Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй – 2

1.

Удтал, бас улстөржин хүлээсэн Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ сарын сүүлээр зэсийн баяжмалаа гаргана. Зургадугаар сараас  бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ. Анх элсэн цөлд гэр-кемп барьж, гэрээ байуулж эхэлж байсныг бодвол Оюутолгойн бүтээн байгуулалт хурдтай урагшилж буй. Энэ утгаар нь харвал компанийн уриа болгосноор Оюутолгойн ирээдүй үнэхээр бидэнд ойртоод байгаа юм уу гэмээр.

Гэтэл хүчин чадал, хүдэр боловсруулах хэмжээгээрээ Азидаа анхны, алсдаа дэлхийд эхний тавд багтах Оюутолгойн үйлдвэрийн нээлтийг баялгийн эзэн-34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар огт “өөр юм” ярьж угтав.  Жилдээ 56 сая тонн хүдэр баяжуулж,  энэ хэмжээндээ ажиллаж чадвал манай улсыг зэсийн баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийд эхний 15-д багтаах үйлдвэрийг нээх үйл явдлын гэрч болж пуск дарахдаа салбарын сайд нь  хундаганы үг хэлсэнгүй. Харин ч “зардал өсч байгааг хувь нийлүүлэгчдийн хурлаар заавал ярих ёстой. Баяжуулах үйлдвэрээ ном журмынх нь дагуу улсын комисст хүлээлгэж өгөөрэй” гэж анхааруулав.  Уг нь мань хүн үйлдвэрийн нээлтийн баярт хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын өмнөөс очсоналбан ёсны цорын ганц төлөөлөл шүү дээ. Гэтэл тэрээр жагсагчдын шаардлагыг танилцуулж байгаа бие төлөөлөгч шиг хөрөнгө оруулагчид руу  хөвөнд боосон чулуу шидэлж байгаад ирэв. ТУЗ-ийн гишүүн П.Цагаан ч нээлтийн ёслол дээр, энд нэг зүйлийг зориуд тодотгоход гэж байгаад  “барилга байгуулалмж, санхүүгийн асуудал тусдаа. Үйлдвэрлэлээ эхлэх нь чухал ч, төсвийн асуудал тусдаа” гэжээ.

 Оюутолгой дахь Монголын Засгийн газрын байр суурийг “Эрдэнэс-Оюутолгой” компани төлөөлдөг. Оюутолгой компанийн ТУЗ-ийн монгол гишүүд “Эрдэнэс-Оюутолгой”компаниар дамжуулан чиглэл авч Засгийн газрын байр суурийг илэрхийлдэг. Тэгвэл байгуулсан цагаас нь эхлэн үйлдвэр нээх хүртэл энэ гал тогоо \Эрднэс-Оюутолгой\-г удирдсан Д.Батбаатар “бид 2019 оноос эхлээд 34 хувьд ногдох ашгаа хүртэнэ гэж хүлээж байгаа. Хэрвээ одоо оруулах нэмэлт санхүүжилтийг шууд хүлээн зөвшөөрвөл бидний хүртэх өгөөж 2033 он болж хойшилно” гэж ярилцлага өгчээ.

Энэ бүгдээс үзвэл Оюутолгойн ирээдүй биднээс холдох гээд байгаа ч юмшиг. Үгүй юмаа гэхэд, хувьцаа эзэмшигчид болох хөрөнгө оруулагчид, Монголын Засгийн газар хоёрын дунд асуудал, үл ойлголцол байгаа нь ил цухалзах болов. Тэр нь юу вэ.

2.

Хамгийн түрүүнд анхаарах, хөрөнгө оруулагчидтай ойлголцох сэдэв бол зардлын тодорхойгүй өсөлт. Гэрээнд зааснаар анхны хөрөнгө оруулалтын 34 хувь нь бидний эргэн төлөх зээл. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголын Засгийн газрын 34 хувьдаа төлөх зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Түүнчилэн анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа манай 34 хувьд ногдох ашгийг хуваарилж эхлэх ёстой. Хэрвээ анхны хөрөнгө оруулалтад тооцох зардал их л байх тусам бидний 34 хувьдаа ногдол ашиг авч эхлэх хугацаа хойшилно.

ТЭЗҮ-д тусгаж, түүнд үндэслэн байгуулсан гэрээгээранхны хөрөнгө оруулалтыг дөрөв, гэрээ байгуулахаас өмнөх зардлыг нь нэмж тооцвол таван тэрбум доллар гэдэг.  Харин үйлдвэр ашиглалтад орох мөчид анхны хөрөнгө оруулалт 6.2 тэрбумд хүрснийг хөрөнгө оруулагчид хэлж байгаа. С.Ганбаатар тэргүүтэй манай зарим гишүүн энэ хэмжээг 7.8 тэрбум доллар болсон гэж хэвлэлийн бага хурал хийсэн. Оюутолгой компанийн захирал Камерон МакРей-гийн хэлснээр бол зэсийн баяжмалаа гаргаж эхэлснээр анхны хөрөнгө оруулалтыг зогссонд тооцох учиртай. Гэрээний заалттийм юм. Цаашид зэсийн баяжмалаа гаргах хүртэл хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт долоон тэрбум гаруй доллар болно гэдгийг шинжээчид хэлж буй.  Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт яагаад ингэж бараг хоёр тэрбумдоллараар өсөв гэдгийг төслийн менежментийг хийж байгаа удирдлагын багийнхан тайлагнах л ёстой. Менежментийг хөрөнгө оруулагчид өөрсдөө хийж байгаа учраас зохиомлоор зардлаа нэмэх замаар алдагдлаа шингээгээд байна уу гэсэн хардлага Монголын Засгийн газарт бий. Байх ч ёстой хардлага. Бүр нарийн яривал гэрээгээр заасан анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хоёр тэрбум долларын 34 хувийг Монголын Засгийн газар хариуцах, төлөх ёстой юу, үгүй юү. Эсвэл менементийг хийснээрээ хөрөнгө оруулагчид илүү гаргасан зардлынхаа эрсэдлийг дангаараа хүлээх ёстой юу. Тэд Оюутолгой төслийн менежментийг хийж байгаагийнхаа төлөө зардлын 3-6 хувьтай тэнцэх төлбөр авдаг. Тэгэхээр “Рио Тинто”-гийн цалин аваад хийсэн буруу менежментийн төлөө Монголын Засгийн газар хариуцлага хүлээх нь шударга уу. Энэ бол яалт ч үгүй хэлэлцээрийн ширээний ард сууж ярих асуудал. Яаж ойлголцохоос Оюутолгойн ирээдүй бидэнд ойртох, биднээс холдох эсэх нь хамаарна. Яаж ойлголцсноор монголчуудын 34 хувьдаа ногдол ашиг авч эхлэх хугацаа тодорхойлогдоно. Тийм учраас л зардал нэмэгдэж байгааг ярих ёстойг салбарын сайд сануулж, ТУЗ-ийн Монголын талын гишүүд компанийн 2013 оны төсвийг батлах хурлыг гацааж, П.Цагаан “үйлдвэр ашиглалтад орох, зардлын асуудал тусдаа шүү” гэж хэлсэн хэрэг.

3.

Хөрөнгө оруулагчид Оюутолгойн төсөлд хоёр дахь санхүүжилт болгож  Европын сэргээн босголтын банк тэргүүтэй зээлдэгчдээс зээл авах гэж буй. Урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум гаруй долларын зээл авна, үүнийг далд уурхайд ашиглана мэдэгдэж байгаа. Эхлээд ес, дараа нь арванэгдүгээр сард авна гэж байсан зээл одоо болтол бүтээгүй яваа. Хойшлоод буйн учрыг “хувиа нэмнэ” гэсэн Монголын Засгийн газрын байр суурьтай холбоотой гэж хөрөнгө оруулагчдын зүгээс хэлсэн удаатай. Лондонд болсон нэгэн хурал дээр хувьцаа эзэмшигчдийн дунд ярьж ойлголцох асуудал байгаа шүү гэж манай Засгийн газраас мэдэгдсэн нь зээлдэгчдийг хүлээлгийн горимд шилжүүлсэн ч гэдэг. Энэ бол баталгаатай эх сурвалж биш, харин зээл хойшилж байгаа нь л үнэн юм. Даншиг хойшилсон нь найр наадам ихсээд мань мэтэд л сайхан юм гэдэг шиг зээл хойшилж байгаа нь нэг талаар монголчууд бидэнд сайн хэрэг. Энэ хооронд хөрөнгө оруулагчидтай ойлголцох боломж олгож байна. Анхны хөрөнгө оруулалтын зардал тодорхойгүй өссөн алдааг давтахгүй тулд хоёр дахь хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулах төлөвлөгөө, түүний хяналт эхнээсээ тодорхой байх учиртай. Тэгэхгүй бол зээлийн хэмжээ их байх тумсаа янз бүрийн таамаг дагана. Жишээ нь, одоо авах зээлийн хэмжээ долоон тэрбум доллар, үүний дөрвөн тэрбумыг “Рио Тинто”-гийнхон буюу хөрөнгө оруулагчид шууд авна гэх. Хэрвээ энэ үнэн бол хөрөнгө оруулагчид маань анхны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа урьдчилаад зээлээршууд бэлнээр авчихаж байгаа хэрэг. Энэ шударга уу. Бас зээлдэгч нар ордын лицензийг зээлийн барьцаанд тавихыг шаардаж байгаа сураг ч бий. Тэрэндээ тулбал, энэ нь зээл биш, ордоо зарчихсантай л адил болно. Тэгээд ч Оюутолгойг ломбарданд  тавих эрх хөрөнгө оруулагчид хийгээд Монголын Засгийн газрын алинд ч байхгүй. Лиценз бол УИХ-ын мэдлийнх. Иймэрхүү хардлагуудыг бодит үйл хэрэгболгохгүйн тулд Засгийн газар хөрөнгө оруулагчидтай сайн муугаа эхнээсээ ойлголцох хэрэгтэй байх. Одоо авах зээлийн санхүүжүүлэлт, буцаан төлөлт, зээлдэгчидтэй хийх тохиролцоо зэргээ ил зарлах саналаас хариуцлагатай уул уурхайг эрхэмлэдэг, нээлттэй компани гэдгээ дэлхийд тунхагладаг “Рио Тинто”-гийнхон татгалзахгүй байх.

Үүнээс гадна энэ зээлийг дагаж бодитой нэгэн эрсэдэл монголчууд бидэнд ирж буй. Олон улсын дүрмээр  зээлтэй компани энгийн хувьцаанд ногдол ашиг хуваадаггүй гэдэг. Хөрөнгө оруулагчид ч үүнийг хэлдэг. Манай 34 хувьд ногдох хувьцаа бүгд энгийн.  Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтаа нөхлөө ч, одоо авах зээлийг төлж дуусаны дараа л монголчууд бид 34 хувьдаа ногдох ашгаа авч эхлэх логик эндээс гарна. “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирал асан Д. Батбаатар “энэ зээлийг үг дуугүй хүлээж авбал бидний 34 хувьдаа ногдох ашгаа авч эхлэх 2019 он маань 2033 он болж хойшилно” гэж хэлсэн нь дээрх таамглалд хүч нэмж байна. Мөн Оюутолгой компанийн захирал Камерон МакРей “одоо авах зээлийн менежмент, зарцуулалт эрсэдлийг хөрөнгө оруулагчид дангаараа хүлээнэ. Гэхдээ зээлийг дагах ачаалал Оюутолгой компани дээр л ирнэ” гэж хэлсэн нь бүр ч хүч нэмнэ. Өөрөөр хэлбэл, одоо авах зээлд Монголын Засгийн газар үүрэг хүлээхгүй гэж байгаа ч, бидний хувь эзэмшдэг Оюутолгой компанийн ашгаар эргэж төлөх нь тодорхой байна.Компани зээлээ төлж дуустал, та нарын энгийн хувьцаанд ногдол ашиг өгөхгүй гэж гүрийж болох бүх хөзөр хөрөнгө оруулагчдын гарт байна. Ийм учраас л Монголын талын ногдол ашгаа авч эхлэх хугацаатай  энэхүү нэмэлт санхүүжилтийн зээл яаж уялдахыг ойлголцох, гэрээний нэмэлтээр зохицуулах ёстой санагдаад байгаа юм.

Хэрвээ бидний ногдол ашиг авах хугацаа үнэхээр л 2033 он болж хойшилбол Оюутолгойн ирээдүй биднээс бараа нь харагдахгүй болтлоо холдлоо л гэсэн үг. Яагаад гэвэл 2033 он бол уурхайн хаалтын үе. Өрөм нь дуусч хусам нь үлдэх үе. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш бүр 20 жилийн дараа ордын өрөм нь 34 хувьдаа ногдох ашгаа авах биднийг хүлээгээд хөсөр хэвтэж байхгүй нь тодорхой.

4.

Албаны үгээр хэлбэл, аливаа хууль Үндсэн хуулийнхүрээнд батлагддаг. Үүнтэй адил Оюутолгойн үйлдвэрлэл, ашиг, бүр  гэрээг хүртэл тус ордын техник эдийн засгийн үндэслэл \ТЭЗҮ\-г тулгуурлаж хийсэн.  ТЭЗҮ бол барилгаар яривал суурь нь. Суурин дээр хана өрдөгтэй адил ТЭЗҮ-д үндэслэж гэрээ байгуулсан, цаашдын ажил ч тэгж явах учиртай. Гэтэл гэрээ баталсны маргаашаас л Оюутолгойн ТЭЗҮ-ийн  сураг алдарлаа. Энгийн иргэд үзэх нь битгий хэл, ТУЗ-ийн Монголын гурван гишүүн ч тэр бүр үзэж чаддаггүй бололтой юм. Тэр битгий хэл, Оюутолгой компанийн захирал Камерон МакРей сэтгүүлч надад  өнгөрсөн аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “ТЭЗҮ дээр үндэслэж гэрээг байгуулсан. ТЭЗҮ-д анхных, хоёр дахь гэсэн ойлголт байхгүй. Анхны хөрөнгө оруулалтын нэмэгдлийг дагаад өөрчлөлт орсон тал бий байх. ТЭЗҮ-ийн талаар би нарийн хариулах боломжгүй” гэж хэлсэн.  Тэгэхээр компанийн захирал нь ярьж болдоггүй, ТУЗ-ийн гишүүд нь үзэж чаддаггүй Оюутолгойн тэрхүү ТЭЗҮ хаана байна вэ, тэнд ямар нууц байна вэ. Нэг л юм тодорхой байгаа, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт  л нэмэгдээд яваа.

Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг чирэх үнэхээр том төсөл мөн үү гэвэл мөн. Бүтээн байгуулалт нь ч маш их хөрөнгө шаардсан, нарийн мэргэжлийн чимхлүүр ажил.Бид ганц ч төгрөг гаргахгүйгээр хөрөнгө оруулагчдаар үйлдвэр босгуулсан нь ч үнэн. Байшин барьж үзээгүй хүн бүтээн байгуулахын зовлонг мэдэхгүй гэдэгтэй адилбид яг халааснаасаа мөнгө тоолж  өгөөгүй учраас говьд босгосон бүтээн байгуулалтыг  дутуу үнэлж байж болох.  Гэхдээ Оюутолгой компани манай бусад аж ахуйн нэгжийн л нэг. Оюутолгой ба бусад аж ахуйн нэгж гэсэн ангилал байхгүй. Монгол Улс нэгдмэл улсын хувьд нэг л хуультай. Тэрхүү хуулиар ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлдэг. Шинэчилсэн заалтын нэмэлтээ хүртэл Эрдэс баялгийн зөвлөлд мэдэгдэж баталгаажуулдаг. Хэрвээ ингэж бүртгүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож ч болдог хуультай. ХаринОюутолгой компани одоо хүртэл ТЭЗҮ-ийнхээ нэмэлтийг бүртгүүлээгүй явна. Оюутолгойгоос өөр, дотоодын  нэгэн жижиг аж ахуйн нэгж ингэж хууль зөрчсөн бол манайхан яаж сүрийг үзүүлж байгаа бол! Оюутолгойн ордын мэдээлэл, үйл ажиллагаа хэнд илүү ил тод, нээлттэй байна тэр талруугаа л ирээдүй нь ойртоно.Гэрээ, ТЭЗҮ, эдийн засгийн өгөөж нь хэнээс хол байна, ирээдүй нь тэндээс холдоно. Тэгвэл өнөөдөр ордыг ашиглах “үндсэн хууль” болох ТЭЗҮ хэнд ил тод, мэдээлэл нь нээлттэй байна вэ гэдгийг хувьцаа эзэмшигч Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаас асууя.  ТЭЗҮ бол газрын гүн рүү өрөмдөгч, эсвэл бэлэн мөнгөний АТМ биш. Гэхдээ өрөмдөх стандартыг тогтоож, АТМ-д байх мөнгөний хэмжээг тодорхойлох учраас Оюутолгой ордын суурь. Энэ суурин дээр өрсөн хана ньОюутолгойн гэрээ, түүний дагуу хийж буй бүтээн байгуулалтбилээ.

5.

Хөрөнгө оруулагчдад тээртэй, ажил явахад саадтай, хэт “эх оронч” хийрхэл Оюутолгойг тойрч их нислээ. Тэндээс ажил болсон нь бараг байхгүй. Биднийг хийрхэж суух зуур хөрөнгө оруулагчид хийсээр баяжуулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Оюутолгой өмнө нь мөнгө иддэг төсөл байсан бол үйлдвэр ашиглалтад орсноор мөнгө үйлдвэрлэдэг“саалийн үнээ” боллоо.Одоо хийрхэл хэмжээнээс хэтэрвэл хохирол нь орж ирэх ашгаар, Оюутолгой хэмээх саалийн үнээний сүүний гарцаар хэмжигдэнэ. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Засгийн газар хамтаараа алдана. Иймд хийрхэл бус, хэрэгжих боломжтой бодитой саналуудыг тавьсан шиг тавьж, түүнийгээ гаднын компанийн халаасанд багтаагүй, харцаар нь хөдөлдөггүй гэдгээ мэдрүүлж улс шиг шийдье. Хариуд нь бид Оюутолгойн ордоо ашиглах тал дээр хөрөнгө оруулагчид буюу “Рио Тинто”-гийнхонтой нэг завин дээр хамт суусан хувь заяатайгаа эвлэрье. Байгуулсан гэрээгээ өөрчилнө гэж үе үе Түгжилдэх гэхээ больё. Тэгэх бүрт алдаж буйбаялгийхаа араас гадаадын хөрөнгө оруулалтыг татах улсын нэр хүндээ унагаж байна. УИХ-ын даалгавраар гэрээ байгуулсан хүмүүсээ улстөрийн зорилгоор дотооддоо яллах, баялгаа гадагшаа алдахгүй тулд хэлэлцээрт орохын аль нь чухал болохоо ялгая. Гэрээ бол бандан тас. Гэрээг буцаана гэхийн оронд хэрэгжилтийг нь хянаж, биелэлтийг нь хангуулах талд дээр хөрөнгө оруулагчдыг шаардах нь баялгийн эздээс Засгийн газраас өгч буй заавал биелүүлэх үүрэг санагдана. Дагаад гэрээний  алдаатай заалтуудыг нэмэлтээр залруулъя. Жишээ нь, хэзээнээс яг хэдийг авах нь мэдэгдэхгүй 34 хувь гэж хоосон тоонд хууртаж хэдэн жилээр хээр хонож явахаар энэ өдрөөс эхлээд ордоо ашиглуулсны роялтийг авсан шиг авъя. “Рио Тинто”-гийнхон менежметийн төлбөрийг зардлын эхлээд гурав, одоо үйлдвэр ашиглалтад орсноос хойш зургаан хувиар авна. Гэтэл бид баялгаа ашиглуулсны төлбөрийг тавхан хувиар авч байна. Баялгийн эздийн авах роялти нь хөрөнгө оруулагчдын менежментийн төлбөрөөс бага байх нь шударга хуваарилалт мөн үү. Зарим улстөрч 34 хувиа нэмэгдүүлж 51 хувьд хүргэх ёстой гэдэг. Тэдэн дунд 34 гэж баялгийн хувь юмуу, компанийн хувь юмуу гэдгээ ялгахгүйгээр “эх оронч”-ийн дүрд тоглодог нь ч бий байх. Бас Засгийн газрын мэдлийн 34 хувийг 51 хувьд хүргэх замаар  Оюутолгой төслийг “Эрдэнэт” шиг улстөрчдийн шахааны түшиц газар болгох хувийн сонирхолтой нь ч байдаг л байх. Хэрвээ бид үнэхээр л анхны хөрөнгө оруулалтыг нөхөж, тэгээд одоо авах зээлийг төлж дууссаныдараа 2033 оноос ногдол ашиг хүртэж эхлэх нь үнэн л бол 34 хувиа 100 болгосон ч ялгаагүй, адилхан хусман дээр нь бууна. Тэгэхээр ойрын найм, магадгүй 20 жилдээ огт авахгүй байж ч мэдэх34 хувийг нэмнэ гэж хоосон улстөр хийж байхаар эхнээс нь роялти-гаа хангалттай аваад явдаг бусдын сайн жишээг шууд хуулмаар  байна.  34 хувийг чамладаг, бас хэрэггүй гэж үздэг олон гишүүн УИХ-ын даргаас эхлээд энэ парламентад бий. Хамгийн сүүлд, шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “би 34 хувийг шаардлагагүй гэж үздэг. Үүний оронд татвараа нэмье” гэж мэдэгдсэн.  Гэрээ байгуулахад Ерөнхийлөгч “бид улсаараа урагшаа нэг алхлаа” гэж байв. Харин одоо тэрхүү алхаан дунд нь нэлээн том алдаа нуугдаж  байсантай  улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл эвлэрч эхэллээ. Түүний энэ үг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу биш байгаасай. Оюутолгойн гэрээг анх байгуулахад дэмжлэг үзүүлсэн шигээ гэрээний хэрэгжилтийг хангуулах, алдааг засахад тэрхүү дэмжлэгээ бас үзүүлээсэй гэдгийг ард түмний Ерөнхийлөгч байхаа амлаж сонгогдсон төрийн тэргүүнээсээ ард түмэн нь хүсч л байгаа.  Ерөнхийлөгчөөс илүүтэйгээр энэ төслийн гүнд хутгалддаг, бас  хянадаг ТУЗ-ийн гишүүн, тэр дундаа хөрөнгө оруулагчдаас санал болгосноор дарга нь болсон Г.Батсүх “энэ гэрээг өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй” гэсэн нь бас л их нарийн мэдээлэлтэй, анхаарч сонсох ёстой албан тушаалтны үг шүү.Тэгэхээр өөг засч, алдааг залруулах, баталсан заалтаа хангуулах нь гэрээг өөрчилнө, буцаана гэдгээс илүү боломжтой, хэрэгжүүлэх магадлал өндөртэй хувилбар.

Оюутолгойн ордын хаялгын гол тулгуур нь дээр өгүүлсэн татвар, роялти-гаас гадна ханган нийлүүлэлт. Бодитой жишээ гэвэл Эрдэнэт бол “Эрдэнэт” үйлдвэрийн хаялгаар босгсон хот. Урд хөршийн Эрээний хөгжлийн гол цөм нь  Монгол Улсын зах зээлд шилжих “төсөл”-ийн хаялга. Оюутолгойн орд “Эрдэнэт”-ээс тав дахин том нь үнэн л юм бол тэнд тав дахин том биш юмаа гэхэд одоогийн Эрдэнэт шиг хот ирээдүйд  босно гэдэгт монголчууд бид найдах нь боломжтой  л хувилбар. Гэтэл одоогоор баяжуулах үйлдвэр эрчим хүчээ авч ажиллаж эхэлсэн ч, Ханбогд сум байнгын гэрэлгүй л байна.  Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутолгой зарим бүтээгдэхүүнээ Францаас татдаг, махаа Хятадаас авдаг гэж сонссон”гэж хэлсэн нь оргүй мэдээлэл биш л байх. Бид дөч гаруй сая малтай байж Оюутолгойн махыг хангаж чадахгүй л байв гэж. Ер нь ханган нийлүүлэлт хаанаас хаашаа явж байна гэдгийг хар сэргүй болгох ганц арга бол ялагчийг ил зарлах. Оюутолгой компанийнхан жилд  хэдэн зуун  тэрбум долларын ханган нийлүүлэлт авдаг. Түүнийхээ сонгон шалгаруулалтыг ил зарладаг. Тэгвэл ялагчийг нь гэсэн ил зарлабал бид төслийн эдийн засгийн хаялга Монголд шингэх нь үү, гадагшаа гарах нь уу гэдгийг төвөггүй мэддэг болно.

Компанийнхан төслийн ашгийн 71 хувийг монголчууд хүртэж 29 хувийг хөрөнгө оруулагчид авдаг гэсэн. Энэ бол хулхи PR.  Галсан Мээрэнгийн авгай чинь шал хөгшин чавганц гэдэг  шиг ашиг мөнгөн урсгал хоёр тэс ондоо болохыг өмнөх “Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй” нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан учраас энэ удаа дахин нуршихаас татгалзав. Харин энэ PR-ийнхаа эх сурвалжийг Олон улсын валютын сан гэж компанийхан хэлдэг. Хэрвээ тиймдээ тулбал, ОУВС-гийн тооцоогоор энэхүү 71 хувийн мөнгөн урсгалын 16 хувь нь бидний 34 хувьдаа авах ногдол ашиг. Бид ногдол ашгаа авч эхлээгүй учраас 71 хувь бол одоохондоо хүрээгүй оргил. Өөрөөр хэлбэл,  бид 34 хувьдаа ногдох ашгаа авч эхэлсэн тохиолдолд Оюутолгойн мөнгөн урсгалын 71 хувь нь Монголд шингэдэггүй юмаа гэхэд дайрах тооцоог ОУВС хийсэн юм билээ. Одоо бол энэ урсгалын түрүүч Монголыг минь тойроод урсаад байх шиг.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.