Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Эр хүний нулимсыг бүү үз
1

Гадагшлах нулимсгүй мэт дотогшоо мэгшдэг монгол эрс ил уйлдаг болжээ. Зүрхэндээ уйлж явдаг нь ч олон бололтой. Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ”нулимс бол сэтгэлийн зарлигаар гадагшаа асгардаг тархины угаадас” гэж хэлжээ. Монгол эр хүний сэтгэл сайн гантай дүйцэх хаттай гэх өвгөдийн үг ч бий. Тэгвэл хамгийн их хаттай монгол эрсийн сэтгэлийгхэн, юу ингэж тархиндаа зарлигдтал, тэвчээр алдарталшархлуулна вэ. Тэдэн дундаа амьдрал нь цэгцэрсэн, албан тушаал, алдар хүндийн оргилд хүрсэн, ахуйгаа аль хэдийнэ шийдчихээд Монголынхоо төлөө зүтгэж яваа эрс юуны учир ил цагаанаар, эх орон даяар, телевизийн камерын өмнө нулимс унагана вэ. Монголчууд өөрөөсөө илүү хүнд дургүй болсон байна гэх найрагчийн дүгнэлт, монгол ухааныг уусгаж буй эд, эрх мэдлийн сонирхол, сайн яваагаа харлуулах атаархуу зан, биесээ татаж унагадаг тамын тогооны үлгэр гээд олон шалтаг нэрлэж болох. Эдгээрийн дотроос жинхэнэ шалтгаан болж буй нь улс төр. Өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдах, зүрхэнд нь үгэн сум завсаргүй шигтгэх замаар зорилгодоо хүрэх улстөрийн бохир технологи.

Тийм ээ, Монголын улстөр монгол эр хүний нулимсыг үзэх хэмжээнд хүртлээ бохирджээ. Монгол эрийн нулимс унах тэр мөчөөр Монголын улстөрийн ардчиллын романтик үе дуусчээ гэлтэй. Олонхио дагаж, цөөнхөө хүндэлдэг ардчиллын алтан зарчим улстөрд аль хэдийнэ устсан бололтой. Харин ч гүтгэлэг доромжлол, хар PR-аар цөөнх нь олонхио дарангуйлдаг, улиг болтол давтсан худал нь үнэн болдог бохир технологи Монголын улстөрд газар авлаа.

2

Ц.Элбэгдорж нийгмийн шилжилт хийх гэж 70 жил зогсолтгүй эргэсэн төрийн машиныг сөрж  явахдаа айгаагүй айдсаа ардчиллын үед нулимсаараа тайлах улстөрч мөн үү. Улстөрд унаж босч 20 жил шүршүүлж явахдаа гаргаагүй гомдлоо бүр ээжийнхээ өвдгийг дэрлэж байгаад гаргах улстөрч үү, тэр. Ганц Ц.Элбэгдоржийг дарахын тулд түүнийг Хятадын эрлийз, Шинжаанаас хөл нүцгэн хил давж ирсэн гэхудам  сударт нь халдсан доромжлол ардчиллын лидер, хоёр удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гээд 1990 оноос хойш үргэлж том яваа энэ эрийн сэтгэлд үнэхээр ахаджээ. Ахадсан учраас сэтгэл нь тархиндаа зарлигдаж нулимс гаргав.Хамгийн гол нь  хэрээс хэтэрсэн, хэд хэдэн удаагийн давталттай энэ доромжлолыг өрсөлдөгч хүчин нь өдөөж, зохион байгуулан дэвэргэсэн байв.  Гэтэл Ц.Элбэгдоржийн улстөрийн амьдралдалдаа оноо байсан ч, түүний манлайлж эхлүүлсэн, дараа нь хамгаалж зогссон ардчиллын буяныг монголчууд бид нийтээрээ л хүртдэг.



3

“Женко” Х.Баттулга гэж нүднээсээ нулимс гаргах битгий хэл, амнаасаа үг унагах нь ховор, жинхэнэ ир хар сур гэмээр монгол эр  байна. Тэр бас л уйлсан. Монголын шинэ үеийн үндэсний хөрөнгөтнүүдийн нэг түүнд амгалан амьдрал, эрх мэдэл, эд хөрөнгө, алдар хүнд гээд байхгүй юм байхгүй гэмээр. Гэтэл эзнээ нүүрэндээ тамирчны хөлстэй явахыг мэдэхээс биш, нүдэндээ гомдлын нулимс гүйлгэхийг мэдрээгүй сэтгэл нь яагаад тархиндаа зарлигдав. Бас л өөрийнх нь эсрэг  өрсөлдөгчийнх нь босгосон “хадан хясаа”-наас үүдэлтэй. Тэрээр телевизийн нэвтрүүлгээр “Зовлон үзсэн үедээ аавыгаа санадаг” гээд уйлсан. Энэ тухайгаа дараа нь “Зовлон гэдэг нь хувь хүнийх биш шүү. Хувийн зовлон бол миний л асуудал. Нийтийн төлөө хийж бүтээе гэсэн сэтгэл, зүтгэлийг минь нэг хүний асуудал болгож удаа дараа хад мөргүүлээд байгаа нь үнэхээр зовлонтой. Нулимс гарчихаад үүнийгээ тайлбарлаж амжилгүй нэвтрүүлгээ дуусгасан” гэж сэтгүүлчдэд ярьсан. Нулимсаар дуусгасан нэвтрүүлгийн төгсгөлийг өрсөлдөгчид нь “шоу, сонгуулийн оноо цуглуулах арга” гэж байлаа. Үнэндээ бол нулимсаараа шоу хийх, сонгуулийн оноо цуглуулах шаардлага Х.Баттулгад байгаагүйг Баянхонгорт багаараа ялсан түүний босоо ялалт нотолно. Монголчуудын олонхи нь Х.Баттулга гишүүний хөл дээр нь босгож салбартаа л брэнд үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэдэг, “Цонжин болдог”-ийн бүтээн байгуулалтаар нь бахархдаг. Үүнээс гадна Монголоос олимпийн анхны  аварга, дараа нь мөн л анхны  хос медальтан төрөхөд монголчууд бидний нүднээс энд өгүүлж буйгаас огт өөр амттай нулимс өөрөө гарч байлаа. Үүнд “Женко”-гийн гавьяа байгаагүй гэж хэлж чадах хүн түүний өрсөлдөгчдийн дунд ч байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

4

Зах зээл дээр чанар зардаггүй, брэнд зардаг гэдэг. Тэгвэл сүмогийн их аварга Д.Дагвадорж бол эх орноо арлын Японд төдийгүй дэлхийд сурталчилсан Монголын амьд брэнд. Тэр бол монгол эр хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, эр зоригийг дэлхийд таниулсан, гайхуулсанамьд домог, дэлхийн од. Д.Дагвадорж аваргыг зургаан тэрбум хүнтэй дэлхий одын дайтай хүндлэн харьцдаг, 121 сая хүнтэй Япон домогт бөх болохыг ньхүлээн зөвшөөрдөг. Гэтэл гурван сая хүрэхгүй хүн амтай эх орон нь аваргаа уйлуулж сууна. Дүүгийнх нь нэр төр, алдар хүндийг гутаах замаар ахынх нь сонгогдох эрхэнд халдаж зорилгодоо хүрэх улстөрч энд явна. Сүмогийн ертөнцийн хатуу ширүүнийг, хавчлага шахалтыг сөрж явсаар босоогоороо үлдсэн залуу аварга маань харин эх орондоо ирсэн хойноо хаана ч гэнэ үү, нэг газар “суух” ёстой л гэнэ. Арга ядсандаа аварга маань “Энэ чинь бие биеэ мэрж амьдардаг хорвоо юм уу” хэмээн мэгшиж сууна. Японы NHK телевизийнхэн үндэсний спортыг нь эзэгнэсэн талын Монголын хүчтэнийг дэлхийд сурталчилж байхад, Монголын телевизүүд дэлхийн ододтой эн зэрэгцэх их аваргаа жалган дотроо уйлуулж сууна. Монгол Улс хуультай дүрэмтэй. Хууль нь яллаагүй байхад, зөвхөн аварга гэлтгүй бусдыг хуулиас түрүүлж яллах эрх сэтгүүлч бидэнд байхгүй. Монголоо мандуулж, монголчуудаа баярлуулж явснаас бус, Монголоо гутааж, монголчуудаа гомдоож яваагүй аваргаа амьдаар нь шар сэтгүүлзүй, шар мэдээ болгох хэрэггүй. Аварга Д.Дагвадорж бол үнэхээр их найрагч Ш.Сүрэнжавын шүлэглэснээр, газрын охинтой гэрлэж, нарны аяганаас ус уугаад морин хууранд хоргодож хоцорсон “Тэнгэрийн хүү”-гийн гол дүр. Тэнгэрийн хүү тэнгэрийн амьдрал, тэнгэрийн алдар хүндээсээ газардаж ядаж явахад эх орон нь сүмогийн дэвжээнээс нь зөөлөн, өр нимгэн байх л учиртай.

5

Уйлуулахаас наахнуур, төрийн хуулийн нэрээр өрсөлдөгчөө замаасаа шахах, олон түмний дунд нэр төрийг нь гутаах бохир улстөр ч дэлгэрэх янзтай.Өөр дэглэмтэй улс оронд л байдаг улстөрийн энэ технологийн шинжүүд ардчилсан Монголд илрэх боллоо. Үүнд нь заримдаа цаг хугацаа нь тэгж таардаг юмуу, цаанаасаа даалгавартай байдаг юм уу гэмээр улстөрийн намаас хараат бус төрийн байгууллагуудыг ашиглах юм. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат гэж байлаа. 2012 оны сонгуульд нэр дэвших магадлалтай гэж байнга нэр нь гардаг байв. Сонгуулийн өмнөхөн барьж хорьсон. Сонгуулийн дараа шүүх түүнийг цагаатгасан.“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг бол намын Бага хурлаасаа нэр дэвших эрхээ аваад гараад ирэхэд нь барьж хорьсон. Гэтэл сонгуулийн дараахан шүүх хурал ч болохгүйгээр прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.  Жишээ болгосон хоёр эрхэмд  сайннэр ч бий, муу ньч бийл байх. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн, төрийн өмчийг идсэн уусан байж ч магадгүй.Гэхдээ тэр бүгд нь шүүхээр нотлогдоогүй байхад, бүр сул явуулж байгаад яг сонгуулийн өмнө гэнэтхэн барьж хорин сонгогдох эрхээ эдлэхэд нь халдаж болох уу. Энэ нь ардчиллын шинж тэмдэг яавч биш. Яг энэ хоёр хүн дээр харахад хуулийнхан тэдний гэм буруутайг нотлоогүй нь гурван зүйлийн дүгнэлт гаргаж болно. Нэгд хуулийнхан өрсөлдөгчдийнх нь дутуу, буруу мэдээллээр хөдөлсөн, хоёрт сэжигтнүүд үйлдсэн гэмт хэргээ хуулийн цоорхойгоор сайн нууж чадсан, үгүй бол эцэст нь Д.Оюунбат, Ц.Анандбазар нар үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй. Эхний хоёр тохиолдлын аль нь ч үнэн байсан хуулийнхан байгаа хуулийн хүрээнд ажлаа л хийсэн. Харин гуравдахь нь үнэн бол энэ үйл явдлаас хамгийн их хохирсон нь Ц.Анандбазар, Д. Оюунбат нар болно. Яагаад гэвэл тэд дөрвөн жилд ганц удаа олдох сонгогдох эрхээ төрийн хуулийн нэрийн дор алдсан байна.

6

Улстөрийн яг ийм бохир технологи дахин гарч ирэв.Сүүлийн хэдэн өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг идсэн ууснаар нь бичих болов. Баянзүрх дүүрэгт ногдох “Цэвэр агаар” сангийн мөнгийг Б.Батзориг хувьдаа идчихсэн учраас Улаанбаатарын утаа арилахгүй байгаа юм байх. Гэтэл “Цэвэр агаар сан” бол Мянганы сорилтын сангийн төслийн нэгж. Энэ төслөөс тарааж буй утаагүй зуух, гэрийн дулаалга зэргийг айл өрхүүдэд хүргэхэд мөнгө төгрөгтэй холбоотой санхүүгийн зуучлал нь Засаг даргаар биш, Хас банкаар дамждаг байна. “Зөв банк”-ныхан Засаг даргатай хуйвалдаж төслийн мөнгөнөөс зувчуулах хүртлээ доош ормооргүй. Монголдоо гайгүйд тооцогдох бүхэл бүтэн банкинд утаагүй зуух төдийхний мөнгө хэтэрхий жижигдсэн луйвар л баймаар санагдана. Тийм байлаа байлаа гэхэд Мянганы сорилын сангийн мөнгө бол АНУ-ын мөнгө, Америкийн Засгийн газар тэгж ард түмнийхээ татварын мөнгийг энд, Монголын захын нэг дүүргийн даргад идүүлээд сууж байх уу, үнэмшил муутай сонсогдоно.Үүнийг улстөрийн хор хутгаж, Б.Батзориг руу үгэн сум тавьж буй өрсөлдөгчид нь дутуу боджээ. Тэдэнд үүнээс ч өөр дутуу тооцоолол бий. Б.Батзоригийг Д.Оюунбат, Ц.Ананбазар нар шиг шууд барьж хорих бараг боломжгүй. Яагаад гэвэл тэрээр хараахан ялагч нь тодроогүй байгаа УИХ-ын сонгуулийн  Баянзүрх дүүргийн 22дугаар тойрогт нэр дэвшигч хэвээр яваа. Үндсэн хуулиар аливаа гэмт хэрэгт холбогдоогүй хүнийг л Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулдаг. Б.Батзориг ч тэр шалгуурыг давж нэр дэвших эрхээ авсан. Хуулийнхан Б.Батзоригийг гэмт хэрэгт холбогдоогүй, шалгаагүйг Сонгуулийн ерөнхий хороонд тодорхойлж өгсөн байж таарна.Тэгэхээр Б.Батзориг өөрийнх нь хувьд сонгууль дуусаагүй, дахин санал хураалтаар ялах магадлал өөрт нь байсаар байхад гуравхан сар тэвчиж чадалгүй “Хас” банкаар давхар хянуулсан америкуудын мөнгийгзамаас нь хусчихдаг “сайн эр” юмдаа гэмээр. Гэтэл сонгуулийн дараа, халуун зунаар утаагүй зуух, гэрийн дулаалга тарааж явах тэнэг хүн ч байхгүй болохоор л энэ мэдээлэл гүтгэлгийн шинжтэй бололтой. Үүнээс гадна сонгууль болсноос хойш бүтэн гурван сар чимээгүй байж байснаа дахин санал хураалт, орон нутгийн сонгуулийн чимээ ороод ирмэгц гэнэт гарч ирсэн нь улстөрийн зорилготой байх гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүнг аваад үзвэл МАН хотод бараг зуун хувь ялагдсан. Бараг гэдэг нь нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэсэн  хоёр тойрогт дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалтад үлдсэн нэр дэвшигчид Баянзүрхэд хоёулаа МАН-ынх бол, Сонгинохайрханд МАН ба АН-аас байгаа. Тэгэхээр Баянзүрхэд хэн нь ч ялсан суудал нь МАН-ынх. Үүгээрээ Б.Батзориг намдаа 2000 онд АН-ынхан хуйгаараа ялагдаж байхад Ж.Наранцацралт агсан Дундговьд ганцаараа ялж ардчиллын нэр хүндийг аварсантай дүйх гавьяатай. Яагаад гэвэл нам нь нийслэлийн бүх тойрогт ялагдахад, хамгийн их хүн амтай ганцхан Баянзүрхэд МАН ялж байгаа нь Засаг дарга Б.Батзоригийн өнгөрсөн дөрвөн жилийн ажлын эерэг үр дүнтэй салшгүй холбоотой.Хэрвээ Б.Батзоригмуу ажилласан, сөрөг нэр хүндтэй байсан бол Баянзүрхэд бусад дүүргийнх шиг АН-ынхан зуун хувь ялах л байсан.Ард түмэн ухаантай. Гэтэл хоггүй дүүрэг, архигүй дүүрэг, ногоон дүүрэг болохын төлөө ажиллаж, хүүхдэд архи тамхи зарахгүй гэж Засгийн газрын одоо сурталчлаад байгааг дүүрэгтээ хэрэгжүүлэх гэж дөрвөн жил зүтгэж,  “Нийслэлийн шилдэг дүүрэг”-ээр гурван удаа шалгарсан ажлынх нь хаялга МАН-д нэг суудал, Б.Батзоригийг  ялах магадлал нэмж байгаа. Сонголт хийх дүүргийн иргэд нь ингэж дэмжиж байхад өрсөлдөгчид нь өөр зүйл хүсч буй. Үүнийг л хэт цөөнх нь гүтгэлэг, улстөрийн бохир технологиор олонхио дарангуйлах гэж байгаа юм. Харин цаашдаа ажил хийж яваагаа, өнгөтэй өөдтэй нэгнээ өөрсдөө ялладаг үзэгдэлхавтгайрч л болохгүй юм даа.

Монгол эр хүний нулимс үнэтэй ч, хүний эрх эрх чөлөө илүү үнэ цэнтэй. Эр хүний нулимс эхийн цагаан сүү, эцгийн ариун хөлстэй хамт гадагшлах хэмжээний үнэтэй учраас л эр хүний нулимсыг үзсэн бүсгүй жаргадаггүй, эр хүний нулимсыг үзэгсэд үзэгч биш шүү бурхны гэсгээлтэй гэж өвгөд сургасан хэрэг. Хүний эрх, эрх чөлөө ардчилсан нийгмийн тулгуур учраас л үнэ цэнтэй. Туг барьж яваа нэгнийг хуулиас, үнэнээс түрүүлж тугал хариулуулж болдоггүй нь ардчиллын давуу тал. Ардчиллын энэхүү үнэт зүйл нь хуулиар зөвшөөрсөн, хэн ч халдаж үл болох хувь хүний эрх, эрх чөлөө билээ. Амьддаа бие биеэ хайрлаж сүйд болдоггүй юмаа гэхэд рамандаа хуулийн хүрээнд, хүн ёсны хэм хэмжээнд яажиганах юмсан даа.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.