Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Н.Энхбаяр, шүүх, шүүгч гурав
1. Н.ЭНХБАЯР

Монголд өмнөх сенсаац нь хуучраагүй байхад дараагийнх нь залгадаг.Сенсаацаас сенсаац төрдгөөрөө бас сонирхолтой.Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шийдсэн Дээд шүүхийн шийдвэр бол хуучраагүй тийм сенсаацуудын нэг.Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан  нь сенсаацаас сенсаац төрүүлсэн жинхэнэ сонирхолтой үйл явдал байлаа.

Дээд шүүх уртаашаа 17 шүүгчтэй.Тэдэн дундаа эрүүгийн хэргээр дагнан мэргэшсэн нь тавхан.Бусад нь иргэний болон захиргааны хэргийнхэн.Н.Энхбаяр нарт холбогдох үйлдэл өөрөө эрүүгийн гэмт хэрэг.Иймд Дээд шүүх энэ чиглэлд мэргэшсэн, байгаа таван шүүгчээ бүгдийг нь шүүх бүрэлдэхүүнд багтаажээ.Гэтэл өмгөөлөгчид татгалзав.Эрүүгийн хэргээр мэргэшсэн бүрэлдэхүүнээр шийдүүлэхгүй гэж хурал хаяж үзэв.Энэ нь хүнд мэс засалд орох өвчтөнд мэргэшсэн мэс заслын эмчээр хагалгаа хийлгэхгүй, дотрын юмуу өрхийн эмчээр хагалгаа хийлгүүлье гэж байгаатай  яг адил юм.

Давж заалдахад аливаа гомдол, хэргийг тухайн чиглэлээр дагнан мэргэшсэн шүүгч шийднэ.Шүүх бүрэлдэхүүнд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгчдийг хольж оруулахгүй.Энэ бол УИХ-аас хуульчлан баталсан шүүхийн шинэтгэлийн гол зарчмуудын нэг юм.Дээд шүүх энэ зарчимдаа үнэнч байж Н.Энхбаярын хэрэгт анх илгээсэн шүүх бүрэлдэхүүнээ сольсонгүй.Солиулж чадсангүй гээд Н.Энхбаяр нар ч алдсангүй. Харин онов. Түүний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ цагаатгах эцсийн санаандаа хүрч чадаагүй ч, өмнөх ялыг 2.6 жил болгон багасгаж бүх мөнгөн торгуулийг тэглэлээ.Эндээс Н.Энхбаярын хэрэгт өмнөх хоёр ч шатны шүүхийн олж хараагүйг Дээд шүүхийн мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн л онож дэнсэлжээ гэмээр.Басхүү одоогийн Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн эерэг үр дүнг түрүүлж хүртэгчдийн нэг нь экс Ерөнхийлөгч боллоо ч гэж болохоор.Яагаад гэвэл хэрвээ өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүнийг сольсон бол, шүүх бүрэлдэхүүнд эрүү, иргэнийхэн холилдсон бол өмнөх шийдвэр хэвээр батлагдаж, Н.Энхбаяр нарын ял хуучнаараа үлдэх байсан байж ч болох юм.

УИХ нэгэнт хуульчилсан учраас шүүхийн шинэтгэл аль эрт эхэлсэн нь тодорхой.Харин Н.Энхбаярын хэргээр дамжиж олонд илүү мэдрэгдлээ.Үүнээс өөр чухам юу юу шинэчлэгдэж байгааг хууль болон бусад эх сурвалжаас шүүрдэж үзэв.Юуны өмнө шүүх гэж юу болох, шүүгч гэж хэнийг хэлэхээс шинэчлэл эхэлнэ.

2.ШҮҮХ

Хуучин тогтолцооны үед шүүх нь нам-төрийн албадлагын аппарат байлаа.Ардчилал ялж, Үндсэн хууль батлагдсанаар шүүх төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахаа больсон.Яагаад гэвэл ардчилсан нийгэм засаглалын хувьд тулгуур гурван баганатай.Түүний нэг нь шүүх засаглал.Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн суурь нь хүний эрх, эрх чөлөө.Түүнийг ханган биелүүлж хамгаалагч нь шүүх. Үүний тулд шүүх бол төр засгаас, улстөрчдөөс, эрх мэдэлтнүүдээс, мөнгөнөөс, шударга бус байдлаас, ер нь хэнбугайгаас ч  хараат бус байх учиртай. Харин ийм байж чадаж байгаа эсэх дээр янз бүрийн яриа, таамаг шүүхийг ямагт тойрон эргэлдэж байдаг.Иймд шүүхийн шинэтгэлээр шүүхийг хараат байх шалтгааныг хааж, хараат бус ажиллах боломжийг нээсэн нэлээд өөрчлөлт хийжээ.

* * *

Өмнө нь шүүхийн төсвийг Засгийн газраас парламентад оруулж, гишүүд  дураараа танаж хасдаг байв. Одоо шүүх нь бие даасан засаглалын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл \ШЕЗ\-өөс төсвөө шууд УИХ-д мэдүүлж, гишүүд шүүхийн урсгал зардал, шүүгчдийн цалинд гар хүрэх эрхгүй болж байна.

* * *

Манай улс засаг захиргааны нэгж бүртээ шүүхтэй.Ийм байснаар хүн амын тооноос хамаарч шүүхийн ачаалал харилцан адилгүй байхын дээр тухайн орон нутгийн удирдлагын нөлөөлөл шүүхэд ирдэг байв. Үүнийг халж, нутаг дэвсгэрийн хэмжээ,  хэрэг маргааны гаралт, хүн амын тоонд харгалзуулан давах шатны  шүүхийг тойргийн системд оруулж байна. Үүнийг дагаад орон нутгийн Засаг дарга нарын зүгээс  “өөрийн засаг захиргааны харьяа” гэдгээр шүүхэд нөлөөлөх боломжгүй боллоо.

* * *

Дээд шүүхийн төвшинд эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчдийг хооронд нь сэлгэх, шүүх бүрэлдэхүүнд тэднийг хольж оруулахыг хориглосныг Н.Энхбаярын хэргээр жишээлэн дээр өгүүлсэн.

* * *

Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь ШЕЗ-өө тэргүүлдэг байв.Шүүх, шүүхийн захиргааны удирдлагыг салгаж, үүрэг, чиг үүргийг нь тусгаарлав.Ингэснээр шүүх, ШЕЗ нь тус тусдаа “тоглоомын дүрэм”-тэй болж байна.

* * *

“Иргэдийн төлөөлөгч” гэх бэлгэдлийн чанартай оролцогч шинэ хуулиар анхан шатны шүүх дээртаслах эрхтэй буюу хамтын зарчмаар шийдвэр гаргахад оролцдог болж байна.Гэхдээ иргэний төлөөлөгч бол анхан шатныхаас өөр шатны шүүх хуралд таслах нь битгийн хэл, оролцох ч эрхгүй.

* * *

Дээд шүүхийн бүх гишүүдийн хуралдааныг байхгүй болгох замаар эцэс төгсгөлгүй давж заалдан сугжирдаг байдлыг ч халж байна.Сунжирдаг гэснээс үүдэлтэйгээр манай шүүхийн процесс их удаан.Анхан, давах, хяналтын шат гээд цаг хугацаа явж өгнө.Иймд гэр бүл, хөдөлмөрийн харилцаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хуралгүйгээр шийдэх шинэ гарцтай боллоо.Энэ бол Японоос эхтэй Эвлэрүүлэн зуучлах арга юм. Энэ аргыг нэвтрүүлснээр шүүхэд ирэх энэ төрлийн маргаан тус улсад  70 хувиар буурсан нь олон орныг шууд хуулбарлах бэлэн шпаргалка болжээ. Эвлэрүүлэн зуучлах гэдэг нь энгийн үгээр хэлбэл, осол гаргасан хоёр жолооч замын цагдаа дуудаж сунжрахгүйгээр дундаа зохицоод салахтай л утга адил юм.Шүүхээс хоёр тал хоёулаа сэтгэл өндөр, шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай гардаггүй.Тийм байх ч боломжгүй.Тэгвэл эвлэрүүлэн зуучлал гэдэг нь гуравдагч этгээдийн оролцоо зуучлалаар хоёр тал богино хугацаанд өөр өөрийнхөө санасан хэмжээнд зохицох, сэтгэл ханамжийн баталгаатай салах боломжтой. Эвлэрүүлэн зуучлалын шийдвэр мэдээж шүүхийн шийдвэр адил хүчинтэй байх юм байна.


3. ШҮҮГЧ

Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх хуультай.Шүүх нь шүүгчдээс бүрддэг.Шүүх өөрөө ардчилсан засаглалын тулгуур гурван баганын нэг бол, шүүхийн тулах цэг нь шүүгч.Тийм ч учраас Цицерон “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй шүүгч” гэж онож хэлсэн хэрэг.Шүүхийн хараат бус байдал мэдээж шүүгчээс эхэлнэ. Үүний тулд 5-6 хуулиар зохицуулсан шүүхийн шинэтгэлд шүүгчийн хараат бус байдлыг хадгалах, аюулгүйн болон эдийн засгийн баталгааг хангахын тулд нэлээд зүйл тусгажээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглодог.Халдлаа гэхэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй тунхагийн чанартай байв.Одоо бол халдсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь мэдээж шүүн таслах үйл ажиллагааных бөгөөд хуулиар заасан нөхцөлүүдтэй.Шүүгчийн хараат  бус байдлыг хангахын тулд орж ирсэн цоо шинэ зүйл бол Нөлөөллийн мэдүүлэг. Шүүгч  бүр Нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Хэрэг маргаан шийдвэрлэхэд нь хэрвээ нөлөө орсон гэж үзвэл тэрийгээ, ороогүй бол үгүй гэдгээ мэдүүлэгтээ бичнэ.Мэдүүлэгээ ШЕЗ-д хүргэх бөгөөд тухайн шүүгч гаргасан шийдвэрээ зуун хувь өөрөө хариуцах юм.Харин хэрэг маргаан шийдэхэд нөлөө орсон гэж шүүгч Нөлөөллийн мэдүүлэгтээ бичсэн бол ШЕЗ-өөс түүнийг нь шалгана.Шалгаад нотлогдвол нөлөөлөх гэсэн этгээдийг торгох, албан тушаалтан бол огцруулах хүртэлх арга хэмжээ авахаар хуульчилжээ.

Шүүгчид зөвхөн гаднаас бус, дотооддоо ч хараат бус байх учиртай. Тийм учраас ерөнхий шүүгчээр дамжиж ирдэг нөлөөллийг байхгүй болгохын тулд бүхшатны ерөнхий шүүгчийн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдэхүүн томилох эрхийг хязгаарлав. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр томилох боллоо.Ингэснээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч бүр өөрийн хүнээ Дээд шүүхийн ерөнхий шүүгч болгох гэдэг, өргөдлийг нь өгүүлдэг, цаадахь нь дахиж улирахын тулд шүүх дотор өөрийн багаа бүрдүүлдэг муу жишээнүүд жишиг болон цааш үргэлжлэх боломжгүй боллоо.Шүүгчийн туслах, захиргааны ажилтан шүүгч болдог урьдын жишиг ул болон үлдэж байна. Үүнээс гадна:

-Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэхийг хориглов,
-Дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч нь гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба эдэлнэ,
-Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, төрсөн нутагтаа амрах бол ирж очих замын зардлыг шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно,
 -Шүүгч нь бие хамгаалах хэрэгслийг эзэмших, биедээ авч явах эрхтэй.
-Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцахаар болж байна.

Түүнчилэн шүүгчийн амь бие, ажлын байр, хувийн болон албаны орон сууц, унаа, ачаа тээвэр, эд хөрөнгө хүртэл халдашгүй эрхтэй боллоо.Гэхдээ халдашгүй байдал гэдгийг манай УИХ-ын гишүүд шиг буруугаар давруулан ойлгохгүй, ашиглахгүй байхыг эрхэм шүүгчдээс хүсье.Гишүүдийг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй шалгая гэхээр “миний халдашгүй эрхэнд халдах гэлээ” гэж зөрүүдлэн хуулийнхны ажлыг яаж хүндрүүлдэгийг шүүгчид сайн мэднэ дээ.Тэрэн шигби шүүгч, халдашгүй эрхтэй гээд л хүн зодоод, эсвэл эр улс шиг гар зөрүүлж зодуулчихаад “миний халдашгүй байдалд халдлаа”гэж сүржигнээд байхгүй гэдэгт найдъя.Шүүгчийн ажил, албан тушаалтай нь холбоотой харилцаахалдашгүй болохоос иргэн хүн бүрт байдаг эрх, эрх чөлөө шүүгчдэд илүү байх ойлголт энд байхгүй.Өөрөөр хэлбэл, иргэнийхээ хувьд хүн бүр ижил эрхтэй, тэдэн дотроос гахай илүү эрхтэй гэсэн “Амьтаны ферм”-ийг шүүхэд байгуулаагүй билээ.Жишээ нь, шүүгч машинаараа хүний машин шүргэлээ гэхэд тэрээр жолоо барьж явсан бол хариуцлагаа хүлээнэ.Харин шүүгчийн эзэмшлийн машин халдашгүй учраас түүний машинд цагдаа үзлэг хийх юм уу, учир зүггүй журмын хашаа руу чирээд явах боломжгүй.Энэ бол шүүгчдэд хуулиар олгосон халдашгүй эрх.Шүүгч санаатай болон санаандгүй байдлаар зодон хийлээ гэхэд тэрээр иргэний хувьд шийтгэлээ хүлээнэ. Харин шүүгчийг баривчилбал 48 цагийн дотор ШЕЗ-д мэдэгдэхийг чухамхүү “шүүгчийн халдашгүй байдал” гэдэг дархан эрх нь цагдаад үүрэг болгож байх жишээтэй. Үүнээс гадна цалин хангамжийн талаар ч урьд өмнө байгаагүй нэлээд өөрчлөлт оржээ.

Шүүгчид бол хар цагааныг дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа, эрх эрх чөлөөтэй явах үгүйг Монгол Улсын нэрийн өмнөөс шийддэг.Үүгээрээ шүүгчид бол зүрхний мэс заслын эмч нар зүрхэнд мэс хүргэх онцгой эрхтэйн адил хувь хүний ч, хууль зөрчсөн нэгний ч эрх, эрх чөлөөг дэнслэх онцгой эрхтэй хүмүүс.Цэрэг эрсийг улсаа хамгаалж энхийг манаан зогсдог гэдэг бол, шүүгчдийг ард түмнээ өмгөөлөх эрхийн манаанд зогсдог гэж үзэж болох юм.Ийм хүмүүсийн хариуцлага, хангамж өндөр, хараат бус байдал баталгаатай байх нь гарцаагүй.Харин энэ бүхний хариуд шүүгчид ганцхан хууль, ялангуяа Үндсэн хуулиас л хараат ажиллах учиртай.Ийм боломж, ийм шинэчлэл, тангарагтаа үнэнч ажиллах орчныг шүүхийн шинэчтгэлийн багц хууль олгосон гэдэгт найдаж байна.

Онолчдын дүгнэснээр “иргэн хүн хамгаалагдаж, эрх мэдэлтэн хязгаарлагдаж байхын тулд хууль оршдог” байна.Тэгвэл иргэнийг шийтгэхээсээилүү түүнийг хамгаалах гэж шүүх орших учиртай гэж би хувьдаа боддог.Одоо бол шүүх гэхээр дандаа л ялладаг, нэрийг нь сонсоход сүрдэж жихүүдэс төрүүлэм хар нөмрөг төсөөлөгддөг.Харин шүүхийн шинэчлэлийн багц хууль бүгдээрээ хэрэгжиж эхлэх 2013 оноос эхлээд шүүх бол иргэд үнэнээ тогтоолгох гэжайдасгүйгээр очдог үйлчилгээний газар болон өөрчлөгдөнө гэдэгт олон хүн найдаж байна.

Судлаачдын хэлснээр улсын хөгжил, шүүх эрх мэдэл хоёр шууд хамааралтай ажээ.“Шүүх баялаг бүтээхгүй байж эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах юм, улстөрд оролцохгүй байж ардчиллыг яаж бэхжүүлэх юм” гэсэн асуулт зарим хүнээс гарч болох л юм.Тэгвэл эерэг бүхэн гагцхүү шударга ёсонд суурилж байж удаан тогтдог, урт насалдаг, урагшаа хөгждөг нь ертөнцийн хууль билээ. Ийм учраас л алагчилдаггүй,шударга шүүхтэй болох нь ардчилсан засаглалтай байхын адил нийгмийн захиалга, ард түмний хүлээлт билээ.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.