Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Агуулга андуурсан өдөр
Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ бол баярын биш, тэмцлийн өдөр. Хэрвээ баярын өдөр гэвэл бид хэвлэлийн эрх чөлөөгөөр энэ жил хоёр байр ухарснаа, ер нь 100 гаруй орны сүүлийг мушгиж яваагаа тэмдэглэх нь. Харин би энэ өдрийн талаар өөр бодолтой байдаг. Энэ бодлоо 2008 оны энэ өдөр бичиж байсан бөгөөд одоо ч хэвээрээ байгаа тул дахин нийтлэв.
 
Маргааш тэмдэглэх хэвлэлийн эрх чөлөө бол Монголд  1990  оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалтай хамт ирсэн юм.  Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуултад хүн төрөлхтөн  туйлын үнэн зөв хариултыг өгч чаддаггүй. Яг үүнтэй адилаар ардчилсан нийгэмд ардчилал анхдагч уу, хэвлэлийн эрх чөлөө анхдагч уу гэдгийн  зөв хариултыг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй  хүмүүс их  олон. Харин сэтгүүлчид зөв ха­риул­тыг нь  сайн мэддэг.  Би л дон­го­дож байж өглөөг авчирдаг гэж тахиа боддог. Гэтэл тахиагүй га­зар ч өглөө болдгийг тахиа өө­рөө  мэддэггүй. Хэвлэлийн эрх чө­лөө л ардчилсан нийг­мийг авчир­даг. Харин хэв­лэлийн эрх чөлөө­гүй   улс оронд  хэзээ ч ардчилал байдаггүй. Тэнд хэдэн мянган та­хиа зэрэг донгодож өглөөг авч­раад ч, чөлөөт хэвлэлгүй л бол ард­чил­сан нийгэм оршин тогт­нох­гүй. Үүгээрээ  хэвлэлийн эрх чө­лөө бол ардчилсан нийгмийн сал­ш­гүй хэсэг юм. Тэгэхээр  ард­чилсан хөдөлгөөний үйл явц, түү­нээс хойшхи өнөөдрийг хүртэлх улс­ төр, нийгмийн амьдралын өрнөл  бол бүхлээрээ Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө­ний түүх билээ. Дэлхий нийтэд ч хэвлэ­лийн эрх чөлөө нэг өдөр бий болж, жил бүрийн тавдугаар сарын 3-ныг тохиолдлоор сонгоогүй юм.

1733 онд мужийнхаа амбан за­хирагчийн бодлогын эсрэг  сэтгүүл гаргаж, бичсэн нийтлэл­үү­дийнхээ төлөө хоригдсон америк сэтгүүлч,  хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмын тухай меморандумыг  1766 онд парламентаараа бат­луул­сан Шведийн санваартны тэмцэл бол хэвлэлийн эрх чөлөө­ний түүхийн  эхлэл.  Дэлхий ний­тээрээ социалист систем, нэг хү­ний дарангуйллыг царцааж буй сүүлийн арваад жилд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 1100 гаруй сэтгүүлчийн үйл хэрэг  ч хэвлэлийн эрх чөлөөний түүхийн үргэлжлэл. АНУ-ыг  довтолсноос хойш өнөөдрийг хүртэл Иракт 211 сэтгүүлч амиа алдаад байгаа нь хэвлэлийн эрх чөлөө бүрэн төгс ялаагүйн илэрхийлэл.  Тийм  уч­раас хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг гүнзгий мэдэрдэг, чөлөөт хэвлэлийг хэт өндөр үнээр олж авсан ихэнх орoнд тавдугаар сарын 3 бол тэмцлийн өдөр бай­даг.  Энэ өдөр телевизүүд тодор­хой хугацаагаар эфирээ зогсоож, сонинууд тухайн өдрийн дугаараа хоосон гаргаж хэвлэлийн эрх чө­лөөнийхөө төлөө тэмцдэг.  Чөлөөт хэвлэл, мэдээллийн үнэ цэнийг олон түмэнд, эрх баригчдад  мэд­рүүлдэг. Ингэж дутуу эрх чөлөөгөө эрх баригчдаас шаардаж, сэт­гүүл­зүйд ирдэг элдэв дарамтыг эсэр­гүүцэн тэмцдэг. Гэтэл  манайд тэмц­лийн өдрийн агуулгыг андуу­ран  баяр болгон тэмдэглэж ир­лээ. Тэмцлийг баяр болгон тэм­дэглэх хэмжээнд хүртлээ Монгол Улсад  хэвлэлийн эрх чөлөө хан­гагд­сан уу гэвэл үгүй. Бичсэн нийт­лэлийнхээ төлөө хоригдсон, да­рамт­луулсан, эрүүл мэндээрээ хохирсон гээд 80 гаруй баримт мэ­дээллийг “Глоб интернэшнл”-ийн 2007 оны тай­ланд дурджээ.  Хамгийн сүүл­чийн жишээ гэхэд баяр тэмдэглэж байх энэ мөчид бидний мэргэжил нэгт “Өвөрхан­гайн сонин”-ы сэтгүүлч Б.Жавзан­сүрэн эрүү, иргэний журмаар давхар яллуулан шүүх хурлын товоо хүлээн сууж байна. 

Эрх чөлөөний тэмцлийн өд­рийг баяр болгодог нь энэ  жил бүр хавтгайрах шинжтэй. Мянган сэтгүүлчийн баяр хийнэ л гэнэ. Тийм тооны сэтгүүлч нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Их, дээд сургуулиар бэлтгэсэн сэт­гүүл­чийнхээ тоогоор бол нэг бай­тугай нэлээд хэдэн мянга болох л байх. Сэтгүүлчдийн арми өргөж­лөө, өдөр тутмын сонины болон телевизүүдийнх нь тоо долоо хоног тутмын сонинуудынхаа тоо­той тэнцлээ  гээд Монголын сэт­гүүлзүй хүчирхэгжиж, сэтгүүлчид нь нэгдэн нягтарч байгаа юм алга. Харин ч нэгнээ, нэгэн үеэ үгүйсгэх, нийлж нөгөөгөө балбах, үнэн бодит мэдээллээс илүү үнэ хүрсэн арилжааны мэдээллийг чухалд үзэх хандлага давамгайллаа. Хэвлэл мэдээллийн байгуулла­гууд мөнгөтэй, эрх мэдэлтэй хү­мүүсийн халаасанд багтлаа. За­рим улстөрч, бүлэглэлийн улс төрд он удаан байх шалгуур, тул­гуур нь тэдний эрх ашгийг хам­гаал­сан, дутуу эрх чөлөөтэй хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд болов.

Хэвлэлийн эрх чөлөөний өд­рөөр Монгол Улсын  Ерөнхийлөгч хэв­лэлийн консул байгуулж сэт­гүүлчидтэйгээ хамтарч ажиллах боллоо л гэнэ. Хэвлэлийн эрх чөлөө бол Ерөнхийлөгч  хамтарч ажилласнаар биш, харин ч сэт­гүүлчдэд саад болохгүй байснаар хангагдана. Хэвлэлийн консул сэтгүүлчдэд хэрэгтэй юү, маш их хэрэгтэй. Гэхдээ сэтгүүлчдийн биш, улстөрчийн дэмжлэг санаа­чилгатай  консул харин ч тээртэй.

Тавдугаар сарын 3-нд УИХ, Зас­гийн газраас зарим сэтгүүл­чийг шагнана л гэнэ. Төр, засгийн байгууллагууд заавал энэ өдөр  сэтгүүлчдийг шагнаснаар чөлөөт сэтгүүлзүй хөгжихгүй. Парламент, Засгийн газраас сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах, мэдээлэл олж авах эрх, эх сурвалжаа нууцлах зэрэг эрхзүйн зохицуулалтыг баталгаажуулснаар хэвлэлийн эрх чөлөө хангагдана.

Сэтгүүлчдийн байгууллагууд нь өнөөдрийнх шиг талцан нэг нь төрийн өндөр албан тушаалтны, нөгөө нь сонгуульд  нэр дэв­шигч­дийн сурталчилгааг хийдэггүй юм, энэ өдөр.  “UB палас”-т баяр тэм­дэг­лэхийнхээ оронд арваад жил дуншаад, яг энэ өдрүүдэд төсөл санаачлагчдад нь буцаачихсан байгаа Мэдээллийн эрх, эрх  чөлөөний тухай хуулийг батлуу­лахын төлөө тэмцвэл нэг өдрийн  баяр тэмдэглэснээс илүү үр дүн ирээдүйд гарна. Монголын сэт­гүүлч­дэд 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, 2005 онд баталсан Олон ний­тийн радио телевизийн тухай хуулиас өөр, хэвлэлийн эрх чө­лөөг хамгаалсан бие даасан хууль алга. Бусад салбарын болон орга­ник хуульд байх сэтгүүлчдэд хамаа­ралтай ганц нэг заалт нь хэв­лэлийн эрх чөлөөг дээдлэх биш, харин ч боомилсон байдаг.  Дээрх хоёр тусгай  хууль ч ял­гаагүй, Монголын сэтгүүлзүйн түү­хэнд үнэтэй хувь нэмэр оруулж үүр­гээ гүйцэтгэсэн, аль нэгэн  байгууллагын статусыг түл­­хүү тодорхойлсон, хэв­лэлийн эрх чөлөөг хамгаа­лахаасаа илүү процессыг хуульчилсан хуу­лиуд.  Мэдээ­лэл олж авах эрх чө­лөөг байг гэхэд, Испани, Португал шиг Үндсэн хуулиа­раа,  Швед Авст­ри­тай адил Хэв­лэлийн тухай хуу­лиар, фран­цууд шиг Эрүү­гийн болон Иргэ­ний хуулиараа батал­гаажуул­сан эх сурвалжаа хамгаа­лах эрхзүйн зохицуу­лалт Мон­голын сэтгүүлчдэд өнөөдөр  алга. Уг нь Дээд шүүхийн зөвлөмжөөр бүх сэтгүүлчид, Олон нийтийн радио телевизийн тухай хуулиар зөвхөн телевизийн сэт­гүүлчид эх сурвал­жаа нууцлах эрхтэй  ч, саяхан УИХ-аас батал­сан Эрүү­гийн хуу­лиар сэтгүүлчид бичсэн зүйлийн­хээ төлөө иргэний хувиар хариуц­лага хүлээж, үнд­сэн­дээ эх сурвал­жаа илчлэх үүрэг хүлээлээ. Үүний төлөө яагаад сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж болох­гүй гэж, энэ өдөр. Эрхзүйт төртэй улс оронд хэвлэл мэдээлэл да­вамгайлах үүрэгтэй учраас тэд­нийг  дөрөв дэх засаг­лал гэдэг. Мон­голын хэвлэл мэдээл­лийн салбарын хувьд дөрөв дэх засаг­лалын үүргээ гүйцэтгэхэд  гартаа гавгүй ч, эрхзүйн дутуу зохицуу­лалтаар хөлдөө дөнгөтэй байна. Тав­дугаар сарын 3-нд оргилуун дарс тулгаж, будаатай хуурга зохион байгуулахын оронд хөл дэх дөнгөө авч, дутуу “эдэлдэг” эрх чөлөөнийхөө төлөө сэтгүүлчид нь нэгдэж яагаад болохгүй гэж, тавдугаар сарын 3-нд. 

Дутуу эрх чөлөөтэй сэтгүүл­зүйн орчинд сонинуудыг шар бо­роор нь ялгадаг зарим  улс­төрч­ийн анги­лал, улстөрийг өмд гу­тал­тай хольдог цөөн  сэтгүүлчийн ойлголт амь бөхтэй оршсоор л байх болно.

Хэвлэлийн эрх чөлөө нь төгс баталгаажсан хариуцлагатай сэтгүүлзүйтэй цагт эрх мэдэлтэй, мөнгөтэй оли­гархиуд нь хөгжмөө захиалахгүй, харин олон түмний захиалгаар сэтгүүлзүй хөгжимдөж эхэлнэ.

2008.05.02

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.