Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Хүүхдийн мөнгийг аав, ээжид нь үлдээе
Үнэнийг л хэлье. Иргэдэд бэлэн мөнгө та­раах, Засгийн газар нь УИХ-аа авлигадахыг АН үргэлж эхлүүлдэг. МАН дандаа давуулж ам­ладаг.Хамгийн анх АН-ынхан хүүхдийн мөнгийг санаачилсан. Хариуд нь МАН-ынхан шинэ гэр бүлийн мөнгө сэдсэн. Хүүхдийн мөнгө сар бүрийн 10 мянга, шинэ гэр бүлийнх нэг удаагийн 500 мянган төгрөг байлаа.

2008 онд АН-ынхан мөрийн хөтөлбөртөө сая төгрөгтэй тэнцэх хувьцаа амалсан. Сонгууль эхэлмэгц бэлнээр өгнө гэж сурталчилсан. МАН-ынхан сандарч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлчихсэн мөрийн хөтөлбөрөө буцаан татаж 1.5 сая төгрөгийг бэлнээр олгоно гэж нэмсэн. Ингээд 2008 оны сонгууль үндсэндээ улс төрийн  болон бодлогын өрсөлдөөн биш нэг ба 1.5 сая төгрөгийн уралдаан болсон юм.

Өөрийг нь томилж, бас огцруулдаг УИХ-аа авлигадах санааг Ц.Элбэгдоржийн Засгийн газар анх 2008 онд 100 сая төгрөгөөр эхлүүлсэн. Тойргийн мөнгө нэртэй энэхүү улс төрийн авлигыг МАН-ын Засгийн газрууд өсгөсөөр нэг тэрбум төгрөгт хүргэсэн.Энэ хоёр намын “уралдаан” дандаа бэлэн мөнгөөр явдаггүй. Оноосон нэр томъёо нь өөр болохоос ард түмнээ “сонсох” нь ойролцоо. Сонгууль луйвар­дах арга нь хүртэл адилхан.АН-ынхан “Ардчил­лын өдөр” бий болгоход МАН-ынхан гуравдугаар сарын 1-нийг “эх орончдын өдөр” болгон тэм­дэглэлт өдрөөр хуульчилсан.  Өнгөрсөн жил л гэхэд АН-ынхан “Ардчиллын одон” гаргахад МАН-ынхан дагаад “Тусгаар тогтнолын одон”-г бий болгож Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байх жишээтэй. МАН-ынхан хуучин буурин дээрээ Тусгаар тогтнолын ордон сүндэрлүүлэхэд АН-ынхан дагаж 20 давхар Ардчиллын өргөө барихаар хотын төвд хашаа хатгаад буй.

1992-2000 онд улстөрчид өөрсдийнхөө мөнгөөр сонгууль хийдэг байлаа. Харин хүүхдийн мөнгө гарч ирснээс хойш ард түмний мөнгийг ард түмэнд нь амлаж сонгуульддаг, тарааж засаг барьдаг болсон юм. Ард түмний өөрсдийнх нь мөнгөөр ард түмнийхээ тархийг ч бас угаана. Ер нь өөрөө л улс төрд байхгүй бол Монгол Улсын орших, эс орших нь шийдэгдэх гэж байгаа мэт сэтгэдэг, нэг насаараа Төрийн ордонд суух “төрмөл” заяатай улстөрчид улам л олон болсон. Тэдэн дунд сул иргэн болсон хувь заяатайгаа, сонгуулийн ялагдалтайгаа, улс төрөөс авсан түр зуурын завсарлагатайгаа эвлэрч чадахгүй дөрвөн жилийн турш шар махтайгаа хатдаг нь ч бий. Манай нам л ард түмэнд таалагдаж, сонгуульд ялж байвал улсын эдийн засагт галав юүлсэн ч хамаагүй гэх 20 жилийн хуучин сэтгэлгээг Н.Алтанхуягийн Засгийн газар бас л халж чадахгүй бололтой. Учир нь бэлэн мөнгө тараах сураг дахин гарав. Хэдийгээр хууль гаргаж, амлахгүй тараахгүй гэж тохирсон ч,  бэлэн мөнгөний амлалтыг намууд  ахин эхлүүллээ. 

Санаачлагч нь бас л АН-ынхан. Тэд хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгөхөөр санаачлав. МАН-ынхан замхаруулж давуулж амладаг уламжлалаараа 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгох санал гаргав. Үнэн хэрэгтээ аль алиных нь хувьд энэ нь удахгүй болох орон нутгийн сонгууль угтсан популизм л юм. Өөрсдийнх нь мөнгөөр ард түмний саналыг худалдаж авахын тулд сонгуулийн өмнө ингэж бэлэн мөнгө амладаг. Сонгууль дууссаны дараа намууд нь амлалтынхаа, ард түмэн нь бэлэн мөнгөнийхөө ч, түүнийг амласан намуудынхаа боол болдог схем Монголын улстөрд баттай тогтлоо. Засгийн газрууд ч бүрэн эрхийн хугацааны ихэнх цаг, хамаг анхаарлаа бэлэн мөнгөний амлалтдаа зарцуулдаг болов. Эх үүсвэрийг хаанаас олох уу, олсноо хэрхэн тараах уу, дутахаар нь яаж нөхөх үү. Бэлэн мөнгө тарааснаас болж зах зээл дээр нэмэгдсэн үнийн өсөлтийг засаг яаж зохицуулах уу гээд л өөртөө илүү ажил л удаж ачаалал нэмдэг. Гэтэл Засгийн газар бол ард түмэндээ төрийн үйлчилгээ үзүүлж үйлчилдэг. Түүнээс бус, ард түмний татвар, уул уурхайн мөнгийг цуглуулж аваад буцааж тараадаг улаан загалмайн байгууллага биш билээ. Хамгийн хортой нь бэлнээр тараасан мөнгө үнэ хөөрөгдөх, иргэдийг ажил хийх сонирхолгүй болгох, бэлэнчлэх, сэтгэлгээний ядууралд оруулах зэрээр улсын хөгжилд, эдийн засагт ашиггүй. Монголчууд үүнийг биеэрээ мэдэрлээ, тууллаа. Бэлэн мөнгө тараах бол Монгол Улсын хувьд явж үзсэн л зам. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар шинээр сэтгэсэнгүй. Бэлнээр тараах хамгийн муу хувилбарыг нь дахин сонгож байгаа бололтой.



Хүүхдийн 20, хүний хөгжлийн 21 мянган төгрөг өрхийн орлогод хэрэгтэй юү, хэрэгтэй. Авъя. Гэхдээ бэлэн бусаар авъя. Хүүхдийн мөнгийг сургуулийн автобус болгох санаа гарч байна. Хүүхэд бүхэн л сургуулиар дамжих учраас болох л хувилбар. Бас хүүхэд бүрт нэрийн данс нээж нэг, хоёр… таван жил гэх мэт тодорхой хугацааны дараа авах, захиран зарцуулах эрх нь нээгдэх байдлаар банкинд хүүтэй байршуулж болно. Юуны төлөө Төрийн банктай билээ дээ. Хүүхдийн мөнгөө боломжтой нь18 нас хүртлээ хадгална, боломжгүй нь тодорхой хугацааны дараа авна л биз. Энэ бол сар бүр зах зээл дээр бэлэн мөнгө кампаничилж тарааснаас л дээр хувилбар.

Ард түмний татварыг ард түмэнд нь буцааж өгөхдөө заавал улстөрийн сонгууль угтаж, намууд өөрөөсөө өгч байгаа юм шиг “халамжит эцэг”-ийн дүрд тоглодогыг л халмаар өөрчил­мөөр байна. Хүүхдийн мөнгө бол аав ээжээс нь авсан татварыг хүүхдэд нь буцааж өгч байгаа л хэлбэр. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг бол төр миний баруун халаасанд байсан мөнгийг аваад зүүн халаасанд хийж байгаа л хэрэг. Төр заавал ингэж ченжийн үүрэг гүйцэтгэн тархи угаах ямар хэрэгтэй юм. Үнэхээр л боломж нь байгаад, өгөх гээд байгаа юм бол хүүхдийн мөнгийг ч, хүний хөгжлийн мөнгийг татвар төлөгч-эзэнд өөрт нь үлдээе. Жишээ нь, аав ээжийнх нь цалингаас авдаг нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх байдлаар хүүхдийн мөнгийг шийдэж болох юм. Иргэн Дорж гурван хүүхэдтэй, сарын 600 мянган төгрөгийн цалинтай. Одоогийн төслөөр хүүхдийн мөнгө сар бүрийн 20 мянга гэвэл тэдний хүүхдүүдийн орлого сард 60 мянган төгрөг. Гэтэл Дорж өөрөө 600 мянган төгрөгийн цалингаасаа 10 хувиар бодож сар бүр 60 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүнээс л, нийгмийн даатгалын шимтгэлээс л иргэн Доржийг чөлөөлье. Түүний сар бүр төлдөг 60 мянган төгрөгийг гар дээрээ авдаг цалинд нь үлдээчих. Засгийн газарч жилийн орлого нь 1.5 тэрбумаас дээш бол 10 хувийн татварынх нь 9 хувийг буцаан олгохоо мэдэгдсэн. Компаниудын татварыг буцаан олгож болж байгаа юм чинь тэнд ажилладаг ажилтныг татвараас чөлөөлж болмоор л санагдах юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийн аав ээжид нь үлдээе.Энэ бол улсын эдийн засагт дарамт болохгүй, зах зээл дээр үнэ өсгөх далим болохгүй хувилбар. Иймэрхүү бэлэн туршлага жишээ байна. Манайхан шинэ төрсөн хүүхдийн мөнгө гэж өгдөг. Гэтэл Сингапурыг хөл дээр нь босгосон Ерөнхий сайд Ли Куан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхийг цалингаас нь авдаг зарим төрлийн  татвараас чөлөөлөх, гурав дахь хүүхдээ төрүүлбэл нөхрийг нь давхар чөлөөлөх зэргээр гэр бүлээр нь дэмжсэн, гэр бүл салалтыг хүртэл төрөлттэй уяж шийдсэн байх юм. Үүнийг хэрэгжүүлж, шууд хуулж яагаад болдоггүй юм.

Уг нь үнэгүй юм авах сайхан л даа. Тэр тусмаа бусдын өмчийг дээрэмдэж аваад ард түмэнд үнэгүй тараадаг туульсын баатруудын тухай уншиж өссөн, Робингүүдийг үлгэрлэн дууриадаг уламжлалт сэтгэлгээтэй монголчууд бид үнэгүй юманд нугасгүй нь ч үнэн. Улс­төрчдийн засагт тогтох, УИХ-д ахин сонгогдох гол хэрэгсэл нь хавтгайруулсан халамжийн бодлого болсон нь ч үнэн. Монголд халамжаас өөр ийм өргөн хүрээтэй, олон хүн хамрагддаг, ийм хүчтэй төрийн бодлого бараг байхгүй нь ч үнэн. Гэтэл бидний амьдарч байгаа цаг үе, байгуулахаар зорьж яваа нийгэм маань өөр. Тэнд үнэгүй өгсөн нь хожиж, үнэгүй авсан нь хожигддог. Бэлэн мөнгө амласан улстөрчид нь дахин сонгогдож дээшээ ахидаг. Тараасан бэлэн мөнгийг нь авсан ард түмний амьдрал доошоо явдаг. Улстөрчид хожиж байхад бэлэн мөнгө тарааснаас үүдэлтэй үнийн өсөлтөөр дамжуулан ард түмэн үргэлж хожигдож хохирч байдаг.

Д.Оюунхорол гишүүн орлого багатай болон малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж өгөх санал гаргав. Энэ бол зайлшгүй халамж хэрэгтэй зорилтод бүлэг мөн үү, мөн. Гэтэл манайхан нугалаа гаргахдаа тун сайн. Магадгүй маш олон өрх орлого багатай болж гарч ирнэ.Хуучирсан байж магадгүй, хоёр жилийн өмнөх судалгаагаар Монголын 1.6 сая иргэн 66 төрлийн халамж авдаг гэж гарч байв. Энэ бол арай л дэндсэн тоо. Хүн амны дийлэнх нь залуучууд, тэгээд хөгжиж яваа монголчууд амьдрал дээр арай ч ийм хэмжээнд очтолоо “Халамжийн улс” болчихсон гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.  Харин эзнийг нь олоогүй, улстөрийн хавтгайрсан арга хэмжээ болгосон халамжийн гайг монголчууд бид нийтээрээ үүрдэг нь үнэн. Хамгийн наад захын жишээ гэхэд бэлчээртээ 50 сая малтай гурван сая хүрэхгүй монголчууд бид хамгийн өндөр үнэтэй мах иддэг. Манайд махны үнэ алсын АНУ-аас импортоор авч байгаа тахианы махнаас ч үнэтэй. Яагаад тэр вэ. Ченжүүд өсгөдөг гэх л байх. Тэр үнэн. Үнэндээ нөөцийн мах бэлтгэнэ гэдэг бол цөөн хэдэн ченжийн түрүүвчийг л зузаалах төрийн бодлого болчихсон. Үүнээс өөр бас нэгэн бодитой шалтгаан гэвэл малчид малаа нядлахаа больсон. Тэд орлогын өөр эх үүсвэртэй болсон. Тэр нь бэлэн мөнгө. Малчин өрх хүүхдийнхээ тоогоор хүүхдийн мөнгө, өрхийн гишүүн бүр хүний хөгжлийн мөнгө авна. Нэг хүүхдийнх нь сургуулийн хувцас хэрэглэлийг төрөөс даана. Оюутан байвал сургалтын төлбөрийг нь 1.5 сая төгрөгийн амлалтдаа багтаагаад төрөөс төлчихнө. Бас сар бүр оюутны тэтгэлэг гэж 70 мянган төгрөг өгнө. Дээр нь алслагдсан бүсийн нэмэгдэл, ноосны урамшуулал өгнө. Илүү үзэж байгаа юм биш шүү, малчдад үүнээс өөрөөр мөнгө гаргах ямар зардал байх юм. Тэд малаа нядлахгүй учраас зах зээл дээр мах ховордож байна. Бид Тавантолгойн нүүрсээ шууд эцсийн худалдан авагчдад нь зарахыг улсаараа хүсдэг. Дундаас нь Хятадын компаниуд ченжилж ашиг олдогт дургүй. Түүнтэй адил малчид ч малаа ченжгүйгээр шууд зах зээлд нь нийлүүлэхийг хүсч байна. Гэтэл улстөрчид нь махны үнийг нь чөлөөлж өгдөггүй. Үүнийг бас өөрчилье, Ерөнхий сайд аа. Энэ бол шинэчлэлийн нэгээхэн хэсэг. Ер нь бол халамжлуулах дуртай Монголыг баялаг бүтээдэг Монгол болгох нь хамгийн том шинэчлэл. Үүний тулд “бай”-гаа оноогүй бэлнээр тараасан халамж иргэдийг сэтгэлгээний ядууралд оруулдаг, улмаар үндэстнийг мөхөөх орчин цагийн колончлолын хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг хүн бүр ойлгоё. Монголчууд бид хэдүүлээ билээ, хаана оршдог билээ, эдийн засаг маань хаанаас хамааралтай билээ гэдгээ үргэлж санаж сэрж явъя.

Бэлэн тараасан мөнгө хэзээ ч баялаг бүтээдэггүй. Гаднын зах зээлийг л тэтгэдэг. Цагаан хэрмийг барьснаараа хятадууд бахархдаг. Бид цагаан хэрмийг бариулсан  өвөг дээдсийнхээ сүр хүчээр бахархдаг. Харин өдгөө цагт Замын-Үүдтэй хаяа дэрлэн орших Эрээний өдрөөр урагшлах хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан “хувь нэмрээрээ” монголчууд бид бахархах уу, ичих үү.

Эцсийн дүндээ нэг хэсэгт нь бэлэн мөнгө тарааж нийтээр нь үнэ өсгөдөг өмнөх бодлогыг үргэлжлүүлэх, үгүй нь шинэчлэлийн Засгийн газрын л сонголт. Үүний оронд зарим төрлийн татвараас чөлөөлөх замаар хүүхдийн мөнгийг аав ээжид нь үлдээж, нөөцийн мах бэлтгэх нэрийд­лээр ченжүүдэд өгдөг татаасаа шууд малчдад өгч, тойргийн мөнгө нэрээр УИХ-ын гишүүдэд өгдөг улстөрийн авлигыг зогсоох гэх мэт төрд одоо байгаа муу хувилбаруудыг өөрчилж байж л Н.Алтанхуягийн Засгийн газар “шинэчлэлийн” гэдэг нэр авна. Түүнээс бус, сайд өдөрт 12 цаг, хагас сайнд ажиллана, гадаг­шаа явахгүй энэ тэр бол зүгээр л хэлбэр хөөсөн PR.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.