Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
М.Энхсайхан хэлсэндээ хүрэх нь
“МТЗ” компанийн захир­лын ажлаа өгсний дараа М.Энхсай­хан “буруу гарын хүмүүстэй буруу аргаар нь тэмцэхээс өөр замгүй” гэж ярилцлага өгчээ. Онож нэр­лээгүй ч, М.Энхсай­ханы онил­сон “буруу гар”-ын хү­мүүс бол сайд Х.Баттулга, А.Ган­сүх нар гэдэг нь ярилц­лагаас нь тодорхой хараг­дана. М.Энх­сай­хан эхний цохилтоо зар­лалаа.

Удах­гүй болох МҮАН-ын Бүгд хур­лаар Зас­гийн газарт ха­риуц­лага тооцно гэж мэ­дэг­дэв. Хариуцлага тооцно гэ­дэг нь Засгийн газрыг огц­руул­­на л гэсэн үг. Засаг ба­рил­цаж бай­гаа эвслийн нэг намын даргын мэдэгдэл улс тө­рийг тийм хэмжээнд бужиг­нуулж чадах уу.

М.Энх­­­­сайхан хэлсэн­дээ хүрэх, мэдэгдэл­дээ эзэн болоход хэд хэдэн боломж бий нь бий. Гэхдээ бодит байдал дээр бүтэх магадлал бага.


ХУВИЛБАР 1.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ



УИХ-ын гишүүдийн дө­рөв­ний нэг буюу 19-өөс дээш ги­шүүн нийлж байж энэ саналыг өргөн барих хууль­тай. М.Энх­сайхан бай­­тугай, “Шударга ёс” эвсэл ч ийм тооны кнопгүй. Иймд МАН-аас дэмжлэг хүсч болох. Гэвч эрх баригчдын до­тоодын “хүйтэн дайн”-д татаг­даж ордог сөрөг хүчин МАН арай биш байх. Харин санал ороод ирвэл кноп дарахаас МАН-ынхан тат­гал­зах­гүй нь тодорхой.


ХУВИЛБАР 2.
САЙД Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАРЫГ ОГЦРУУЛАХ



“Шүд сугалах” энэ аргаар танхимын зарчимтай Зас­гийн газрын сайд нарыг сорчилж огцруулдаг жишээ бий. УИХ-д буй МҮАН-ын гишүүдээс ийм санал өргөн баривал 14 хоно­гийн дотор хэлэлцэх хуультай.

Асууд­лыг хэлэлцлээ гэ­хэд А.Ган­сүх төмөр зам хариуцсан сайд, дээр нь улс төрд бү­лэглэ­лийн хүчтэй дэмжлэг­гүй, Х.Бат­тулга гэх улс тө­рийн лидерээр кран­дуулж яваа учраас унаж магадгүй л юм.

Гэвч М.Энх­сайханы гол “бай” нь А.Ган­сүх биш. Түүний цаад “эзэн” гэг­дээд буй Х.Бат­тулга. Гэтэл түү­нийг унагах амар­гүй. Төмөр замы насууд­лыг шууд ха­риуц­даггүй.

Хэрвээ “Женко”-г суга­лах дээрээ тулбал засаг бүх­лээрээ ч унах магадлалтай. Учир нь тэр АН дотроо хүчтэй бүлэглэлтэй. УИХ-д “Шударга ёс эвсэл”-ээс ч олон кноптой. М.Энхсайхан нарт кноп хүрэл­цэхгүй учраас энэ хувилбар дээр ч МАН-аас гуйна. МАН нь я гсанал өгөх дээрээ тулбал А.Гансүх дээр “за” гээд, Х.Бат­тулга дээр “үгүй” гэж мэдэх л юм. Хуулийн заал­тын хатуу чанга нь ядарснаа дарангуйлж, чадалтай нь цоор­хойгоор н гоождог шиг солгой зарчим улстөрд ч байдаг юм.


ХУВИЛБАР 3.
ЗАСГИЙН ГАЗРААС САЙД НАРАА ТАТАХ


Сайд нар ч юу байхав, Н.Алтанхуягийн танхимд МҮАН-аас ганц л хүн бий. Тэр нь Эрчим хүчний сайд М.Со­ном­пил. Нэг эвсэлд багтсан МАХН-аас нь сайд нар бий ч, тэд Н.Энхбаяраа сонсоно уу гэхээс, М.Энхсайханыг үгүй. Ганц сайдаа татлаа гэхэд улс­төрд ямар ч доргилт үүсэхгүй. Нөхөөд л томилчихно.


ХУВИЛБАР 4.
ЭВСЛИЙГ ЗАДЛАХ


МҮАН-ын халаасанд бэлэн байгаа, бас засгийг унагадаггүй юмаа гэхэд нэлээд сандаргах ганц хувилбар ньэ нэ. Гэхдээ эрсдэлтэй. Хэрвээ эвсэл за­дар­вал эвслийн жагсаалтаар орж ирсэн гишүүд бүрэн эрх­тэйгээ үлдэж чадах эсэх нь эргэл­зээтэй. Задарсан эвсэлд ногдох саналыг парламентад суудалтай бусад намд хувь тэнцүүлэн хуваарилах хуу­лийн логик бий. Бусдын жишээ ч ийм. Энэ тухай нарийн зохицуулсан хууль байхгүй ч, суудлын тоо­гоо нэмэхийн тулд том хоёр нам “хүчиндэж” мэ­дэх л юм. Эн тохиолдолд нэг талын буюу ганц МҮАН-ын са­на­лаар эвслээ задлахыг МАХН зөвшөөрөхгүй. Хэрвээ гишүү­дийг нь татна гэвэл МҮАН-д ч ашиггүй учраас энэ хувилбар бас л явуургүй. Ер нь Н.Энх­баяр ба М.Энх­сай­ханы сонир­хол хэзээ нийлнэ, тэр цагт л  эвслийн хоёр нам нэг цэгт уулзана. Тэр болтол энэ хоёр нам тус тусдаа тог­лож,  бие биедээ тээг тавьсаар л явах байх. Өнөөдөр гэхэд М.Энх­сайхан нь сайд Х.Бат­тулга, А.Гансүхийг онилсон байхад, Н.Энхбаярын хувьд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж, сайд Х.Тэ­мүү­жин нарыг унагахыг илүүд үзэх жишээтэй. Н.Энх­баярын Дээд шүүхийн давах шатны хурлын өмнө МАХН зас­гаас гарахаа мэдэгдэж шоуд­сан. Тэр үед М.Энхсайхан “МТЗ” компанийн захирал байсан ураас МҮАН нь хөд­лөөгүй учраас эвслийн шийд­вэр болж чадаагүй. Угаасаа гарч чадах­гүй нь эхнээсээ тодорхой бай­сан ч, МАХН-ынхан ичсэндээ “улс орноо бодлоо” гэж товчхон мэдэгдэл хийж АН-ыг эргэж гуйх шахуу юм болсон. Тэгвэл энэ удаа засагт хариуцлага тоо­цох М.Энхсайханы мэдэг­дэл дотор МАХН-ын эрх ашиг орсон, тоо­цогдсон эсэх нь эр­гэлзээтэй. Ороогүй бол МҮАН-ын Бүгд хурлаас шийдвэр гарлаа ч, бас л эвслийнх болж чадахгүй. Өмнө М.Энхсайхан нь Н.Энх­баяраа дэгээдсэн бол энэ удаа Н.Энхбаяр нь М.Энх­сайхандаа тээг тавихгүй гэх газаргүй.

Энэ бүгдээс харвал тооцоо бодох М.Энхсайханы бүх хувилбар “хайчин гал”-ын дунд байна. Өөрт нь, МҮАН-д нь, эвсэлд нь эрсдэлтэй. Хэрвээ үнэхээр л Х.Баттулга, А.Гансүх нарыг “буруу гар”-ын хүмүүс гэж үзээд тооцоо бодох л гэж байгаа бол М.Энхсайхан нарын хувьд үүнээс ч илүү муу үр дүнд хүрч магадгүй. “Буруу гар”-ын хүнээ бүр дээш нь залчихаж мэднэ. Учир нь засаг уналаа гэхэд дараагийн Ерөн­хий сайд нь нөгөө тооцоо бодох гээд байгаа Женко нь болох магад­лал өндөртэй. Хэр­вээ Ерөнхий­лөгчөөс дэмжлэг аваад Р.Амар­жаргал ч юм уу, өөр нэгэн дун­дуур нь гүйчихгүй бол шүү дээ. Гэхдээ манай улс­төр бохир доо. Нөхөр, дай­сан хоёр нь ялгаг­дах­гүй, нө­хөрлөл хууль нь ёс­той жинхэ­нээсээ гурав хоно­гийн “нас”-тай. Хөшигний цаа­дахь хор, камерын өмнөх яриа хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Өнөө­дөр бие бие та­нихаа бай­лаа гэж байгаа хү­мүүс мар­гааш нэг тэрэгний хос дугуй бо­лоод хосоороо улстөр хийгээд явахад ч гайхах юмгүй.

Ямар ч гэсэн хэлсэндээ хүрч Бүгд хурлаасаа засагт хариуцлага тооцох шийдвэр гаргавал энэ хаврын улстөрийг М.Энхсайхан эхлүүлэх нь. Цаг хугацааны хувьд арай л эрт байна даа. Дээр нь Ерөнхий­лөгчийн сонгуультай, бас бон­дын өртэй, яана даа. Улс ­төрийн хавар урт болох нь ээ.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.