Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Т.Ганболд: Хуримын бөгжнөөс өөр ойлголтгүй зарим хүн алтны салбарыг хэт мэддэг болчих юм

-МАТЕМАТИК УТГА БИШ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖӨӨ ХАРААЧ ЭЭ-

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.

-Алтны ил тод байдлын тухай хуулийн төслөөс өмнө Алт үйлдвэр­дэгчдийн холбооны талаар асууя. Энэ холбоог хэзээ байгуулсан бэ, энэ хуулийг төслийг өргөн барихаас өмнө байсан холбоо юу?
-Алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй 11 компани санаач­лан Алт үйлдвэр­лэгчдийн холбоог энэ оны нэгдүгээр сард бай­­гуулсан. Алтны ил тод байдлын тухай хуу­лийн төслийг огт сураггүй байхад гэсэн үг л дээ.Мэдээж холбооны гол зорилго бол салбарынхаа жаргал зовлонгийн төлөө нэгдэж хамтаараа явъя гэдэг үүднээс нэгд­сэн зохион байгуулалтад орсон.Нэг компанийн нэрээр явах биш, алт гэсэн салбараараа нэг баг болж явъя гэж санаа нэгдсэн хэрэг. Нөгөө талаас төр засагт санаа оноогоо хүргэх гэж  ганц ган­цаараа явахаар  нэг компанийн лобби мэт харагдах, хардлага төрүүлэх шалтаг болоод байсан. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан алтны салбарыг төлөөлөх, салбарынхаа дуу хоолой болох гэж  компа­ниудын өөрсдийн санаачилгаар байгуулагдсан.

-Монголд алтны чиглэ­лээр үйл ажиллагаа явуул­даг хэчнээн компани энэ холбоонд багтсан юм бэ. Тоо­ны хувьд салбараа тө­лөө­лөх хэмжээнд хүрэх үү?
-Монгол Улсад алтын салбарын ид оргил үед 110 гаруй ком­пани ажиллаж байсан. Манай холбоог эхэлж санаачил­сан 11 компани дотор  анх энэ салбар байгуулахад ажил­лаж байсан, одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа, бас ирээ­дүйд идэвхтэй оролцохын тулд эрхзүйн таатай орчин хүлээсэн шинэ компаниуд гээд бүх үеийн төлөөлөл бий.

Нийт алтны салбарын хэч­нээн хувийг эзэлж байна гэхээс илүү хууль эрх зүйн тааламж­гүй байдлаас болж компаниуд ихэвчлэн нуугдмал нөхцөл үйл ажилла­гаа явуулж байна. Өө­рөөр хэлбэл, нинжа хэлбэрээр. Урт нэртэй хууль, 68 хувийн тат­ва­раас болж нуугдмал бай­далд орсон, таатай орчин хү­лээсэн нэлээд компани энэ салбарт бий. Энэ компаниудыг аль болох ил гарч, дуу хоолой­гоо хүргэж, хууль эрх зүй, эдийн засгийнхаа тааламжтай орчныхоо төлөө бодол саналаа хэлж, нэгдье гэдэг үүднээс бид ч бусад компаниа дуудаж уриалж байгаа. Одоогоор алт­ны салбарын 30 гаруй компани холбоонд нэгдэх сонирхлоо илэрхийлсэн байгаа.Ойрын үед холбооны хурал болж ги­шүүдийн цар хүрээ нэмэгдэнэ.

-Холбоонд бүртгэлтэй бүх компани алтаа Мон­гол­­банкинд тушаадаг уу?
-Холбоонд бүртгэлтэй ком­паниудаас Монголбанкинд ал­таа тушаадаг компани ч бий, ту­шааж байсан компани, ту­шаах гэтэл эрх зүй, эдийн зас­гийн хүчин зүйлээс болж хү­лээлтийн байдалд байгаа ком­пани ч бий. Өнгөрсөн жил манай улсад гурван тонн алт тушаа­сан бол энэ жил нийт зургаан тонн алтыг Монголбанкинд ту­шаасан байна. Энэ нь нийтдээ 10 хүрэхгүй компанийн ту­шаасан хэмжээ.

-Тэдгээр 10 хүрэхгүй компани бүгд холбоонд нэгдсэн үү?
-Тийм. Бүгд холбоонд нэгдсэн байгаа.

-Алтны ил тод байдлын хууль дээр намын бүл­гүү­дийн өөр өөр байр суурь­тай байх шиг байна. 2.5 хувь болгоно, бол­гох­гүй гэсэн.Та бүхэн бол нам гэж улстөржин талцах­гүй­гээр цэвэр бизнесийн сонирхол, эдийн засгийн өгөөжийг харж байгаа байх, тийм үү?
-Мэдээж шүү дээ. Бусад хуу­лийн төсөл яаж яваад ямар замаар УИХ дээр очдо­гийг мэ­дэхгүй. Харин Алтны ил тод байдлын тухай хуулийн төсөл бол энэ салбарынхны дуу хоо­лойг сонсч, санаа оноог нь тус­гасны дараа хуулийн тө­сөл бол­сон. Өөрөөр хэлбэл, энэ сал­барынхны  саналыг шин­гээ­сэн гэж үзээд төслийг Зас­гийн газраас УИХ-д өргөн барьсан.

-Шингэсэн гэдэг нь?
-Шингэсэн гэдэг тухайн сал­барын яам, мэргэжлийн агентлагууд хоорондоо нэлээд оролцоотой, хамтарч ажилла­сан. Албан бичиг судалгаа тай­лангаар хоорондоо мэтгэл­цэж, хэлэлцэж байж санаа бодлоо оруулсан л даа.Салба­рын гүн дотор нь байдаг, энэ бизнесийг гардаж хийдэг, мэргэжлийн экс­пертүүдийн хамтын бүтээл болсон гэж бодож байгаа.Одоо харин УИХ дээр улстөржсөн өнцгөөс хараад маргаад байна уу гэж бодож байна.Улстөрч биш болохоор улс төрийн нүдээр харж мэдэхгүй байна.Засгийн эрх баригч гэхээр нэг нь санаснаа зүтгүүлдэг, нөгөө нь сөрөг хүчин гэхээрээ тэмээ гэхээр ямаа гэж зөрж байх ёс­той юм уу, бүү мэд.Харин ир­гэн хүнийн хувьд эдийн зас­гийн үүднээс нь харахад энэ бол маш зөв зүйтэй хуулийн төсөл болсон.

-Тухайлбал, ямар ямар заалтууд байгааг онцолж байгаа вэ?
-Алтны салбартай холбоо­той хоёр хууль яригдаж байгаа. Эхлээд ээлжит бус чуулганаар Урт нэртэй хуулийн дагаж мөр­дөх журамд өөрчлөлт оруула­хаар хэлэлцсэн. Энэ бол маш тодорхой ярихад анх байгаль орч­ноо хамгаална гэж гарч ирээд эсрэгээрээ байгаль орч­ноо хамгаалж ч чадаагүй, дээр нь хэрэгжиж ч чаддаггүй гурван жилийн нүүр үзэж байгаа ийм л хууль. Тиймээс энэ хуулийг дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулъя гэсэн санаа явж байгаа юм.Энэ нь цаагуу­раа төрд илүү их ач холбог­дол­той.Төр нуруун дээрээсээ нө­хөн олговор гэсэн дарамтаа­саа салсан. Байгаль орчныг  нөхөн сэргээх эзэдтэй болж нөхөн сэргээгдэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр эдийн за­сагт бодитой хувь нэмэр оруулж байгаа.Аж  ахуйн нэг­жүүдийн хувьд эдийн засгийн алдагдлаасаа гарч байгаа. Төр хувийн хэвшил гэж үзвэл 3:1 харьцаатай буюу төр талдаа илүү ашигтай ийм хуулийн тө­сөл явж байгаа юм.Ач холбог­долтой тал нь төрд гурав зүй­лээр илэрнэ гэсэн үг. Нөгөө нь Алтны ил тод байдлын тухай хууль.Энэ хуулийн төслийн та­лаар УИХ-ын гишүүд, ултөрчид “алтны компаниудад найр тавьж, эрхлүүлж байна, алтны компаниудыг хүнд том дарам­таар дарамтлах ёстой” гэсэн утга агуулгатай зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа.Нэгдүгээрт нь энэ бол маш буруу ойлголт.Дарамт­лах гэдэг байгаа цаад санаа нь их муухай. Дотоодынхоо 20-хон “настай” эдийн засгийн хам­гийн хүнд ачааг нь үүрэл­цэж яваа хэдхэн ядуу компа­ниуд­даа төрийн нэрээр, улстө­рийн эрх ашгийн төлөө дарамт­лах гээд байгаа юм. Гэтэл улс­төрчдийн “баяжиж байна, да­варч байна, тасраад явчихлаа” гээ ад үзээд байгаа эдгээр ком­­паниудынх нь нийт хөрөнгө ний­лээд нийлээд “Форбс”-ын жаг­саалтын “Дэлхийн 100 баян”-ы 100 дугаарт жагссан нэг биз­нес­мэний хөрөнгөөс нэг их илүү гарч чаддаггүй юм шүү дээ. Тийм байхад 20 “настай” эдийн зас­гаа төсөв хоосорлоо гэж да­рам­тална, бага татвар­тай гэж  илүү үзнэ. Гэтэл анх улс­­төрд орж ирэх, УИХ-д сон­гог­­дохдоо, хувийн хэвшлээ дэм­­­жинэ, тат­ва­рын таатай ор­чин бүрдүүлнэ, эдийн засгаа тэл­нэ гэж баахан амладаг. Ха­рин гарсан хойноо өөрсдийгөө, улстөрөө л дангаар нь  тэлэхийг бодох юм. Хүний хувьд ч гэнэт хойд эцэг шиг зан гаргадаг улс­төрчдийн энэ үйл­дэлд үнэхээр харамсч байна.Энэ улсад чинь улстөр тийм чу­хал юм. Үгүй шүү дээ, улстөр бол амьдра­лын нэг л хэсэг. Хэ­дийгээр манай эдийн засаг, хувийн хэвш­лийнхэн 20-хон “настай” ч гэсэн одоо улс­төр нь эдийн зас­гаа дагаж явдаг зөв замдаа оро­ход хангалттай хугацаа шүү дээ.

-Маргааныг харвал тат­ва­рыг 2.5 хувь болгох үгүй дээр л зөрөөд байх шиг байна.
-2.5 болж буурлаа, цаана нь 7.5 хувийн зөрүү гарч байна гэж маргаад байгаа юм. Энэ бол зүгээр л гэнэн дүгнэлт. 10-аас 2.5-ыг хасахаар цаана нь 7.5 үлдэнэ гэж байгаа л мате­ма­тик утга. Гэтэл 2.5 хувь бол­гож бууруулснаар эдийн за­сагт өгөх өгөөж нь хэр вэ гэ­хээр огт өөр дүр зураг хараг­да­на.Татварын хэмжээнээс ха­­маараад Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ өснө, ин­­гэснээр эдийн засагт орж ирэх мөн­гөн урсгал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний алт цугларснаараа нийт алт­ны­хаа хэмжээтэй тэнцэ­хүйц төг­рөгийг Монголын эдийн за­саг руу шууд оруулах, үүнийг да­гаад эдийн засгийг тэлэх том давуу талтай. Татва­рын зө­рүү­нээс болж хэдхэн компани, Оюу­толгойн­хон хо­жих гээд бай­на гэсэн өчүүхэн жижиг асуу­­дал яриад байгаа юм.Гэ­тэл 2.5 хувь болгосны цаана нь 97.5 хувийн ашиг буюу эдийн засгийн өгөөж явж бай­гаа.Жи­шээ нь, таван кг алтнаас таван хувийн татвар авах юм уу, эс­вэл 50 кг алтнаас 2.5 хувийн тат­вар авах уу.Таван кг алттай тэнцэх төгрөг, эсвэл бүр 50 кг алт­тай тэнцэх төгрө­гийг эдийн засагтаа нийлүүлэх үү.Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал.Гэ­тэл Оюутолгойтой хол­бон улс­төржүүлээд байх юм.

-Оюутолгой хамаагүй юу?
-Үнэндээ “Оюутолгой” ямар ч хамаагүй ш дээ. Оюу­толгой ком­пани энэ хуульд хам­раг­дахгүйгээр өөрсдөө хө­рөнгө оруулалтын тогтвортой байд­лын тусгай гэрээтэй.Түү­гээ­рээ л явна.Хэрвээ энэ хуу­лийн хүрээ, үйлчлэлд Оюутол­гой хам­рагдана гэвэл харин ч Мон­гол Улсын төрд, монгол­чуудад илүү ашигтай.Учир нь Оюу­тол­гой орд өнөөдөр баяж­мал хэл­бэрээрээ урагшаа гар­гаж тэн­дээ зэс, алт, мөнгөөр нь ялгаж байгаа.Татварын таатай ор­чин­той болсноор алтыг нь до­­тооддоо авах боломжтой бол­но.Манай улс олон улсад хө­рөвдөг валютгүй, дотоодын мөнгөн дэвсгэр болох төгрөг­тэй л улс.Энэ төгрөг чинь өөрөө алтны хэмжээтэй зэрэг­цэн нийт эдийн засагт ордог.Гэтэл тэрхүү алт нь өөрөө дэл­хий дээр хөрвөдөг валют.Тэгэ­хээр эдийн засгийн цаад тоо­цоолол, өгөөжийг харахгүй, ма­тематик утга, цифр харж хэ­рүүл хийгээд байхаар үнэхээр харамсах юм.

-Ер нь хувийн хэвш­лийнх­ныг насжилтаар нь харьцуулбал, 10 дугаар ангийн хүүхдийг нэгдү­гээр ангийн хүүхэдтэй уралдуулах гээд байна гэдэг бас оновчтой зүйр­лэл шүү?
-200, 300 жилийн бизнес хийсэн барууны нийгэмтэй бид­нийг нэг төвшинд өрсөл­дүүл­нэ гэж сая Хөрөнгө оруу­лалтын тухай хууль гарчихлаа.Гэтэл бид Епроп, Америк, Япон, Солонгостой бид яаж өр­сөлдөх юм бэ.Тэдний бизне­сийн түүх, энэ чиглэлийн нийг­мийн соёл, хүн амын тоо, эдийн засагтай тэдэндтэй 20-хон нас­тай биднийг адилтгаж болохгүй шүү дээ.Мундаг, төрийн турш­лагатай, эдийн засгийн мэд­лэг­тэй хүмүүс төрд олон бий л дээ.Гэхдээ улстөр ярихаараа хэт мэдэж, улстөржхөөрөө нэг тал руу­гаа хэтийдэх нь арай л дэн­дүү юм аа. Жишээ нь, өнөө­дөр хуримынхаа бөгжнөөс өөр алт үзээгүй, энэ салбарын ту­хай мэ­дээлэл тооцоололгүй хү­мүүс үнэлэлт дүгнэлт өгч, зөв бу­рууг нь шүүж өнгөцхөн ху­вил­бараар улс төр хийж бай­на. Гэтэл дэлхийн эдийн зас­гийн хүндрэлтэй энэ цаг үед дэл­­хийн бүх том  гүрнүүд алт руу анхаарал хандуулж байна. Гэтэл манай томоохон улстөрч “алт хөөвөл хоосордог” гэсэн ярилцлага сэтгүүлчид өгөөд сууж байх юм.Хэддүгээр зуун, хэзээний сэтгэхүй вэ.Хэн ч хоос­­­рохыг хүсэхгүй, тэгвэл ал­­тыг олборлохоо бүр болъё л доо.Популизмын энэ гай барц­даа хэзээ дуусгах юм бэ.Бал­гийг нь ард түмэн л нуруун дээрээ үүрээд өнгөрдөг, өөрөө тойргоо юмуу, намаа солиод эргээд Төрийн ордон дотор алхаж явдгаа одоо болимоор байгаа юм.

-Та бүхний хүссэнээр алт 2.5 хувьтай гарчихлаа гэж бодъё. Тэгвэл алтаас шууд хамаарах эдийн засгийн нө­лөө­лөл яаж нэмэгдэх бол?
-Одоо бол далд хэлбэрээр байгаа төдий хэмжээний алт ил гарч  ирнэ гэж хэлэхэд хэцүү. Манай улс эдийн засаг, татва­рын тааламжтай орчинтой байх үед буюу 2004, 2005 онд  Монголбанкинд жилд 24 тонн алт тушаадаг байсан. Гэтэл өнөө­дөр бол зургаан тонн, өн­гөрсөн онд гурван тонн байх жи­шээтэй.Хэрэв энэ хууль цуц­лагдвал бүр далд хэлбэрт орно.Жилд 24 тонн үйлдвэрлэ­дэг байсан үед техник техно­логи дутмаг, алтны үнэ доогуур бай­сан.Тэгвэл одоо энэ тооноос дээш гарах ёстой. Хэрвээ бид­ний санаа оноо шингэж Зас­гийн газраас өргөн барьсан төс­лөөр явбал урьдчилсан тоо­цоогоор 2014, 2015 онд хууль эрхзүй, эдийн засгийн таатай орчин бүрдсэн тохиолдолд 36 тонн алт нийлүүлэх боломжтой. Энэ нь Монгол Улс төдий хэм­жээгээр гаднаас валют оруулж ирж, орлого олох боломжтой гэсэн үг. Ингэснээр эдийн зас­гаа тэлнэ. Наад зах нь энгийн жи­шээн дээр хэлэхэд эдийн засаг руу гаргаж байгаа төгрө­гийн эсрэг талд  ам.доллар юм уу алтаар баталгаажуулж бай­вал ханшийн савлагаа байхгүй болдог. Өнөөдөр харамсалтай нь эдийн засаг руу төгрөг их хэмжээтэй гарсан ч, цаана нь баталгаа байхгүй учраас  ханшийн савлагаа байсаар л байна. Тэгэхээр бид валютын баталгаа гаргахын тулд гаднаас бонд босгох эсвэл зээл авахаар болчихоод байга юм.

-Оюутолгой гаргаж бай­гаа зэсийн баяжма­лын­хаа алтыг урд очоод ял­гаж байгаа. Тэгвэл энэ алт нааш эргэж ирэх үү?

-Үгүй ээ. Эргэж ирэхгүй. Үйлд­вэрийн процесс нь тэнд явагдаж, салаад ялгагдаж гар­сан хойноо бичилтээр нь төлөгдөнө.

-Тэгэхээр Оюутолгой­гоос гаргаж байгаа алтыг яаж ялгаад байгаа юм бол?
-Ялгахгүй. Оюутолгой бие­тээр тушаахгүй бол үйлчлэх­гүй, бид гэрээгээр зохицуулсан авах ёстой татвараа л авна.  Ха­рин биетээр тушаавал Мон­го­лын талд маш их ашигтай.

-Тэгэхээр Оюутолгойн лоббид автаж байна гэх хардлага оргүй байх нь?
-Одоо бүх зүйлийг Оюутол­гой­той холбох болж байна шүү дээ. Бүр сүүлээ ганц том төс­лөө зогсоох гээд байх юм.Оюутолгой төсөл Алтны ил тод байдлын тухай хуульд хамраг­даад явбал улс оронд харин ч их ашигтай байх юм.Уг нь эх оронч хүмүүс хэдэн бодитой тоо бодож чаддаг байсан бол Оюутолгой төслийг Алтны ил тод байдлын тухай хуульд хамруулахыг хичээх байсан юм.Харин ч Оюутолгойг хөөж гарга, үр өгөөжийг нь амсахгүй гээд байгаа нь бүр гайхмаар.

-Жирийн бизнес эрхлэгч орлогоосоо 10 хувийн тат­­­­вар төлж байхад Мон­голын баялаг алтыг ухаж байгаа компаниуд 2.5 хувийг нэмэх гэж байна гэж шүүмжлэх юм, бас?
-Бас л юм бодохгүй шууд хийс­вэрээр ярьж байгаа бид­ний хэвшмэл шинж чанараас гарч байгаа асуулт. Энэ алтны  ком­па­ниуд чинь Монголын бүх ком­панийн адил 10 хувийн татвараа төлнө. Дээрээс нэмж 2.5 хувийн нэмэлт төлбөр өгөх юм. Өмнө нь энэ нь 10 хувь бай­сан бол буурч байгаа юм. Алтны компа­ниуд  бусад ком­паниудтай адил хүн ам орло­гын албан татвар, НӨАТ-аа төлөөд л явна. Бид одоо нөөц ашигласны татвар, роялтийн тухай ярьж байгаа улстөрчид мэдэж байгаа л даа, уг нь.Түү­нээс биш, компанитай холбоо­той бусад татвартай ямар холбоогүйг эрхбиш ялгана л даа, тэд.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.