хятадуудаас, Хятадаас нь дутуугүй ашиглаж яагаад болдоггүй юм. Далайн давалгаан дээр тогтож чадсан нь живэхгүй цааш явдаг шиг Хятадын энэ инерцийг дагаж, ашиглаж хөгжих боломж Монгол Улсад бусдаас илүү. Яагаад гэвэл бид хил залгаа хөршүүд. Монгол Улс асар их баялагтай, Хятадаас илүү улстөрийн ардчилал, нээлттэй зах зээлтэй.

Жишээ нь, нүүрс гэхэд дэлхийн хамгийн том орд манайд байхад, дэлхийн хамгийн том  зах зээл нь ордоос 200 гаруйхан км-ийн цаана байх. Энэ хоёроо төмөр замаар холбож чадахгүй хэдэн жил дотооддоо хэрэлдэв.  Өргөн, нарийн цариг гэж технологи ярьж хэрэлдэнэ. Хятад, Орост өгөхгүй, гуравдагч Солонгос Японоор ухуулна гэж бас хэрэлдэнэ. Гэтэл бодит байдал дээр манай төмөр зам хятадуудад, нүүрс маань оросуудад хэрэггүй. Хятад бол дэлхийн нүүрсний импортын ихэнхийг шингээдэг хамгийн том зах зээл. Харин Орос бол дэлхийн нүүрсний гол  экспортлогчдын нэг буюу манай өрсөлдөгч. Тэгэхээр  Хятадад манай нүүрс нь, Оросын тухайд хяналтаа тогтоох, бас өөрийнхөө нүүрсээ зөөхөд манай төмөр зам нь хэрэгтэй. Харин Монголд, монголчууд бидэнд  юу нь хэрэгтэй вэ. Тодорхойлсон, тэр дагуу хэрэгжүүлэх төрийн бодлого бий бил үү, бидэнд.

 Америк, солонгос, японуудаар ухуулна гэх. Гэтэл тэд өөрсдөө авахгүй. Пи-боди гэхэд Америк руугаа манай нүүрсийг зөөхгүй. Рио Тинто-д Хятадын төрийн өмчийн Чалько  компани аль хэдийнэ гараа дүрчихсэн. Яг нарийндаа яривал Монголын уул уурхайн баялгийг, ялангуяа нүүрсийг авах зах зээл Хятадаас өөр бараг байхгүй. Байгаа нь тээврийн боломжгүй. Нарийн царигаар 3000 км зам туулж Япон, Солонгос руу зөөж чадахгүй. Өргөн царигаар өрсөлдөгч Оросын нутгаар 4500 гаруй км явж далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд хүргэнэ гэдэг  бол үлгэр.  Манай улс Оросын бензиний зах зээл шиг, манай нүүрсний гол зах зээл нь Хятад улс. Гуравдагч улсын гээд байгаа компаниуд манай нүүрсийг адилхан л Хятад руу зөөнө, тэнд зарна. Хамгийн том зах зээлийг нь тойруулж зөөгөөд эдийн засгийн ашиггүйг тэд сайн мэднэ. Хятадад өгөхгүй гэхэд манай нүүрсний гол өрсөлдөгч Австралитай өрсөлдөх хэмжээгээр зөөж чадахгүйгээ бас мэднэ. Бид л машинтай харьцуулж вагон гээд байгаа болохоос төмөр замын ба далайн тээвэр бол амны халбага, хоолны шанага хоёр шиг зөрүүтэй. Төмөр зам бол тэнгисийн тээврийн тавхан хувь.  Тэгэхээр нүүрсэн дээр хаа холоос ченж авчирч Хятад руу зөөлгөх үү, хаяанд байгаа дэлхийн зах зээлдээ өөрсдөө хүргэж, өөрсдөө зарах уу. Энэ бол бидний сонголт. Хэрвээ манай уул уурхайн баялгийн гол  зах зээл нь урд хөрш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол Монголдоо ашигтайгаар Хятадад өгөх, Монголдоо ашиггүйгээр Хятадад өгөх хоёр л зам бидэнд байна. Гурав дахь зам, сонголт бараг гэж үгүй.

Монгол бол Хятадын стратегийн хүрээнд нь байгаа улс мөн. Харин эдийн засгийн өрсөлдөгч нь биш. Өнөөгийн Хятадын өрсөлдөгч нь АНУ, цаашилбал дэлхий болохоос Монгол биш. Бид энд нүүрсээ өгөхгүй, төмөр замаа өргөн царигаар тавина гэж “хэт эх оронч” загнахад хятадууд тэнд сандраад байгаа юм байхгүй. Яагаад гэвэл дэлхий ганцхан Монголыг тойрч амьдардаггүй, нүүрстэй нь ганц манайх ч биш. Харин ч уул уурхайн баялагтай нь, тэр дундаа нүүрстэй нь өнөөдөр Хятадыг тойрч амьдарч байна.

Нарийн царигтай төмөр зам тавьчихвал хятадууд танк оруулчихна гэх маягаар зарим хүн хэлэх. Юу гэсэн үг вэ, хятадууд манай улс руу танкаар дайрах гэтэл нарийн цариггүй учраас тавихыг нь хүлээгээд саравчлаад сууж байгаа хэрэг үү. Доромж санагдаж магадгүй, манай эдийн засгийн эзэлнэ гэж том ярьдаггүй юмаа гэхэд Монголын нүүрсийг авахдаа хүрвэл танк оруулах шаардлагагүй, танкны мөнгийг нь хуваагаад улстөрчдөд нь өгөхөд л хангалттай гэж нэгэн эрхэм хэлсэн удаатай. Хэрвээ нарийн цариг тавьчихвал урд байгаа мангас шиг том зах зээл манай нүүрсийг хяналтгүй, зүгээр л сорчихно гэх сайд Х.Баттулгын байр суурь бол эдийн засгийн талаасаа болгоомжлох ёстой тайлбар мөн үү гэвэл мөн. Гэхдээ  энэ нь хэнд ч ашиггүйгээр хав дараад сууя гэсэн санаа биш байх.

Манай улсыг хоёр том хөршийнхөө хэн нэгэнд хэт ойртож болохгүйг гадныхнхан ч зөвлөдөг. Аль нэгэнд нь хэт ойртвол нүүрс байтугайгаа соруулчихна. Тийм учраас хоёр хөршийнхөө дунд зуучлагч, холбогч л байх нь илүү чухал. Санаснаар болдог бол Монгол Улс  Азийн “Швейцарь” байж яагаад болдоггүй юм. Швейцарь бол Итали, Австри, Герман зэрэг улсуудын дунд маш сайн зуучлагч, холбогч хийдэг. Бид их гүрнүүдийн дунд хавчигдсанаа сул тал гэх нь бий. Тэгвэл газар зүйн энэ байрлалаа ашиглаад том гүрэн Орос, Хятадын дунд яг Швейцарь шиг сайн зуучлагч байх нь манай улсын олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалтай ч таарна. Мөнхийн сул байлгах хөршүүдийн сонирхол дундаас Монголын төрийн бодлого, геополитик ялгарч байх ёстой.
 
Ер нь Чингис хаан дэлхийн хаан болохдоо өөрийн чадлаас гадна бусад хаадын зөрчлийг маш сайн ашигласан тухай эрдэмтдийн дүгнэлт бий шүү дээ. Түүнээс бус, монголчууд дан ганцаараа л сэлэм эргүүлж явсаар дэлхийн талыг эзэлчихээгүй тухай “Нууц товчоо”-нд хүртэл өгүүлдэг. Энэхүү өмнөх түүх шигээ хөршүүдийнхээ ялгаан дээр “шатар тоглож”, зуучилж холбож хүчирхэгжих, хөгжих нь манай улсын геополитик байх болов уу. Түүнээс бус, уул уурхайгаасаа хэт хамааралтай эдийн засагтай болчихоод түүнийхээ дэлхийн зах зээлээс нь зугтахыг геополитик гэхгүй байх. Иймд хэрвээ уул уурхайн баялгаа ашиглах нь үнэн л Хятадаас болгоомжлох уламжлалт айдсаа давж байж Монгол Улс дэлхийн эдийн засгийн төв рүү орно. Орж байж оролцогч, гол тоглогчдын нэг болно. Харин болгоомжлол айдсаа давахгүй бол Ли, Боб, Жорж, өөр хэн нэгэн манай баялгийн өрмийг хамж Монголын өмнөөс тэнд тоглосоор л байх болно. Харин бид эндээ, дэлхийн эдийн засгийн төвийн хаалганы гадна хусмаа чамласан хэвээр л үлдэнэ.

“Юунаас ч айдаггүй хүнийг зоригтой гэхгүй. Харин айдасаа давж чаддаг хүнийг л зоригтой гэнэ” гэх мэргэдийн үг бий.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.