Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
АН, МАН хоёулаа “ялжээ”
СЕХ сонгуулийн дүнг эцэслэн зарлаагүй ч, АН ялж, МАН ялагдсан нь тодорхой болов. Ардчиллаас хойш аймаг, дүүргүүдийн  50 хувьд ч ялж үзээгүйг нь бодвол АН үнэхээр хавтгайдаа ялсан ч юм шиг. Гэтэл ингэж  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартайгаа хамт, хуулийн байгууллагуудын шууд болон шууд бус дэмжлэгтэйгээр сонгуульд орж байсан түүх АН-д урьд өмнө байсангүй. 1990 оноос хойш 1996 оныг эс тооцвол өнөөдрийнх шиг хэн байх нь хамаагүй, “бор халзан” хонь ч байсан АН-ынхныг дэмжсэн, үгүйлсэн дэмжлэг ард түмний дунд ийм өндөр хувьтай байгаагүй.Энд нэгэн зүйлийг тодотгоход ардчилсан үзэл санаа, АН хоёр бол өөр.Зөвхөн АН-д саналаа өгөх нь ардчиллыг дэмжигчийн шалгуур ерөөсөө биш.Зарим хүн үүнийг ялгаж салгадаггүй, АН-ынхан болохоор зориуд нэг болгож улстөр хийдэг. Монголчууд бүгдээрээ ардчиллыг, ардчилсан үзэл санааг  дэмждэг. Намуудыг аль нь ардчиллын дууч болж, ардчилсан үзэл санааг тээж, ардчилсан зарчмаар засаглаж чадах вэ гэдгээр  өрсөлддөг. Энэ удаа УИХ, орон нутгийн төвшинд АН толгой өндөр, тохой илүү ялахад  МАН-ын нэр хүндийн уналт, дотоод хуваагдал, ард түмний залхалт байсан ч, гол нь ардчиллын дээрхшалгуурууднөлөөлсөн нь эргэлзээгүй. Харин эдгээр давуу байдал, хоёр хуваагдсан өрсөлдөгчийнх нь сул тал, 90 хувиар ялна гэсэн том зорилттой нь харьцуулбал тэгтлээ хавтгай  ялж чадаагүйгээ АН-ынхан ойлгох хэрэгтэй байх. Тэд дүүргүүдийн олонхид, хамгийн олон аймагт л яллаа. Дундговь, Төв, Булганы дүнг маргаантай гэж үзвэл аймгуудын олонхид ялж чадсангүй.Сонгуулийн газрын зурагт өнгөний өөрчлөлт гарч, 1990 оноос хойш мөнхийн улаан явсан Увс, Ховд, Баян-Өлгий \Өлгийд 1996 онд ардчиллынхан ялж байсан\ аймгууд цэнхэр болсон нь энэ сонгуулийн онцлог.Эдгээр ялалт дан ганц  АН-ын нэр хүндийг дагаж ирээгүй. Жишээ нь, хатуу сонголттой Увсынхан гүйцэтгэх засаглалын толгойд Ж.Батмөнх агснаас хойш гарч ирж байгаа нутгийн Ерөнхий сайдаа дэмжсэн тал бий л байх.Үүнээс илүү бодитой нь гэвэл УИХ-д сонгосон хоёр гишүүнийг нь буцааж татна гэж хууль шүүхээр байнга шалгаж, аймгийн Засаг дарга, Хурлын дарга хоёрыг нь барьж, бас суллаж, шоронд хорих гээд ч байгаа юмшиг үгүй ч юмшиг бүтэн жил аймгийгудирдлагагүй байлгах замаар МАН-аас залхаах улстөр явсан нь  Увсад АН ялахад илүүтэй нөлөөлсөн. Ховд бол тодорхой.МАН, АН гэхээсээ нэг хүний фактор илүү нөлөөллөө.УИХ-ын сонгуульд Ховдод МАН-ын буруу нэр дэвшүүлэлтийн үр дүн, үргэлжлэл нь орон нутгийн сонгуулиар АН-д ялалт болж ирлээ.Хэрвээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрөөсөө дутуу рейтингтэй сул хүн дагуулж явах гэж зүтгээгүй, МАН-ын Бага хурал энэ санааг нь дэмжээгүй бол Ш.Адьшаа бие дааж, дараа нь АН-ыг сонгохгүй байлаа. Үнэн, худлыг мэдэхгүй МАН-ын Бага хурлын үеэр нэр дэвших эрхээ аймгийн Засаг дарга Г.Нямдаваад алдсаныхаа дараа Ш.Адьшаа “би өнгөрсөн хугацаанд хувиасаа бараг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа хийсэн. Одоо боллоо, би өөр замаар явна” гэж хэлээд гарсан гэдэг. Тэрхүү өөр замын эхнийх нь УИХ-ын сонгуулиар бие дааж МАН-ын саналыг хуваасан, хоёр дахь нь АН-д элсч сонгуулийг нь удирдан бүтэн 23 жил улаан явсан Ховдыг аймгаар нь цэнхэртүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, Ш.Адьшаагийн сонголт, өөр зам нь энэ удаа Ховдод АН-ыг ялахад нөлөөлсөн нь эргэлзээгүй.Мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй, миний дайсны дайсан бол миний найз гэдэг учраас л улстөрийг бохир гэдэг.Тийм учраас хууль зөрчөөгүй л бол яаж яласан нь биш, эцсийн дүндээ ялсан байх нь л чухал.АН ялсан нь өөрөө баримт, үйл явдал.

АН-ыг үргэлжийн дагадаг бас нэгэн том давуу тал энэ намд бий.Ахмадууд, бас гишүүнчлэл дэмжигчдээр дамжсан намын тогтмол рейтинг МАН-д байдаг бол АН-д байнгын ийм рейтинг байдаггүй.Гэхдээ ардчилал бол үргэлж АН-ын рейтинг болдгоороо тус нам МАН-аас хамаагүй давуутай, халаасны оноотой явдаг.Ардчилал дээр ардчиллын лидерүүдийн нэр хүнд нэмэгдэж байж намын рейтинг болон АН-д өмчлөгддөг. Жишээ нь өнгөрсөн хоёр сонгуульд “Ардчилал+ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж+Э.Бат-Үүл= АН-ын рейтинг” болж байв. Гэтэл энэ боломжоо АН ашиглаж чадсан уу, үгүй юү гэдэг бас л асуулт.

Харин санасан хэмжээ, байгаа эдгээр боломжиндоо таарсан ялалт авч чадаагүйд янз бүрийн л шалтгаан бий байх. Үүнээс хамгийн бодитой нь сайд нарын албыг фракцуудын тохиролцоогоор хуваасан шигээ аймаг, дүүргүүдийг зохион байгуулалттайгаар мөн л  фракцууддаа өмчилж хуваарилсан юмшиг нэр дэвшүүлэлт нь гол алдаа байсан болов уу. Басхүү АН бол 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон хэдхэн хүн, тэднийг л тойрсон хүрээллээс хальж,  шинэ, залуу хүмүүсийг “талбайд тоглогч”-оор гаргаж ирэх болсон нь нэр дэвшүүлэх үеийн боловсон хүчний дутагдлаас харагдлаа.

Орон нутгийн 23 жилийн ноёрхолтой нь харьцуулбал МАН энэ удаа навс ялагджээ.Тэгэхдээ бүхэл бүтэн төрийн \Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль шүүхийнхэн\ машины эсрэг бүлэггүй, дотроо хоёр хуваагдсан нам өрсөлдөж ийм хэмжээний амжилт үзүүлсэн нь бас ч чамлахаагүй ч юмшиг.Яагаад гэвэл урьд өмнө МАН-ыг төрийн машины залуур дээр сууж байхад АН ийм амжилт үзүүлж байгаагүй юм.Тэгэхээр МАН-ын инерц нь арай илүү, МАН хуваагдавч АН-ын дайтай гэдэг нь үнэний ортой бололтой.Үргэлжийн улаан байдаг аймгуудаа алдаж эхэлсэн нь МАН-ын энэ удаагийн ялагдлын хамгийн том хохирол.УИХ-д бүлгээ байгуулж чадаагүй, Засгийн газрын томилгоонууд дээр байр сууриа илэрхийлэн улстөр хийж чадаагүй, сонгуулийн дараахь халаа сэлгээний үеэр гишүүдийнхээ ажлын байр, эрх ашгийг хамгаалж чадаагүй зэрэг нь МАН энэ удаа гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдахад хүргэсэн.Өөрөөр хэлбэл, МАН-ынхан хэт унхиагүй, УИХ-ын сонгуулийн ялагдлын шоокноосоо бүрэн гараагүй, намын шинэчлэл удирдлагын төвшинд хэдэн хүний байрын солих төдийгөөр зогссон зэрэг нь ялагдлын бас нэгэн шалтгаан.Сонгуулийн PR дээр ч шинэчлэл гараагүй.АН МАН-ынх шиг засаглах гэдэг бол МАН нь сэтгэлгээний хувьд АН-ыг дуурайж, араас нь дагаж явдаг нь энэ сонгуулиар бүр тод харагдав. Тэгэхдээ МАН ялагдсан нь үнэн боловч, байгаа боломжийнхоо хэмжээнд оролцсон эсэх, намын рейтинг нь УИХ-ын сонгуулийн үеийнхээс өссөн үү, буурсан уу гэдэг нь СЕХ-ны дүнгийн дараа яригдах байх. Яагаад гэвэл тэд эрх баригч биш шүү дээ.Бас энэ сонгуульд ялах гэж, эрх баригч болох гэж оролцоогүй нь сонгуулийн гол урианаас нь харагддаг.Тэд буюу МАН-ынхан “Түмнээ түшиж, төрөө хяная” гэдэг гол уриан дор орон нутгийн сонгуульд орсон.“Түмнээ түшнэ” гэдэг хэнд ч ойлгомжтой.Харин “Төрөө хянана” гэдэг бол цөөнх болно оо л гэсэн үг.Үгийн утгаараа ч, улстөрийн ойлголтоор ч “хянах” гэдэг нь цөөнхийн, “ялах” нь олонхи болж засаглалхыг хэлнэ.Цөөнх байж засаглахгүйтэй адил олонхи өөрийгөө хянахгүй шүү дээ.Энэ утгаар нь үзвэл МАН харин ч зорилгоосоо даваад арваад аймагт олонхийн суудал авч засаглахаар болжээ.Харин “хянах” сонгуулийн зорилго, мөрийн хөтөлбөрөө тэдгээр аймагт яаж хэрэгжүүлэх юм бүү мэд.МАН-ын зарим гишүүн нам ялагдлаа гэж нэлээд бухимдуу яваа сурагтай.Энэ нь очих газраа зөв тодорхойлоогүй байж замдаа төөрчихлөө гэж бухимдаад байгаатай л адил юм. Эс бөгөөс тэд арав гаруй аймагт олонхи болж төрийг хянах эрхээ алдсанаа ялагдал гэж бухимдаад байгаа юм  болов уу даа.

Миний хувьд 1997 оноос хойшхи сонгуулиудыг мэдэх, гадарлах юм.Харин ингэж эхнээсээ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн уриа дэвшүүлж орж байсан намыг мэдэхгүй юм.Эсвэл хариуцлагыг АН-д дангаар нь үүрүүлэхийг уриалсан улстөрийн соёл байсан юм уу.Монгол Улс нэгдмэл улс, нэг төртэй ч орон нутаг бие даасан удирдлагатай.УИХ ч ганцаараа төр биш. Тийм учраас орон нутагт  эрх барьж байж УИХ-д хянах цөөнхийн үүргээ хэрэгжүүлнэ гэж байхгүй.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол бас түүхэнд байгаагүй  happy сонгууль боллоо. Яагаад гэвэл дэвшүүлсэн уриа, сонгуулийн зорилгодоо хүрнэ гэдэг бол ялалт.Тэгэхээр энэ удаагийн сонгууль бол АН, МАН хоёулаа ялсан сонгууль боллоо гэмээр. Яагаад гэвэл АН бүр олуулаа болох зорилгоо биелүүлсэн,  МАН-ын ч хамгийн олон аймагт “төрөө хянах” эрхээ авлаа. Мэдээж, аливаа сонгууль бүрийн ялагч нь ард түмэн. Хамгийн гол нь таны миний саналыг яг өгснөөр нь зөв тоолсон бол шүү дээ. Харин өрсөлдөгч гол хоёр улстөрийн хүчнүүд сонгуулиар дэвшүүлсэн зорилгодоо хамтаараа хүрч хоёулаа ялагч болж байсан ийм сонгууль урьд өмнө Монголд лав байсангүй. Дэлхийд харин мэдэхгүй юм.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.