Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Якунины хэлсэн хоёр үнэн
Якунин гэхээр монголчууд түүнийг УИХ-ын зарим гишүүдээс илүү эчнээ танина, мэднэ. Яагаад гэвэл тэр Улаанбаатар төмөр замын хувьцааны 50 хувийг эзэмшигч-Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч. Монголд ирэх бүртээ дуулианы эзэн болдог нөхөр. Тусгаар улсын Ерөнхий сайдад хувийн захидал илгээж, түүнийг нь манай Элчин сайдын яамныхан дамжуулж, Америкуудын тусламжийг төмөр замаас буцааж, салаавч гаргасан зураг татуулж, афоризм хэлж Улаанбаатарт ирэх бүртээ хэвлэлийн баатар болдог нэгэн. Тэр эх орондоо ч “том” оросуудын нэг. Манайхан төмөр замаа Вант улс гэдэг бол, оросууд төмөр замаа Эзэнт гүрэн гэдэг.  Нийтдээ 85 мянган км урт замтай, Монголоос гадна Армян, Иран зэрэг хэд хэдэн улсын төмөр замд хувьцаатай энэ “эзэнт гүрэн”-ий ерөнхийлөгч нь мөнөөх Якунин. Тэр бас Путиний итгэлт хүн. Харин Путин нь түүний ивээлт хүн. Мэргэжлийн тагнуулч байж, НҮБ-д хуучин ЗХУ-ыг төлөөлж явсан Якунин “шинэ Оросын геостратегийг төмөр замын тээврийн салбарын жишээн дээр авч үзэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. “Ивээлт хүн”-ийхээ залгамжлагчийн төлөө одоогийн Ерөнхий сайд Медведевтэй суудал булаацалдаж явсан гээд тоочвол  зангарагатай, бас зиндаатай орос. Тийм учраас л Оросын хэвлэлүүд Якунины тухай “асуудлаа ойлгодог, салбараа сайн мэддэг мэргэжлийн хүн л түүнтэй ярилцахгүй бол зажлахгүй залгих чадвартай нэгэн” гэж тодорхойлжээ. 

Бусдыг зажлахгүй залгиж, өөрөө бол бусдын залгиур дээр тээглэж явдаг Якунин гэх энэ “хатуу самар” монголчуудад хандаж хоёр удаа үнэн үг хэлжээ.

Тэрээр “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж нэгэнтээ хэлсэн. Мянганы сорилын сангийн тусламжийг төмөр замаас буцаах үеэр хэлсэн энэ үг түүнийг Улаанбаатарт ирэх бүрт хэвлэлийн хуудаснаа залардаг ч манайхан цаад санааг нь сайн ойлгоогүй. Улаанбаатар төмөр зам бүхлээрээ улстөрчдийн “үнэгүй бяслаг” болчихсон явааг ноён Якунин тухайн үед давхар ёжилсон шиг санагддаг. Төмөр зам өөрөө үнэгүй бяслаг нь, хавх нь улстөрчид гэсэн үг л дээ. Үнэхээр ч төмөр замд яг л цаг зогсчихсон юмшиг он жилүүд бас байсан юм шүү. Замын дарга, бүр орлогч нар нь хүртэл улстөрчдийн оролцоо, улстөрийн томилгоогоор ээлжилж солигдоод л. Дарга, орлогч солигдох бүрт төмөр замд шахдаг шахааны бизнесийн нийлүүлэгчид нь өөрчлөгдөөд л. Зөвхөн чирүүлж явах хоцрогдсон технологитой 14 ширхэг “амбаар”-ыг хүртэл нэг бүрийг нь сая доллараар авч байлаа шүү дээ. Удалгүй эвдэрсэн дээ. Улсаараа төмөр замаар амьсгалж, улстөрчид нь бүгдээрээ “төмөр замчин” болсон хэрнээ Улаанбаатар төмөр зам алдагдалтай ажиллаж явсан түүх саяхных.  Тиймээ, Р.Раш төмөр замаас явснаас эхлээд Г.Сэрээнэндорж замын даргаар ирэх хүртэл Улаанбаатар төмөр зам улстөрийн үнэгүй бяслаг байлаа. Засгийн эрх хамтарсан, бас МАН-аас АН-ын шинэчлэлийн Засгийн газарт шилжих хүртэл Улаанбаатар төмөр зам улстөрчдийн хавханд явлаа. Харин энэ засгийн өнгөн дээр тээврийн салбарт нисгэгч нь нисэхдээ, төмөр замчин нь төмөр замдаа ажиллах боломж бүрдлээ. Н.Алтанхуягийн Засгийн газраас гялтайх юмсын нэг нь мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүнээр нь олж, онож удирдуулсан явдал. Үр дүнг нь  улсаараа мэдэрч байна. Жишээ нь, төмөр зам дээр гэхэд бүтээн байгуулалтын саруудад ачаа саатаж, улсын наадам, хичээлийн шинэ жилийн өмнө бизнес эрхлэгчдийн бөөгнөрөл Замын-Үүдэд үүсдгээ нэгэнт больжээ. Өмнө нь барилгын материал гэхэд 14 хоног, заримдаа сараар саатаж, зорчигчдын бөөгнөрөл долоо хоногоор урд хил дээр үргэлжилдэг байв. Төмөр зам “хавх”-наас гарснаас хойш ийм үзэгдэл гарсангүй. Үүнийг яаж шийдсэнийг нь тодруулахын өмнө Якунины хэлсэн хоёр дахь үнэнийг өгүүлье.

Якунин нэг удаа хэвлэлийн хурал хийж, Монголын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэр үеэр “Таны бодол, байр сууриар Улаанбаатар төмөр замын дарга ямар хүн байх ёстой вэ” гэсэн асуултад Якунин;

-Төмөр замын даргад тавих хамгийн нэгдүгээр шалгуур бол төмөр замыг сайн мэддэг мэдэрдэг, төмөр замыг хайрладаг хүн байх ёстой. Монгол Улсын эдийн засагт төмөр замын байгууллагын оруулах хувь нэмрийг ойлгодог хүн байх учиртай. Мэдээж хувьцаа эзэмшигчдийн дийлэнхийн дэмжлэгтэй байж таарна. Түүнээс биш, төмөр замчид улстөрийн бодлогоор тоглодоггүй. Төмөр замчид зөвхөн тээвэр гүйцэтгэдэг гэдгийг л хэлэх байна” гэж хариулжээ.

Тэгвэл алдагдалтай ажиллаж байсан төмөр замын салбар 2012 онд 20.2 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ дээд амжилт тогтоожээ. Энэ нь Засгийн газраас, салбарын сайдаас нь улстөрийн тоглолт орж ирээгүй учраас төмөр замчид тээвэр гүйцэтгэх үндсэн үүргээ ингэж сайн биелүүлсэн хэрэг. Ажлаа авсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Замын-Үүдэд ажиллаж, бүтээн байгуулалтын жил учраас барилгын материалыг саадгүй тээвэрлэхийг төмөр замчдад үүрэгдэх, гуйхыг хослуулж байв. Тэр дагуу нь төмөр замынхан ажлаа зохион байгуулж ачааны галт тэргийг анх удаа суудлын галт тэрэгтэй нэгэн адил тогтсон хатуу хуваариар \зурмагаар\ Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд аялуулж хэвшлээ. Ингэснээр бизнес эрхлэгчдийн ачаа 24, саатлаа гэхэд 48 цагийн дотор хүлээн авагчдадаа хүрдэг болов. Одоо бол, хэрвээ зорчигч өөрөө замдаа саатвал ачаа нь бараг түрүүлж Улаанбаатарт ирэх хатуу зурмаг төмөр замд үйлчилж байна. Үүний баталгаа нь өнөө жил  “Хөтөл”, “Эрэл”-ийн цементийн үйлдвэр алдаг оног ажиллаж, импорт урьд жилүүдийнхээс хэд дахин нэмэгдээд байхад л цементийн тээвэр саатсангүй. Саатаагүйг нь хотын барилгажилт, энэ зун өмнөх жилүүдийнхээс олон газарт тасралтгүй үргэлжилсэн нийслэлийн зам засварын ажлаас харж болно. Төмөр зам улстөрийн тоглолттой үед Замын-Үүдэд цемент хамгийн багадаа долоо хонодог байсан бол, төмөр зам тээврийн үүргээ гүйцэтгэх болсноор одоо 2-3 хонодог болов. Ийм зөв зохион байгуулалтын үр дүнд ачаа эргэлт нь хурдан, эзэндээ очих хугацаа нь богиноссон учраас цементийн үнэ тонн тутамдаа 25-30 мянган төгрөгөөр буурчээ. Энэ бол төмөр замын тээврийг мэддэг, мэдэрдэг, улсын эдийн засгийн хөгжилд төмөр зам ямар үүрэгтэйг ойлгодог удирдлагын багаас л гарах менежмент.

Энэ өдрүүдэд улсын эдийн засаг хүндэрч хаа сайгүй л зардлаа багасгах, төсвөө танахын тулд зарим байгууллагууд цомхотголыг сонгож байна. Харин төмөр замынхан ашигтай ажиллаж байгаа учраас сая, өнгөрсөн сард цалингаа 15 хувиар нэмжээ. Энэ нь ган замчдын хувьд  шинэчлэлийн Засгийн газрын үеийн хоёр дахь удаагийнх нь цалингийн нэмэгдэл юм. Ачаа саатахаа больсон, цементийн үнэ буусан, зорчигчийн тасалбарыг бизнес эрхлэгчид олноор төвлөрдөг “Нарантуул” зэрэг газруудад явуулын кассаар борлуулах болсон гэдгийг олон хүн онцолж байна. Харин миний хувьд төмөр замыг жаахан гадарладагийн хувьд арай өөр шинэчлэлд илүү ач холбогдол өгнө. Сүүлийн үед, шууд хэлэхэд А.Гансүх сайдын дэмжэг дор  төмөр замынхан суурь бүтэц рүүгээ хандсан шинэчлэлд ихэд анхаарч, хөрөнгө хаяж байна. Ингэснээр хэсгийн хурд 70 км\цаг байснаа 80-90 болж нэмэгдлээ. Төмөр замдаа, төмөр замчдадаа бол энэ нь түүхэн үйл явдал. Сүүлийн 20 гаруй жил төмөр замд үргэлж л техникийн шинэчлэл ямар нэгэн хэмжээгээр явж ирсэн. Гэхдээ тэдгээр нь завод засвар хийсэн хуучин голдуу зүтгүүр, вагоноос хэтэрдэггүй байлаа. Гэтэл төмөр замын тээвэр гэдэг чирдэг зүтгүүр, чирүүлдэг вагон хоёр  байхад л болчихдог  юм биш шүү дээ. 

Цалин хангамж, төмөр замаа бүтнээр нь харсан техникийн шинэчлэл зэрэг нь “ажлаа мэддэг, төмөр замаа хайрладаг” гэх Якунины хийгээд Монголын 16 мянган ган замчны шалгуурт яг тэнцэж байгаа юм. Мэдээж замын дарга ганцаараа бол энэ бүхнийг хийж чадахгүй. Г.Сэрээнэндорж дарга тэнд ганцаараа сэлэм эргүүлээд, төмөр замаа хайрлана гэж рейс төмөр дэрлэж хэвтээд ийм амжилт гаргахгүй. Хамгийн гол нь тэр дээрээ бодлогын дэмжлэгтэй, хажуудаа түших сайн багтай, доороо тулах чадварлаг ганзамчидтай тулдаа төмөр замыг “хөгжлийн зүтгүүр” болгож чадаж байна. Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол улстөрийн “бялуу бяслаг” бус, стратеги, стратегийн тээвэр байх ёстой гэдэг байранд нь аваачлаа. 

Хэрвээ улстөрчид, улстөрийн оролцоотой ирээд буцдаг “солигддог тэмдэг” шиг дарга нар төмөр замыг хайрладаг л байсан бол тэс хөндлөнгийн нэгэн бизнесмэнийг дэмжиж энэ их айлыг банкны барьцаанд тавих уу. Төмөр замыг мэддэггүй, хайрладаггүй учраас л бүхэл бүтэн “вант улс”-ыг ломбардны барьцаа төдийд л ойлгож байна шүү дээ. АН-ын засгийн үед хамгийн их ачаа тээвэрлэсэн, хэсгийн хурдыг нэмсэн, зорчигчдын тасалбарыг явуулаар борлуулдаг болсон, ачааны галт тэргийг хатуу зурмагт оруулсан гээд түүхэн амжилтынхаа хажуугаар бүгдээрээ, байгууллагаар банкны барьцаанд очсон явснаа мэдсэн гээд төмөр замчид юм юм л үзэж явна.

Хамгийн гол нь энэ бүхний эцэст төмөр зам маань хэсэг завсардаад одоо л нэг юм эвэндээ орж байгаа нь л сайн хэрэг.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.