Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чингис хаан, бас Сүхбаатар буруугүй
2013 оны 7 сарын 18 [Уншсан тоо: 109452]
Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхийг би хувьдаа буруутгахгүй. “Чингис хаан”-ы гэх нь илүү утга төгөлдөр. Төв талбайд орших Монголын түүхийг 1921 оноос урагшлуулж 1260-аад онд аваачсан нь зөв  байх.

Гэхдээ нэг зүйлийг буруутгана. Түүхийн эсрэг түүхийг сөргүүлдэггүй. Энэ нь нэгэн түүхийн дор зэрэгцэн амьдарч буй ард түмнээ таллан хувааж талцуулснаас ялгаагүй. Чингисийн алтан ургаас яг тодорхой хүн өнөөдөр амьд байхгүй нь аз юм даа. Хэрвээ  Д.Сүхбаатарын талбайг ардчиллын үед төрсөн анхны улсын баатар Э.Бат-Үүлийн нэрэмжит болговол энэ хоёр гэр бүл, удмынханд талцал үүснэ. Талцал гэр бүлийн хүрээнээс хальж Сүхбаатар, Бага тойрог, Хэнтий, Хөвсгөл аймгийнхны Э.Бат-Үүлийн нутаг дунд  тархан үргэлжилнэ. Дараа нь намаараа талцана. Магадгүй ийм учраас түүхийг шүүдэггүй, шүүх эрх хэнд ч байдаггүйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг байх. Түүхэн үйл явдлыг үнэнээр нь үнэлж цэгнэх, шаардлагатай бол жингийн туухай дээр зэрэгцүүлэх нь түүхчдийн ажил. Харин улстөрчдийн, тэр тусмаа намдаа хоёр гуравдугаар эгнээний улстөрчдийн  хийдэг ажил биш болов уу. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг хэмээн багш нарыг доош хийх нь Засаг даргын орлогчийн амны алдаа байх. Тэгэхдээ тэр хүн “Д.Сүхбаатарын үйл хэрэг үндэстнийг төлөөлж чадахгүй” гэж  аймаар том алдаж болохгүй. Яагаад гэвэл тэр түүхч биш. Түүх гэдэг цаг хугацаагаараа үлддэг, үнэлэгддэг.  Зарим нь Чингис хаан байгаагүй бол Сүхбаатар байхгүй л гэнэ. Сөргүүлээд нөгөөх нь Сүхбаатар ардын хувьсгал хийгээгүй бол ардчилсан хувьсгал хийх Монгол гэж улс байх эсэх нь эргэлзээтэй л гэнэ. Энэ нь новшийн Гитлер төрөөгүй байсан бол дэлхийн хоёрдугаар дайн гэж гарахгүй байсан, гэтэл тэр үнэхээр төрөөгүй бол баруун Германы эдийн засаг хүчирхэгжихгүй байлаа гэдэгтэй адилхан юм. Саяхны түүхээс гэхэд Осама Бин Ладен хорвоод байгаагүй бол хоёр өндрийг сүйрүүлсэн есдүгээр сарын 11-ний халдлага гарахгүй байж л дээ. Түүхийг ингэж сөргүүлэн тавьж, ургуулан бодож болдоггүйг тэмдэглэсэн олон ном, сурах бичиг бий дээ. Түүхийг шүүдэггүйг хүн төрөлхтөнөөрөө хүлээн зөвшөөрч байхад манайд  нэг Засаг даргын орлогч шүүгээд, жигнээд, дүгнээд сууж байх юм. Мундаг аа. Намаараа талцдаг улстөрчид намаасаа том сэдвийг олж хардаггүй, ойлгодоггүй гэдэг ортой бололтой. 

Бас нэгэн зүйлийг эсэргүүцнэ. Бүр жадлан эсэргүүцмээр. Энэ бол талбайн нэр солих шийдвэр гаргаж байгаа процедур. Түүхээрээ талцан улстөржих буруу жишгийн эхлэлийг тавилаа. Сумын сургуулийг хэн нэгний нэрэмжит болгохдоо Засгийн газраас тогтоол гаргадаг. Гэтэл улсын нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх эрх намаасаа босоо удирдлагатай долоохон улстөрийн албан тушаалтанд байж болохгүй. Жишээлэхэд, дараа нь МАХН нийслэлийн хуралд олонхи болчихоод төв талбайг Н.Энхбаярын нэрэмжит болговол яах уу. Тэр бол их өрийг тэглэсэн гавьяатай, газрыг хувьчлах шийдвэр гаргасныхаа төлөө хөшөө босгуулах амлалттай нэгэн. Манайд нэг хүний нам нэлээн хэд бий. Аз нь таарч тэд нийслэлийн хуралд олон суудалтай болоход л төв талбайг, өөр түүхэн дурсгалт газруудыг яг энэ процедураар намын даргынхаа нэрэмжит болгох боломжтойг АН эхлүүллээ. Ингэж өмнө нь Засаг даргын хүүхэлдэй байсан ИТХ-ыг намын хэлтэс болгох хэрэггүй.  Сонгуульд ялсан нам нь төв талбайн нэрийг солиод байх эрх  Иргэдийн хурлын Тэргүүлэгчдэд бийг, түүнийг нь ард түмэн эсэргүүцэх эрхгүй байх дархлааны вакциныг АН-ынхан зуны урт амралтын сиймхийгээр ард түмэндээ хүчээр “шахах” нь буруу.  Үүнийг ардчилсан зарчим гэхгүй. Харин масктай ардчиллын цаана нэр агуулгаасаа илүү жин дарах улстөрийн шийдвэр гэж хардаж болох. Яагаад гэвэл Д.Сүхбаатар одоогийн МАН-ыг үндэслэгчдийн нэг. Заавал улстөрийн өнцгөөс харах гээд байгаа бол Д.Сүхбаатар Монголд улстөрийн намыг анхлан үндэслэгчдийн нэг гэдгээрээ АН-д ч хамаатай нэгэн.

Талбайн нэрийг солихдоо хүрвэл ард түмний, хотын иргэдийн саналыг сонсох учиртай. Энэ бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн “туг”-аа болгож ялалтад хүрсэн шууд ардчиллын зарчим. Шууд ардчилал гэдэг нь яг өөрт нь, орон нутагт нь хамаатай асуудлыг  Төрийн ордонд шийддэг байсныг иргэд өөрсдөө шийдэх эрх юм. Иргэдийн ийм оролцоо төрийн шийдвэрийг үнэн зөв, үнэ цэнтэй болгодог. Гэтэл сонгууль дуусав уу, үгүй юү намаасаа тодорсон Ерөнхийлөгчийн амлалтыг эхнээс нь  хотын удирдлага нь сөрлөө. Хотын дарга Э.Бат-Үүл ч бас сонгогдохдоо иргэдээсээ асууна, та нарын амаар л явна гэсэн амлалт нь хаачив аа. Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг хотын иргэдээс асуугаад л байсан. Тэр нь шоу байсан юм уу, эс бөгөөс асуугаад дэмжлэг авахгүй байх гэснээ  асуудаггүй хэрэг үү. Харин ёстой, дугаарын хязгаарлалт, төв талбайн нэр хоёрыг жинэлж үзээд зөв шийдвэр гаргах нь удирдагч хүний хийх ажил. Их л олон сая төгрөг зарж байж Иргэний танхим байгуулсан. Түүгээрээ яагаад хэлэлцүүлж болдоггүй юм. Иргэдээсээ асуухгүй юм бол Иргэний танхимаар яах юм. Зарим хүн ИТХ-ыг УИХ-тай адилтгаж хотын парламент гэж андуурдаг л юм. Гэлээ гэхдээ ИТХ-ын Тэргүүлэгчид бол бие дааж шийдвэр гаргадаг бүтэц хараахан биш гэдгээ мэдмээр л юм. Адилтгаад байдаг УИХ-д УИХ-ын даргын зөвлөл юмуу, Байнгын хороо бие дааж хууль батлаад байдаггүй биз дээ.  

Монгол бол нэгдмэл улс. Хууль тогтоох нэг л засаглалтай, тэр нь парламент буюу УИХ. Харин нийслэлийн ИТХ бол нийслэлийн нутаг дэвсгэрт буй тулгамдсан асуудлыг УИХ-ын баталсан хуулийн хүрээнд бие даан шийдэх эрхтэй газар. Ингэхдээ иргэдийн оролцоотой, иргэдээсээ асууж төлөөллийн ардчиллын зарчмаар шийдэх үүрэгтэй. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёс бөгөөд Үндсэн хуулиар хэнтэй ч, тэр тусмаа намуудтай хуваалцахгүйгээр ИТХ-д, иргэдэд  өгсөн эрх мэдэл юм. Үндсэн хуулийн энэ зарчмын дагуу талбайн нэр солих эсэхийг асуугаад, нийслэлийн иргэдийн олонхи тэгж үзсэн бол маргах юм алга. Цөөнх нь олонхоо дагадаг нь ардчилын зарчим. Муу нь сайнаа дагадаг нь хүний ёс.

 Ямарч тэнэглэлд зөвтгөх тайлбар олддог л гэдэг. Харин түүхээр тоглоход зөв тайлбар байхгүй л болов уу. Иргэд Чингис хаан гэдэг нэрэнд нь бус, ийм нэртэй болгох шийдвэр гаргасан процесс, процедурыг нь эсэргүүцээд байгааг хотын удирдлагууд ойлгоосой. Түүнээс бус, Чингис хаан гэдэг нэрэнд нь дургүй байгаа мэтээр процедур нь алдаатай шийдвэрээ зөвтгөх гэж улстөржин өмгөөлөх хэрэггүй.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn