Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Хувьд нь унуулахгүй л юм бол хувийн машинаар яах юм
Улстөрд явсан он жилүүдийг нь харвал Үүл баатар цуцашгүй тэмцэгч л дээ. Түүний энэ чанар Монголд ардчиллыг авчрах, бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэнтэй маргашгүй. Тийм учраас Монголын төр улсын баатар цолоо өгсөн хэрэг. Э.Бат-Үүл бол энх цагийн хоёр дахь \эхнийх нь Ж.Гүррагчаа\, ардчиллаас хойш төрсөн цорын ганц улсын баатар. Тэрээр улстөрийн карьерынхаа түүхэнд анх удаа албан тушаалд очиж ардчиллыг, ардчилсан үзэл санааг хамгаалсан 22 жилийнхээ тэмцлээс түр амсхийж байгаа юм. Гэвч партизанчлан тэмцэгч чанар нь амсхийхгүй бололтой. Тэр гандан буурсангүй, буруу рультэй машины хөдөлгөөнийг ням гаригт хориглох асуулгаа дахин явуулах гэнэ. Товлосон өдөр нь энэ сарын 20-нд буюу ирэх ням гариг. Ийм санал асуулгыг сар хүрэхгүйн өмнө явуулсан. 19 мянга гаруй хүнээс 75 хувь нь дэмжээгүй. Дөрвөн хүн тутмын гурав нь дэмжээгүй гэсэн үг. Улсын наадамд унасан бөх дараагийн даваанд барилддаггүй л гэдэг. Цэц тэргүүтэй хууль, шүүхийнхэн нэг гомдол маргаанаар дахин шийдвэр гаргадаггүй л гэдэг. Гэтэл хотын дарга буруу рультэй ахин ноцолдож эхэлсэн нь мөнөөх цуцашгүй чанартай нь холбоотой бололтой. Мэдээж дахин цөөнх болох гэж, 75 хувиар унасан саналаа бүр өндөр хувиар баталгаажуулах гээгүй нь тодорхой. Эсрэг санал өгсөн гурван хүн тутмыг сэнхрүүлж чадсан эсэхээ л сорих гэсэн байх.

Ер нь буруу руль дээр “буруу ишилсэн сүх” нь баатар өөрөө юү, санал асуулгын гурван хүн тутам уу гэдэгт хариулт хайж үзье. Гэхдээ зөв талдаа хүрдтэй машины бизнестэй бүлэглэлийн лобби, эсвэл энэ удаа дандаа зөв рультэй машины жолооч нараас асууна, асуулгын дүн дээр нь “ажиллах” байх зэргээр барин тавин баримтгүй хардмааргүй байна. Харин Э.Бат-Үүл даргын хамгийн их ярьдаг зарчим талаас нь үйл явдлыг хөөж, асуудлыг хөндөж үзье.

Хамгийн нэгдүгээрт, Монгол Улсын замын хөдөлгөөн зөв гарын дүрэмтэй. Тийм учраас л зөв талдаа хүрдтэй машин явна гэж агуулгаар нь ойлгож байгаа болохоос буруу рультэйг хориглоно гэж хуульчилсан хатуу заалт огт байхгүй. Зөвшөөрсөн нь ч үгүй. Гол нь төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг, харин иргэн хуулиар хориглоогүйг хийж болдог нь Үүл баатрын ярьдаг ардчиллын зарчим. Хуулийн логик ч иймэрхүү.  Өөрөөр хэлбэл, буруу рулийг төр өөрөө зөвшөөрсөн учраас л хил гааль нь оруулсан, хориглоогүй тул иргэд худалдаж авсан. Гэтэл хил гаалиар оруулж ирэхийг нь зөвшөөрсөн мөртлөө худалдаж авсан иргэндээ унахыг нь хориглох гээд байгааг ямар төр гэх вэ.

Бүр хориглох гээгүй, ням гаригт л хөдөлгөөнд оролцуулахгүй гэх. Хэрвээ тэгвэл буруу талдаа хүрдтэй машинууд нийтээр ням гаригт, дугаарын хязгаарлалтаар долоо хоногийн аль нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй болно. Долоо хоногийн хоёр өдөр. Тэр дундаа ням гариг бол хуулиар тогтоосон амралтын өдөр. Гэр бүл, аав ээж гээд хамгийн эрхэм хүмүүстэйгээ хамт өнгөрөөдөг ганц өдөр нь. Энэ өдөр иргэд ёстой нөгөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг гэртээ суугаад өнжинөүү, замын түгжээнд өнгөрөөнөүү хувь хүний л эрх. Гэтэл заавал энэ өдөр нь “хөлийг нь тушах” гээд байгааг л ойлгохгүй юм.  Энэ тухай Э.Бат-Үүл дарга “Машины түгжрэл бидний бодлогоос аюултай үзэгдэл болчихоод байна. Нийгмийн, хөдөлмөрийн бүтээмжийг унагаж байна” гэжээ. Түгжрэл аюултай үзэгдэл мөн үү, мөн. Тэгэхдээ хотын утаа, замбараагүй төлөвлөлт, барилгуудын хөдөлмөр хамгааллаас илүү аюултай, хортой үзэгдэл гэж бодохгүй байна. Тэгээд ч хуулиас зөрж заавал бүтэн сайнд ажиллан хөдөлмөрийн бүтээмжээ унагадаг газар хэд байдаг юм бол. Бараг байхгүй. Тэгэхээр бүх нийтээрээ амардаг бүтэн сайн өдрөөр буруу рультэйг нь хорьчихоод түгжрэлгүй зам дээр хэн дураараа давхих гээд байгаа юм гэж хардмаар. Нөгөө, хууль шүүхийн өмнө иргэн бүр ижил тэгш эрхтэй гэдэг ардчилсан Үндсэн хуулийн зарчим хаачив аа. Төр иргэдийнхээ амралтын ганц өдрийг яаж өнгөрөөхөд хүртэл оролцож, зааварлах нь хүн шиг амьдрахын эхлэл үү гэж асуумаар. Хүн хувьдаа унах л гэж машин авдаг. Гэтэл төрөөс хувьд нь унуулахгүй л юм бол хувийн машинаар ч яах юм. Төр иргэдээ хувийн машинтай болгох үүрэггүйтэй адил хувийн машиныг нь хориглох эрхгүй. Харин иргэдээ хувийн машинаараа аюулгүй, стандартын замаар зорчуулах нь төрийн үүрэг. Үүний тулд жил бүр автомашины татвар авдаг.

Ням гариг бол олонхи хүмүүсийн хувьд хотын утаанаас зугтаж салхинд гардаг ганц өдөр нь. Өөрийн хүслээр бус, төрийнхөө мэргэн бодлогын буянаар таван өдрийн турш тасралтгүй хордсон уушгиа хэсэг хугацаанд ч болов баярлуулах ганц өдөр нь. Үр хүүхдүүддээ агаар салхи амсуулах өдөр. Гэтэл заавал энэ өдрийг нь олж хөл залгах хүлэггүй болгох гэх нь утаанаас зугтаалгахгүй, иргэдийнхээ уушгийг паузгүйгээр үргэлжлүүлэн хордуулах гэсэн хотын удирдлагуудын бодлого юм болов уу гэж эргэлзмээр.

Буруу рультэй машинууд нийт ослын 51 хувийг хийдэг гэх. Энэ 51 хувийн ихэнх нь буруу рульдээ биш, жолоочдоо байгаа болов уу. Хэрвээ 51 хувийн осол бүгдээрээ зөвхөн ням гаригт л гардаг бол өөр хэрэг. Гэтэл заавал хориглохын цаана нэг өдрийн ослын тоог бууруулахад уу, зөвхөн бүтэн сайны замын түгжрэлийг багасгахад уу гэдгээ бас тодотгомоор юм.

Ер нь сая хүнтэй метрополис хотод зам түгжрэлгүй байна гэдэг ховорхон л байх. Харин утаагүй, ногоон байж болоод л байдаг юм билээ. Учир нь бодлогодоо байна уу, буруу рультэй машинд байна уу, мэдэхгүй. Албаны нэгэн эрхэм “Улаанбаатар битгий хэл, Бээжин хүртэл буруу рулийг хориглоод байна” гэж их л оновчтой жишээ олсон янзтай ярьжээ. Москва найтаахад Улаанбаатарт хатгаа тусдаг байсан шиг бусдаас хараат явахыг халсан нь ардчилсан хувьсгалын гол ололт байсныг тэр  эрхэм мэдмээр л юм. Тэгж ярихдаа тулбал коммунист дэглэмтэй Бээжин хүртэл хүний эрхийг зөрчиж байна гээд дугаарын хязгаарлалтаа больсон юм шүү. Коммунистууд дотроо хамгийн хатуу дэглэмтэй Хойд Солонгос хэдхэн өдрийн өмнөөс интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлснийг дэлхийн мэдээнээс манай ардчилагчид уншсан л байх.

Цаашдаа улс орон үргэлж бондын өртэй, айл өрхүүд дандаа цалингийн зээлтэй яваад байхгүй. Аль аль нь хөгжиж, хөрөнгөжинө гэдэгт монголчууд бид нийтээрээ итгэдэг. Тэр цагт замын хөдөлгөөндөө нэг стандарт мөрдөх нь тодорхой. Буруу рулийг хориглох нь ч зөв. Гол нь алсуураа. Яг одоо бол буруу рулийн цаана хэдэн мянган хүний амьдрал бий. Амьдрал бол улстөрчдийн урваж шарвах, хэлж ярьснаасаа буцахтай адил алга урвуулах төдийхөн биш шүү дээ. Өнөөдөр бүтэн сайнд хязгаарлаад, маргааш бүхлээр нь хориглолоо гэхэд хэдэн мянган өрх, хувь хүний амьдралд тэг зогсолт болно. Хэдийгээр асууж шийдэж байгаа гэх боловч, нэгэнт унасан саналаа сар хүрэхгүй хугацааны дараа ахин босгож ирж байгаа нь хүч түрэх гээд байгаа ч юм шиг. Хүч түрэлт бол яавч улс шиг хөгжихийн эхлэл биш байх. Үүний оронд эхлээд зөв талдаа хүрдийг хуульчлах, дараа нь буруу рультэй машиныхаа импортыг хориглох, одоо явж байгаад нь дуустал хугацаа өгөх зэргээр иргэддээ боломж олгосон дарааллаар явах нь жинхэнэ бодлого. Өөрөөр хэлбэл, одоо авчихсаныг нь хохироож бус, ирээдүйд авахыг нь хориглох замаар нэг стандартад шилжих нь оновчтой санагдана.

Иргэдийг сонгуулиар намууд дагаж ханардаг л гэдэг. Тийм л байх. Тэдэн дунд бодлого дэмжиж сонголт хийдэг нь бас бий. Жишээ нь, гэр хорооллыг барилгажуулах замаар хотын утааг арилгах бодлогыг нь дэмжиж Э.Бат-Үүл баатарт саналаа өгсөн хүн маш олон бий. Түүнийг  иргэндээ үйлчилсэн, иргэдээ хамгаалсан бодлого хэрэгжүүлдэг удирдагч байж чадна гэж итгэсэн нь бүр ч олон. Тэдгээр хүмүүс дэмжсэн бодлогоо л хотын даргаас хүлээнэ, хүснэ. Гэтэл АН-ынхан Ц.Мөнх-Оргилыг Харвардын коммунист гэдэг шиг ардчиллын баатрын ч, ардчилсан засгийн ч ажлын арга барил нь коммунист шинжтэй байж болохгүй билээ. Юм л бол хураана, нураана, хориглоно, хязгаарлана, хянана гээд л.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.