Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Д.Ганхуяг сайдын ганцаарчилсан тоглолтын балаг
1. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг төдийгүй, Монгол Улсыг тэр чигээр нь буруу хөл дээр нь зогсоолоо. Танхимын сайд нар нь бүрэн бүрдээгүй, Засгийн газар анхны хуралдаанаа ч хийж амжаагүй байхад ганцаарчлан босгосон Д.Ганхуяг сайдын овоон дээр гадаадын хөрөнгө оруулагчид шаазгай болон ирээд суучихав. Мэдэгдэл хийсэн сайд нь Эрүүл мэндийн юмуу, Спортын биш, Уул уурхайн сайд байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “стоп кран” татахад хүргэв.

Аль ч улс оронд сонгуулиар засгийн эрх солигдоход гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтэд ордог. Шинэ Засгийн газрын бодлогыг тандах гэж тэр. Монголд хөрөнгө оруулагчид ч тэр жишгийн дагуу 2012 оны сонгуулийн дараахь АН-ын Засгийн газрыг анхааралтай ажиглан хүлээж суув. Тэдний хүлээлтийн гал дээр нэг сайдын мэдэгдэл тос нэмж эргэлзээнд орууллаа. Европоос дэлхийн эдийн засагт халдан буй хямралын шархан дээр Д.Ганхуяг сайдын гэнэтийн мэдэгдэл давс цацах шиг л боллоо. Саяхан 1500 гаруй хөрөнгө оруулагчид оролцсон Дисковери Монгол чуулга уулзалт болов. Түүнийг Засгийн газар ч анхаарсангүй, Д.Ганхуяг сайд ч тэнд  алдаагаа зассангүй. Ёсыг бодож, Засгийн газар ач холбогдол өгч байгаа дүр үзүүлэн очсон Уул уурхайн сайд нь нээлтийн үг хэлэх төдийгөөр оролцсон болоод гарч одов. Тэгэхдээ “өмнөх бодлогоо үргэлжлүүлнэ, дэмжинэ” гэж ерөнхийлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчид байтугай, монголчуудад хэт бөөрөнхий сонсогдов. Өмнөх бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг нь өмнөх Засгийн газрынх юмуу, Оюутолгойн гэрээг өөрчилнө гэсэн өөрийнх нь мэдэгдэл юмуу, бүү мэд. Түүний  мэдэгдлийг УИХ-ын 23 гишүүн дэмжиж Оюутолгой дахь Монголын хувь оролцоог нэмэгдүүлэхийг Ерөнхий сайдаас шаарджээ. Тэд 23-уулаа л нийлж байгаа болохоос адилхан л хувь улстөрчийн байр сууриа илэрхийлэв. Гэхдээ нийлсэн 23-ынхаас ганц Д.Ганхуягийн мэдэгдэл хавьгүй илүү хүчтэй, жинтэй. Яагаад гэвэл тэр Засгийн газрын гишүүн, уул уурхайн салбарын сайд. Ц.Ганхуяг гишүүнийг Оюутолгойн гэрээнээс зүүгдэж улстөр хийдгийг, манай цөөхөн “эх оронч түшээд”-ийн нэг гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид сайн мэдэхгүй. Өмнөх дөрвөн жилийн инерцээрээ хувь улстөрчийн  мэдэгдэл хийлээ ч гэж ойлгохгүй. Харин гүйцэтгэх засаглал танхимын зарчмаар ажилладагийг сайтар мэдэх учраас Засгийн газрынхаа байр суурийг салбарын сайд нь илэрхийллээ л гэж ойлгоно. Энэ бол зарчим ойлгодог тэдний буруу биш. Тэдэнд тийм ойлголт төрүүлсэн, танхимын зарчмаар ажиллаж дуугарах ёстой Засгийн газрын гишүүн хэмээх албан тушаалын хүлээсэнд орсноо мэдрээгүй Д.Ганхуяг сайдын л буруу. Эсвэл фракцын квотоор анх орж ирэхэд нь Засгийн газар багаар ажилладаг, хэлсэн үг нь Засгийн газрын бодлого, байг гэхэд тэргүүлж буй салбарынх нь байр суурь болдгийг анхнаас нь хэлж ойлгуулаагүй Ерөнхий сайдын буруу юм уу, бүү мэд.



Мэдээж бид монгол хүнийхээ хувьд Монгол Улс өөрийнхөө баялгаас \Оюутолгойгоос\ дийлэнх хувийг нь хүртэх ёстой гэдгийг дэмжинэ. Цаашид хэлэлцээрийн ширээний ард сууж, хууль дүрмийн хүрээнд Оюутолгой дахь Монголын хувь оролцоог 34 хувиас нэмэгдүүлнэ гэдэгт итгэдэг. Анх энэ ордыг илрүүлж, хөрөнгө оруулж өдий зэрэгт хүргэсэн гадаадын хөрөнгө оруулагчийн хөлс хүчийг ойлгон хүндэтгэх наад захын соёл, ухаан бас бидэнд бий. Гэхдээ зөвхөн Оюутолгойн хувиа нэмнэ гэдгээр гадаадын хөрөнгө оруулалтыг нийтээр нь үргээж, хартуурхаж болохгүй. Тэр тусмаа салбарын сайд өөрөө гардах нь бүрч хэрэггүй. Тэрээр хэдэн сар, жилийн “нас”-тай нь тодорхойгүй улстөрийн томилолттой сайд л болохоос уул уурхайн салбарын түрүүнд үргэлж явах Чапаев биш шүү дээ. Дэлхийн уул уурхайн салбарын брэнд болсон “Рио Тинто”-г ч хөөж гаргаж болохгүй. Хэрвээ хөөвөл, зүйрлэбэл автомашины зах зээлд дэлхийн брэнд “Бенз”-ээс монголчууд татгалзаж байгаатай л адил болно.

Хамгийн гол нь өнөөдрийн цаг үе маань уул уурхайханд нийтээр нь халтай, гадаадын хөрөнгө оруулагчдад халгаатай мэдэгдэл хийж суудаг үе мөн үү. Эдийн засгийн хямрал дэлхийг хэрж, түүнд Монгол Улс өртөж эхэлж байхад шүү. Оюутолгойн төсөл дуншиж дуншиж одоо л нэг юм үйлдвэрлэл нь эхэлж баяжмалаа гаргах гэж байхад шүү. Ийм цаг үед салбарын сайд нь тогтвортой байдлыг эвдсэн, эргэлзээнд оруулсан улстөрийн мэдэгдэл хийж, “Лондоны олимпийн алтан медалийг Оюутолгойн бүтээгдэхүүний дээжээр хийнэ” гэсэн компанийн эртний  PR-т УИХ-ын гишүүн итгээд сууж байх ч гэж. Дэлхийн эдийн засгийн хямрал АН ялсан юм, Оюутолгойн орд үйлдвэрлэлээ эхлэх гэж байгаа юм гээд Монголыг тойрохгүй.

Сайд Д.Ганхуягийн тэрхүү мэдэгдэл алсдаа улстөрд ч тогтворгүй байдлын эхлэл болохыг үгүйсгэхгүй. Мэдэгдлийн агуулгыг дэмжсэн 23 гишүүн УИХ дотор байна. 23 бол Засгийн газрыг огцруулах хэмжээний санал гаргах хангалттай гарын үсэг. Тэдэн дээр буланд шахуулж буй МАН-ынхан нэмэгдэнэ. Тэгэхээр урд хөл нь хойд хөлдөө тээглэнэ гэдэг шиг Д.Ганхуяг сайдын цагаа олоогүй мэдэгдэл бүхий энэхүү буруу хөл Н.Алтанхуягийн танхимын зөв бүхнийг татаж унаган, Засгийн газрын насжилтаас нааш татаж ч мэдэх юм. Нэг хүний, ганцаарчлан тоглохын балаг энэ.

2. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрын зөв хөл, гол тулгуур нь юу вэ. Мэдээж, уул уурхайн салбар. Гэтэл Д.Ганхуяг сайдын мэдэгдэл энэ салбарын гаднынхныг эргэлзээнд оруулчихсан. Үүнээс илүү бодитой шалтгаан гэвэл Д.Ганхуягийг тэгж мэдэгдсэн мэдэгдээгүй, дэлхийн эдийн засгийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хэмжээгээр царцаана. Ийм үед эрх ашиг нь ч, төрийн хайр ивээл нь ч үргэлж гадаадын хөрөнгө оруулагчдын дараа эрэмбэлэгдэж байдаг үндэсний компаниуд л ачааны хүндийг үүрэх нь тодорхой. Тийм учраас үе үеийн Засгийн газруудын ар хормойд явсан үндэсний компаниудаа энэ удаа Н.Алтанхуягийн танхим өвөртөө гаргаж ирэн дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Элдвээр хэлүүлэхээс айх хэрэггүй. Солонгосын Ерөнхийлөгч ард түмэндээ зөвхөн Солонгосын үйлдвэрлэлийг дэмжицгээе гэж тулгаж л байсан. АНУ-ын Ерөнхийлөгч зөвхөн Америкийн барааг худалдаж авцгаая гэж иргэддээ уриалж л байсан. Тэглээ гээд ард түмэн нь шүүмжлээгүй, үндсэрхэг, жижиг юм ярилаа гэж дэлхий тэднийг шоолоогүй. Үүн шиг үндэсний компаниудаа бодитой дэмжих нь нэгэнт ирэх нь тодорхой хямарлыг хохирол багатай давах хамгийн зөв гарц. Дэлхийн улс орнуудын удирдагчид өөр юм, голдуу эдийн засаг ярьдаг болж байна. Америкийн Ерөнхийлөгч нь манай аппле \Apple\-ийг өөрийнхөө зах зээлд хөнгөлөлттэй оруулаач гэж Хятадааас гуйж байсныг бид мэднэ. Саяхан манай улсад айлчилсан Хиллари Клинтон Америкийн “Пибоди”-г Тавантолгойд оруулахыг Ерөнхийлөгчөөс хүсэх, шахахыг зэрэгцүүлсэн гэдэг. Тэглээ гээд америкууд Ерөнхийлөгчөө аппле-ийн гар хөл, төрийн нарийн бичгийн даргаа Цагаан ордон дахь “Пибоди”-гийн хүн гэхгүй л байна. Гэтэл манай дарга нар л, жишээ нь Япон Солонгост айлчлахаараа л визээ хөнгөлөөч, манайхаас төдөн ажилчин аваач гээд л хүний наймаачин адил дандаа хүнээ экспортлох тухай ярих юм. Өөр юм ярьж байгаа нь тэр гэнэ. Бид солонгос, японуудаас манай нүүрсийг далайн боомтоос нь худалдаж аваач гэж гуйж яагаад болдоггүй юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “орлогын ихээр биш, зардлын багаар баяжина” гэсэн. Зардлын багаар баяжина гээд мөнгө зарлагадахгүй суугаад байхгүй. АН өөрөө эдийн засгийн өсөлтийг ард түмний амьдралд наана гэж амласан. Эдийн засгийн өндөр өсөлтийн тоог ард түмний амьдралд талх, улсад хөгжил болгоно гэж сонгуульд ялсан. Тэгэхээр зарж л таарна. Харин тэр бүхэн нь оновчтой, нэмүү өртөг шингээсэн, эргэлт бий болгосон санхүүжилт байх ёстой. Түүнээс бус, хямрал ирэхийг мэдсээр байж хотын дарга нь хөшөө буулгаад, УИХ нь 2.7 тэрбумыг төсөвлөн хөшөө нэмж барих гэж байгааг төрийн оновчтой шийдвэр, хямралын үеийн хөрөнгө оруулалт гэхгүй.

Жишээ нь, Тавантолгойн бассейны нүүрсний зах зээл хажууханд нь байна. Гэтэл бид манай нөөц, дэлхийн зах зээлийн багтаамж, эрэлттэй нь харьцуулбал нүүрсээрээ ердөө задгай мөнгө л олж байна. Яагаад вэ, Тавантолгойн тендерийг удаашруулж байна, олборлосноо түүхийгээр нь эцсийн худалдан авагчид биш, ченжүүдэд худалдаж байна, үндэсний компаниуд нүүрсээ “тор”-оор зөөж байна. Нүүрс шиг нурмаг ачааны хувьд ачааны машин бол тор, галт тэрэг бол шуудай л гэсэн үг. Гэтэл “шуудай”-гаар нь зөөе гэхээр төмөр зам нь байдаггүй. Төмөр зам барих бодлого нь бол байдаг. Нүүрсээ “шуудай”-гаар зөөх, хөшөө буулгаж 2.7 тэрбумаар нэмж барих хоёрын аль нь өгөөжтэй, өнөөдрийн хувьд амин чухал вэ. Хоёр дахийг нь хэлэлцэж байгааг харвал АН-ынхан одоогоор айсуй хямралаас албан тушаалын томилгоондоо илүү анхаарч байгаа бололтой юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг үзвэл Ерөнхий сайдын хэлсэн орлогын ихийг уул уурхайгаас олохоор энэ салбарт хамгийн их ачаалал өгчээ. Хэрвээ ихийг олно гэж найдаж ачаалал өгч байгаа бол хямралын үед эдийн засгийн өндөр өсөлтийн үеийнх шиг энэ салбарыг зөнд нь орхиж болохгүй байх. Ядаж л дэд бүтцээ барьж байгуулах, бүтээн байгуулалтаа хэвийн үргэлжлүүлэх, дахин хөрөнгө оруулалт хийхэд нь төрийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал уул уурхайн салбар дагалдах бизнесээрээ дамжуулаад Монголынхоо жижигхэн эдийн засгийг нэг их хямраачихгүй аваад явж дөнгөнө гэдгийг гадна, дотнын эдийн засагчид хэлж байгаа.

Ер нь бол Монголын эдийн засаг уул уурхай гэдэг ганц тулгууртай нь туйлын үнэн. Хэт хамраалтай учраас улсын эдийн засаг уул уурхайгаа дагаж хямрах нь энгийн логик. Өнөөдөр уул уурхайд хэдэн мянган хүн ажиллаж, хэдэн зуун компани энэ салбарын дагалдах бизнесийг хийсний хүчинд татвар төлөн төсөв бүрдүүлэгч болж явна. Хэрвээ уул уурхайн салбар зогсвол олон компани татвар төлөгчийн эгнээсээ хасагдана, тэр хэрээр төсвийн орлого буурна, санхүүжилт дутна, хаалгаа барьсан компаниудад ажиллаж байсан хэдэн мянган хүний ар гэр орлогогүй болно.  Бие биеийг нь дэрлүүлээд өрсөн даалуу шиг эдийн засаг ийм л гинжин урвалтай. Үүнийг заавал эдийн засагийн онол гэхгүй амьдралын хар ухаанаар ч ойлгоно.

Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт царцлаа гэхэд татвар төлөгч үндэсний компаниуд улсын эдийн засгаа аваад явах хэмжээнд хүрэхэд яалт чүгүй төрийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ тэгж дэмжиж чадвал энэ нь Н.Алтанхуягийн танхимын “буруу хөл”-дөө үл бүдрэх шалтгаан болох төдийгүй, хямралд бэлтгэх төлөвлөгөөнийх нь оргил юм.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.