Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Сайн жишиг, сайхан жишээ-1
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын орой МАХН-ын гудамжинд битүү баяр болов. Урьдчилсан дүнгээр тус намаас нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь тодорхой болсон учраас тэр.  2000 оноос хэт олонхиороо хэмжээгүй засаглаж яваад 2004 оны парламентын сонгуульд сөрөг хүчинтэйгээ суудал тэнцэж эрх мэдлээ хуваах болсон МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилт бол гэнэтийн шокноосоо сэргэх чухал ялалт байлаа. Тэр орой МАХН-ын байрнаас холгүй орших Соёлын төв өргөөний хүзүүвчинд бас баяр тэмдэглэх. Цугласан хүмүүс нь АН-ынхан. Хөлгүй баярлаж гүйхгүй ч, хөлчүүрхэн баяр тэмдэглэгсэд нь АН-ын доторхи “санасандаа хүрсэн” хэсгийнхэн. Яагаад гэвэл тэнд АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан ялагдлаа хүлээн зөвшөөрч байв.Тэрээр утас цохиж Н.Энхбаярт баяр хүргэлээ. Ялалт, ялагдлын алийг тэмдэглэж халамцсан нь үл мэдэгдэх зарим хүн “Та ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёсгүй, сонгууль шударга бус боллоо, маргааш жагсацгаая” гэх зэргээр М.Энхсайханд тал зассан гэдэг. Гэхдээ М.Энхсайхан нэр дэвшигчдийн дунд эсвэл АН-ын дотор хоёрын хаана нь сонгууль шударга бус болсныг сайн мэдэж байсан учраас эсрэг ажилласан намын удирдлагатайгаа зөвлөлгүйгээр өөрөө ялагдлаа хүлээн зөвшөөрсөн биз ээ. Ингэснээр санал хураалтын дараа хоёр намын хэрүүлгүй өнгөрсөн цорын ганц сонгууль нь 2005 оных. Ер нь АН-ын удирдлага, нөлөө бүхий фракц нь “нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” гэх онцлог 2005 оны сонгуулийг түүхэнд чимдэг юм.

Энэ бол Монголын улстөрд өрсөлдөгчдөө баяр хүргэснээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн бараг анхны жишээ. Харамсалтай нь, жишиг болж тогтоогүй. Харин сая Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялагдсан Л.Эрхэмбаяр үргэлжлүүллээ. Тэрээр мэдэгдэл хийсэн нь зөвхөн ялагдлаа зөвшөөрсөн үйлдэл төдий бус. Улстөрийн том соёл. Өрсөлдөгчдөө баяр хүргэж, ялагдалтайгаа эвлэрсэн нь улс төрд бий болгож буй сайн жишиг. Ялангуяа сонгуулийн маргаантай байгаа үед шүү. Санал хураалтыг зогсоох цагийн маргаантай холбоотойгоор ахин санал хураах, дахин сонгууль хийлээ гэхэд энэ нь намын асуудал, үүнд би оролцохгүй гэв.

Санал хураалтын цагтай холбоотой Сонгинохайрханы маргаан бол 18 нас хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ашигласан гэдэг Өвөрхангайнхны хэрүүлийн дэргэд жинхэнэ асуудал. Ялагдсан тал нь шалтаг болгон хэрэлдэж болбол болохоор сэдэв. Гэхдээ цаасан дээрх хууль зөрчигдсөн эсэх л болохоос Л.Эрхэмбаяр үнэхээр ялагдсан. Энэ үнэнтэйгээ эвлэрч, шалтаг гаргасан намын шийдвэрээ өөрөө хүчгүйдүүлж байгаа нь Л.Эрхэмбаярын улс төрийн эр зориг.

Хуулийг зөрчигдсөн учраас АН энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин сонгууль явуулна гэдгээ бүлгийн дарга нь сэтгүүлчдэд мэдэгдсэн. Ийм улс төрийн нөхцөл байдал, хуулийн эргэлзээ, эрх баригчдын дэмжлэгийн дунд намтайгаа адилхан гэдийх боломж Л.Эрхэмбаярт байсануу, байсан. Тэглээ гэхэд дахин сонгууль болох, үгүй юмаа гэхэд Өвөрхангайнх шиг сунжирсан маргаан үргэлжлэх байв. Гэвч Л.Эрхэмбаяр үнэнд гүйцэгдсэн ялагдлаа хүлээн зөвшөөрснөөр бүлгийн даргынхаа улс төрийн сүржин мэдэгдлийг үнэгүйдүүллээ. Тэгэхээр хувь улстөрчийн улс төрийн эр зориг, улс төрийн соёл бол намын шийдвэрээс хүчтэйг Сонгинохайрханы үйл явдал харуулав.

Ингээд бичихээр үндсэн цалинтай сэтгэгдэл бичигчдээс эхлээд зарим хүн “захиалгат өгүүлэл”,  “Л.Эрхэмбаярын захиалга” гэх байх. Гэвч тэдэнд “харамсалтай мэдээ” дуулгахад энэ бол “Үндэсний шуудан” сонины зөвлөлийн шийдвэр, редакцын захиалга. Манай сонин 2012 оны УИХ-ын сонгууль, дахин санал хураалтаар Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нарын хэн нэгнийг онцгойлон дэмжээгүй. Тэдний хэн нь ч бидэнд сурталчилгааны төлбөр төлөөгүй, захиалга өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх нэр дэвшигчид хийгээд “Үндсэний шуудан” сонины редакц харилцан өргүй. Харин бид яагаад сонгуульд ялсныг нь бус, ялагдсаныг нь магтаж байна гэхээр хувь хүнийг нь биш үйлдлийг нь нийгэмд алдаршуулж байгаа юм.  Л.Эрхэмбаярын үйлдэл бол ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй, тахимаа өгдөггүй,өвдөг шороотой мөртлөө туг тойрох гэдэг, ялагдсан нь ялсныхаа дайсан болдог, намаараа талцан хуваагдсан Монголын нийгэмд, улс төрд жишиг болж, цаашид явах ёстой сайн жишээ гэж сонины зөвлөл үзэж байгаа юм. Чухам үүнээс жишээлэн “Үндэсний шуудан” сонин цаашид дан ганц улс төрд гэхгүйгээр Монголынхоо ардчилсан нийгэмд заавал байх, жишиг болж явах сайн жишээнүүдийг нэрлэн алдаршуулахаа энэхүү өгүүллээр зарлаж байгаа юм.

Бидний нэрлэх, сурталчлах сайн жишиг бол сайн үйлс, сайхан үйл явдал хараахан биш юм. Монголын ардчилалд дэг тогтоох, ардчилсан нийгэмд өнгө хөг нэмэх, ёс суртахууны голдуу жишээнүүд байх юм. Эдгээр жишгийг миний бие ганцаар тодруулахгүй. Захиалагч, уншигч таныг эх сурвалжаа болгоно, саналыг нь сонсоно.  Мэдээж эцэст нь, редакцын зөвлөлийн шийдвэр, шүүлтүүр байх юм.
Монголд минь сайн хүн нь муугаасаа хавьгүй олон. Улс оронд болж, бүтэж байгаа нь болохгүй бүтэхгүйгээсээ хамаагүй их. Тэдгээрийн дундаас жишиг болгож тогтоомоор сайн жишээнүүдийг нийгэмд сурталчлах нь манай сонины редакцын бодлогын нэг хэсэг байх юм. Ямар ч агуу зүйл жижгээс эхэлдэг. Ардчилал өөрөө одоогоор хүн төрөлхтөний олсон хамгийн агуу тогтолцоо. Тэгсэн хэрнээ ардчилал жижгээс, ердөө дэг журмаас эхэлдэг. Бас стандартаас.  Ардчилал өндөр хөгжсөн улс орны шүүх засаглалд нь хүртэл жишгээр шийдэх ойлголт, жишгээр шийддэг тохиолдол бий. Тэгэхээр ардчилсан нийгэмд сайн жишиг бол хуулиас ч хүчтэй дэг журам юм. Ардчилсан нийгэм нь хуулийн юмуу олонхийн дарангуйлал хараахан биш. Харин тэнд сайн жишгээр илрэх ёс суртахуун давамгайлах ёстой. 



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.