Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Улсын наадам болоогүй байхад аварга төрдөггүй
Нобелийн шагналт, Чехийн Ерөнхийлөгч асан Вацлав Хавелийн жижигхээн, тэгсэн мөртлөө дэлхийд алдартай нэгэн өгүүлэл бий. Тэнд Прага хотын захын нэгэн хүнсний дэлгүүрийн эзэд, үйлчлүүлэгчдийн харилцааг өгүүлдэг.

Дэлгүүр өдрийн цагаар ажиллана. Дэлгүүрийн байшингийн оройд намын туг хатгана, хаалганд нь плакат өлгөнө. Орж гарсан хүмүүс үзэл суртлаа ярина, нийгмийн хөгжлийг нэг нотоор магтан дуулна. Харин орой, дэлгүүрээ хаачихаад бут авна. Өдөр магтсныхаа эсрэг ярина. Нийгэм нэг л болохгүй байгааг, хуваарилалт шударга бус явааг зад шүүмжилнэ. Заримдаа өнөөх тугаа буулгаж, плакатаа урж бухимдлаа тайлна. Өглөө нь буцаагаад өлгөнө, наана. Өөрөөр хэлбэл, тэр хавийнхан “өдөр нь нэг”, “орой нь огт өөр” гэсэн хоёр амьдралтай. Зохиолын гол санаа нь ардчиллын тухай. Иргэн хүн гаднын нөлөө-зохиомлоор бус, зөвхөн өөрийнхөөрөө амьдрахыг ардчилал гэнэ. Иргэдээ өөрийнхөөр нь амьдруулах гэж  олон нам байж, парламент хууль баталж, сонгууль хийдэг. Түүнээс бус олон нам, парламент, сонгууль гурав өөрөө ардчилал биш гэдгийг жирийн амьдралын энгийн жишээгээр гаргасан нь энэ. Эцэст нь Вацлав Хавел “Чехийн иргэн бүр өөрийнхөөрөө амьдарсан цагт л Чех улс ардчилсан орон болно” гэж дүгнэсэнээр өгүүлэл төгсдөг.

Түүний энэ санааг дэлхий хүлээн зөвшөөрч, бараг афоризм болсон дээрх дүгнэлтийнх нь төлөө Хавелийг нас барахад 42 улс орны төр, засгийн тэргүүн нар өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлсэн гэдэг юм.

Хавелийн дүгнэсэн ардчиллын аксиомоор бол Монголын иргэн бүр өөрийнхөөрөө амьдарсан цагт Монгол Улс ардчилсан орон болох нь. Гэтэл бодит амьдрал дээр  төрийнхөн, улстөрчдөөсөө эхлээд бидний олонхи нь хоёр амьдралтай. Улстөрчид нь ард түмний өмнө, камер харж нэгийг ярина. Камерийн цаана ярьсныхаа эсрэг хийнэ. Сонгууль гэхэд санал өгч байгаа процесс нь ардчилсан, харин түүнээс цаашхи нь үргэлж будилаан, хэл ам дагуулна. Нэг хэсэг нь Тайланд, Солонгос, Бээжингийн эмнэлэгт явна, чадалгүй нь эндээ үзүүлнэ. Хамгийн гол нь тэд мөнгөтэйдөө биш, энд байгаа эмнэлэгтээ итгэдэггүй учраас тэдний хувьд Монгол Улс бараг эмнэлэггүйтэй адил байгаад учир байна. Эмч нарын олонхи нь давхар хувийн эмнэлэг юм уу, эмийн сантай. Улсын эмнэлэгт хүнээ үзнэ, дахиж үзүүлэхээр бол хувийн эмнэлэгтээ ирэхийг зөвлөнө. Эсвэл “заавал тэндээс аваарай” гэж өөрийнхөө аптекийг нэр заан эм бичиж өгнө.  Шүүх цагдаа ч иймэрхүү. Хууль байсаар байхад хувираа тохирно. Татварын алба л гэхэд ихэнх байгууллагууд хоёр данстайг мэдсээр байж тохироод, зохицоод ажиллана.  Мод тарихдаа хүртэл шоу байдлаар тарьсан дүр эсгэнэ. Хойтон нь дахиад тарина. Хүнд сурталтай хийх тэмцэл нь цаас урснаар төгсөнө. Ер нь л заавал “хоёр амьдрал”-тай явахыг нийгмийн харилцаа өөрөө шаардана. Хоёр амьдралтай, “хоёр нүүр”-тэй явсан нь бараг илүү онож, их олдог цаг үе үргэлжилж буй. Гэхдээ энэ бол явуургүй нь тодорхой ч, бидний хүссэн, хүлээсэн ардчилал яавч биш билээ. Эдийн засаг хүндэрлээ гээд ахин дахин  бонд босгож, Чингис бондын хүүгээ Самурай бондоор төлөх нь түр аргалж байгаа дүр эсгэлт болохоос төгс шийдэл биш шүү дээ.

Монголын нийгэм иймэрхүү л аргалсан, PR-дсан байдлаар дүр эсгэж явах. Заримдаа яг л сэлүүгүй завин дээр зүг чигээ мэдэхгүй хөвөх мэт. Нэг мэдэхэд монголчууд бид уралдаж бүтээдэггүй, харин олонхи нь уралдаж иддэг, уралдаж хувь хүртэхийг илүүд үздэг болжээ. Улстөрчид нь уул уурхай, Оюутолгойгоос яаж хувь хүртэхээ илүү бодно. УИХ нь түймэр унтраадаг, савнаасаа сагасан юмнуудыг л аргагүйн эрхэнд аргална. Хамгийн сүүлд гэхэд гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл хаалгаар орж ирснийх нь дараа ээлжит бусаар чуулан өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх жишээтэй. Тэгснээ баталсан ганц ч хуульгүй, зорьж төлөвлөсөндөө хүрэлгүй хаасан чуулганаа үр дүнтэй боллоо гэж сурталчлах. Энэ нь онгоц хөөрсөн хойно, хоцорч ирчихээд “гүйгээгүй бол бүр олон минутаар хоцрох байж” гэдэгтэй л адилхан. Үүнээс ч гоё онигоо бий. Зам төмөр эвдрээд галт тэрэг зогсоход хуучин ЗХУ-ын лидерүүд яах байсныг шинэ үеийн оросуудаас асуужээ. Тэгэхэд, Ленин бол галт тэргэнд явсан бүх хүнийг буулгаж субботник хийлгэж замаа засна, Сталин машинч,төмөр замчин хоёрыг буудна, харин Бережнев бүх вагоны хөшгийг хаалгаад галт тэрэг явж байгаа дүр үзүүлнэ гэх хариултууд түрүүлсэн гэдэг. Бережневийн аргаар, эдийн засаг хүндрээгүй, “Найман шарга”-аас өөр газарт доллар өсөөгүй, өссөн ч сайнаар нөлөөлсөн, юмны үнэ нэмэгдээгүй гэх тайлбарууд чуулганы танхимаас сонсогдож, хэвлэлийн тийм сурталчилгаа явж харагдсан.

Одоо нийтээрээ нэг юм ойлгоё. Амьдралын бодит бэрхшээл, байгалийн эрсэдэл хоёрыг PR-аар, эсвэл аргалж шийдэж болддоггүй юм байна. Манай улстөрчид сонгуульд санал авах, суудлаа хадгалж үлдэх учраа сайн олдог. Харин улс орны хөгжилтэй холбоотой том төслүүдээ яаж эрчтэй явуулах, ядуурал, ажилгүйдлээ хэрхэн  бууруулах учраа нэг л сайн олохгүй, санал нэгдэхгүй юм. Энэ нь чухал проблемуудаа барьж шийдэхгүй тойрч PR-даж, аргалж явдаг учраас гарц, шийдлээ зөв онож олдоггүй юм болов уу. Өвчний зөв оношоо олж эмчлэхгүй, үргэлж өвчин намдаах эм уугаад яваатай ижилхэн хэрэг л дээ. Жишээ нь, Япон биднээс хүнд проблемуудтай. Том эдийн засаг, газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станц гээд л. Гэхдээ тэд гол хүндрэлтэйгээ улаан нүүрээрээ тулж, нүцгэн ч хамаагүй гараараа барьж авдаг учраас дор дор нь шийдэж чаддаг. Харин манайд шийднэ гэж эхлээд сурталчилна, шийдэж байна гэж  PR-дана, эцэст нь шийдсэн дүр үзүүлж аргалаад дуусах юм.

Хавел бол зохиолчоос гадна, “Европын агуу хүмүүсийн нэг” болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн том улстөрч. Улстөрч мөртлөө тэрээр нэмж нам байгуулж, байгаа намаа салгаж олон болгосноор ардчилал хөгжинө гэж зөвлөөгүй. Харин иргэд нь, нийгэм нь хоёр амьдралтай байхаа больсон цагт ардчилал бэхжинэ, хэцүү ч гэсэн гол бэрхшээлүүдтэйгээ тулж шийдэж байж улс орон хөгжинө гэж дүгнэжээ.

Тэгэхээр Монгол Улсын хүнд проблемуудыг барьж аваад шийдэх чадвартай үндэсний лидер бидэнд хэрэгтэй. Дайнаар бол арми командлах генерал. Өөрөөр хэлбэл, хөгжлийн томоохон бодлого нь өөрөө түүнийг эерэгээр шийдсэн эзнээ үндэсний лидер болгодог байна.   Тийм лидерийг монголчууд бид өөрсдөө бэлтгэж, өөрсдөө л түрүүлнэ. Харин өргөж гаргаж ирчихээд өшиглөж унагаад байвал жанжингүй арми замбараагүй, нийгэм лидергүй явсаар л байна. Өнөөдөр нам бүр намын сайн сайн лидерүүдтэй. Тэдний дээр пирамидын орой болон шовойх үндэсний лидер одоохондоо алга. Яагаад гэвэл улсын наадам болоогүй байхад аварга төрдөггүйтэй адил улсын хөгжлийн гол бэрхшээлүүдийг барьж авдаггүй, авсан ч шийдэлгүй аргалаад өнгөрөөдөг учраас үндэсний лидер төрөхгүй байгаа юм болов уу. Мэдээж, хөгжихөд хувийн хэвшлийнхэн, том төслүүдийн хүч, дэмжлэг, хаялга их хэрэгтэй. Гэхдээ улсаараа урагшаа явахад “чиглүүлэх луужин”, монголчуудыг нэгэн зүгт хөтлөх үндэсний лидер бүр их  хэрэгтэй. Яагаад гэвэл Оюутолгойн цаана байгаа хөрөнгө оруулагчид хийгээд хувийн  хэдхэн том компанийн бизнесийн сонирхолд хөтлөгдөж бүхэл бүтэн улс хөгжинө гэж байхгүй л болов уу.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.