Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Улсаараа “ойд төөрчихгүй” юмсан
Үнэн эсэхийг мэдэхгүй, ийм нэг яриа байдаг юм. Вашингтонд Чингис хааны хөшөө босгох хүсэлтээ манай Элчин сайдын яамныхан  уламжилж л дээ. Тэгсэн “бид нийслэлдээ өөрийн улсын түүхэнд хамааралтай түүхэн хүмүүсийн хөшөөг л босгодог” гэж АНУ-ын Засгийн газраас хариулсан гэдэг. Хэдийгээр “Дэлхийн мянганы хүн” ч гэлээ, өөрийнх нь улсын түүхэнд хамааралгүй учраас америкууд Чингис хаанаас минь татгалзсан хэрэг. Түүхэн хүмүүсийн хөшөөг босгоход төрийн иймэрхүү бодлого улс орон бүрт байдаг. Манайд ч бий байх. Хөшөө, тэр дундаа түүхэн хөшөө бол тухайн хүнээ, үйл явдлаа мөнхжүүлэх зорилготой. Хожмоо хөшөө босгуулах, хойч үедээ дурсагдах гавьяатай эерэг хүмүүсийг л хөшөөнд мөнхөлдөг.

Хотын удирдлагууд нэгэн орос хүний хөшөөг Улаанбаатарт босгох шийдвэр гаргасан нь нэлээд хэл ам болох янзтай. ИТХ-ын дарга Д.Баттулгын гарын үсэгтэй шийдвэрт “1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын Элчин сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач И. Я.Коростовецийн дусгалыг мөнхжүүлэх зорилгоор. . . хөшөөг нь байрлуулсугай” гэжээ. Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу хуучнаар ДСНК-гийн урд босгох уг хөшөөний зардал нь 85 сая төгрөг, эх үүсвэр нь улсын төсөв. Энэ тухай салбарын сайд Ц.Оюунгэрэл “төсвийг манай яамны багцаас гаргана, тэгж байгаад монгол хүнийхээ хөшөөг ч дэмжинээ” хэмээн бахархалтайяа жиргэжээ. Сайд болсноосоо  хойш хоёрыг \Ленин, Нацагдоржийн\ буулгуулж, ганцыг шинээр \Коростовецийн\ бариулах гэж  байгаа учраас сайдын баярлах нь аргагүй л байх. Хотод сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, зарим сургууль мөнгөгүйгээс засвараа дуусгаж чадалгүй хэдэн буудлын цаана байх сургуулиудад  хүүхдүүдээ хуваан багталцаж ядаж явааг ядаж хотынхон мэдмээр л юм. Тэгтэл үйл хэрэг нь түүхчдийн дунд маргаантай нэгэн орос нөхрийн хөшөөг босгохыг шинээр сургууль цэцэрлэг барихаас илүүд үзэх түшмэд иргэдийг төлөөлж буй нь харамсалтай. Хэрвээ Ц.Оюунгэрэл сайдын төсвийн багц багталцаж ядаад байвал хөшөө барих 85 сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтад шилжүүлж болохгүй юу. Ерөнхий сайд өөрөө л 2014 оны төсвийг хямралын гэж тодотгоод, илүү зардал, эрх мэдэлтнүүдийн тансаглалыг танана, тэвчинэ гэж мэдэгдээд байсан нь л яалаа.

Ер нь сүүлийн үед хотын удирдлагууд хөшөөгөөр хэт занималдах болов. Хамгийн сонин нь хөшөө нураах, хөшөө шилжүүлэх, хөшөө шинээр барих цаг үе нь оновчгүй, логик нь ойлгомжгүй. Хөшөөгөөр дамжуулж төсвийн мөнгө хусдаг шинэ арга юмуу гэж хардмаар. 2014 оны төсвийг Ерөнхий сайд нь “авлигажсан төсөв” гэж мэдэгдсэн, Шадар сайд нь “арван хувийн авлигатай төсөв” хэмээн ярилцлага өгсөн тухай УИХ-ын Байнгын хорооны хурал дээр ярьж байхад хөшөө дагасан ийм хардлага байж болох.

Хамгийн сүүлд Д.Нацагдоржийн хөшөөг 78 сая төгрөгөөр нүүлгэв. Хотын хөгжил, шинэ бүтээн байгуулалтаа дагаад дахин төлөвлөлтөөр нааш цааш хөшөө шилжүүлэхийг буруутгах юм алга. Байх л зохицуулалт. Гэтэл их зохиолчийн хөшөөг яагаад шилжүүлж байгаа шалтгаан тодорхойгүй. Анх Лениний хөшөөг буулгахад  их олон шалтгаан дагасан. Үнэндээ хэрэгтээ Лениний хөшөөг хотод байлгахгүй гэдгийг гол шалтгаан болгосон ч, “ер нь Улаанбаатарын өмнө хөшөө байх нь зохимжгүй юм байна, янз бүрийн явдалтай хүмүүс эргэлдээд” гэсэн шалтаг дагаж л байв. Тэгвэл нөгөө, “Тунгалаг тамир” кинонд “Долгорт ийм торго зохихгүй” гэдэг шиг байрлал, орчин нь харийн Ленинд зохиогүй газарт Монголынхоо орчин цагийн утга зохиолыг үндэслэгчийн хөшөөг зохицоно гэж сэтгэсэн хэрэг үү. Газрыг нь чөлөөлөх гэж үү, эсвэл урдаа хөшөөгүй цулгуйдаад байгаа учраас  Улаанбаатарын өмнө шилжүүлэх гэж Д.Нацагдоржийн хөшөөг буулгав уу гэдэгт л хариулт хэрэгтэй. Хамгийн сүүлд “Болор цом”-ын эзэн нэгэн найрагч Э.Бат-Үүл баатарт бичсэн захидалдаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “Бэгдү” констракшнд тэр хавийн газрыг чөлөөлж өгөхийн тулд хөшөөг нүүлгэж байгаа юм биш биз гэж хотын даргыг хардсан байна лээ. Хэрвээ тийм бол энд хотын бүтээн байгуулалтыг бус, эрх ашгийн зөрчил, Сонирхлын зөрчлийн хуулийг   илүү  харах ёстой юм болов уу.

Гэхдээ энэ бүхэн энэхүү нийтлэлийн гол санаа биш. Нуршиж “бие халаах”-ын учир нь хямралтай төсвөөсөө 85 сая төгрөг гаргаж хотын удирдлагуудын “Хөшөө аян”-ыг үргэлжлүүллээ гэхэд яг хэний хөшөөг босгох гээд байна вэ гэдэгт хариулт авах гэсэн юм. Улаанбаатар дахь Оросын байгууллагын өмнө орос хүний хөшөө байхыг буруутгахгүй. И.Я.Коростовец гэж Монголын түүхэнд  хамааралтай хүн мөн үү, гэвэл мөн. Харин хөшөө босгуулах хэмжээний, Монголын хойч үед эерэгээр дурсагдах хэмжээний гавьяатай хүн мөн үү, үгүй юү гэдэг дээр түүхчдийн дунд маргаан байдаг юм байна. Түүх бол дуртай нэгний ярьдаг, мэддэг сэдэв биш. Тийм учраас түүхчдийн байр суурь л чухал. Лениний хөшөөг буулгах үед түүхч О.Батсайхан “хэрвээ монголчууд бид заавал орос хүнд гэвэл Ленинд биш, Коростовецэд хөшөө босгох хэрэгтэй” гэж ярилцлага өгснийг уншиж байлаа. Үүгээр нь болсон уу, мэдэхгүй ямар ч гэсэн түүнд хөшөө босгох шийдвэрийг хотоос гаргалаа. Авууштай нь, энэ тухайгаа Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ханджээ. И.Я.Коростовец гэж хэн болох талаар илүү дэлгэрэнгүй лавлагаа авах гэсэн бололтой юм. Гэтэл Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны гарын үсэгтэй хариу албан бичигт Коростовец гэж орос эрийн Монголын түүхэнд тарьсан гай нь их болохыг дурджээ. Тухайлбал:

“И.Я.Коростовец хамгийн чухал зорилго болох “автономит” буюу “өөртөө засах” эрхийг монголчуудад олгосон дүр үзүүлэн эдийн засгийн хамаг эрхийг булаан авах, улс төрийн эрхийг хязгаарласан зөвхөн оросуудын хувьд ашигтай монголчуудад ямар ч ашиггүй гэрээ хийхээр  төслөө барин 1912 оны есдүгээр сард Монголд ирсэн юм. Коростовец ирснийхээ дараагаас эхлэн монголчуудыг эзлэн захирагч, их гүрний дээрэнгүй нүдээр харж үл тоож байсан юм. Монголын ноёдыг татахын тулд Монгол дахь Хятадын нөлөөг сулруулах хэмээн итгүүлнэ гэж хуурч байв. Үүгээрээ улбаалан Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү Өвөр Монголын ба халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг “Бээжингийн тагнуул” хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдэрүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой. Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдсэн …., И.Я.Коростовец Монголын Да ламын хэлсэн “Монголын нутаг дэвсгэр бол өнө эртнээс монголчуудын өмч байсаар ирсэн, хэзээ ч Хятадынх байгаагүй” хэмээхэд тэрээр “олон улсын эрх зүйн үүднээсээ Монголын нутаг дэвсгэр Хятадын салшгүй хэсэг” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан дипломат болно” гэж дурджээ. Түүнчилэн Түүхийн хүрээлэнгийнхэн “ И.Я.Коростовецийн асуудлаар өөр олон баримт буйг дурдая” гэж  сануулсан байна. Товчхондоо Түүхийн хүрээлэнгийнхэн энэхүү албан бичгээрээ, тухайн үеийн үйл явдлыг дэлгэн тавьснаараа Коростовецэд хөшөө босгохыг эсэргүүцжээ. Тэгэхээр төрийн шагналтай гээд нэг л хувь хүн болох ганц түүхчийн үгэнд итгэх үү, бүхэл бүтэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн байр суурьт итгэх үү.

Бүгдээрээ түүхч биш ч, 1921 оны ардын хувьсгал бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнгийн шууд үргэлжлэл гэдгээ бид мэднэ. Бид 1921 оны ардын хувьсгалд оросуудыг туслахад түүхэн үүрэг гүйцэтгэж 1924 онд нас барсан Лениний хөшөөнөөс татгалзсан. Тэгчихээд Түүхийн хүрээлэнгийн албан бичгээр бол элэг нэгт монголчуудыг газар нутгаар нь таллан хуваахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, монгол ноёдын дунд яс хаян талцуулж явсан гэх мэргэжлийн тагнуулчийн хөшөөг босгох гэх нь хэр оновчтой вэ. Хэрвээ Түүхийн хүрээлэнгийн албан бичигт дурдсан бүхэн түүхэн үнэн бол өнөөдөр босгох гэж буй  Коростовецийн хөшөөг хэдэн жилийн дараа, яг Ленийн хөшөө шиг  буулгах хэрэг гарахгүй гэх баталгаа алга. Иймд монгол эх орончдынхоо, хэрвээ заавал орос хүн гэвэл Гумилев, Ц.Ж.Цэвээн, бүр С.Зориг агсны өвөө А.Д.Симуковын зэрэг түүхчдийн дунд хүлээн зөвшөөргөдсөн түүхэн эерэг хүмүүсийнх байж яагаад болдоггүй юм. Түүхийн хүрээлэн ч ийм саналыг нэр заан дэвшүүлсэн байна.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил л гэдэг. Түүхийн хүрээлэнгээ тоохгүй, түүхчдийнхээ байр суурийг сонсохгүйгээр төсөвт нь хэт анхаарч хөшөө л бол хөшөө гэж хүч түрж улсаараа ойд төөрчихгүй юмсан.

Жич ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн байр суурийг доорхи холбоосоор үзнэ үү. http://dayarmongol.com/index.php/articles/article/tanin-medehui/history/8328




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.