Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Б.Чимид: Энэ бүгдийг хэлэх цаг нь болжээ
Үндсэн хуулийн ой тохиох бүрт сэтгүүлчид Б.Чимид гуайн эрэлд гардаг. Үндсэн хуулийн эхийг барьж, 20 гаруй жил түүнийгээ манаж, соён гэгээрүүлж ирсэн, дээр нь “мөлжүүр”-тэй ярьдаг учраас тэр юм. Ялангуяа, Үндсэн хуулийн өдрөөр үгийг нь сонсох ёстой хүмүүсийн ноён оргил нь Б.Чимид гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.  Би энэ эрхэмтэй хэд хэдэн ярилцлага хийж байсан бөгөөд энэ удаа түүнийг эрж хайсангүй. Харин түүнтэй хийсэн ярилцлагуудаа нэхэж уншиж үзлээ. Хамгийн сонин нь  түүний хэлсэн үг өнөөдөр огт хуучраагүй, үнэ цэнээ огт алдаагүй байх юм.

УИХ бол хүч түрэн  “чи би” гэж хэн чанга дуугарсан нь дийлдэг монгол бөхийн барилдаан шиг болсны, Төрийн ордон бол намын шийдвэрийг шивж гарын үсэг зурдаг газар болсны, Үндсэн хуулийн биш, Засгийн газрын хямрал улстөрд дээд төвшиндөө нүүрлэдэгийн  оношийг, бас яаж эмчлэх ёстойг  Б.Чимид гуай яг өнөөдрийг харсан шиг хэлжээ. Тэр битгий хэл, одоогийн МАН-ыг аль эрт хоёр салж, хуучнаараа үлдэх коммунимтууд нь дэлхийн коммунист ажилчны намд данслагдсан нэртэйгээ, шинэчлэгчид нь өөр нэрээр явахгүй бол харьж яваа нам ирж яваа цагийн дууг дуулах боломжгүй тухай дөрвөн жилийн өмнө ярьсан нь өчигдрийн  юмшиг шинээрээ байх.

 Тиймээ, хэлж ярьсан нь өнөөдрийнх, хийсэн нь 2009 оны энэ ярилцлага таныг “хэрэггүй уншлаа” гэх харамсал төрүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна.  

-Өнөөдөр УИХ, Засгийн газрын төвшинд бужигнаан гацаа үүсч, үүнийг төрийн дампуурал, эрх баригчдын дампуурал, Үндсэн хуулийн хямрал гэж янз бүрээр тайлбарлаж байна. Та энэ үйл явцыг юу гэж харж, дүгнэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд болж байгаа улстөрийн хэрэг явдлын талаар би бараг мэдээлэлгүйтэй адил байна л даа. Хөдөө гадаа явж, хотод ирээд сур­гууль байгуулна гэж хөөцөлдөөд онц анхаарсангүй. Ойрмогхон  нам, хөдөл­гөөний тоо л өсч байх шиг. Хоёр ч нам байгуулагдаад орхив уу, үгүй юү. Бас дөрвөн сайдын хувь заяаны асуудал яригдаж  байх шиг байна. Энэхэн хү­рээнд яривал Үндсэн хуулийн хямрал гэх ямар ч үндэс­лэлгүй юм. Үндсэн хууль оршин байгаа, бий болох гэж буй нийгмийнхээ үндсийн үндэс болсон  суурь зарч­муудыг хамгаалж чадахгүй болохыг л Үндсэн хуулийн хямрал гэж хэлнэ. Түүнээс биш, хуулийг элдвээр  гуй­вуулаад байгаа улстөрчид, улс төрийн хүчнүүдийн бусармаг, балмад  явдлыг Үндсэн хуулийн хямрал гэхгүй. Одоо болж буй үйл явцыг  улстөрийн, түүн дотроо Засгийн газрын хямрал гэвэл илүү ойртоно.

-Энэ хямрал юунаас болоод байна вэ,  эх үүсэл нь гэвэл?
-Надаас давсан асуулт байна даа. Үндсэн хуулиа гүнзгий ухаарч ягштал дагаж биелүүлэх улстөрийн байр суурь, хуучны хэллэгээр бол улс­төрийн ухамсар сахилга дорой, тэвчээр дутуу­гаас  л үүсэлтэй. Ялан­гуяа, манай тө­рийн байгуул­лагын тог­толцооны та­лаархи Үндсэн хуулийн гол үзэл ба­римтлалыг 2000 онд өөр­чилж, хуучин тогтолцоо руу нь шууд эргүүлж  оруулсан явдалтай ихээхэн холбоотой.

УИХ, Засгийн газрыг тойрсон бужиг­наан бол өөрөө өөр­тэйгөө ороо­цолд­сон нэг л юмны ялзрал, до­ройтлын ил­рэл, УИХ дотор л болж бай­гаа үзэгдэл. Яагаад гэвэл, Засгийн га­зар бараг бүхэлдээ УИХ-ын гишүү­дээс,  УИХ нь Засгийн газрын гишүү­дээс бүрддэг болсон. Ин­гэж эрх мэдэл хуваарилах, хариуц­лага, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчмыг үгүйсгэсэнд харам­савч барахгүй. Өмнөх Засгийн газрын арав гаруй, одоогийн 17 сайд бүгд УИХ-ын гишүүн байгаа. Нэг харвал Засгийн газрын гишүүн, нөгөө  харвал пар­ламентын гишүүн.

Төрийн эрх мэдлийг ингэж  хут­гаснаас болж парламентаас Засгийн газарт тавих хяналт зэрэглээ төдий болсон. Засгийн газрын гишүү­дийн эрхэлсэн ажлын талаар ноцтой баримтууд хэвлэлээр гардаг, түүний мөрөөр хянаад шийдэж байгаа юм өнөөдөр парламентад алга. Жишээ нь, Засгийн газрын нэлээд  гишүүн төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хэтрүүл­сэн баримтыг аудит  гар­гаад ирсэн. Гэтэл түүнийг ултай судлаад ард тү­мэнд хариу өгсөнгүй. Бид сайд байхдаа ажилтнууддаа томилолтын найман төгрөг илүү өгчихөөд цалин­гаараа төлж, төсвийн сахилгыг “төмөр” мэт сахиж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ их мөн­гийг бие бие рүүгээ чихээд сууж байгаа нь тэвчишгүй.  Энэ мэтийн жи­шээ олныг хэлж болно. Ингээд үзэ­хээр шалтаг, шалтгаан бол асуудал бүр дээр байгаа. Гэхдээ л хямралын цаад эх нь Үндсэн хуульд хийсэн 2000 оны өөрчлөлт мөн шүү.

-УИХ бол ард түмний төлөө биш, тө­рийн нэрээр улстөрийн намд үйлчилдэг бүтэц болчихсон юм биш үү. Энэ нь хуультай холбоотой юу, эс­вэл хувь хүмүүстэй нь үү?
-Байдал тиймэрхүү л харагдах болж. Гэхдээ УИХ гэх үү, УИХ-ын гишүүд гэх үү гэдэг ялгаатай. УИХ-ын гишүүд тухайн тойргоос илгээсэн ард түмний элч. Ард нийтийн нийтлэг эрх ашгийн тө­лөө ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн энэ зарчим, заалтаа биелүүлэхийн оронд нам талаасаа намын идэвхтэй гишүүн, төр талаасаа намын дуулгавартай зарц болсон байна. Энэ нь УИХ-ын ги­шүүнээр дахин сонгогдох гэсэн атгаг намын элчүүд УИХ-д ахархан санаа бо­дол­той нь холбоотой нь ажиглагддаг. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй, нам юу гэнэ, түүнийг нь дагаад явж бай­даг олон болжээ. Сонгогдсон дээрээ ард түмнийхээ тусын тулд томоохон асуу­­дал шийдчих юмсан гэсэн иргэний байр суурь, зориг тэдэнд дутаж байна. Би Калифорнийн Сенатын гишүүний  сон­­гуулийн өмнөх уулзалт  дээр сууж бай­лаа. Нэр дэвшигч нь ердөө “татва­рыг багасгахын төлөө ажиллана” гэсэн ганцхан өгүүлбэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа юм. Гэтэл манайхан яадаг билээ, хуучнаар намын хөтөлбөр шиг худаг ус гаргана, сургууль засна, хөгжимтэй болгоно гээд баахан юм бичдэг шүү дээ. Уулыг тал болгоно гэж арай бичихгүй байх шиг байна. Учир зүг­гүй уралдааны үүрэг авчихдаг. Сон­гогдсон хойноо нөгөө амлалтаа мар­­таад намын даалгавар гээд явчихдаг.
 
-УИХ-ын гишүүд намын зарц байх ёстой гэдгийг бараг хуульчилчихсан юм биш үү?
-Намын тухай хууль, УИХ-ын дэг зэрэг хоёр дахь чанарын хуулийн зарим заалттай холбоотой юмнууд бий. Үү­нийг харин Үндсэн хуультай холбож авч үзэж болохгүй. Намын гишүүн бө­гөөд  УИХ-ын гишүүн хэмээх нэг хүн то­дор­хой хэмжээгээр сонирхлын  зөрчил­д орох тохиолдол цөөнгүй бий. Энэ бол дэлхий нийтийн жишиг, амьд­рал дээр байгаа зүйл. Жишээ нь, сон­гуульд дахин ялахын тулд тойрог бүрт гишүүдийн нэрээр 250 сая буюу нийт 19 тэрбум төгрөгийг төсвөөс ху­ваари­луу­лахыг намаас бодлого болгож ги­шүүд­­дээ даалгаж байна. Гэтэл хуулиар манай улсын төсвийг төвлөр­сөн, орон нутгийн гэж хуваадаг. Түүнээс биш, тойргийн төсөв гэж огт байхгүй. Ийм үед л УИХ-ын гишүүд намаасаа зөрж төсвийн хөрөнгийг үрлэгэн зар­лага болгохгүй, улс орны хаана хэрэгтэй газар нь ард түмэнд ашигтай хөрөнгө оруу­лал­тад зарцуулахын төлөө ажил­лах ёстой. Үүнийг л хууль дээдлэх гэж байгаа юм.

-Нам нь тэгж гишүүдээ өөрсдийн­хөө эсрэг дуугаргахгүй шүү дээ?
-Тийм бололтой юм. Намуудын өөрийнх нь баримталж байгаа байр суурь, хэм хэмжээ нь гишүүдийг намын дуулгавартай зарц болгоод байна. Би одоогийн парламентад голлож байгаа зарим намын дүрэм журмыг үзэж байсан. Нийтэд нэг их дэлгээгүй дүрэм, журам л даа. Тэнд, намын удирдах зөв­­лө­лийн шийдвэрийг УИХ дахь намын бүлэг биелүүлнэ. Намын бүл­гийн шийд­вэрийг УИХ-ын гишүүн биелүүлнэ гэж бичсэн байсан. Ийм учраас МАХН-ын цагаан байр, эсвэл АН-ын байр болох хүзүүвчинд ямар шийдвэр гарна, гишүүд яг тийм байдлаар  УИХ дээр дуугардаг. Намынхаа байранд гарсан шийдвэ­рийн төлөө УИХ-ын танхимд “үхтэл үздэг”. Улс орон, ард түмэн, ирээ­дүйн­хээ төлөө дуу гаргах зүрх, зориггүй. Хэ­рэв ингэж дуугарвал нам дээр очоод на­мын шийдвэрийн эсрэг дуугарсан гэж банга хүртдэг, хөөх туухдаа хүрдэг. Одоо бүр, лавшраад ард түмний элч байх учиртай УИХ-ын гишүүдийг намын ёс суртахуун гэдэг юман дээр авчраад, зөрчих юм бол дахиад нам руу харах нүүргүй болгож магадгүй байх шив дээ. Сахилга, ёс суртахуун ярих нь зөв бо­ловч хальтираад УИХ-ын гишүүний бү­рэн эрхэд халдаж болохгүй шүү.

-Бас намын дарга нь Ерөнхий сайд байхаар гишүүд нь даргынхаа тэр­гүүлсэн Засгийн газрыг хянаж чадах­гүй байх шиг байна?
-Одоогоор Засгийн газрын тэргүүн нь олонхийн намын дарга байгаа. Уг нь энэ маань гадаад орнуудад байдаг намын хүндэт даргын хэмжээний хүн­дэтгэлийн шинжтэй тогтолцоо. Гэтэл ма­найд намын өдөр тутмын удирд­ла­гын системтэй хольчихсон. Манай ул­сад байдаг намын дарга нар бол ерөн­хий нарийн бичгийн даргын дээр бай­даг өдөр тутмын удирдлагын тог­тол­цоо. Гадаад орнуудад намын бай­гуул­лагаа үндэсний, парламентын гэж хоёр хуваадаг. Парламентын намын бай­гуул­лагын дарга нь парламентдаа бай­даг, ямар албан тушаал хашина, түү­ний­гээ хийгээд л. Харин намын үн­дэс­ний байгууллагын дарга нь пар­ла­мен­таас гадуур тусдаа, намынхаа до­тоод үйл ажиллагааг эрхлээд явдаг. Га­даадын ийм өөр тогтолцоог манайд бай­даг бас өөр тогтолцоотой холиод нэг болгочихоор шүдтэй байна араат­ны хаан болно, далавчтай байна жи­гүүрт­­ний хаан болно гэсэн сарьсан баг­ваа­хайн үлгэрийг санагдуулж байгаа юм. Дүгнээд хэлбэл, манайд өнөөдөр на­­мын монопольчлолыг халсан 1990 оны хууль, түүнийг баталгаажуулж бэх­жүүл­сэн Үндсэн хууль хэрэг дээрээ хэ­рэг­­жихгүй, нам нь төрийг удирддаг хуу­чин тогтолцоо дээрээсээ доор хүрт­лээ сэр­гэчихсэн байна. Гаднынхан “Мон­голд асуудлыг хууль биш, нам шийд­­дэг” гэж тайлбарласан байна гэ­сэн нь ор­тойдог.  Намын шинэчлэл гэж хү­мүүс яриад бай­на. Намын шинэчлэл бол дар­га нарыг солих, олшруулах, цөө­­лөх тухай биш, зарчмын асуудлыг л ярьж шийдээ­сэй билээ гэж горьдож сууна.

-Үндсэн хуульд тунхагийн чанар­тай заалт олон байна аа. Жишээ нь, зас­гийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэдэг. Бас УИХ бол төрийн эрх ба­рих дээд байгууллага гэдэг.  Гэтэл ард түмний байгуулсан парламентад олонхи болсон нам л төрийн эрхийг барьж, энэ намын удирдлагад байгаа цөөхөн хүний гарт л засгийн эрх мэ­дэл байсаар ирлээ шүү дээ?
-Өнгөц харвал тунхагийн чанартай заалт бий. Ухаж бодвол өөр шүү дээ.  УИХ бол ард түмний мэдэлд байгаа зас­гийн эрхийг хэрэгжүүлдэг  төрийн эр­хийг барих дээд байгууллага. Харин өнөө­дөр энэ өндөр дээд чанараа алдаж хэлбэрийн төдий байгууллага бол­чихлоо. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэдгийг ард түмэн хуулиа бат­лаад л өдөр тутмын зохицуулагч байх мэ­тээр ойлгож болохгүй л дээ. Барууны ор­нуудын Үндсэн хуульд бол засгийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсмэл бай­на гэж бичсэн байдаг. Эх булаг нь ард түмэн. Засгийн анхдагч байгууллага нь пар­ламент. Парламент нь ард түмний нэ­рийн өмнөөс тэдний  төлөө ажиллах учиртай. Өнөөдөр төрийн удирдлагын буюу засгийн  хэлбэр парламентын байх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаг уу гэдгийг улстөрийн намууд л ярьж, ингэж тэгж өөрчилье гээд төсөл хөтөл­бөр зохиож явна гэсэн. Тийм байж таа­рахгүй ээ. Үүнийг Үндсэн хуулийн бай­гууллын эсрэг үйлдэл гэж хэлж болно.

1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс парламентын Бүгд найрамдах улс байна  гэдгийг ард түмний санал асуул­гаар, 900 мянган хүний олонхийн сана­лаар шийдсэн. Ард түмний энэ шийд­лийг ямар нэгэн улстөрийн нам, улс­төрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуу­дал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ тө­рийн эргэлт болно. Ингэж төрийн эргэлт хийх хүн байхгүй л болов уу гэж би найдаж байгаа. Төрийн удирдлагын хэл­бэр бол дан ганц төрийн биш,  харин бү­хэл бүтэн ард түмний  бүрэн эрхт байд­лын асуудал юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, ард түмэн өөрсдийнхөө тө­рийн хэлбэрийг тодорхойлох, Засгийн газраа өөрсдөө байгуулах, өөрсдийн­хөө төлөө ажиллуулах, хэрэв тэгж ажил­лаж чадахгүй бол ардчилсан эс­вэл хүчирхийллийн аргаар Засгийн газ­раа устгах эрхтэй төдийгүй үүрэгтэй  бай­даг. Дэлхийн том том баримт бич­гүүдэд энэ талаар дурайтал бичсэн бай­даг. Жишээ нь, 1776 оны Америкийн тус­гаар тогтнолын тунхаг, Францын хү­ний эрхийн тухай тунхаглал, Германы Үндсэн хуульд ийм санаа бий.

-Үндсэн хуулийн одоогийн заалт­даа баригдахгүйгээр яривал таны хувьд Монголд ер нь ямар засаг илүү тохиромжтой вэ?
-Ард түмэн нэгэнт шийдчихсэний­гээ л тордож парламентын засгаа л хүч чадалтай  болгомоор байна. Хэрэв Ерөнхийлөгчийн засагтай болно гэвэл Засгийн газрыг Ерөнхийлөгчөөр тол­гой­луулах тухай  Үндсэн хуульд өөрч­лөлт оруулж төрийн дуулал эгшиглүү­лээд л шийдчих юм шиг яриад байх юм. Үгүй шүү дээ, бүх тогтолцоогоо хөн­дөнө. Шүүхээ яах вэ, орон нутгийн ху­рал, захиргаа, төсвөө, гадаад бод­ло­гоо гээд бүх системээ хөндөнө. Одоо бай­гаа 330-аад хуулиа бүгдийг ямар нэ­гэн хэмжээгээр  өөрчилнө. Ийм хэм­жээний өөрчлөлт хийнэ ээ гэж байгаа бол эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргана, мэднэ. Яагаад гэвэл, пар­ла­ментын энэ засгийг ард түмэн өөрсдөө сонгосон юм. Бид ард түмнийг хуурч мэхлээгүй. Гурван сар ард түмнээр хэлэлцүүлж, Бага Хурлаар дөрөв, АИХ-аар хоёр удаа, нийтдээ 70-аад хоног хэлэлцэж байж баталсан хууль шүү дээ.

 Түүхийн энэ цаг үед бид  хоёр дахь хувьсгал хиймээргүй байна. Монгол чинь үндсэндээ 1924 оноос эхлээд л нам руу гажсан ч гэсэн парламентын засагтай яваа улс. Харамсалтай нь, пар­ламентын эрх мэдлийг нам л бу­лааж авчихаад байх юм. Нэг хэсэгхэн, үүлэн чөлөөний нар шиг 1990-2000 оныг хүртэл парламентын засагтай явлаа. Шууд хэлэхэд 2000 оны тэрхүү өөрч­лөлтийг хүчингүй болгочихвол Үндсэн хуулийн уг эх сэргээд ирэх юм. Ер нь бол Цэц  хүчингүй болгочихсон өөрч­лөл­тийг л мөрдөөд байгаа. Энэ бол үндсэндээ дээд хэсгийн улстөрийн дам­пуу­рал шүү дээ. Ерөнхийлөгчийн за­сагтай болно гэдгийг төрийн дээд ал­бан тушаалтан, улстөрийн нам хэлдэг ч  юм биш.

-Яагаад, тэд үзэл бодол, байр сууриа л илэрхийлж байгаа шүү дээ?
-Хувь хүний хувьд бололгүй яах вэ. Эхнэртэйгээ ярьж буй биш л бол төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ, бас улстөрийн намын байр сууринаас ингэж ярьж болохгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн байгууллыг хүлээн зөвшөөрсөн намыг Дээд шүүх бүртгэж авах ёстой. Үндсэн хуулийн бай­гууллын эсрэг сурталчилгаа хийж бай­гаа намыг шууд татан буулгаж, ийм юм ярьж байгаа төрийн дээд албан тушаалт­ныг огцруулах ёстой. Үндсэн хуулийн байгууллыг хамгаална гэдэг бол албан газрын эд хогшил манахтай адилгүй. Аугаа их Аристотель төрийн дээд албан тушаалд орохыг эрмэлзэг­чид гурван шинж чанарыг эзэмшсэн бай­вал зохино. Нэгд, оршин буй төрийн байгууламжаа дэмждэг байх, хоёрт, ал­бан тушаалыг дагалдан холбогдсон үүр­гийг биелүүлэх ихээхэн чадвартай байх, гуравт, төрийн байгууламжийн дүрс бүхэнд тохирсон сайн үйл, шу­дар­га чанараараа шалгарсан байх ёстой гэснийг дурдахад бидний хэлс­нийг тоодоггүй хүмүүст хэрэг болж магад.  

-Тэгвэл Япон, Англи  шиг сонгодог парламентын засагтай болж Ерөнхий сайд нь парламентаа тараадаг эрхтэй байя гэж ярьдаг?
-Японд Ерөнхий сайдыг Эзэн  хаан томилж, хааны бие төлөөлөгчийн хувьд гүйцэтгэх засгаа тэргүүлдэг. Ер нь Англи, Япон гэж яриад байгааг би тэд­нээс авах юм байхгүй гэж байгаа юм биш. Тэгвэл парламентын хаант за­сагтай болгочихгүй юү. Хаан болох хү­сэл­­тэй хүмүүс бас байдаг юм шүү. Про­фессор Дашдорж хөгжиж байгаа, цөөн хүн амтай, бага буурай 93 орны засгийн хэлбэрийг судалсан байна лээ. Тэнд олонхи нь парламентын засагтай л бай­на.  Гэтэл бид том гүрнүүд, пар­ла­мен­­­­тын хаант засагтай Япон, Англи, хол­­бооны улс болох АНУ, Германыг л дуу­­райх гээд байх юм. Тэгж дээгүүр сэвж, дэнгийн эрвээхэй шиг дэрвэж  байх хэрэг юун. Өөртөө тохирсон, цом­хон бүтэцтэй ухаалаг парламент, ха­риуц­­­лагатай Засгийн газар, шударга шүүх­­тэй, өөрөө удирдах ёсны сумдтай  л байвал Монгол Улс хөгжинө. Тэгээд нам нь болхи бүдүүлэг биш бол шүү дээ.

-УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага байхад эрх мэдэл нь дутаад байгаа учраас л ийм яриа гардаг байх, тийм үү?
-УИХ бол төрийн эрхийг барих дээд байгууллага гэдгийг зарим хүн дутуу ухаараад байх шиг. Энэ тухай  Үндсэн хууль хэлэлцэж байх үед Улсын Бага Хурлын гишүүд их маргаж байсан, бид их зүтгэж байж үлдээсэн. Манай төрийн байгууллагын систем урьд нэг ишт үзэл дээр байсан. Одоо бол эрх мэдэл ху­ваари­лах зарчим дээр байгаа санаа­тай. Төрийн эрх мэдлийг хууль тог­тоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хувааж байгаа. Гэхдээ энэ нь нэг улс гурван засагтай, гурван толгойтой байна гэ­сэн үг биш. Монгол Улс бол нэгдмэл нэг засагтай, тэр нь парламентын бай­на гэдэг утга агуулгыг “УИХ бол төрийн эрхийг барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагц­хүү УИХ-д хадгална” гэдгээр илэрхийлж бай­гаа юм. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь ард түмний өм­нөөс засгийн нэгдмэл байдлыг хангах, өө­рөөр хэлбэл төрийн бодлого, зарч­мыг эцсийн дүнд  гагцхүү УИХ тодор­хойлно. Энэ гагцхүү гэдэг үг бол гацаа­гаа арилгах гэсэн ээрүү хүний үг биш л дээ. Үг нь байтугай таслал нь утгатай бай­даг юм, хуульд. Засгийн нэгдмэл бай­дал гэдэг маань Монгол Улс стра­тегийн хувьд нэг бодлоготой байна гэ­сэн үг. Стратегийн нэг бодлогоор үн­дэс­­ний эв нэгдэл илэрч байх ёстой. Үн­дэс­­ний эв нэгдлийг УИХ хангаж, Ерөн­хийлөгч түүнийг бэлгэдэж, илэрхийлж байх учиртай. Одоо бол эв нэгдэл байх­гүй гурван тийшээ харчихаад байна шүү дээ. Эцсийн эцэст бодлогыг УИХ тодор­хойлж байгаа бол тэр парламентын за­саг, Ерөнхийлөгч тодорхойлж бай­гаа бол Ерөнхийлөгчийн засаг. Энэ гол шал­гуурыг бид ярихгүй, авч үзэхгүй, наах­нуур нь гурван засаг гэж яриад тө­рийн гурван өндөрлөг гэж завхруулдаг. Энд хэвлэлийнхэн та нөхөд бас бод­моор. Засаг гэдэг үг байсаар байхад засаглал гэж бичнэ, нэг засаг байсаар бай­хад гурван засаг гэж ярина. Засаг бол нэгдмэл байдаг. Гэтэл манайд хоёр, гурав болгочихоод байна. Жишээ нь Онцгой байдлын газар гэхэд хоёр засагтай. Нэг сайд, нэг даргатай гэх мэт. Парламент бол намын өмнөөс биш, ард түмний өмнөөс төлөөлөн зас­гийн эрх барьдаг байнгын шинж чанар­тай байгууллага. Харин парламентаа ард түмэн  яаж хянах, УИХ-ын гишүү­нийг эгүүлэн татах асуудлыг яаж тавьж, яаж шийдэх байх гээд нарийн сөхөх ёстой юмнууд бий.

-Ер нь УИХ-ын төрийн байгууллага байх шинжийг алдагдуулж, намын дор оруулж, Үндсэн хуулийн заалтыг тунхаг төдий болгож байгаа хүмүүс бол гишүүд. Хэрэв тэд намын харь­яалалгүй бол арай өөр байх бай­сан болов уу?
-УИХ-ын гишүүд намын гишүүний хувьд намынхаа бүлгийн саналыг УИХ-ын шийдвэрт тусгуулахын төлөө зохих хяз­гаарын дотор  ажиллах нь зүйн хэ­рэг. Тусгуулахын төлөө шүү. Парла­мент бол ард түмний өмнөөс шийдвэр гар­гана, намын өмнөөс биш. Ийм на­рийн заагуудыг харж, мэргэшлийн үнд­сэн дээр парламентыг ажиллуулах яв­дал дутагдаж байна. Өнөөдөр бол УИХ зү­гээр л нэг хуралдаж чи,  би гэж мар­гаж байгаад хэн чанга дуугарсан нь дийл­дэг, монгол бөхийн барилдаан шиг юм боллоо.

-Гэхдээ та засгийн эрхийг намууд барьж байгаа гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ?
-Хэрэв миний хэлж байгаагаар бод­логыг тодорхойлдог газрыг эрх барина гэж үзвэл өнөөдөр парламен­таас гаргадаг шийдвэрийг намын олонхиор хүч түрж гаргаж байгаа нь хэтэрхий өрөөс­гөл явдал юм. Уг нь намууд пар­ламент дээр үзэл бодлоо уралдуулж, эц­сийн дүндээ иргэний байр сууринаас шийд­вэр гаргах ёстой. Гэтэл намын бүл­гийн шийдвэрийг гишүүн бие­лүүлнэ, намын бүлэг нь намынхаа төв байгуул­лагын шийдвэрийг биелүүлнэ гээд журамлачихаар үнэн хэрэг дээрээ нам шийд­вэр гаргаж УИХ түүнийг нь ёс­чилж, Төрийн ордон бол намын шийд­вэрийг  шивж, гарын үсэг зурдаг л газар болжээ.
 
-Одоо энэ байдлыг яаж засах вэ?
-Төр, намын харилцааны зарчмын зааг ялгаа, арга барил, эв дүйг тодор­хойл­сон заалтуудыг зөв томъёолж  УИХ, Засгийн газрын, Улстөрийн намын ту­хай хуульд нарийвчилж хийж өгмөөр байна. Хуулиудыг уялдуулж баланс­луулж хиймээр байна. Нам бол урьдынх шиг нийгмийг удирддаг хүч биш.

-Та бол мэдээж, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж бай­гаа юу?
-Үндсэн хуулийг өөрчил гэж би шууд уриалахгүй. Тодруулмаар юм энд,  тэнд бий. Гэхдээ заавал Үндсэн хуулийг биш, харин үндсэн хуульчилсан хуу­лиудад тодотгож, бүр ихээхэн дэл­гэ­рүүлж зааж өгмөөр зүйл их бий. Жишээ нь, АНУ 1787 онд гарсан Үнд­сэн хууль­даа 27 удаа нэмэлт хийсэн, өөрчлөлт оруулъя гэсэн төсөл бол та­ван мянга гаруй удаа орж ирсэн. Нэ­мэлт гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос, байхгүй юмыг нэмдэггүй л байхгүй юү. Бид гайхалтай юм хийчих­сэн, үүнийг хөдөлгөж болохгүй гэж бай­гаа юм биш. Хамгийн гол нь нийгэм, тэр дундаа улс­төрийн харилцаа тогт­вортой байх эсэх нь Үндсэн хуулиа яаж баримталж бай­гаагаас л хамаар­на. Манайд тагнуу­лын байгууллага энэ тэр гэж байна аа даа, түүний чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллыг хамгаалах байдаг юм шүү дээ. Гэтэл манайд нэг улстөрийн нам гарч ирээд л Үндсэн хуулийг ингэж өөр­чилнө, ийм засаглал тогтооно гэж тун­хаглах юм. Би Ерөнхийлөгчийн талаар таагүй үг хэлдэггүй. Миний дэмжиж яв­даг залуучуудын л нэг байсан. Би нэг удаа “онохдоо онож, алдахдаа алдаж сурч яваа” гэж хэлсэн нь санагдана. Арай даруу биш болсон байх. Сая их том алдаж байна лээ, Ерөнхийлөгч маань. Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэсэн нь буруу болсоон гэж байна лээ.  Тэр үгийг нь нэг мэргэжилтэн, зөвлөх нь бичээд өгсөн юм уу, бичсэнийг нь олж уншаад ярьж байгаа юм уу, мэдэхгүй, тэгээд ярьчихаж байна лээ.  Гэтэл Үндсэн хуу­лийг үг дуугүй биелүүлнэ гэж дээр нь гараа тавиад тангараг өргөсөн Ерөн­хий­лөгч ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа хамгаалж байх ёстой байхгүй юу. Төр барих ёс гэж байна. Ард нь ч  шүүмжилж л байдаг, төрийн тэргүүн нь ч шүүмжилж л байдаг навтас болгож болохгүй шүү дээ, Үндсэн хуулиа. Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтнэ гэдэг нь мухар сүсэг биш л дээ. Үндсэн хуулиа тангарагтаа оруу­­лаад мөргөчихсөн, хүндэтгээд зал­чих­сан, уг эх мөөн гээд мутарлаад хад­галчихсан төрийн шүтээн байхгүй юу. 

-Засгийн газрын ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэдэг. Гэтэл УИХ зарим сайдыг нэг нэгээр нь огцруулж хариуцлага тооцож байна. Энэ танхимын зарчим мөн үү?
-Засгийн газар бол төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага. Төрийн шийдвэр буюу хууль тогтоомжийн бие­лэлтийг улс орон даяар зохион бай­гуулж, хангах үүргийг  хэрэгжүүлдэг. Энэ ажлыг албан тушаалын хувьд Ерөнхий сайд дангаараа УИХ-ын өмнө хариуцдаг. Энэ бол хуучин хамтын удирд­лагатай  Сайд нарын Зөвлөлийг дангаар хариуцах кабинетийн зарч­маар шинэтгэх гэсэн үзэл баримтлалыг илэрхийлсэн юм. Энэ нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын сайн мууг,  тэдний зан төлөвтэй нь парламентын өмнө дан­гаараа ха­риуцна л гэсэн үг. Сайд нарт нэг нэгээр нь хариуцлага тооцох тухайд огц­­руулах асуудал байж болно. Улс­төрийн хариуц­лага тооцдог. Парла­ментын гишүүн, зас­гийн томчууд бол улстөр, ёс зүйн хийгээд зарим нөхцөлд мате­риалын хариуцлага хүлээдэг. Жишээ нь, буруу тушаал өгч он­гоц нисгээд, ан хөөж яваад унага­чихсан бол материалын хариуцлага хүлээх тийш хандана.

Харин парламент өөрөө санаачилж  Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь түүж огцруулах нь танхимын зарчмаас гажууд хандлага юм. Зүй нь ямар сайдаа яасны учир огцруулахыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, үндэслэлээ боловсруулж парламентад оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, яаж томилсон тэгж огцруулна.  Хэрэв Ерөнхий сайдын огцруулахаар оруулсан сайдыг парламент огцруулах үндэслэлгүй байна аа гэж үзвэл УИХ эргээд Ерөнхий сайдтай хариуцлага тооцох үндэслэл гарч ирж болно. Энэ чинь хоёр тийшээ холбоо бүхий, тан­химын зарчмаар хариуцлага хүлээдгийн илрэл байхгүй юу.

-Тэгвэл УИХ-ын гишүүд санал гаргаад салбарын сайдыг огцруулж байгаа нь буруу байх нь ээ?
-УИХ-ын гишүүд огцруулах санал гаргаж парламентын удирдлагад тавьж болно. Түүнээс биш, огцруулахыг са­наач­лахгүй. Санаачилгыг бол УИХ-д заа­вал хэлэлцүүл­дэг юм. Харин огц­руу­лах санал тавьж бол­но, тэр саналыг хү­лээж аваад УИХ-д сай­дын­хаа асуудлыг оруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүний огцруу­лах санал тавьсан сайдын асуудлыг Ерөн­хий сайд  үндэс­лэлгүй гэж үзээд парламен­тад оруу­лахгүй байж болно. Хэрэв тэгвэл УИХ-ын гишүүд, намын бүлэг Ерөнхий сайд­тай­гаа асуудал ярьж, түүнийг огц­руулах са­наа­чилга гаргаж болно. Яагаад гэвэл анх­дагч нь Ерөнхий сайд, сайд нар бол хоёр­догч нь. Ер нь бол Ерөнхий сайд ийм ийм хү­нийг сайдаар томилноо гэхэд онцын зөр­чилгүй л бол шууд томилоод өгөх хэрэгтэй. Тэгээд л юм юмыг нь уудалж тамираа бараад, ард түмэнд матаад байх хэрэггүй юм.

-Нэг сайд алдаа гаргалаа гэхэд тэр сайдын алдааг Ерөнхий сайд давхар үүрэлцэх ёстой юу?

-Асуудал болгоноор биш л дээ, ямар асуудалд Ерөнхий сайд холбогдсон гэд­гээр л болно. Жишээ нь, ноцтой асуудал гарвал хамт унахыг үгүйсгэхгүй. Тийм то­хиол­дол дэлхийн практикт байдаг. Зас­гийн газрын өөрийнх нь үйл ажил­лагаа, Ерөнхий сайдын өөрийнх нь өг­сөн үүрэг, чигээс хамаарсан, эсвэл та­нил­цуулсаны үндсэн дээр шийдсэн асууд­лаар Ерөнхий сайд хамт унах нь бий.

-Та бүхэн Үндсэн хуулийг хамгаалах холбоо байгуулсан гэсэн. Энэ холбоо юу хийж байна вэ, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгуулж чадах нь уу?
-Үндсэн хуулийн 15 жилийн ойгоор Үндсэн хууль тогтоогчид цуглаад ийм холбоо байгуулсан. Энэ холбооны үйл ажиллагаа эхлээд явж байгаа. Хамгийн түрүүнд Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож хуучин эхийг нь сэргээхийн төлөө ажиллаж байгаа.  Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол улстөрийн өшөө хүнд аргаар тэмцэнэ гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ би энэ холбоонд ороогүй.  Яагаад гэвэл би Үндсэн хууль л гэвэл хөөсөө сахартал ярьж байдаг өвчтэй амьтан болж зарим хүнд харагдаад уурыг нь бараад байдаг бололтой юм. Үндсэн хуулийг дэмжих сан гэж бий, тэргүүн нь би. Энэ байгууллага нь Үндсэн хууль сурталчлахад арай ойр юм.

-Та МАХН-ын гишүүн байж басхүү өндөр албан тушаал хашиж байсан. Одоо энэ намд хийх шинэчлэлийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-МАХН-ын шинэчлэлийн тухай сэдэв бол Монголын улстөрийн харилцааны шинэтгэлийн язгуур асуудлын нэг юм. Яагаад гэвэл энэ нам улс орны түүхэнд том орон зай эзэлж байсан, одоо ч чамгүй байр суурьтай байгаа. Бас сайны хажуу­гаар саар үйлдлийг нэлээд гаргаж байгаа. Ялангуяа төрийн ажлыг будилуул­сан томоохон хэд хэдэн зөрчил гаргалаа. Тэр бүхнийг  нуугаад байх хэрэггүй юм.  Энэ нь намын зохион байгуулалт, хуучин дадал, хуучин бүрэлдэхүүнтэй холбоотой байх. МАХН бол бусад намын этальон болж харагдаад байдаг. АН-ын жишээн дээр хараад байхад хүссэн ч, эс хүссэн ч МАХН-ын бүтэц зохион байгуулалт, арга барилд аяндаа  автдаг. Дагахаас ч аргаүй байдалд хүрдэг байх. Тэнд үүр байгуулбал зэрэгцээд байгуулах, мөнгө тараавал өрсөөд илүүг тараах гэх мэтээр. Ийм учраас МАХН-ын шинэч­лэлийг амжилттай болгоход улстөр суд­лаачид санаа оноогоо хэлж нэмэр­лэбэл удирдлагуудад нь хэрэг болж юуны магад. Энэ үүднээс би урьд өмнө хэн нэгэнд цухуйлгаж байгаагүй ганц нэг зүйлийг  хэлье. Энэнийг хэлэх цаг нь болсон шиг байна. 1996 онд нам сонгуульд ялагдахад энэ талаар Бүгд  хурлаар ярьсан. Тэгэхэд би бүрэлдэхүүнд байсан. Би нэлээд хурцхан үг хэлсэн. Хүрэлсүх энэ тэр Чимид гуай салхи хагалж өглөө гэж хэлж байсныг санаж байна. Миний хэлсэн үгийг хэн нь ч гадагш цухуйлгаагүй, хав дарсан.

-Та яг юу гэж хэлсэн юм бэ, их л аюултай үг учраас хав дарсан байх даа?
-Нэг их аюултай юм байгаагүй ээ. Харин үнэн үг учраас л эмзэглэсэн болов уу. Тэнд би “энэ ялагдал бол зөвхөн намын дарга Даш-Ёндонгоос болоогүй ээ. Харин ирж яваа цаг, харьж яваа намын зөрөөнөөс боллоо” гэж хэлсэн.  Тэр үед ирж яваа цаг, харьж яваа нам гэдэг хэлц нэг их аятайхан  сонсогдоогүйг би өөрөө ч мэдэрсэн  Ирж яваа, угтан буй улстөрийн шинэ  харил­цаанд нийцсэн улстөрийн хүчин болоход тэр үеийн МАХН-ын хурд гүйцэхгүй, цаг үетэйгээ  зохицохгүй л байсан байхгүй юу.  Тэгээд шинэтгэлийг яаж хийх вэ гэдэг дээр янз бүрээр ярьсан. Тэр үед би одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гадаад явдлын яамны сайд байсан Ц.Гомбосүрэн, Шадар сайд асан, талийгаач Л.Пүрэвдорж гуравтай хамт уулзаж намыг шинэтгэх са­наа­гаа дөрвөн зүйлээр хэлсэн. Нэгдүгээрт, нам үзэл баримтлалаа шинэчил. Нагар­жунайн номлолоор хол явахгүй ээ.  Дэлхий нийтийн жишигт ний­цэх, хүлээн зөвшөөрөх үзэл баримтлалаар солихгүй юм бол бид улстөрийн шинэ хүчин болж чадахгүй. Хоёрдугаарт, намын дотор шинэ, хуучны туйлширсан хоёр бүрэлдэхүүн ялгарлаа. Шинэтгэлийг  дэмжигч хүчин байна, хууч­наараа явах “коммунистууд” байна. Ийм хоёр хэсэгт  хуваагдчихжээ. Тэгэхээр шинэт­гэлийг  дэмжигчдийг нь аваад хуучнаараа явъя гэсэн хүмүүсийг коммунист намаар нь үлдээчих. Ямар сонголт хийх нь гишүүдийн эрхийн асуудал. Коммунизм бол аймшиг биш шүү дээ, өнөөдрийг хүртэл байж л байна, Орост, бидний шүтээд байдаг АНУ-д хүртэл байна шүү дээ. Өнөөдөр Зүүний хүчний холбоо энэ тэр гэж хөдөлгөөн гарч байгааг би алсдаа ийм хуваагдал болох  нь уу гэж тааж байгаа. Гэхдээ мэдэхгүй юм. Гуравдугаарт, нам алдаагаа ард түмний өмнө ил тод хүлээ. Зөвхөн 1930-аад оны хэлмэгдэл биш ээ, улс орныг буруу замаар хөтөлж явсан алдаагаа хүлээж, хуарангийн социализм явахгүй нь гэдгээ, буруу замаар хөтөлж явсан алдаагаа хү­лээх нь зүйтэй. Хуучныг сэргээх горьдлого төрүүлж болохгүй. Дөрөвдү­гээрт, намын нэрийг соль. Нэр бол хувь  хүнд то­хиолдлоор өгдөг. Байгууллагын  хувьд нэр бол агуулгаа илэрхийлдэг. Тэгэхээр ком­мунист ажилчны намд данслагдсан нэртэй байх нь улстөрийн шинэчлэгдсэн хүчин болж харагдахгүй гэсэн. Энэ дөрвөн асууд­лыг хамт уулзсан гурав маань гурвуулаа дэмжиж байсан. Эцэстээ би үүнийхээ төлөө намыг эсэргүүцэгч, урвагч энэ тэр гээд ямар л муу нэр хоч байна тэр бүхнийг зүүсэн л дээ. Намайг ингэж ярихад Л.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн  нар  дэмжиж л байсан. Ха­рин Н.Энхбаяр намын дарга болоод таг болсон. Л.Пүрэвдорж  маань сүүлд бас  намаас арга хэмжээ авахуулсан юм уу даа

-Хөөгдсөн гэж л бичдэг шүү дээ. Та ч бас хөөгдсөн юм биш үү?

-Тэгж ч нүгэл хураахгүй шүү хөөрхий. Би ч хөөгдөөгүй юм аа.  1990 онд олон на­мууд бий болж засгийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байх үед АИХ-ын Тэр­гүүлэгчдээс намайг намуудын хоорондохь зохицуулагчаар томилсон. П.Очирбат гуай л амаараа томилж явуулсан, бичиг баримт бол байхгүй л болов уу. Тэнд би төрийн хүний ёсоор өөрийн, өрөөлийн нам гэлтгүй мөргөл­дөөнгүй, сөргөлдөөн гаргахгүйгээр ажиллаж байсан. Төрийн зохицуу­лагчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ тухай баримтууд  бий л дээ. Өөрийн намыг  өмгөөлөхгүй, бусдын намыг булхайлж болохгүй хоёр талын буюу торгон галын дунд хавчуу­лагдаж аяыг нь олно гэдэг амаргүй байсан шүү. Хүний өөрийн гэлтгүй аль алинтай нь маргана, эсрэ­гүүцнэ, эвлэрүүлнэ, элдвээр хэлүүлнэ. МАХН-ынхан болохоор урваач гээд л, гэр рүү, авгай хүүхдүүд рүү хүртэл утас цохиж “танай өвгөн, танай аав урваач” гэнэ. Нөгөө намынхан болохоор МАХН-ын хуучин бурхи, дэглэгч, харгис гэнэ. Бас хажуугаар нь “ална, тална” гээд хэцүүхэн л байсан. Гэхдээ би хууль номоо барьж гүрийсээр эцэстээ сайхан ойлголцдог болсон юм. Энэ мэт элдэв хавчлагад суу­хаас гадна үзэл бодол таарахгүйн зовлон байлаа шүү дээ. Тэгээд өргөдлөө өгсөн.

-Хэдэн онд вэ?
-1997 оны гуравдугаар сарын 21-нд өргөдлөө өгсөн. Одоо бол урвагч гэдэг нэртэй яваад байгаа. Би бол урваагүй ээ, харин  1990 оныхоо сонгож авсан үзэл бодол, Үндсэн хууль, сонгосон замдаа үнэнч яваа. Номын хүнд нам биш, шударга иргэний байр суурь чухал юм аа. Ер нь шинжлэх ухаан намч, ангич биш болсон биз дээ. Тэгэхээр номын мөр хөөсөн хүн намын эргүүлэгт орохгүй чөлөөтэй амьсгалах сайхан.

-Ер нь өргөдөлдөө юу гэж бичдэг байсан бэ, жишээ нь та?
-Би дөрөвхөн санаа л бичсэн. Одоо ч минй цээжинд, бас дэвтэрт байдаг. Тэнд, ямарч нөхцөлд төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зор­гоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүйг эрхэмлэн монгол төрийг улс­төржүүлэхгүйн төлөө чадах ядахаараа эр­мэл­зэх борлно оо гэж бичсэн. Энэ бол ми­ний тангараг. Үүнийг одоо урвалт гэх юм уу, бүү мэд. Би өөр намд ороогүй. Ер нь мон­голчууд  хоёр урваж л  болохгүй. Бид марксизмаас урван  коммунизмаас татгалз­сан. Одоо шинээр сонгосон үзэл, замаасаа дахиад гажвал жинхэнэ урвагч болно. Иймд ард­чиллын зүгт сонгосон замаараа тууш­тай явж төрийг төвийлгөн намыг дор нь оруулж, төрийн дээр иргэнийг тавих хэрэг­тэй байна. Төрийн ажлыг намын нэрээр хийдгийг одоохон зогсоож болимоор бай­на. Иймд намын төртэй харилцах харилцааг цаг үедээ нийцүүлж, хамгийн гол нь үзэл баримтал, үйл ажиллагааны зарчмаа шинэчилмээр байна. 



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.