Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.Зоригт: Хийсэн нь бус, хийрхдэг нь давамгайлдаг болчихсон юм уу даа
2012 оны 11 сарын 13 [Уншсан тоо: 67998]
Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд асан Д.ЗОРИГТТОЙ ярилцлаа.

-Таныг гадагшаа гарчих­сан гэж хэд хэдэн хэвлэлд бичсэн байсан?

-Яг одоо хоёулаа Монгол­доо л уулзаад сууж байгаа биз дээ.

-Тэр ч тийм л дээ, өөрөө энэ тухай огт уншаагүй хэрэг үү?

-За даа, сүүлийн жилүүдэд янз янзын юм сонсоод их л дөжирч дээ. Одоо бүр  хэлмэг­дүүлэлтийн үеийн нутаг заана гэдэг шиг амьдрах газрыг маань зааж, бас гэр бүлийнх­нийг минь янз янзаар бичээд байдаг болж. Явуулга гэдэг нь ойлгомжтой л доо.Ардаа дандаа л эзэнтэй, хэн нэгэн мөнгө төлж бичүүлж байгаа.Харин одоо ажил, албан ту­шаалгүй сул яваа намайг яах гэж бичүүлээд байгаа нь сонин л юм.

-Ер нь сонгуулиас хойш гадагшаа явсан юм уу?

-Судалгааныхаа ажлаар, бас хуралд оролцох гэж нааш цааш явж байгаа. Цаашдаа ч жаахан  явна. 2000 онд АН-ынхан сонгуульд ялагдаад УИХ-ын гишүүн байсан хү­мүүсээс нэлээд нь Америк явж сурсан санагдаж байна.Хүн сурч боловсрох нь зөв, үүнийх нь төлөө буруутгаж яллах нь утгагүй л санагдах юм.Миний хувьд судалгааны ажлаас гад­на хувийн бизнесээ эхлүү­лэх гэж оролдож байна.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани л даа.Хажуугаар хүнс, аялал жуулч­лал гээд жаал жуул юм эхлүүлэхээр судалж байна.Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л жижиг юмнаас эхэлнэ дээ.Одоохондоо бол есөн сартай хүүгээ хараад бас зав муутайхан л байна.

-Яг ямар судалгаа хий­гээд байна вэ?

-Хэд хэдэн ажил эхлүүлэх гээд оролдож байна. Тэдэн дун­даасаа шатдаг занарын талаархи судалгааг их идэвх­тэй барьж аваад байгаа.

-Шатдаг занараас түлш гаргах шинэ технологи одоо бараг дэл­хийн гол сенсаацуудын нэг болж байна, тийм үү?

-Дэлхийн түлшний салбарт үнэ­хээ­рийн хувьсгалын чанартай  өөрч­лөлт болж байна. Энэ оны гуравдугаар улирлаас эхлээд АНУ хий үйлдвэр­лэлээр ОХУ-ын өмнө орлоо.АНУ-д ашиг­лалтад орж байгаа цахилгаан стан­цуудын тэн хагасаас илүү нь шат­даг занараас гарах хийн дээр ажил­ла­даг болж байна. Өнөөдөр Хойд Аме­рикийн хийн үнэ Европынхоос дөрөв, Ази тивээс 1.7 дахин хямд болов. Энэ нь өрсөлдөх чадварт нөлөөлж, АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд шууд хувь нэмэр болж байна.Иймд Хойд Америкаас шингэрүүлсэн байгалийн хий экспортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж эхэллээ.Энэ нь түлшний хангамжийн салбарт дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь тодорхой. Хятадын Засгийн газар 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө шатдаг  занараас хий үйлдвэрлэх хөрөнгө оруулалт тусгаж, зарим нэг талбай дээрээ сонгон шалгаруулалт зарлаад дуусч байна. ОХУ гэхэд хий үйлдвэр­лэлээр тэргүүлдэг “Газпром” компани өнгөрсөн сараас эхлэн шатдаг зана­раас шингэн түлш гаргах  төсөл эх­лүүлж буйгаа зарлалаа. Энэ бүхнээс үзвэл шатдаг занарын салбарт шинэ өрсөлдөөн, шинэ үе эхэлж байна.Энэ өрөлдөөний үр дүн нь түлшний сал­барыг өөрчлөх нь тодорхой байна.Бас  дэлхийн эдийн засгийн хүчний харь­цаанд  хүртэл нөлөөлөх магадлалтай боллоо. Энэ технологийг дэлхийн хоёрдугаар дайны үед германууд үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан боловч одоо л дөнгөж өргөн тарж эхэлж байгаа нь энэ юм.

-Манайд шатдаг занарын нөөц, түүнээс шингэн түлш гаргаж авах боломж бий юү?

-Манай улс шатдаг занарын нөөц ихтэй. Өнгөрсөн жилээс Эрдэс бая­лаг, эрчим хүчний яамнаас ШУА-тай хамт­­ран ажлын хэсэг байгуулж, Мон­голд байгаа шатдаг занарын нөөц, ашиг­лаж болох технологийн талаар су­далгаа эхлүүлсэн. Ажлын хэсгийг анх­ны Ерөнхийлөгч П.Очирбат гуай ахалж, албаны хүмүүс, судлаачид орсон.Бас Эрчим хүчний яам Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас хувийн хэв­шилтэйгээ хамтарч томоохон су­далгаа эхлүүлж эхний дүнгээ танил­цуулж байгаа гэсэн.  Чухал ажил  эх­лүүл­сэн нь сайн хэрэг. Энэ онд Ерөн­хий сайд асан С.Батболдыг Японд айлчлахад хоёр орны хувийн хэвш­лийн­хэн судалгаа­ны ажлаа эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурахад бид байлцсан.Одоо энэ ажил эрчимтэй урагшилж байгаад баяртай явдаг. Миний хувьд одоо П.Очирбат гуайн ажлын хэсэгт нэмэр болох үүднээс ялангуяа хууль эрх зүйн орчны  харьцуулсан судалгаа хийж, бусад улс орон бодлогын төвшинд хэрхэн дэмжиж байгаа талаар дүгнэлт бо­ловс­руулна. Энэ судалгаагаа Гер­маны Олон улс аюулгүй байдлын су­дал­гааны сантай хамтарч хийж бай­гаа.Мөн Германы “Friedrich Eber­tyn”-ийн сангаас дэмжлэг үзүүлэхээр болсон.Ирэх жилийн хавар гэхэд су­далгаагаа дуусгаад олон нийтэд танилцуулна.Одоохондоо энэ аж­лаараа гадагшаа дотогшоо нэлээд явж байна.Гэхдээ судалгаагаа бичих аж­лаа гол төлөв Монголдоо хийж байгаа.Он гараад Германд жаахан судалгаа хийх ажил гарна.

-Тэгэхээр удахгүй Монголын эдийн засагт томоохон, бас шинэ салбар нээгдэх нь гэж ойлгож, хүлээж болох нь ээ?

-Одоогоор эрдэс  баялгийн салбар эдийн засгийг ч, улс орныг ч нуруун дээрээ үүрч яваа. Цаашдаа ч олон арван жил  тэргүүлэх салбар байх нь тодорхой. Тийм учраас энэ салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ алсаа бодсон бодлогоо заавал боловсруулж явах нь чухал.Дэлхийн хэмжээнд өрнөж эх­лээд байгаа шатдаг занарын хувьсга­лаас бид хоцорч болохгүй. Харин ч бүр хамгийн тэргүүн эгнээнд явах бо­ломж, бололцоотой.Судлаачдын үзэж байгаагаар, шатдаг занарын то­моохон хэмжээний нөөц манайд бий.Арван жилийн дараа гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний томоо­хон экспортлогч, дээрээс нь сэргээг­дэх эрчим хүч үйлдвэрлэж бүс нутгаа хангадаг улс болох боломж бодитой харагдаж байна.Дэлхий дахинд гарч байгаа шатдаг занарын хувьсгал бидэнд ийм сайхан ирээдүй байгааг харуулж байна.Сэргээгдэх эрчим хүч­ний хамгийн том дутагдал бол ту­хайн өдрийн нар, салхинаас шалтгаа­лан хэлбэлзэж байдаг. Гэтэл Монголд шатдаг занараас хий, шингэн түлш үйлдвэрлэж эхлэх юм бол нар сал­хины­хаа эрчим хүчний үйлдвэрлэл  экспортыг тогтворжуулах боломж нээгдэнэ. Арван жилийн дараа гэхэд Оюутолгой, Тавантолгойгоос дутах­гүй, түлш эрчим хүчний экспортын том салбартай болох бололцоо бүрэн байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бидэнд мэргэжлийн нарийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, маш сайн хууль эрх зүйн орчин, төр, хувийн хэвшил судлаачдын нягт хамтын ажиллагаа чухал гэдэг нь бусад орны туршлагаас харагдаж байна.

-Сайхан сонсогдож байна. Түлш импортлогч улс байснаа хэрэгцээ­гээ хангаад, бүс нутагтаа экспорт­логч болно гэхээр.Бас эрчим хүч.Манай улсыг ийм хэмжээнд хүргэх хангалттай нөөц яг бий юү.Тодор­хой тоо, судалгаа байна уу?

-Занарын нөөцийн хувьд одоогоор П.Очирбат гуайн ахалсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж байгаа, тэдний өмнүүр орж ярих нь зохимжгүй байх. Ер нь бол ихээхэн  нөөц байгаа гэж дүгнэж байгаа. Байгаа нөөц маань манай улсыг энэ салбарт томоохон тоглогч байх боломжтойг гуравдугаар сараас хойш дэлхийн түлшний сал­барт гарч байгаа бодитой өөрчлөлтүүд баттай харуулж байгаа.

-Бид жаахан хоцорч байна уу, үгүй юү. Сургаар нь нөөцтэй тал­бай маань лицензээр эзэнтэй бол­чихсон юм биш биз?

-Өнөөдөр яг занараар ашиглалтын ли­ценз авсан компани цөөн хэд бай­гаа. Хамгийн гол нь шатдаг занараас хий, эсвэл шингэн түлш гаргах то­хиол­долд Газрын тосны тухай хуу­лиар ашиглах уу, Ашигт малтмалын хуу­лиар ажиллах уу гэдэг нь тодорхой бус байгаа. Хууль эрх зүйн тодорхой бус энэ байдлыг арилгаж байж  цаа­шид энэ салбар хөгжих боломжтой. Асуул­тын санааг чинь ойлгож байна.Га­зар доорхи баялаг бол төрийн, өө­рөөр хэлбэл төрөөр дамжаад монгол хүн бүрийн өмч.Энэ бол Үндсэн хуулиар ч, Ашигт малтмалын тухай хуулиар ч баталгаажсан зүйл.Харин лиценз гэдэг цаас бол газар доорхи баялгийг хуулинд заасан нөхцөлөөр ашиглах эрхийг аж ахуйн нэгжид олгож байгаа зөвшөөрөл. Өмчийн эзэн өөрийнхөө өмчийг ашиглах эрхийг бусдад \ком­па­нид\ олгосон учраас ердийн татвар хураамжаас гадна нөөц ашигласны төлбөр авдаг.Нөөц ашиг­лас­ны төлбөр анх бол тухайн газар нут­гийн эзэн-хаан газрын баялгаа ашиг­луулсны төлөө авдаг байсан тат­вар хураамж.Тийм учраас одоо хүр­тэл англи хэлээр рояльти гэж нэрлэж хэвшсэн. Эзэн хаанд өгдөг төлбөр  гэж орчуулж болно доо. Ердийн бизнес хийж байгаа хүн орлогын албан тат­вар, нэмүү өртгийн албан татвар зэрэг хуулинд заасан татвар төлдөг бол уул уурхайн бизнес өөр. Хүний өмчийг ашиглаж байгаа  учраас тусгай төлбөр болох нөөц ашигласны төлбөр төлдөг. Ингэж нөөц ашигласны төлбөр авах нь төр өөрийгөө өмчийн эзэн гэдгээ нотолж байна гэсэн үг.

-Зарим хүн лиценз л авчихвал  газар доорхи баялгийнх нь эзэн болчихож байгаа мэт загнадаг учраас л асуусан хэрэг. Бас манайд лиценз эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нь заавал төрийн өмчийн, эсвэл төрийн өмч 50-иас илүү хувь давамгайлж байж газар доорхи баялаг нь төрийн мэдэлдээ үлдэнэ гэсэн ойлголт түгээмэл.Энэ хэр зөв ойлголт вэ?

-Шууд хэлэхэд буруу ойлголт. Ашиглах эрхийг лицензээр дамжуу­лаад төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай аж ахуйн нэгжид өгсөн л бол адилхан л нөөц ашигласны төлбө­рийг  өмчийн эзэн буюу төрд төлөх учир­тай. Жишээ нь өнөөдөр төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” бүгд л нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Энэ төлбөр харин их байх уу, бага байх уу гэдгээ төр өөрөө хуулиар тог­тоодог.Занар ч байсан, бусад ашигт малтмалын хувьд ч төр эзний хувьд авах ёстой ашгаа нөөц ашигласны төлбөрөөр дамжуулж авах нь зөв гэж би боддог. Харин бизнесийн үйл ажиллагаанд  төр хутгалдаж ороод ямар үр дүнд хүрдгийг  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн жишээгээр монголчууд бүгд мэдэж байгаа. “Ша­хаа” гэдэг бизнесийн бүхэл бүтэн ойл­голт сүүлийн 20 жилд бий болсон.Уг нь 20 жилийн турш зах зээлийн эдийн засагтай болох гээд бүгд л зүтгээд яриад байдаг.Гэвч манай эмээгийн хэлд­гээр “засавч зараа, будавч бяруу” гэдэг шиг яаж ч хичээгээд тө­рийн өмч давамгайлсан тогтолцоо руу өөрийн эрхгүй гулгаад орчих юм.Төр өөрийнхөө авах ёстой ашгаа татвар, төлбөрөөр авдаг, татвар төлбөрийн хэмжээ ямар байх вэ гэдгийн эргэн тойронд харин ч ёстой хурц мэтгэл­цээн өрнөж баймаар санагдах юм.Гэтэл үгүй шүү.“Хэн нь илүү эх оронч вэ” гэсэн улстөрийн уралдаан зарла­чихсан юм шиг л хандах юм.Жишээ нь, Австралид уул уурхайн нөөц ашигласны нэмэлт ашгийн татварыг нэвтрүүлэхээр зүтгэж байгаад Ерөн­хий сайд нь огцорсон шүү дээ.

-Дараагийн Ерөнхий сайд нь ч бас татварын энэ нэмэгдлээр улс­төр хийж гарч ирсэн?

-Тэгсэн, сонгуулийнхаа гол сэдэв болгосон. Ер нь  төр заавал бизнест хутгалдалгүйгээр татвар төлбөрөөр дамжуулж ашгаа авдаг. Уул уурхайн салбараа дагаж хөгжсөн Австрали, Канадад ийм л байгаа.Тэнд төр нь ийм л “дугуй” унадаг.Гэтэл бид бэлэн жи­шээ, бэлэн “дугуй” байсаар байхад огт өөр “дугуй” зохиох гэж зүтгээд байх юм.Хэрвээ заавал өөр “дугуй”-гаар явнаа гэвэл төрийн өмчийн оролцоо өндөртэй Африкийн улс орнуудын жишээ ч бий.Харамсалтай нь тэнд нэг их сайн жишээ байхгүй л дээ.Мэдээ­жийн хэрэг нөгөө талд нь жишээнүүд бас цөөн олдоно л доо.Жишээ нь, Чилид нэг том зэсийн “Коделко” гэж компани бий. Тэр компанийг  төрийн мэдэлд авахын тулд бараг иргэний дайн болж байж, дараа нь 20 шахам жил цэргийн дарангуйлал тогтоож байсан түүхтэй. Чилид бусад бүх том орд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай. Австрали, Канадын  жишээ ярихаар сүүлийн үед хараах нь олон болж. Тэдэн шиг муу хүн байхгүй гээд. Үгүй, тэгээд Африк шиг болъё гээд байгаа юм уу, эсвэл барууны компаниудыг хөөж гаргаад өөр хүмүүсийг оруулж ирэх гээд байга юм уу, сайн мэдэхгүй юм. Манай улс­төрчдийн анкетыг харахаар бүгдээрээ л гадаад дотоодод сургууль төгссөн, гадаад хэлээр хэд хэдээр нь ярьдаг,  яг тулаад ярихаар бүгд л төр бизнест хутгалдахыг багасгах нь зөв гэдэг мөртлөө  камерын өмнө огт өөр юм ярьдаг. Уг нь улстөрчид олон түмнээ манлайлдаг, шинэ үзэл бодол гаргаж ирдэг хүмүүс баймаар.Одоо бол уул уурхайд төрийн өмчийн оролцоо гэхээсээ илүүтэй татвар төлбөрийг ямар төвшинд байлгах ёстой талаар жинхэнээсээ маргаж мэтгэлцэх цаг болсон.

-Гэхдээ бас өмчийн эзэн гээд хэт өндөр татвар тогтоох нь буруу байх. Сөрөг үр дагавартай нь алтан дээр тавьсан 68 хувийн татвараас харагдсан даа?

-Ашиглах эрхийг тодорхой эрх үүрэг дагалддаг. Хэдий хугацаагаар ямар  нөхцөлтэй ашиглах, лиценз авсан хүний эрх нь юу юм, үүрэг  нь юу юу байх гээд хуульд нэгбүрчлэн заасан байгаа. Нэгэнт ашиглах эрхээ авсан хүн хуульд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулж ашиглаж эхэл­нэ. Тодорхой зардал гаргана, бүх зард­лаа нөхөөд ашиг олно гэж тооцоолж байж л  лицензийг авна. Төр ч гэсэн мөн адил, энэ баялгаа  ашиглуулсны тө­лөө ямар ашиг олох вэ гэж тооцоолж байгаад нөөц ашигласны төлбөрөө то­дорхойлдог. Гэтэл хөрөнгөө оруулаад замын дунд явж байтал төр гэнэт  хуулиа өөрчлөөд авах татвар төлбө­рөө нэмбэл нөхцөл байдал  өөрчлөг­дөнө. Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй, алдагдалтай болж ч болно.Алтан дээр 68 хувийн татвар тавьсан жишээ бол яг л ийм.Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй болсон.Төр хуулиа ойр ойрхон өөрчлөөд бай­вал хөрөнгө оруулагчид итгэл алдарч хөрөнгөө оруулж ирэхээ болино.Эсвэл хууль огт тоодоггүй, дайн дажин болж байсан ч бизнес хийж л байдаг нөхдүүд ирж хулгайгаар бизнес хийж эхэлнэ, татвар огт төлөхгүйгээр төрд байгаа хүмүүстэй нь хуйвалдана.Гаднын ийм жишээ олон бий.

-Хэрвээ төрийн өмчийн орол­цооноос татвар нь өндөр байх ёстой юм бол яагаад Оюутол­гой, Тавантолгойд төрийн оролцоо их байгаа юм бэ. Тавантолгой бол бүр зуун хувь төрийн өмчийнх байгаа?

-Оюутолгойн хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу төрийн өмчийн оролцоо 34 хувь хүртэл байх ёстой гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлсэн. Цаашид хувь оролцоогоо 50 хувь хүртэл нэмэгдүү­лэх заалт нь “хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байж” гэсэн тодотголтой­гоор УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан байгаа. Ашигт малтмалын тухай хуу­лийг энэ салбарт хамрах бусад хуультай хамт шинэчлэхээр Ерөнхий­лөг­чийн Тамгын газраас хуулийн төс­лүүд өргөн барина гэсэн.Тэгэхээр хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхдээ энэ талаар өргөн хүрээтэй хэлэл­цүү­лэг, ялангуяа УИХ-д явуулах нь зөв байх.Төр бол өмчийн эзний хувьд то­дор­хой ашгийн ихийг авах нь чухал. Ха­рин энэ ашгаа заавал төрийн өм­чийн хувь эзэмшлээр дамжуулж  авах уу, эсвэл татвар төлбөр хураамж хэл­бэрээр авах уу гэдгээ сайн ярил­цах цаг нь одоо нэгэнт болсон санаг­даад байгаа юм. Норвегид жишээ нь зарим үед татвар нь  80 хувь хүртэл байдаг. Олон нийт ер нь уул уурхайн талаар маш сайн ойлголттой болж байна ш дээ.Хэрэв төрийн өмч заавал байна гээд шийдэх юм бол төрийн өмчийн оролцоогоо яаж хяналттай болгох вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад бол төрийн өмчийн зарим компани бий. Жишээ нь тэтгэврийн сангууд байна. Тэтгэв­рийн сангийн удирдлагыг сонгохдоо бие даасан“headhunting” компани, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг сонгоход зөвлөх үйлчил­гээ үзүүлдэг компаниас тогтоосон тодорхой шалгуурын дагуу нэр дэв­шүүлж сонгодог. Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан хүмүүсээс ихэнхдээ бүрддэг.Компа­нийн захир­луудтай улстөрчид нь шууд харилцах эрхгүй байдаг гээд маш олон хязгаарлалт хийдэг.Бид ч гэсэн энэ чигт явмаар байгаа юм.

-Оюутолгойн гэрээгээр хоёр гишүүн мэтгэлцэх гэж байгаа. Та байгуулсан гэрээгээ хам­гаалж оролцох уу.Танд С.Баяр­цогт гишүүнээс хамт оролцооч гэсэн санал ирүүлсэн үү?

-УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар нэг талаас өөрийнхөө ойлголтыг, нөгөө талаас иргэдийн ойлголтыг цэгцлэх гэж оролдож байгаа юм байлгүй дээ. Эцсийн дүндээ энэ гэрээний талаархи дүгнэлтийг УИХ л гаргах тул гишүүд ярьж байгаа нь зөв л байх.Харин хэлбэрийн хувьд надад сайн ойлгогдохгүй байгаа.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн ч юм шиг.Ийм маягийн мэтгэлцээнээс агуулгын дэлгэрэнгүй ойлголт авахаасаа илүү ганц хоёр оновчтой үг, үйлдэл л хүмүүст үлддэг. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуу­лийн өмнө болсон мэтгэлцээнээс ярьсан зүйлийн агуулгыг биш, хэлбэ­рийг  хэвлэлээр хэлэлцсээр байгаад л таарсан. Босон суугаа ийм ярианаас бүрэн ойлголт авч чадах болов уу даа, хүмүүс. Арай илүү дэлгэрэнгүй байдлаар УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж байж, төр нь бие даасан судлаачид ажиллуулж байж, судалгаа дүгнэлт хийж байж, тэр ажлын хэсэг нь нээлттэй асуулга, хэлэлцүүлэг хийх нь илүү хүртээлтэй оновчтой болох болов уу даа. Улс орны хөгжилтэй холбоотой том асуудал учраас хариуцлагатай хандах нь зөв. Түүнээс бус, том ажлыг тойрч мар­гаан мэтгэлцээн байх нь манайх шиг ардчилсан улсад хэвийн үзэгдэл. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газраас нь автомашин үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлснийг шүүмжилж,  эдгээр үйлдвэрүүд нь одоо Хятад руу үйлдвэрүүдээ нүүлгэх гэж байна гээд л баахан РR-дсан. Обамагийн тал нь “тийм юм огт байхгүй” гэж өөдөөс нь бас баахан ярьсан.Оюутолгойн хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулсан томоохон ажил болсон. Үүнд эргэлзэх хэрэггүй. Өнгөрсөн гурван жилийн байдал ч үүнийг нотолно. Оюутолгой эхэлсэн учраас эдийн засгийн хөгжил огцом нэмэгдлээ.Энэ төсөл урагшилсан учраас олон арван мянган хүн шууд болон шууд бус байдлаар энэ төсөлд болон төслөөс гадуур ажилтай боллоо. 21 мянган төгрөг ч гэнэ үү, хүүхдийн 20 мянга ч гэнэ үү, уул уурхайн баялгаасаа иргэддээ хүртээж эхэллээ. Энэ төслийг дагаад Монголд итгэх итгэл нэмэгдэж дотоод гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн. Хамгийн энгийн жишээ гэхэд гадуур барьж байгаа барилга байшин, зам, цэцэрлэг, сургууль гээд харахад л ойлгомжтой.Зүгээр л түүхий эдийн салбарт үнэ өсөөд ийм болсон юм биш.2006, 2007 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2010 оныхоос ч илүү өндөр байсан.Гэхдээ өнгөрсөн гурван жилийнх шиг өсөлт бий болж чадаагүй. Яагаад гэвэл том төслүүдээ эхлүүлж чадаагүй байсан.Харин Оюутолгой эхэлсэн учраас бусад салбарт хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн.Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг ажлын байр шинээр бий болж байна гэсэн үг. Цалин орлого нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бүхэн хоорондоо холбоотой.Аль нэгийг нь үгүйсгэх юм бол бүгдэд нь л нөлөөлнө.

-Ер нь бол Оюутолгойн асуудал ганц Оюутолгойнх  биш болсон, аль хэдийнэ бусад салбартай холбоотой болсон гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно шүү. Ер нь Монголын эдийн засаг цөөн хэдэн том аж ахууйн нэгж салбар дээрээ тулж хөгжиж яваа.Саяхныг хүртэл “Эрдэнэт”-ийн зэс, Улаанбаатар тө­мөр зам, хэдэн том нүүрсний уурхай, цахилгаан станц л байлаа.Алтны хэдэн уурхайнаас бусад нь бүгд төрийн өмчийнх байгаа биз дээ. 20 жил хувийн хэвшил гэсэн мөртлөө гаднын ч, дотоодын ч дорвитой том хөрөнгө  оруулагч орж ирээгүй байсан. Одоо бол өөр болсон, тоо нь ч нэмэгдсэн, чанарын ч өөрчлөлт гарсан. Оюу­толгой, Тавантолгой, ТЭЦ V, Салхит гээд эрчим хүчний төслүүд, төмөр замын төслүүд  байна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө шаардлагатай.Энэ хөрөнгө мөнгийг дандаа төр засаг өөрийн халааснаасаа гаргаж чадахгүй нь тодорхой, төр засаг гаднаас зээл авъя гэхэд тэр нь хэмжээ хязгаартай байх нь ойлгомжтой.Олдсоны хэрээр гаднаас зээл авах нь аюултайг Грек улсын жишээнээс харсан.Тийм болохоор гаднын зээлээс илүүтэй томоохон төслүүдээ хөдөлгөх нь чухал. Ганцхан уул уурхай биш, эрчим хүч, дэд бүтэц, үйлчилгээ, санхүү, барилга гээд бүх л салбар дагаж өргөжинө, хөгжинө гэсэн үг. Одоо ч өргөжиж байна. Тийм болохоор Оюутолгойн төслөө одоогийнхоос нь ахиулж сайжруулах шаардлага боломж бололцоо байна гэж УИХ нь албан ёсоор үзээд тогтоол шийдвэрээ гаргавал хоёр тал ярьж хэлэлцэж харилцан тохиролцож бүгд хамтаараа урагшилж явах ёстой.Харин ярьж тохиролгүйгээр муйхарлан хүчээр дайрч хийх гэх нь хор болох нь илүү гэж Засгийн газрын нэг гишүүн хэлсэн байна лээ.Бодож л хэлсэн байх.2011 онд бид зарим нэг чухал ач холбогдолтой асуудлаар тайван ярилцаж байгаад шийдсэн шүү дээ. Алхам алхмаар  явах ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихгүй явах ёстой нарийн ажил  л даа. Ер нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.Дотор нь ороод ажлыг нь хийгээд ирэхээр асуудал нь илүү нарийн ойлгогдож байгаа л байх.

-Оюутолгойгоос гадна манай эдийн засгийн гол тулгуур болж байсан нүүрсний үнэ унаж, экс­порт зогслоо. Энэ нь  Хятадын эдийн засгийн хурдац саарч, уул уурхайн бүтээгдэ­хүүний үнэ огцом буурсантай холбоо­той юу?

-Яг өнөө, маргаашийн байдлыг аваад үзэхэд нүүрсний үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэн. Тийм  учраас л бидэнд эдийн засгийн уналтын давалгааг сөрөх бодлого чухал. Нэг л аргаар  нөхцөл байдлыг эргүүлнэ. Тэр нь эдийн зас­гийн идэвхжилийг дэмжих томоо­хон төслүүдээ үргэлжлүүлэх, зари­мыг нь яаралтай эхлүүлэх шаардлагатай.2008-2009 оны хямралыг Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөж байж давсан шиг бас том төсөл хөдөлж эхлэх ёстой.Тэгж байж эдийн засагт мөнгө орж ирнэ.Тэгж байж хүмүүс цалинтай, орлоготой үлдэнэ.Тэгж байж бизнесийнхэн хийх ажилтай байна.Том төсөл гэдэг нь хоёр хэлбэрийнх байдаг.Төр засгаас санхүүжих арга хэмжээ, нөгөө хэсэг нь хувийн хөрөнгө оруулалттай.Аль аль нь тэнцвэртэй байх нь чухал.Болж өгвөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа ахиухан хийлгэж, төр засаг нь нийг­мийн халамж, даатгалын чиглэлээ түлхүү санхүүжүүлэх нь чухал.

-Харин ч нийгмийн халамж хавтгайрлаа, багасгах ёстой гээд байгаа биз дээ?

-Бусдын явж ирсэн зам, бидний өөрсдийн 90-ээд оны туршлагаас харахад хямралд хамгийн түрүүнд боломж бололцоо муутай  нэг хэсэг нь хамгийн ихээр өртдөг. Чаддаг нэг нь гадагшаа яваад, ганзагын наймаа хийгээд, бизнес хийх нь хийгээд төрдөө ажиллах нь ажиллаад сурах нь сурдаг. Харин ахмадууд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд маань 90-ээд онд хямралын үйл лайг хамгийн ихээр амссан.Одоо тийм байдал давтагдахгүйн тулд төр засгаас харин ч нийгмийн халамжийг жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглүүлж, даатгалын тогтолцоогоо сайжруулж, хөрөнгөө бууруулахгүй нэмэх ёстой гэж би хувьдаа боддог.

-Засгийн газар хавтгайрсан халамжийг хална гэсэн уриан дор хүүхдийн мөнгийг сэргээ­лээ. Халамж хавтгайрна гэдэг нь зөвхөн тооны олноор бус, нэг төрлийн халамжийг ч гэсэн хавтгайруулж олгохыг хэлдэг байх гэж би боддог?

-Санал нэг байна. Өнгөрсөн хоёр жил эдийн засгийн өсөлт өндөр байсан тул цалин, тэтгэврийг сайн нэмсэн. Гэтэл инфляц өндөр байсан тул юмны үнэ өсч хүмүүст цалин тэтгэвэр нэмэгдэл төдийлөн сайн мэдрэгдээгүй. Харин ч тогтмол цалин тэтгэвэр авдаггүй хүмүүст юмны үнэ нэмэгдсэн нь бүр дараа болсон.Нийгмийн хамгийн эмзэг ядуу хэсэг­тээ бүр илүү дарамт болж хувирсан. Үүнд л уг нь зөв дүгнэлт хийж, ирэх оны төсвийг шийдэхдээ халамжийг илүү оновчтой, эзнээ олсон  болгох ёстой байсан.  Гэвч чадсангүй. Хүүхэд болгонд мөнгө өгөх улс төрийн зорилго нь илүү гоё сонсогдох, орон нутгийн сонгуульд оноо авахад нь хэрэгтэй байсан байх л даа. Гэтэл хүүхдийн  мөнгө хэрэгтэй ч айл байна, хэрэггүй ч айл байна. Үүнийгээ ялгаж чадах хэмжээний иргэдийн бүртгэл судал­гаа өнгөрсөн хэдэн жил хангалттай хийсэн. Хавтгайрсан халамж инфляц хөөрөгдөж ядуурлыг улам нэмэг­дүүлнэ.Иймд зорилтот бүлгийн ха­ламж руугаа одоо л шилжих хэрэгтэй. Үүнээс чухал нь гэвэл Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдрал нэг орон нутгийн сонгуулиар дуусахгүй, Их хурлын сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэхгүй гэдгийг хаа хаанаа тооцдог, энэ тооцоондоо тохируулан ирээдүйтэй шийдвэр гаргаж чаддаг улстөрийн эр зориг манай улстөрчдөд хэрэгтэй байгаа юм.  

-Төр хувийн хөрөнгө оруулал­тыг ихээр татах тухай та ярилаа. Өнөөдрийн төр засаг таныхаар  хувийн хэвшилдээ хандсан зөв дохио өгч чадаж байна уу?

-Би саяхан Хонконгод болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцож, энэ үеэр болсон зарим арга хэмжээнд үг хэлж, илтгэл тавилаа. Ер нь дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулагчид болгоомжилсон хүлээсэн байдалтай байна.Уул уурхайн том төслүүд нь хаашаа явах вэ, эрчим хүчний төслүүд нь хэзээ хэрэгжиж эхлэх нь вэ, төмөр замын төсөл нь яах нь вэ гээд асуулт олон байна лээ. Үүнд маш зөв ухаалаг хариу цаг алдалгүй өгөх цаг нь болсон анзаарагдсан. Гаднынхан гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч хүлээж байгаа бололтой.

-Эцэст нь асуухад, та цаашид занараа  хөөгөөд ер нь улстөрөөс завсарлага авах уу, эсвэл намын ажилдаа давхар оролцож байгаа юу?

-Дан улстөрөөр амьдарна ч гэж юу байхав дээ. Угаасаа би цаас сараачиж ном эргүүлж судалгаа хийх дуртай.Тийм учраас цаашид ч занараас гадна өөр сэдвээр судалгаа хийх төлөв­лөгөө байгаа.Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гэдэг үнэхээр чухал. Манайд дутагдаад байгаа нь  надад их ажиглагдсан. Улстөрийн хувьд УИХ-д  сонгогдоогүй хүн завсарлага авах нь ойлгомжтой биз дээ. Ер нь өнөөдөр хийсэн биш хийрх­сэн нь, ажил биш яриа, тэр дотроо популист яриа давамгайлж байгаа ч юм уу даа гэж бодогдож байна. Ийм уур амьсгал дунд  улстөрд эргэж орох уу, үгүй юу гэдэг бас л бодох ёстой асуудал. Нөгөө талаасаа намын гишүүний хувьд Чингэлтэй дүүргийн­хээ орон нутгийнхаа намын байгуул­лагын ажилд хувь нэмэр оруулж байгаа.Цаашид улстөрд орох эсэхээ­сээ үл хамааран УИХ, Засгийн газрын гишүүн байсны хувьд энэ нь тодорхой хэмжээний үүрэг л дээ. Чингэлтэй дүүргийнхэн маань надад итгэл үзүүлж 2009 онд сонгосон, тэдэнд би маш их баярлаж явдаг. Чадлынхаа хэрээр итгэлийг нь дааж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, ачааны хүндийг үүрэлцэж явахыг хичээсэн. Харин 2012  оны сонгуульд намайг дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж ялалт байгуулж чадаагүйдээ харамсч явдаг. УИХ-д биш ч гэсэн Чингэлтэй дүүргийнхэнтэйгээ хамт ажиллах бусад боломж бололцоо дахин олдоно гэж найдаж байгаа.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn