Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Баг алагчид
Захидлаас болж Засгийн газар унаж байсан тохиолдол Монголын улстөрийн түүхэнд бий. Харин зуу хонов уу, үгүй юү огцорсон танхим гэж байхгүй.

Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчлах тухай албан бичигт гарын үсэг зурснаасаа болж огцорсон юм. Монгол, ОХУ-ын аль аль нь тус үйлдвэрийн өөрийн эзэмшлийн хувиа хувьчлахад хүрвэл нөгөө талдаа эхлээд мэдэгдэх, үнийн саналыг зөвшөөрч байгаа эсэхийг нь асуух  дүрэмтэй юм билээ. Энэ дагуу оросуудын ирүүлсэн бичигт манай Ерөнхий сайд гарын үсгээ зурсан нь зөвшөөрсний тэмдэг болжээ. Үүнийхээ төлөө Ерөнхий сайд Ж.Наранцацралт сөрөг хүчиндээ баалуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг “БелАЗ”-ын хоёр дугуйгаар зарчихлаа гэдэг ялд унав.  Үнэхээр ч тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэр жинхэнээсээ Монгол Улсын “саалийн ганц үнээ” байсан учраас олон нийтэд өнөөдрийн “Оюутолгойгоо алдчихлаа” гэдэг шиг лгарзтай  сонстож байв. Гэхдээ энэ нь улс төр, үүнийг ТӨХ-ны даргаас огцруулсны хариу болгож Ерөнхий сайд Ж.Наранцацралтад одоогийн УИХ-ын дарга З.Энхболдоос барьсан бэлэг байсан гэдэг л юм.Тэрийг сайн мэдэхгүй, харин энэ санааг сөрөг хүчин гэхээсээ тухайн үеийн олонхи өөрөө санаачилж, өөрсдөө гол дүрд нь тоглож, олонхиороо Засгийн газраа унагасан нь үнэн юмдаг.Ерөнхий сайд огцорсон учраас түүний Засгийн газар мэдээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.Харин танхимын гишүүд нь “бид ийм Ерөнхий сайдтай ажиллахгүй” гэж гарын үсэг зуран өөрийг нь сайд болгосон танхимын тэргүүнийхээ эсрэг зогсч,сууж байгаа “мод”-оосайн хөрөөдсөн гавьяагаа үнэлүүлж бүгдээрээ \Л.Цогоос бусад нь\ дараагийн танхимд сайдаараа үлдсэн л дээ.

Эрх ашиг нь жижиг байсан учраас олон нийт нэг их тоогоогүй л болохоос яг ийм түүх сая Н.Алтанхуягийн танхимд бас давтагдав.Хамгийн их зарчим ярьдаг Хууль зүйн сайдын дэд сайд нь Олон улсын интерполд захидал бичжээ. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Ерөнхийлөгч асны дүү Энхтуяа, туслахынх нь ах Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоохыг хүсч дэд сайд  Эрдэнэжамъянгарын үсгээзурсанзахидал илгээсэн байв.Бодвол Монгол Улсын Хуульзүйн дэд сайд гэж албан тушаалаа тодотгосон л байх.Түүний эхлүүлсэн захидлын буухиаг Шадар сайд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар, бас зарим УИХ-ын гишүүд ч үргэлжлүүлсэн гэдгийг намын нөхөд нь нотолж буй.УИХ-ын сул гишүүд улстөрийн шийдлээр хувийн байр сууриа захидал, заналхийллийн алинаар ч илэрхийлж болох байх.Тэдний иймэрхүү үйлдэлд төрийн түшээгийн ёс зүй, хувь хүний ухамсар нь л хаалт, хориг болно. Харин Засгийн газрын гишүүн-сайд нарт бол нэг амаар дуугарах зарчим, албан тушаалын үүрэг гэж  бий. Тэгэхээр гурван сайдын захидлыг Н.Алтанхуягийн Засгийн газрын байр суурь гэж үзэж болох.Яагаад гэвэл Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалттай.Засгийн газар Ерөнхий сайд ба сайд нараас бүрдэж, засгийн ажлыг парламентын өмнө танхимын тэргүүн дангаараа хариуцдаг.Засгийн газрын багийн ахлагч, жагсаалын тэргүүнд явдаг удирдагч нь Ерөнхий сайд.Тийм учраас Ерөнхий сайдын зөвшөөрөл юмуу, Засгийн газрын шийдвэргүйгээр нэг ч сайд тусдаа тоглолт хийх эрхгүй.Энэ бол хувь хүний эрх чөлөөнөөс ч чухал, танхимын зарчмаар ажиллах учиртайЗасгийн газрын гишүүн хэмээх албан тушаалынх нь хүлээс.

Аль ч улсынгүйцэтгэх засаглал багаар тоглодгийг гадаад ертөнц сайн мэднэ.Гэтэл манайд хуулийнхны ажлыг Хуульзүйн дэд сайд нь үгүйсгэсэн, Үндсэн хуулиар тусгаарласан шүүх эрх мэдэлд гүйцэтгэх засаглал нь хөндлөнгөөс хутгалдсан энэ үйлдлийг гадаад ертөнц мэдээж гайхаж харсан байх.Үүнээс улбаалан интерполд илгээсэн захидлынагуулга үнэн юм бол Н.Энхбаярыг цагаатгах, худлаа бол хуулийнхны ажилд хутгалдсаныхаа төлөө Засгийн газар нь огцрох, ядахдаа нэг дүрмээр тоглож чадаагүй баг алагч сайд нартаа \захидал бичсэн\ хариуцлага тооцох байх гэсэн гаргалгаа хийсэн байж ч магад.Гэтэл аль нь ч сураггүй байсаар явтал дараагийн баг алагчид гарч ирэв.Дээрээ, дэргэдэх хүндээ  хариуцлага тооцож чадахгүй бол доод тушаалын хүмүүсээс хариуцлага нэхээд, шинэчлэл яриад явахад хэр олон хүн итгэх юм бол доо.

Баг “алсан” дараагийн үйлдэл нь засгаас гарах МАХН-ын шийдвэр.Энэ нь хэдийгээр тус намын улстөрийн шийдвэр боловч эхнээсээ АН-ын Засгийн газарт яах гэж орсон зорилгоо улам тодотгов.Айлын орхисон буурин дээр шууд очоод буучихсан шинэ МАХН-ынхан энд хоёр эрсдэлийг дутуу тооцооллоо.

Нэгд, засгаас гарах шантаажаар Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлж намын даргадаа тус болох гэсэн нь харин ч ус болох магадлал ихтэй.Засгаар барьцаалсан шантаажийнх нь дараа Дээд шүүхээс хэрвээ  Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болговол олон нийтийн дунд шүүх засаглалын нэр хүнд тэр чигээрээ унана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьдаг шүүхийн шинэчлэл нь үлгэрболж  дуусна.Шүүх улстөрийн захиалгаар ажилладаг гэх иргэдийн эргэлзээ нь баталгаажина.Тэгэхээр шүүхийн нэр хүндийг аварч үлдэхийн тулд, шүүх засаглал улстөрөөс хараат бус гэдгээ батлахын тулд Н.Энхбаярын хэргийг үнэн зөвөөр нь шийдэхээсээ илүү үргэлжлүүлэн яллахаас өөр аргагүй тийм тулгалтыг Дээд шүүхэд үзүүлж байна.Үүгээрээ МАХН гэдэг нэг багийнхан нь багийн ахлагчийнхаа эсрэг ажиллаж байгаа ч юмшиг.

Хоёрт, МАХН засгаас гарвал “Шударга ёс” эвсэл задарна.Задарснаар тус эвслийн тойргоос сонгогдоогүй, намын жагсаалтаар орж ирсэн зургаан гишүүнийг УИХ-аас түдгэлзүүлэх улстөр явах эрсдэлтэй.Өмнө нь эвсэл задрахад гишүүд нь УИХ-д үлдэж байсан гэж МАХН-ын нэгэн гишүүн ярьсан байна лээ.Тэр үнэн, гэхдээ тэд бас л тойргоос буюу ард түмнээс сонгогдсон байсан юм.УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, эсвэл өөрөө хүсвэл гэсэн хоёр л тохиолдолд чөлөөлдөг хуультай гэх тайлбар бас энд яваа.Энэ бас үнэн.Бид сая анх удаа пропорциональ элемент оруулж парламентаа байгууллаа.Гэвч энэ системд тохируулсан эрх зүйн зохицуулалт УИХ-ын төвшинд алга.УИХ, УИХ-ын гишүүний эрх үүрэг, хуралдааныг зохицуулсан бүх хууль нь мажоритар тогтолцоондоо тохируулсан “хуучин дээл”-тэйгээ явна.Тийм учраас хүссэн хүсээгүй пропорциональ элементдээ тааруулж “дээл”-ээ шинэчилж л таарна.Тэр цагт бусад орны жишээгээр сонгуулийн субъект нь тарсан тохиолдолд түүний жагсаалтаар парламентад орж ирсэн гишүүдийн бүрэн эрх автоматаар түдгэлздэг жишгийг хуульчлах магадлал өндөртэй.Яагаад гэвэл тарсан, задарсан сонгуулийн субъектын авсан саналыг парламентад байгаа бусад намд хувь тэнцүүлэн хуваарилдаг, үгүй бол нөхөн сонгууль зарладаг.Энэ хоёрын аль ч хувилбар нь АН, МАН-д ашигтай.Тэдэнд одоо байгаа суудлын тоогоо нэмэх бололцоо гарна.Энэ нь ялангуяа эрх баригч АН дангаараа засгаа байгуулах боломж нь математик утгаараа улам нэмэгдэх учраас МАХН-тай хамтарснаас ч илүү ашигтай.Ер нь яаж ч бодсон ардаа төлөөлөх сонгогчгүй төрийн түшээ гэж хаана ч байдаггүй биз дээ.

Ийм хоёр эрсдэлийг дутуу тооцоолсон нь М.Энхсайханы хэлдгээр МАХН алдах эрхтэйг л харуулав.Нөгөө талаас МАХН-ыг буруутгахад ч бас эртэдмээр ч юмшиг.Яагаад гэвэл нам бол муу ч сайн ч улстөрийн институц, үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн нэгдэл шүү дээ.Гэтэл МАХН бол тэс өөр шалгууртай, богино зайн зорилготой, огт өөр хүмүүсийн цугларалт шүү дээ.Тийм учраас тэд УИХ-ын гишүүний суудлаас, УИХ-ын бүлэг гэдэг хангамжаас, УИХ-ын дэд дарга, Шадар сайд, сайд гэдэг албан тушаалаас саналаараа салж чадахгүй.Тэгээд ч энэ цаг үе, одоо хашиж байгаа албан тушаал нь МАХН-аас сайдаар ажиллаж байгаа зарим хүний хувьд улс төрийн карьерынх нь дээд цэг, хүрч амжих “сүүлчийн буудал” нь байх.Монголын улстөрд залуусын, шинэ үеийн цөн түрж байна.Тийм учраас Н.Энхбаярын шүүх хурал хэзээ болж дуусна, маргааш нь л МАХН-ынхан “ах аа намайг бодоорой” гээд л хадаг бариад буцаад ирэх вий. Харин улстөрийн нөхцөл байдлын улмаас, олон нийтийн анхаарлыг шинэ жилийн уур амьсгалд улам ойртуулж байгаад чимээгүйхэн шийдэхийн тулд өнөөдөр товлосон Н.Энхбаярын шүүх хурлыг хойшлуулж магадгүй л юм. Түүнээс бус, засгаас гарна гэх МАХН-ын шантааж нь их улстөр ерөөсөө биш.Өөрийг нь УИХ-ын гишүүн, сайд, дарга болгосон Н.Энхбаяр гэдэг улстөрийн лидерт ээлжит өрөө л төлж байгаа юм.Харин цаана нь Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгуулах, эс чадвал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, алиныг нь ч чадахгүй бол Э.Батшугарыг Ц.Оюунбаатарын оронд УИХ-ын гишүүнээр тангараг өргүүлэх хувь хүмүүсийн л зорилго, чин хүсэл байгаа болов уу.Үүгээрээ МАХН-ын энэ шийдвэрийн золиосонд энэ намд гүйцэтгэсэн үүргийнхээ хэмжээнд гавьяагаа үнэлүүлэн УИХ-ын гишүүн, сайд, дарга болж, зөнгөөрөө ажлаа хийж яваа гишүүд нь ч цаагуураа өртөн хэлмэгдэх гэж байгаа ч, наанаа огт өөр, бүр хоёрдугаар хоолойгоор намын даргадаа ч юм уу, Засгийн газартаа ч юмуу ямар ч гэсэн л “Үдэлтийн дуу” аялан жүжиглэж  байна.

Харин АН, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “нисэхгүй нисэхгүй гээд байхад” гэдэг шиг хамт ажиллахгүй гээд байгаа хүмүүстэй заавал нэг баг болох гэхийн  хэрэг юу билээ. Ердөө л кноп байх. Гэтэл АН-ынхны кноп гэж тооцоолсон хүмүүс нь бүхэл бүтэн улсын Засгийн газрыг хүртэл барьцаалж шантаажлах Түгжил-үүд байж чадах баг алагчид болохыг интерполд бичсэн захидлаас эхэлсэн ойрын өдрүүдийн үйл явдал харуулж байна.

Жич: Нийтийн зорилгын төлөө заавал нэг дүрмээр тоглох ёстой газарт өөр дүрмээр тоглохыг “баг алах” гэж орчин цагт ярьдаг болсон байна лээ.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.